Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0173/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

          Шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******,******* нарт холбогдох эрүүгийн 2518000000133 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, ******* /РД:******* /, 1987 оны 01 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          2. Монгол Улсын иргэн,******* РД:******* /, 1972 оны 04 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг 2025 оны 01 сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэнгийн эзэмшлийн Samsung A-15 загварын гар утсыг олж улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч*******г 2025 оны 02 сарын 04-ний өдөр*******ын олсон Samsung A-15 загварын гар утсыг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ын: Гар утсыг олсон нь үнэн. Тухайн гар утас гудамжинд доошоо харсан байдалтай байж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******гийн: Хөдөө яваад өөрийнхөө гар утсыг алга болгосон. Тэгээд тэр гар утсанд сим картаа хийгээд ашигласан. Хуулийн мэдлэггүйгээс ийм зүйл болчихлоо. Миний буруу, гэмшиж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

          Хохирогчгийн: 2025 оны 01 сарын 31-ний 09:00 цагийн үед гэрээсээ гараад таксинд суугаад Үйлчилгээний төвийн ХААН банкны АТМ-ны хажууд буусан. Таксинаас буугаад явж байгаад гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Миний гар утас, имей кодтой, 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн алдсан гар утсаа 2025 оны 02 сарын 20-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12/,

          Шүүгдэгч*******гийн гэрчээр өгсөн: Яг өдрийг нь сайн санахгүй байна, 01 дүгээр сарын сүүлээр өглөө 09:00 цагийн үед би нөхөр*******ыг авахаар Хабитатад машинтайгаа очсон юм. Тэгэхэд манай нөхөр “дөнгөж сая зам дээрээс гар утас оллоо” гээд надад үзүүлсэн. Тухайн гар утас нь ягаан өнгийн хамгаалалтын гэртэй, дэлгэцийн наалт нь цуурсан, цэнхэр өнгийн Samsung А-15 загварын гар утас байсан ба асаалттай байсан. Тэгээд би хөдөө явж байгаад гар утсаа гээгээд хэсэг утасгүй байж байхаар нөхрийн олсон гар утсанд өөрийн дугаарын сим картыг хийгээд ашиглаж байсан. Тэгээд би өөрийн гээсэн гар утсаа буцаагаад олоод сим картаа буцаагаад гар утсандаа хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

          Шүүгдэгч*******ын сэжигтнээр өгсөн: 2025 оны 01 сарын 31-ний өдөр эхнэрийг ирээд аваарай гэж хэлээд би гэрээсээ гараад өөдөөс нь алхаж байтал зам дээр нэг гар утас байхаар нь авсан. Тэгээд гэртээ ороод нөгөө гар утсыг цэнэглээд асааж үзэхэд асаж байсан. 2025 оны 02 сарын 02-нд манай эхнэр нөгөө гар утсыг авч яваад “Ихэр могой” гар утас худалддаг төв дээр очиж кодыг нь тайлуулсан. Тухайн үед манай эхнэр гар утасгүй байсан учир өөрийнхөө сим картыг сэргээлгээд тэр гар утсанд хийгээд ашигласан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн ТХҮ-925-911656 дугаартай: Цэнхэр өнгийн Samsung А-15 загварын хэрэглэж байсан гар утас 500,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-24/,

          “ имей кодтой утсыг*******ын эзэмшлийн,гийн эзэмшлийн,*******гийн эзэмшлийн гэсэн дугаарууд ашигласан байна” гэх агуулгатай “Мобиком корпораци” ХХК-ийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 4/886 дугаартай албан бичиг /хх-ийн 35-36/,

          Шүүгдэгч*******гаас ягаан өнгийн хамгаалалтын гэртэй, дэлгэцийн наалт нь цуурсан, цэнхэр өнгийн,, имей кодтой, Samsung A-15 загварын гар утсыг хураан аваад хохирогчд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 39-40, 43/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь бусдын гээсэн гар утсыг олж авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч******* нь*******ын олсон гар утсыг ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна гэв.

          Шүүгдэгч нар нь өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч******* нь 2025 оны 01 сарын 31-ний 09:00 цагийн үед Даран-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсэгтгийн гээсэн 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А-15 загварын гар утсыг олсон ба түүний эхнэр буюу шүүгдэгч******* нь тухайн гар утсыг ашигласан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын үйлдэл нь бусдын гээсэн эд хөрөнгийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь буцааж өгөх санаачилга гаргахгүйгээр өөртөө авч 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч*******гийн үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч ашигласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчд 500,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь гээсэн эд хөрөнгөө буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, шүүгдэгч*******гаас ягаан өнгийн хамгаалалтын гэртэй, дэлгэцийн наалт нь цуурсан, цэнхэр өнгийн,, имей кодтой, Samsung A-15 загварын гар утсыг хураан аваад хохирогчд хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 39-40, 43/ зэргээр тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч******* нь торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч*******гийн торгох ялаар шийтгэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч*******ын сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

          Шүүгдэгч******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь тогтоогдсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

          Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /тав/ сарын хугацаанд сар бүр 90,000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР