| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02874/И |
| Дугаар | 101/ШШ2022/02566 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/02566
2022 06 03 101/ШШ2022/02566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, хаягт байрлах, П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Ш.Г,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хаягт оршин суух, Ш.Ш нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,405,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Х,
Хариуцагч Ш.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ш.Г, Ш.Ш нар нь Ц нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрийг хамтран ажиллуулж байсан ба тус дэлгүүрийн бараа эргэлтэнд зориулж 2021-07-19-ний өдөр манай байгууллагаас 0 тоот зээлийн гэрээ хийж 8,000,000 төгрөгийг, 2 сарын буюу 60 хоногийн хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээл авсан. Тухайн зээлийн гэрээний хугацаанд 3,476,000 төгрөгийг төлж, хавсралт №1, зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,964,000 төгрөг үлдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлийн үлдэгдлийг төлж дуусгах талаар удаа дараа утсаар шаардаж, гэрийн хаягаар очиж уулзсан боловч шийдэл хүрэлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ш.Г нь өөрийн хүүхдээ гадаад улс руу явуулахад нэлээдгүй мөнгө орсон тул танай байгууллагын зээлийг түр төлөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгч байсан. Хамтран зээлдэгч Ш.Ш-тэй утсаар холбоо барьж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад юун сүртэй юм төлчихнө... гэсэн хариуг өгч үл ойшоодог, Ш.Г нь өөрийн нэр газар авч байгаа тэрийгээ зараад зээлийн төлбөрийг барагдуулна гэж хэсэг хугацаа авсан ба 2021-10-06-ны өдөр короно туссан байна яваад очих уу... гэж харьцсан. Манай байгууллагаас дээрх тайлбарыг ойлгон короно өвчин нь эдгэсний дараа ирж зээлийн гэрээгээ сунгах саналыг удаа дараа тавьж байсан боловч утсаа салгаж, холбоо барилгүй үл ойшоож зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа. Иймд иргэн Ш.Ш, Ш.Г нараас зээл, зээлийн хүү 5,964,000 төгрөг, алданги 6,441,120 төгрөг, нийт 12,405,120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Тооцооллын алдаа гаргасан байсан тул зээлийн үлдэгдэл 5,964,000 төгрөг, алданги 2,982,000 төгрөг, нийт 8,946,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ш.Ш, Ш.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г би эгчтэйгээ хамт тус компаниас 8.000.000 төгрөгний зээл авсан. Бид өмнө Х гэдэг хүнээс олон удаа зээл авч байсан ба хугацаанд тогтмол хүүтэй нь буцаагаад л төлчихдөг байсан. Шүүхийн нэхэмжлэлийг гардаж аваад П ХХК гэдэг газраас зээл авч байсан юм гэдгээ ойлгож байна. Өмнө нь иргэн Хтай л харьцдаг байсан ба бидэнд зээлийн гэрээний хувь байдаггүй, зөвхөн эргэн төлөлтийн хуваарь л өгдөг байсан. Ингээд зээл авснаас хойш өөрийн Хаан банкны 50 дугаарын данснаас 2021-08-24-ний өдрийг хүртэл 3.476.000 төгрөгийг төлсөн. Одоо энэ нэхэмжилж байгаа өндөр хүү, алдангийг төлөх боломжгүй байна. Учир нь энэ хугацаанд 2021 оны 06 сард, мөн 09 сард 2 удаа халдварт Ковид-19 өвчнөөр өвчилсний улмаас эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх чадваргүй болж, байнга эмнэлэгээр явдаг болсон. Мөн миний хамтран зээлдэгч эгчийн нөхөр Д нь 2022-04-15-ны өдөр гэнэт нас барсан, ээж З.Н нь 2021-09-15-ний өдрөөс гараа гэмтээснээс болж байнгын асаргаатай, сахарын өвчин нь хүндэрсэн зэрэг нөхцөл байдлуудын улмаас бидний хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж хэт өндөр хүүтэй, алданги тооцохоор хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээлээ төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд бидний төлбөрийн чадваргүй болсон байдлыг харгалзан үзэж, хэт өндрөөр тооцон нэхэмжилж байгаа хүү алдангийг хасч тооцож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,964,000 төгрөг, алданги 6,441,120 төгрөг, нийт 12,405,120 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэл гаргах үед тооцооллын алдаа гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг алдангийг 3,459,120 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 5,964,000 төгрөг, алданги 2,982,000 төгрөг, нийт 8,946,000 төгрөгийг хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас гаргуулахаар тодорхойлсон.
2. Хариуцагч Ш.Г, Ш.Ш нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан, мөн цар тахлын улмаас зээлийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5,964,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, ар гэрт гачигдал гарсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас алданги төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Зохигчийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 21/071901 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу П ХХК нь зээлдэгч Ш.Г, Ш.Ш нарт 8.000.000 төгрөгийг, дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5 тал/
4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д зааснаар зээлийн хүүг талууд сарын 9 хувь гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.
Зохигч 2021-07-19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгний зээл авч, зээлийн хүүнд 1,440,000 төгрөг, үндсэн зээлд 2,036,000 төгрөг төлсөн дээр маргаагүй.
Зохигч зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт алданги төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч тал Иргэний хууль болон зээлийн гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй байна.
5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.Г, Ш.Ш нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөрийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн хуваарийг зөрчин зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нарын ар гэрт гачигдал гарсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй.
6. Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас зээлийн үлдэгдэл 5,964,000 төгрөг, алданги 2,982,000 төгрөг, нийт 8,946,000 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчээс 12,405,120 төгрөг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213,431 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас 8,946,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 158,086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас зээлийн гэрээний үүрэгт 8,946,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,431 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Г, Ш.Ш нараас 158,086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА