| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/265 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0227/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******д холбогдох эрүүгийн 2518000000299 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД:******* /, 1993 оны 08 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын мастер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийг 2025 оны 04 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр Ногоон зоорины урд талын хатуу хучилттай зам дээр******* улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ийн: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ эрүүл болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан. Хүн дуудаад байхаар нь очиж авах гээд тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.03 хувийн үзүүлэлт илэрч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх 2025 оны 04 сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 7/,
Шүүгдэгч*******ийн согтолтын хувийг шалгаж тогтоосон гэрэл зураг /хх-ийн 8/,
Гэрч*******гийн: ...2025 оны 04 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө батлагдсан хуваарийн дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн. Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр Ногоон зоорины урд зам дээр******* улсын дугаартай хар өнгийн Prius-41 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад******* гэх хүн уг тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан.*******ээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул Цагдаагийн газар дээр авчирч согтолтын зэрэг шалгах драгер багажаар үлээлгэж шалгахад 2.03 хувийн согтолттой байсан. Мөн******* нь 2024 оны 11 сарын 04-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Шүүгдэгч*******ийг эрүүлжүүлсэн тухай 2025 оны 04 сарын 12-ны өдрийн бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 14/,
Шүүгдэгч******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 24/,
Шүүгдэгч*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/******* дугаартай шийтгэвэр /хх-ийн 36-37/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч*******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргаж мэтгэлцэх зүйл байхгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/******* дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн ба тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх хугацаандаа буюу 2025 оны 04 сарын 12-ны 00:20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслийг 2.03 хувийн согтолттой жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ийн дээрх үйлдэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 04 сарын 12-нд 2.03 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн Дархан хэсэгт ачигчаар ажилладаг зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, нялх хүүхэдтэй, өрхөөсөө ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, залуу гэр бүлийн өрхийн тэргүүн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараас хэтрүүлэхгүй хугацаагаар хасаж, 5,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 4800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн ажил эрхлэлт, сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр*******0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд сар бүр*******0,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР