Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Дэлгэрцогт, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

хохирогч Д.Оюунханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, халх, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уран төсөл ХХК-д менежер ажилтай,  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 9 дүгээр гудамжны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЧД83071632/ Боржигин  овогт Дашцэрэнгийн Дэлгэрцогтод холбогдох 201726020939 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрцогт 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 28 дугаар байранд эхнэр Д.Оюунхандыг догшин авирлаж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрцогт шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 4 дүгээр сарын 13-нд Оюунханд бид 2 хүүхэдтэйгээ салхилж байтал Монголмаа Оюунханд руу утсаар яриад уулзъя гээд хүрээд ирсэн. Тэгээд ирээд “пиво уух уу” гэхэд нь Оюунханд надаас асуусан. Тэгэхэд нь би “дэмий юм биш үү дээ” гэж хэлсэн. Оюунханд ойрд Монголмаатай уулзаагүй юм чинь гээд нэг пиво аваад манай гэрт орж уусан. Тэгж байтал 23 цаг өнгөрч байхад нэмж ууя гээд 2 литрийн 2 пиво аваад уусан. Түүнийгээ ууж байтал Оюунханд намайг Монголмаагийн нөхөртэй харьцуулж “чи хүний нөхрийг хар, мөнгө олдог, сайхан биетэй” гэх зэргээр над руу дайрч эхэлсэн. Тэгтэл Монголмаа Оюунхандад “за яахав ээ, яршиг” гэсэн зүйл хэлсэн. Ингээд Оюунханд догшин авирлаад, хэрүүл өдөөд эхлэхээр нь би гарах гэтэл Монголмаа намайг гаргаагүй. Ер нь Оюунхандыг тиймэрхүү авир гаргахаар нь би гараад явчихдаг. Тэгтэл Оюунханд Монголмаа нарын хоорондын маргаан ширүүсч эхэлсэн. Тэгээд Монголмаа гэрээс гарахад хаалга савагдсан байх. Оюунханд араас нь орцонд гараад Монголмаатай маргалдсан. Тэгэхэд манай хүүхэд сэрсэн. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд араас нь гарч Монголмаа, Оюунханд нарыг салгах гэж голоор нь орсон. Энэ үед хүүхдээ нэг гартаа тэвэрсэн байсан. Тэгтэл Оюунханд хүүхдийг маань орцны шалан дээр түлхээд унагаасан. Манай хүүхэд орцны шалан дээр толгойгоороо унасан. Тэр үед миний уур маш их хүрсэн. Тэгээд би түүний толгойн тус газар 2-3 удаа алгадсан гэв.  Оюунхандыг цохисон нь миний буруу. Тухайн үед уурандаа тийм асуудал гаргасан гэв.

 

Хохирогч Д.Оюунханд шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дэлгэрцогт бид хоёр хүүхдээ салхилуулж байхад Монголмаа над руу залгаад уулзъя гээд хүрээд ирсэн. Тэгээд юм ярьж байхдаа “танай гэрт юм ууж сууя” гэж хэлсэн. Тухайн үед манай ээж нас бараад удаагүй байсан. Монголмаа миний сэтгэл санааг эвгүй байгаа байх юм ярьж сууя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл ганц, хоёр пиво ууя гэхээр нь “Дэлгэрцогтоос асуу, дараа нь бөөн хэрүүл зодоон болдог юм” гэж хэлсэн. Монголмаа Дэлгэрцогтоос асуугаад "тэгье л гэж байна шүү дээ” гэсэн. Би тухайн үед гэртээ дурамчхан оруулсан. Тэгээд манай гэрт пиво ууж байхад би 40-50 минут хүүхдээ унтуулсан. Монголмаа, Дэлгэрцогт нар тэр үед пиво ууж байсан. Монголмаа надтай нас чацуу хэрнээ 1995 оны залуутай үерхдэг. Би тэр хүний ямар ажил хийдэг болохыг мэдэхгүй. Тийм байхад тэр хүний биеийн талаар ярьж маргалдаагүй. Монголмаа бид хоёр ах дүү нараа ярьж маргалдсан. Сүүлдээ Дэлгэрцогт над руу замбараагүй үгээр харьцахад бас маргалдсан. Монголмааг Дэлгэрцогтыг өмөөрөөд байхаар нь түүнтэй миний хамаатан юм бол Дэлгэрцогтод хэлээч гэж муудалцаад түүнийг гэрээсээ хөөсөн. Тэрнээс болж Монголмаа бид хоёр уулзаагүй бөгөөд надад өс санаж худал мэдүүлэг өгсөн. Монголмаа тухайн үед манай гэрээс гарахдаа гэрийн хаалга савахаар нь хүүхэд маань сэрсэн. Би Монголмаагийн араас гараад “айлын хаалгыг хашааны хаалга хааж байгаа юм шиг, яаж байгаа юм бэ” гээд муудалцаж байгаад зодолдсон. Дэлгэрцогт удалгүй хүүхдээ тэврээд “хүүхэд сэрчихлээ” гэхээр нь “орж бай” гэчихээд Монголмаатай хэл амаа ололцох гээд ярилцаж байтал Дэлгэрцогт хойноос ирээд “хүүхэд сэрчихлээ оръё” гэхэд би “орж бай л даа” гээд эргэж харахад буцаж Монголмаа руу хараад дахин эргээд харахад Дэлгэрцогт намайг цохисон. Би хүүхэд газар унасан эсэхийг хараагүй. Надад харах боломж байгаагүй. Би манараад доошоо суухад намайг үргэлжлүүлэн толгой, нүд рүү цохисон. Тэгэхэд Монголмаа дундуур орж “хүн аллаа” гэж орилж байж салгасан. Би удаа дараа Дэлгэрцогтод зодуулж байсан. Миний ээж Дэлгэрцогтод “миний хүүхдийн нүд рүү битгий цохь, хараа муутай юм аа” гэж хэлж байсан. Би та нарын царайг харахгүй байна, миний хараа муудсан. Би найзуудтайгаа гарах үе байдаг. Ингэхдээ 2 сард 1 удаа гардаг. Тэгэхэд Дэлгэрцогт 1 сард 5 удаа гардаг. Надтай хамт амьдарснаас хойш 7 хоногоос 1 сарын хугацаанд гэрээсээ явж байсан. Намайг ээжийгээ хараад сүүлийн 3-4 сар эмнэлгээр явж байхад хүртэл орхиж явдаг байсан. Би хүүхдээ унтуулаад шөнө ээж дээрээ очдог байсан. Би ээждээ Дэлгэрцогтоос сална гэхэд ээж маань зөвшөөрдөггүй байсан. Би ээжийгээ амьд байхад нь муу муухай үзүүлээд яах вэ гээд Дэлгэрцогтоос салаагүй. Одоо би шөнө 4-5 цагт унтаж байна. Өнөөдөр намайг гэх хэн ч байхгүй. Дэлгэрцогт намайг алаад булсан байхад хэн ч мэдэхгүй. Би Дэлгэрцогтоос үнэхээр айж байна. Утасны дугаараа хүртэл сольсон. Би Дэлгэрцогтын мууг үзэх гэж цагдаад хандаагүй. Дэлгэрцогт надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Урьд нь намайг 5-6 удаа цохиж байсан. Дэлгэрцогтын ах Бямбахүү цагдаагийн байгууллагад ажилладаг. Тэр хүн нас барсан ээжийн минь талаар ингэж худал ярьж болохгүй. Түүний “эх нь амьд сэрүүн байхдаа миний охин ааш муутай, Дэлгэрцогтыг зовооно доо гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг байгаа. Би үүнд маш их эмзэглэж байна. Ээж маань эмнэлэгт байхдаа “наад хүн чинь чамд хань болохгүй юм байна, эртхэн сал” гэж хэлж байсан. Бямбахүү гэдэг ах нь манайд 3 удаа уулзаж байсан. Манай ээж Дэлгэрцогтын ахынх нь гар утасны дугаарыг ч мэдэхгүй. Дэлгэрцогт багаасаа гэртээ очдоггүй, найзуудынхаараа амьдардаг байсан гэдгийг би сүүлд мэдсэн гэв. Гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрцогтын ял шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 25/, гэрлэлт бүртгэлтгүй тухай лавлагаа /хх-ийн 26/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Дэлгэрцогтыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 28 дугаар байранд эхнэр Д.Оюунхандыг догшин авирлаж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол  үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Д.Дэлгэрцогт, Д.Оюунханд нар гэр бүлийн харилцаатай байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 28 дугаар байранд шүүгдэгч Д.Дэлгэрцогт, түүний эхнэр Д.Оюунханд, Д.Оюунхандын үеэл Э.Монголмаа нар нийлж пиво уух явцад Д.Оюунханд өөрийн үеэл Э.Монголмаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсанаас үүдэлтэйгээр Д.Дэлгэрцогт Д.Оюунхандын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэж тухайлан заасанд Д.Оюунханд хамаарах боловч уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах догшин авирлаж үйлдсэн гэх шинжээр нь прокурор яллах баримт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг аль аль нь хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарах боловч энэхүү хэргийн хувьд шүүгдэгч Д.Дэлгэрцогт хохирогч Д.Оюунхандын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

 

Энэ байдал нь хохирогч Д.Оюунхандын”...би 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 28-15 тоот гэрийнхээ гадна салхилаад байж байтал манай үеэл Монголмаа утасдаад бид гурав уулзсан... Бид гурав 2 литрийн 2 ширхэг нийслэл пиво аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд би 21:00 цагийн үед хүүхдээ унтуулчихаад үргэлжлүүлээд хамт уусан. Ууж байгаад Монголмаа бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад би Монголмааг гар зайл гээд гэрээсээ хөөсөн. Тэгтэл Монголмаа хаалга саваад гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад чи яагаад хаалга саваад байгаа юм гэж бас хэрэлдсэн. Яг  тэр үед манай нөхөр Дэлгэрцогт хүүхдээ тэвэрчихсэн араас  гарч ирээд хүүхэд сэрчлээ гэж хэлсэн. Тэгээд би Дэлгэрцогтод одоохон орлоо гэж хэлээд Монголмаатай үргэлжлүүлээд муудалцсан. Тэгээд би Монголмаатай хэрэлдэж байгаад эргээд хартал манай нөхөр Дэлгэрцогт миний баруун нүд, дух руу гараараа цохиод авсан. Дэлгэрцогт  намайг нилээн хэдэн удаа цохьсон. /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Э.Монголмаагийн”...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр...Дэлгэрцогт, Оюунханд бид гурав 2 литрийн нэг пиво аваад орсон. Гэрт нь ороод тэрнийгээ хувааж уугаад юм яриад суусан. Эхний пиво ууж дуусгаад Дэлгэрцогт гараад дахиад 2 литрийн 2 ширхэг пиво авчирсан. Тэгээд бид гурав пиво ууж дуусах гэж байхад нь би одоо явлаа гээд гарах гэтэл Оюунханд намайг явуулахгүй гээд зулгаагаад байсан. Би явна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд гэрээс нь гартал хаалга нь санамсаргүй чанга хаагдсан. Тэгтэл Оюунханд миний араас гарч ирээд намайг үсдээд авсан. Тэгээд бид хоёр зууралдчихсан байж байсан чинь Дэлгэрцогт хүүхдээ тэвэрцэн гэрээсээ гарч ирсэн. Оюунханд бид хоёр зууралдаж байгаад Оюунханд хүүхдээ түлхээд унагаацан. Тэгээд хүүхэд нь орилоод эхэлсэн чинь Дэлгэрцогт Оюунхандад уурлаад чи муу ингээд ууж чаддаггүй ш дээ гээд Оюунхандын толгой руу 4,5 удаа гараараа цохиод 2 удаа хөл рүү нь өшиглөөд авсан. Дэлгэрцогт,  Оюунхандыг агсан тавиад байхад нь их удаан тэссэн. /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

                                                                                                   

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5113 дугаартай: Оюунхандын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар сэжигтнээр Д.Дэлгэрцогтын”...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 21.00 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 28 дугаар байрны гадна эхнэр хүүхэдтэйгээ хамт салхилаад явж байсан...Оюунханд халангуутаа над руу жаахан уурлаад дайраад эхэлсэн. Монголмаа тэр үед Оюунханд одоо болио гэж хэлсэн. Оюунханд намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би уурлаад гарлаа хувцасаа өмсөөд гарах гэтэл Монголмаа намайг битгий яв гээд явуулаагүй. Тэгсэн чинь  Оюунханд намайг өмөөрлөө гээд Монголмаа руу дайраад эхэлсэн. Тэгээд Монголмаа Оюунханд хоёр муудалцаад гарсан. Тэгээд би хүүхдээ түр зогсоочоод Монголмаа Оюунханд хоёрыг салгах гэтэл тэр хоёр түлхэлцэж байгаад манай хүүг унагаацан. Тэгээд хүүг унагаачихаар нь би Оюунхандад уурлаад баруун, зүүн шанаа толгой руу нь 2,3 удаа гараараа цохисон. /хх-ийн 20/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул яллагдах үндэслэл болно.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Дэлгэрцогтыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж,  шүүгдэгч Д.Дэлгэрцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д.Оюунханд эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Дэлгэрцогтоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас  Д.Дэлгэрцогтыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120.1 дугаар зүйлийн 120.1.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Дашцэрэнгийн Дэлгэрцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Дэлгэрцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Дэлгэрцогт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Д.Дэлгэрцогт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Д.Оюунханд цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Д.Дэлгэрцогтод авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Дэлгэрцогтыг цагдан хорьсонг хэвээр үлдээсүгэй.

 

 

                            

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ