Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02049

 

2022 оны 06 сарын 02 өдөр                          Дугаар 102/ШШ2022/02049                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б... дүүргийн ...-р хороо, Эрчим хүчний гудамж, .... тоот өөрийн байранд оршин байрлах, регистр ..., “С...” ХХК,

            Хариуцагч: С... дүүргийн ....-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр, регистр ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

            Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У...,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З.,..

Гэрч Ж.У...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 1527 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12/27 тоот магадлалаар хариуцагч “С...” ХХК болон иргэн Д.П... нараас зээлийн гэрээний үүрэгт 434 809 240 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 2 330 997 төгрөгийг гаргуулж “Омни капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал болон шүүхийн гүйцэтгэх хуудасны 1114 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22370018 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн гэрээний үүрэгт заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205... дугаартай 948 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1681... дугаартай газар эзэмших эрх, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдаагүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу өмчлөх эрхийн гэрчилгээгүй оффис үйлчилгээний зориулалттай 80 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22370017/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн хурааж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22370018/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэсэн. 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 4-141/3273 тоот мэдэгдлээр битүүмжлэн хураасан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн санал болгох доод үнэ буюу төлбөр төлөгч, төлбөр авагч буюу өмчлөгч эзэмшигчтэй харилцан тохиролцож үнийн саналаа өгөхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч Д.Пүрэвсүрэн нь дээр дурдсан хөрөнгүүдийн нийт үнэ 10 100 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У... миний бие дээрх хөрөнгүүдийн нийт үнэ 9 000 000 000 төгрөгийн үнийн саналыг гаргасан. Харин төлбөр төлөгч “О...” ББСБ нь өөрсдийн тодорхой үнийн санал гаргаагүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 371 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарын үнийн санал нь зах зээлийн ханшаас өндөр байгаа тул үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох тухай хүсэлт гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3-53 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийн ХХК-ийг шинжээчээр томилсон.  Хөрөнгийн үнэлгээний төв нь үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602 035 300 төгрөгөөр, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50 804 700 төгрөг, газар эзэмших эрхийг 3 387 200 000 төгрөг, нийт 4 040 040 000 төгрөгөөр үнэлгээг  гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-141/4857 тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэнийг доор дурдсан үндэслэлээр төлбөр төлөгч нар эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт дуудлага худалдаанд дуудах доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож тогтоохоор зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь харилцан тохиролцох ямар нэгэн үйлдэл болоогүй бөгөөд төлбөр төлөгч нар үнийн саналаа бичгээр гаргаж харин төлбөр авагч болон өмчлөгч нь ямар нэгэн үнийн санал гаргаагүй бөгөөд талууд харилцан тохиролцоогүй. Бичгэн хэлбэрээр болон тодорхой санал гаргаж харилцан тохиролцох үйл ажиллагаа явагдаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй гэж үзэж шинжээч томилсон байдаг. Хоёр дахь үндэслэл нь төлбөр авагч нар нь битүүмжлэгдэн хураагдсан хөрөнгүүдийг нийтэд нь 9 000 000 000 болон 10 100 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байхад шинжээчийн үнэлгээ нь тэдгээрийн 50 хувьд ч хүрэхгүй буюу 4 040 040 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч, өмчлөгч эзэмшигч нарын эрх ашигт хохиролтой үнэлгээ гаргасан. Үндэслэл нь цар тахал болон Украйны дайнаас шалтгаалсан үнийн огцом өсөлт, валют инфляциас хамааран үл хөдлөх хөрөнгийн үнэ сар өдрөөр өсөж байгаа тул хэвийн үнэлгээний аргачлалыг хэрэглэхэд тохиромжгүй гэж үзээд бид нарын үнийн саналаас 2 дахин бага үнэтэй үнэлгээ гаргасан. Нэхэмжлэлд ижил төстэй, цаг үеийн байдлын үл хөдлөх хөрөнгө болон газар, үйлдвэрийн барилгын заруудыг хавсаргасан. Үүнд 15 000 000 000 төгрөгийн үнэ гардаг. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаас эхлэн өдөр хоногоор тус эд хөрөнгүүдийн үнэ өссөөр байна. Гурав дахь үндэслэл нь дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхээс шийдвэрлэсэн буюу шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө болох 80 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж улмаар үнэлгээ хийсэн нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл байна. Дээрх 3 үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-141/4857 тоот тогтоолоор үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар магадлалаар “С....” ХХК болон Д.П... нараас 437 141 237 төгрөгийг гаргуулж “Омни капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус байгууллагаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрт дурдагдсан өр төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй учраас шүүхийн шийдвэрт дурдсан үүргийн гүйцэтгэл барьцаалсан эрхийн улсын Ү-2205.... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ....дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж .... тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалт бүхий сэндвичэн барилгыг мөн тус хаягт байрлах нэгж талбарын 16819.... дугаартай 8798 метр квадрат талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн тус газар дээр баригдсан 80 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг  тус тус битүүмжилж хураасан. Хуульд заасны дагуу төлбөр төлөгч нараас үл хөдлөх хөрөнгүүд дээр үнийн санал авахад 9 000 000 000 төгрөг болон 10 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч нарт танилцуулж, төлбөр авагчаас хөрөнгийн үнэлгээ дээр харилцан тохиролцох боломжгүй. Барьцаа хөрөнгүүдийг шинжээч томилон, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох шаардлагатай гэсэн хүсэлт гаргасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төвөөр хөрөнгийн үнэлгээнүүдийг тогтоолгож, хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон  бие даан худалдан борлуулж болохыг анхааруулан тайлбарлаж өгсөн. Үнэлгээ тогтоосон хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр оруулан талуудад мэдэгдэж, нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: С.... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 1527 тоот  шийдвэр /хх 7-8/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1203 тоот магадлал /хх 9-12/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22370018/02 тоот тогтоол /хх 13/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22370018 тоот тогтоол /хх 14/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /15/, НШШГГ-ын 2022.02.21-ний өдрийн 4-141/3273 тоот мэдэгдэл /хх 16/, төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал /хх 17-18/, Омни капитал ХХК-ний хүсэлт /хх 19/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 20/, “Хөрөнгө үнэлсэн тухай” 132 тоот албан бичиг /хх 21/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Төлбөр төлөгчид хөрөнийн үнэлгээ мэдэгдэх тухай” 2022.3.17-ны өдрийн 4-141/4857 тоот албан бичиг /х 22/, Үнэгүй.мн сайтаас авсан мэдээлэл /хх 23-25/, Анхны албадан дуудлага явуулах тухай 2022.3.29-ний 4/47 тоот тогтоол /хх 36/, 2022.3.31-ний өдрийн 4-141/3815 тоот мэдэгдэл /хх 37/, 

4.  Хариуцагчаас: Шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2021-02-10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2021/14263 дугаар захирамж /хх 41-42/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.6.10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэр /хх 43-44/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1203 тоот магадлал /хх 45-48/, Омни капитал ББСБ-ын 2021.11.12-ны өдрийн 925 тоот хүсэлт /хх 49/, Омни капитал ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тусгай зөвшөөрөл /хх 50-51/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, мөнгий шилжүүлсэн баримт /хх 52/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22370018 тоот тогтоол /хх 53/, зээлийн болон барьцааны гэрээ /хх 54-68/, Төрийн байгууллагуудын лавлагааны системийн лавлагаа /хх 69/, НШШШГ-аас Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 4-141/23865 тоот албан бичиг, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 4-141/23864 тоот албан бичиг /хх 70/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 22370018/141 тоот тогтоол /хх 71/, С...ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ /хх 71-76/, С... ХХК-ний 000133412 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 77/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, мэдэгдэл, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлүүлэх тухай мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /78-80/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021-12-14-ний өдрийн 1716 тоот албан бичиг /хх 81/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022-01-06-ны өдрийн 22370018/02 тоот тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 82-84/,  эд хөрөнгө хураах тухай 2022-02-17-ны өдрийн 22370018/03 тоот тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 85-87/, 2022-02-21-ний өдрийн 4-141/3274, 4-141/3273 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 87-88/, төлбөр төлөгч Д.П...гийн үнийн санал /хх 89/, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.12.16-ны 12/2937 тоот албан бичиг /хх 90-91/, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлан, тооцоо /хх 92/, Омни капитал ББСБ-ын 2022.03.03-ны 371 тоот “хүсэлт”, шинжээч томилох тухай 2022-03-07-ны өдрийн 3/53 тоот тогтоол, шинжилгээний тайлан /хх 94-111/, төлбөр төлөгч, авагч нарт үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай 4-141/4857,  4-141/4858 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 112-115/, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт албадан дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлсэн тухай 2022.3.31-ний өдрийн 4-141/6816, 4-141/6815 тоот мэдэгдэл, тэмдэглэл /хх 119/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8-р сарын 06-ны өдрийн 1203 дугаар магадлалаар “С...” ХХК болон Д.П... нараас 7434 809 240 төгрөг гаргуулж Омни капитал ББСБ ХХК-д олгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн,  шийдвэр, магадлал /хх 7-12, 45-48/ хүчинтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заажээ.

           

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 102/ШЗ2021/14263 дугаар захирамж,  1114 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх 41-42/ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө болох  “С...” ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн .... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж .... тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 16819.... дугаартай 8798 м.кв талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй боловч эзэмшлийн газар дээр баригдсан 80 м.кв  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 13-15, 82-87/, улмаар  төлбөр төлөгч,  төлбөр авагч нарт  үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг 2022-02-21-ний өдрийн 4-141/3274, 4-141/3273 тоот мэдэгдлээр /хх 16-19, 87-88/  тус тус  мэдэгджээ.

Төлбөр төлөгч С... ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө болох 948 м.кв талбай бүхий хөрөнгийг 3 тэрбум төгрөгөөр, 8798 м.кв талбай бүхий газрыг 6 тэрбум төгрөгөөр нийт 9 тэрбум төгрөгөөр худалдах /хх 17/, төлбөр төлөгч Д.П... нь 948 м.кв талбай бүхий үйлдвэрийг 3 тэрбум төгрөгөөр, газрыг 7 тэрбум төгрөгөөр, 80 м.кв талбай бүхий барилгыг 100 сая төгрөгөөр нийт 10.1 тэрбум төгрөгөөр худалдах /хх 18/, мөн 2022 оны 3-р сарын 1-ний өдөр 10 тэрбум төгрөгийн саналыг /хх 89/ тус тус гаргасан, харин төлбөр авагч Омни капитал ББСБ ХХК нь үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэж үзэж 2022 оны 3-р сарын 3-ны өдөр шинжээч томилуулах хүсэлтийг /хх 93/ гаргажээ.

Төлбөр төлөгч Д.П... 2 өөр үнийн санал өгсөн, төлбөр төлөгч С... ХХК-ийн үнийн санал нь төлбөр төлөгч Д.П...гийн үнийн саналаас зөрүүтэй зэргээс дүгнэвэл төлбөр төлөгч нар үнийн санал дээр тохиролцоогүй, нөгөө талаас, төлбөр авагч эдгээр үнийн саналыг зөвшөөрөөгүй нь шинжээч томилох үндэслэл болсон байна.

Улмаар шийдвэр гүйцэтгэгч “Шинжээч томилох тухай” 2022 оны 3-р сарын 07-ны өдрийн 3/53 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон /хх 93/ байна.

 Шинжээч 2022 оны 3-р сарын 15-ны өдрийн 132 тоот дүгнэлтээр /хх 94-111/ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 40 тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 602 053 300 төгрөгөөр, нэгж талбарын 1681900850 дугаартай 8798 м.кв талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшлийн газрыг 3 387 200 000 төгрөгөөр, 80 м.кв  талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 50 804 700 төгрөгөөр  нийт 4 040 040 000 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, байршлын хувьд үйлдвэрийн бүсийн Хөсөг трейд ХХК, 5 шараас төмөр замын презерийн урд байрлалтай газар, үл хөдлөх хөрөнгийн үнэтэй харьцуулан  жишиж стандартын дагуу үнэлсэн байна. 

Түүнчлэн гэрч, үнэлгээчин Ж.У...ийн “...үнэлгээ хийхдээ 4 дүгээр цахилгаан станцын ойролцоо байрлалтай үл хөдлөх хөрөнгө, Гурвалжингийн гүүрний баруун урд, ТЭЦ 4-ийн замын дагуу байрлалтай 1 газар, ТЭЦ 4-ийн урд, хойно дагуу байрлалтай, талбайн хэмжээ нь 500 метр квадрат, 440 метр квадрат талбайтай 3 газрыг сонгосон. Эднийх 8 000 метр квадрат талбайтай. Эдгээрийг харьцуулан үзээд байршлын хувьд маш сайн, хамгийн гол нь үйлдвэрлэл явуулдаг, үйлдвэрлэл явуулахдаа 4 дүгээр цахилгаан станцаас уур авдаг. Ууранд ойрхон байдаг учраас газрын байршлын хувьд ашигтай, давуу талбай байсан учраас 1 метр квадрат талбайн үнийг 385 000 төгрөгөөр тооцсон.  Энэ нь үнэлгээний ихэнх хувийг эзлэх ёстой. Тэр хавиар газар ямар үнэтэй, уур ус дулааны хэмжээ, зардал гэдгээс шалтгаалж үнэлгээ хийгдсэн. Хоёрдугаарт үйлдвэрлэлийн барилга, оффисын барилга, сэндвичэн барилгын 1 метр квадратын үнэ нь 650 000 төгрөгөөр үнэлсэн. Хамгийн гол үнэлгээний зүйл нь газартай холбоотой” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.    

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 3-р сарын 21-ний өдрийн 4-141/4857, 4-141/4858 тоот мэдэгдлээр мэдэгдсэн /хх 112-115/, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4-141/6816, 4-141/6815 тоот мэдэгдлийг хүргүүлсэн нь  /хх 117-119/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь “шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө болох 80 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж улмаар үнэлгээ хийсэн” гэж маргадаг боловч  төлбөр төлөгчийн эзэмшлийн газар дээр баригдсан, өөрийн үйл ажиллагаа явуулдаг, газраас салгаж үл болох эд зүйлийг үнэлүүлсэн нь буруу биш.

 

 Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, төлбөр төлөгч нар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа худалдан борлуулах,  төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С....” ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж .... тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 168190.... дугаартай 8798 м.кв талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, тус газар дээр баригдсан 80 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4 040 040 000 /дөрвөн тэрбум дөчин сая дөчин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн “С...” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА