Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э***** И**ХХК /РД:********/                                           

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Л.Ц********* /РД:***********/-д холбогдох зөвшөөрөлгүйгээр барьсан иргэний өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Э***** И**ХХК нь тус шүүхэд хандан анх Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э***** И** ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Э***** И** ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай[1] гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Э***** И**ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 1800 м.кв газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

2.2. Тус газарт нэхэмжлэгч компанийн хойно байрлалтай газар эзэмшигч иргэн Л.Ц********* өөрийн өмчийн байшинд залгуулан эзэмшил газраасаа нэхэмжлэгч компанийн эзэмшил газар руу 70 м.кв оруулан бусад иргэн, аж ахуйн нэгжийн орц, гарц, нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийн барилга барьснаар тус компанийн эзэмшил газрын хойно байрлах иргэн, аж ахуйн нэгжүүдийн орц, гарц хаагдаж, нэвтрэх боломжгүй болсон.

2.3. Үүний дараа орц нь хаагдсан иргэн Н.Н******* нь нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч компанийн эзэмшил газар дээгүүр орц, гарц гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, тус захиргааны маргаанд Э***** И**ХХК нь гуравдагч этгээдээр татагдан оролцсон.

2.4. Дээрх маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэр[2], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2020/0573 дугаар магадлалаар[3] шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт[4] ... Э***** И**ХХК-ийн хүсэлтээр хийсэн Газрын харилцаа, геодези, хэмжил зүйн газар маргаан бүхий газрын хяналтын хэмжилтээс үзэхэд Э***** И**ХХК-ийн эзэмшлийн газарт ... иргэн Л.Ц*********ын 77 м.кв барилга ... барьсан, ... тус компанийн эзэмшлийн газарт хойд хэсгийн 462 м.кв газрыг иргэн Л.Ц********* битүүлж хашаалсан ... гэж дүгнэжээ.

2.5. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/03 тоот албан бичгээр[5] Нийслэлийн Засаг даргад хандаж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшил газрын орц, гарц хааж, зөвшөөрөлгүй барьсан иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газар чөлөөлөх, мөн бусдын эзэмшил газарт хүч хэрэглэн дайрч барьсан хашаа, байрлуулсан контейнерийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт гаргасан.

2.6. Гэвч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/6054 тоот албан бичгээр[6] ... Дээрх зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан тул Монгол Улсын газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ.

2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э***** И**ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1284 дугаартай захирамжаар[7] сунгаж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам-1, 72 тоот хаягт байрлах 1798 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар гэх зориулалтаар эзэмшүүлжээ.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ...гуравдагч этгээд эзэмшил газраа хэтрүүлж манай эзэмшилд барилга барьснаас эзэмшил газартаа орж чадахгүй болсон,...шүүхийн шийдвэрээр уг үйл баримтыг тогтоож дүгнэсэн,...хариуцагч нь Газрын тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлэхгүй байна... гэж маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ...нэхэмжлэл нь захиргаан хэргийн шүүхийн харьяаллын бус.. гэж тайлбарлаж байна.

2.10. Гуравдагч этгээдийн зүгээс ...хууль бусаар газар авчхаад бусдын байшинг нураах үндэслэлгүй, иргэний шүүхээр асуудлаа шийдүүлэх ёстой... гэж тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар

3.1. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Э***** И** ХХК нь Нийслэлийн Засаг даргын А/366 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 18******* дугаар бүхий 1800 м.кв бүхий газрыг эзэмшдэг. Манай компанийн хойно газар эзэмшигч иргэн Ц******* өөрийн өмчийн байшиндаа залгуулан эзэмшил газраасаа хэтрүүлж манай эзэмшил газар руу 70 м.кв оруулан кадастрын зураг болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тогтоож өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн орц гарц нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр барилга барьснаар манай компанийн эзэмшил газрын хойно байрлах иргэн, аж ахуйн нэгжүүдийн орц гарц хаагдаж газартаа нэвтрэх боломжгүй болсон байдаг. Гэтэл орц гарц нь хаагдсан иргэн Н******* манайд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 захирамжийг хүчингүй болгуулж манай эзэмшил газар дээгүүр орц гарц гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн хэрэгт Э***** И** ХХК гуравдагч этгээдээр татагдан орсон. Энэхүү маргааныг хянан хэлэлцээд 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 0487 шийдвэр, 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 0573 дугаар магадлалаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ц******* нь Э***** И** ХХК-ийн газар руу 70 м.кв талбай хэтрүүлсэн барилга байгааг тогтоож дүгнэсэн байдаг. дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн магадлалын дагуу эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж газрыг чөлөөлүүлэхээр гомдол гаргахад дээрх асуудал нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан байх тул Газрын тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хариуг өгсөн. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасан. 57.4 дэх хэсэгт мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. 57.5 дахь хэсэгт Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Засаг даргын эс үйлдэхүйг хуульд бусд тооцуулах иргэн Ц*******ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, барилга байгууламжийг буулгуулах шаардлага гаргасан. Анх 1999 оны 08 сарын 12-ны өдрөөс 5695 мкв, 2004 онд 4200 мкв 2016 онд 1800 мкв гээд дандаа хэмжээний хувьд багасаж явсан. 1999 оноос хойш эзэмшиж байсан учраас буулгах ёстой объект нь эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн объект биш гэдгийг тодорхойлох зүйл ярьж байна. Багассан талбайд одоогийн маргаан бүхий 70 мкв барилга шинээр баригдсан. 2020 оны 07 сарын 29-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр хангалттай дүгнэсэн. Энэ нь зөрчил гэж Газрын албанд Мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн бичгүүдийг хүргүүлж байсан. Газрын алба нь өөрөө эс үйлдэхүй үзүүлж өнөөдрийг хүргэсэн. Манай эзэмшил газарт 70 мкв хууль бусаар баригдсан нь нотлогдсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу газрыг гэрээнд заасан хэмжээгээр, гэрчилгээнд заасан газрын хэмжээгээр эзэмших ёстой Ц******* нь өөрийн эзэмшээгүй талбайд буюу Э***** И** ХХК-ийн газарт объект барьсан нь манай эрхэд халдаж байна. Үүнийг чөлөөлүүлэх эрх нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үндсэн үүрэгтэй гэж заасныг Ц******* зөрчсөн. Тус хууль бус үйлдлийг таслан зогсоох эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг тодорхойлж гаргаж байна. Газрын тухай хуулийн 57.4 дэх хэсэгт газрыг чөлөөлөх шат дараалсан арга хэмжээг авахыг Засаг даргаас хүссэн боловч та шүүхэд хандана уу гэсэн. Гэтэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа иргэний шүүхэд хандана уу гэсэн. Үндэслэлгүй татгалзал гэж үзэж байна...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах субьектив эрхийг заасан учраас тэр хүрээндээ гомдлоо гаргаж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг булгааж газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.. гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ...Э***** И**ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт иргэн Л.Ц********* нь 70 м.кв өргөтгөлийн барилга барьсныг албадан буулгах талаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан болно. Дээрх албан бичгийн хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/6054 дүгээр албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэж хүргүүлсэн тул 6054 дүгээр албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэж хүргүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 37.3 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт .Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Гэж заасны дагуу ямар нэгэн эс үйлдэхүй үзүүлээгүй болно.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх заалтад.бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар бусад тохиолдолд шүүх.шийдвэрлэнэ гэж тодорхой заасан тул нэхэмжлэгч Э***** И**ХХК нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх зүйтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан маргаанд хамаарахгүй тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ 70 мкв нэмж барьсан гэдэг нь анх цэргийн ангиас авахад байсан асуудал. Газрын асуудлыг шийдэхдээ догол гаргаад шийдчихсэн байсан. Э***** И** ХХК-ийн авсан газар их маргаантай учраас газрын эрхийг нь сунгадаггүй юм байна лээ. Газар доогуур нь бохирын 1200 мкв хоолойтой шугам байдаг. Холбогдох хуулийн дагуу тэр газрыг чөлөөлж байх ёстой байтал ямар учраас удаа дараа газрын гэрчилгээг сунгаад байдаг юм. Нэхэмжлэл гаргах үед эднийх газар байхгүй байсан. Газрын хугацааг сунгах хүртэл шүүх дээр хэргийг байлгаад байдаг. Нэхэмжлэл дээрээ нэгж талбарын 18******* гэсэн дугаартай гэж бичсэн байсан. Өмнөх газрын гэрчилгээний нэгж талбарын дугаар нь 18******* байдаг. Нэхэмжлэл гаргах үндэслэлгүй зүйлээр нэхэмжлэл гаргаад үүнийгээ үндэслэлтэй болгохын тулд шүүхийн байгууллагаар тоглоом хийгээд байх юм. 2021 онд нэхэмжлэл гаргасан. Тэр үед гэрчилгээний хугацаа дууссан байсан. 2022 онд гэрчилгээ сунгуулсан. Гэтэл нэхэмжлэл дээр байхгүй дугаар бичсэн. Тэр дугаар нь шинэ гэрчилгээ дээр гараад ирсэн байсан. газрын тухай хуулиар 30 хоногоос өмнө хүсэлтээ гаргаад 14 хоногийн дотор шийдвэрлэдэг. Сонгинохайрхан дүүргийн Газрын албыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахгүй бол болохгүй болсон байна. Шүүх ийм асуудлыг хүлээж байгаад шийдэж болдог юм уу. Цэвэр, бохир усны шугамтай чөлөөлөх ёстой газрыг удаа дараа сунгаад байх юм. Бусад байгууллага иргэний орц гарцыг хааж хууль зөрчин газар авчихаад бусдын өмнө байсан барилга байшинг нураах зүйл ярьж байна. Газартай холбоотой асуудлыг иргэний шүүхээр шийднэ гэж хуульд заасан. Хариуцагч тайлбартаа хуулийн зүйл заалтыг дурдсан байсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх талаар:

1.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заажээ.

1.2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдолд түүнийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

1.3. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина., мөн зүйлийн 57.3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заажээ.

1.4. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэсэн байна.

1.5. Дээр дурдсан хуулийн хэм хэмжээнүүдийн урьдчилсан нөхцөлийг авч үзвэл ... зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй, мөн хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

1.6. Дээрх эрх зүйн хэм хэмжээнд хэнээс шаардлага гаргаснаар газар чөлөөлүүлэх мэдэгдэл гаргахыг тухайлан заагаагүй байгаагаас үзэхэд нэг талаас холбогдох Засаг дарга өөрөө, нөгөө талаас зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа үйл баримтыг мэдсэн хэн бүхэн холбогдох Засаг даргад шаардлага тавих субьектив эрхтэй гэж үзнэ.

1.7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Э***** И**ХХК-ийн хойно байрлалтай газар эзэмшигч иргэн Л.Ц********* өөрийн өмчийн байшинд залгуулан эзэмшил газраасаа нэхэмжлэгч компанийн эзэмшил газар руу 70 м.кв оруулан бусад иргэн, аж ахуйн нэгжийн орц, гарц, нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр өргөтгөлийн барилга барьснаар тус компанийн эзэмшил газрын хойно байрлах иргэн, аж ахуйн нэгжүүдийн орц, гарц хаагдаж, нэвтрэх боломжгүй болсон.

1.8. Үүний дараа орц нь хаагдсан иргэн Н.Н******* нь нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч компанийн эзэмшил газар дээгүүр орц, гарц гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, тус захиргааны маргаанд Э***** И**ХХК нь гуравдагч этгээдээр татагдан оролцсон.

1.9. Дээрх маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэр[8], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2020/0573 дугаар магадлалаар[9] шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1.10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт[10] ... Э***** И**ХХК-ийн хүсэлтээр хийсэн Газрын харилцаа, геодези, хэмжил зүйн газар маргаан бүхий газрын хяналтын хэмжилтээс үзэхэд Э***** И**ХХК-ийн эзэмшлийн газарт ... иргэн Л.Ц*********ын 77 м.кв барилга ... барьсан, ... тус компанийн эзэмшлийн газарт хойд хэсгийн 462 м.кв газрыг иргэн Л.Ц********* битүүлж хашаалсан ... гэж дүгнэжээ.

1.11. Түүнчлэн дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт[11] ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, энэ зохицуулалт эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил хамаарна. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т зааснаар газрыг эзэмших, ашиглах үйл ажиллагааг хуульд нийцэж буй эсэхэд Засаг дарга хяналт тавих бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол Засаг дарга газар чөлөөлүүлэхээр хугацаатай мэдэгдэл өгөх ба чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхөөр, 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмшиж, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл болзлын талаарх газар эзэмшигч, ашиглагчийн хооронд үүссэн маргааныг Засаг дарга шийдвэрлэхээр тодорхой заасан ... гэж эрх зүйн дүгнэлт хийжээ.

1.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

1.13. Тодруулбал, Э***** И**ХХК-ийн эзэмшлийн газарт гуравдагч этгээд Л.Ц********* зөвшөөрөлгүйгээр 77 м.кв барилгын өргөтгөл барьсан, 462 м.кв газрыг иргэн Л.Ц********* битүүлж хашаалсан зэрэг үйл баримтыг шүүхийн дээрх шийдвэрээр нэгэнт тогтоосон, мөн бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барьсан бол газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтын дагуу холбогдох Засаг дарга шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг дүгнэсэн байх тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03-06/6054 тоот албан бичгээр ... Дээрх зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал нь бусдын өмч хөрөнгөтэй холбоотой маргаан тул Монгол Улсын газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү гэх хариу өгсөн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

1.14. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсан энэ маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.15. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэх агуулгатай үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

1.16. Учир нь, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2020/0573 дугаар магадлал гарах үед нэхэмжлэгч Э***** И**ХХК нь газар эзэмших эрхтэй байсан бөгөөд энэхүү захиргааны маргааныг хянан шийдвэрлэх мөчид тус газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу сунгуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

1.17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн зарим асуудлын тухайд:

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6625 дугаартай захирамжаар уг захиргааны хэрэгт Пи Си Вай ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан.

2.2. Шүүхээс нотлох баримтууд цуглуулсны үндсэнд тус компанийн нэр дээр газрын нэгж талбар бүртгэлгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/2086 тоот албан бичгээр[12] тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 9228 дугаартай захирамжаар мөн шүүхийн шүүгчийн 6625 дугаартай захирамжид өөрчлөлт оруулж, Пи Си Вай ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан заалтыг хасаж өөрчилснийг дурдах нь зүйтэй.

2.3. Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт утсаар мэдэгдсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн нэг төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй, нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхийн [email protected] хаягт цахимаар ирүүлсэн байсан тул хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 60.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э***** И**ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Э***** И**ХХК-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр барьсан иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Ц*********ын өргөтгөлийн барилгыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ