Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0201/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч*******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000670248 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1995 оны 05 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ” ХК-д жолооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,******* дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2025 оны 01 сарын 09-ний 18:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ” ХХК-ийн авто зогсоол дээр цас цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч*******тай маргаан үүсгэж улмаар баруун нүд рүү нь гараараа цохих, хүрзний ишээр толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын завжинд язралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухайн үед нүд нь хөхөрсөн байсан. Хохирол төлбөр төлөөгүй. Хохирогч надаас 800,000 төгрөг нэхэмжилсэн. Би 800,000 төгрөгийг өгч чадахгүй. Миний орлого, зарлагын хуудсыг харсан ч болно. Хэрвээ 5 хоногт 800,000 төгрөг олдог байсан  бол дөрвөн хүүхдээ тэжээх гэж Шарын голын уурхайд ажиллаад дээрээс нь тээвэрт явах шаардлагагүй. Тэгэхээр би хохирогчд 250,000 төгрөг л өгч чадна гэх мэдүүлэг,

Хохирогч*******н: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5 цаг өнгөрөөд Шарын голын зогсоол дээрээс хүнээ авах гээд байж байтал манайхан цас цэвэрлэж байсан. Би Дархан талаасаа явдаг болохоор хүнээ авчихъя гэж бодоод байж байтал манай нэг жолооч ирээд цасаа цэвэрлээч гэхэд нь би надгүйгээр цэвэрлэж болохгүй байна уу? баасаараа тоглох гэж байгаа авгай яах гэж наадхыг чинь цэвэрлэх юм гэж хэлсэн. Тэд нар цэвэрлэ гээд байхаар нь буцаад цасыг нь цэвэрлэх гэж очоод нөгөө хэдтэйгээ яриад байж байтал “Хөөе авгай  минь эрчүүдтэй ангалзаж байхаар цасаа цэвэрлээч” гэж ******* надад хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй цас цэвэрлээд байж байтал дахиад сонин үг хэллэгээр хэлээд байхаар нь би хийх юм аа хийсэн хүн надгүйгээр цэвэрлэж болохгүй байна уу? гэхэд ******* намайг барьж аваад зодсон. Би өдөрт 2 удаа Дархан-Уул аймаг Шарын гол сумын хооронд явдаг. Өдөрт 200,000 төгрөг олдог. Дундажлаад 160,000 төгрөг гээд 5 хоногийн орлого буюу 800,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Зөрчлийн талаар амаар болох харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5/,

          Гэрчын: ..цас цэвэрлэж байхад хамт ажилладаг ирээд “амиа бодохгүй бол болохгүй нь” гэхээр нь хартал зам дээр *******,******* нар хоорондоо барьцалдчихсан байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл дахиад дуу нь чангараад *******,******* нар барьцалдаад хоёр бие рүүгээ дайраад гараа сарвалзуулцгаагаад байхаар нь, бид нар тэр хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14, 63/,

          Гэрчын: Ажлынхан цас цэвэрлэж байхад******* машинтайгаа ирж зогсоод бараг 10 гаруй минут болсон. ******* “цасаа хурдан цэвэрлээд явцгаая” гэж хэлэхэд******* өөр дээрээ тусгаж авсан уу яасан *******,******* хоёр хэрүүл маргаан болоод хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёрыг салгасан. Эхлээд тэр хоёр гартаа ямар нэг зүйл бариагүй байсан, дараа нь хэн хэн нь гартаа нэг нэг хүрз барьчихсан байж байсан. Яг яаж цохисныг нь би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

          Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн дугаартай:*******н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, завжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

         ******* нүүрэн хэсэг газраа цохиулсан баруун доод хэсэгт хөхөрсөн, зүүн талд маажсан сорвитой, уруул цус хурсан байна гэх хүний их эмч Б.Ариунзаяагийн тодорхойлолт /хх-ийн 21/,

          Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн дугаартай: *******ийн биед баруун даланд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

          ******* шүүрийн ишээр нүүр лүү цохиулсан толгойн зүүн хэсэгт хавдсан гэх хүний их эмч Б.Ариунзаяагийн тодорхойлолт /хх-ийн 28/,

          Хохирогч*******, шүүгдэгч ******* нарын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-53/,

          Гэрчгийн: ...******* нь “та шүүрээ бариад ажил хий л дээ” гэж*******д хэлэхэд “удахгүй баасаараа тоглох гэж байгаа би юу хийдэг юм бэ” гэж******* хэлсэн. Тэгээд маргаан эхлээд *******,******* нар хоорондоо барилцаад авсан.******* нь *******ийн үснээс зулгаасан, ******* нь*******г 1 удаа цохисон. Мөн ******* нь газраас шүүр аваад ишээр нь*******н нүүр хэсэгт цохисон,******* нь бас газраас нэг багаж аваад ишээр нь *******ийн нуруу хэсэгт цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

          Гэрчийн: Бид цас цэвэрлэж байхад ******* нь*******д “та машинаасаа бууж цас цэвэрлээч” гэж хэлэхэд******* нь “чадахгүй” гэж хэлээд тэд хоорондоо хэрэлдэж байгаад салсан. Тэгээд би дэлгүүр рүү яваад иртэл *******,******* нар хоорондоо барьцалдсан бололтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 сарын 14-ний / дугаартай:*******н биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын завжинд язрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, алгадах, маажигдах үйлчлэлээр хэрэг болсон тухайн үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч П.Одмаагийн 2025 оны 01 сарын 17-ны дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэх материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 73-74/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

          Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч******* нар нь 2025 оны 01 сарын 09-ний 18:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ” ХХК-ийн авто зогсоол дээр “цас цэвэрлэнэ, цэвэрлэхгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж бие биетэйгээ барилцаж, улмаар ******* нь шүүрийн ишээр*******н нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын завжинд язрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******н эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын завжинд язрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 5 хоног ажил хийгээгүй буюу Дархан-Шарын гол сумын хооронд тээврийн үйлчилгээнд явж чадаагүй, өдөрт 160,000 төгрөгийн орлого олдог тул 5 өдөрт олох байсан орлого 800,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

          Гэтэл хохирогч нь Дархан-Шарын гол сумын хооронд тээврийн үйлчилгээнд явахдаа өдөрт 160,000 төгрөгийг ашиг олдог байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 250,000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байна.

          Иймд шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 250,000 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн 550,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь шүүх хуралдааныг завсарлуулж 250,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь 600,000 төгрөгөөр торгох ял хүнддэж байна гэж мэтгэлцэж байна.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 60,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

          Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 60,000 /жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч*******н 550,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь хохиролд 250,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

          7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР