Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0200/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Э.У,

шүүгдэгч Ө.М  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000161 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д  овогт Ө ны М , (РД:********), 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын өрлөг хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар баг октябрийн **-** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дугаар баг, Октябрь **-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Б өөрийг нь бусадтай архи уусан гэж загнасанд уурлах явцдаа маргаан үүсгэж, улмаар гарын тохой хэсгээр Н.Б-ийн толгой хэсэг рүү цохиж зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Н.Б-ийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд урууланд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Ө.М нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дугаар баг, Октябрь **-** тоотод гэртээ хамтран амьдрагч Н.Б-ийг “ажлаасаа эрт бууж, бусадтай нийлж архи уу лаа” гэж маргахад, түүнийг эсэргүүцэж улмаар Н.Б-ийн толгой хэсэг рүү алгадах, цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруул зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...Дархан-Уул аймаг, ** дугаар баг, Октябрь **-** тоотод байрлах өөрийн гэртээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед хамтран амьдрагч болох Ө.М-д зодуулж биедээ гэмтэл авсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...Н.Б-ийг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Хохирогч Н.Б ийн өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд миний нөхөр болох Ө.М 18 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэн гэртээ орж ирсэн. Тухайн үед бид муудалцаагүй хоол ундаа идээд байж байсан. Гэтэл 22 цагийн үед утас нь дугараад найзтайгаа ярьсан. Тэр үед нь би наад нэг юмнуудтайгаа үхсэндээ ууж идээд яваад байдаг юм гээд уурласан. Манай нөхөр буцаад над руу уурлаад гоо сайхны ширээгээ түлхэхэд нь би битгий гэр орны юм эвдээд бай гэж хэлэхэд тохойгоороо хаалгатай хавсраад цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан. Удалгүй манай нөхөр чамайг үглээд байхаар нь гэнэт уур хүрээд ингэчихлээ хүүхэд айлаа гээд хүүхдээ аваад машинд ороод суучихсан. Тэгээд бид машин дотор хэсэг ярилцаж суугаад гэртээ орж ирээд унтаж амарсан. Маргааш өглөө манай нөхөр дүү болох Д.Э-г өчигдөр гэрт жаахан асуудал гарчихлаа гээд дуудсан. Удалгүй Д.Э  нь хадам ээж дүү хоёртойгоо ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

Гэрч Д.Э-ын өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, октябрийн 10-3 тоотод Ө.М  ахынд ээж н.Т-ийн хамт гэрт нь ороход манай бэр эгч Н.Б-ийн зүүн талын нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Н.Б  эгчийг Орхон суманд хүргэж өгөх гээд бид хэд хүүхдийг нь хамт машинд суухад ээж н.Т  Н.Б  эгчид хандан чиний нүд чинь яачихсан юм, Ө.М  зодчихсон юм уу гэж хэлэхэд Н.Б  чимээгүй суугаад байсан чинь ээж цагдаа дагуулж одоо Н.Б-ийг гомдол гарга гээд гаргасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Н.Б-тэй 2019 оны намар танилцаад бид хоёр 2020 оноос нэг  гэрт орж цуг амьдарч эхэлсэн. 2021 онд бид хоёрын анхны хүүхэд охин М.Э  төрсөн. Мөн бид хоёр 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүүтэй болсон. Одоогоор бид  хоёр гэр бүл болж хамт амьдраад 5 жил болж байна. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би ажлаасаа 15 цаг гэж тараад ганцаараа нэг ширхэг 2 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво уугаад 18 цагийн үед Дархан-Уул аймаг ** дугаар баг, Октябрийн ** тоот гэртээ ороод хоол идээд сууж байхад эхнэр Н.Б надад хандан чи ажлаа дуусгахгүй яасан юм. Эрт ажлаасаа буугаад байх юм. Жаахан ажил үлдсэн байхад гээд уурлаад архи дарс уулаа битгий архи дарс уугаад байгаач гэж 5 цаг гаран үглээд намайг загнаад байхаар нь миний уур хүрээд тэвчихгүй би гэрт байсан гоо сайхны  ширээг өшиглөхөд  Н.Б чи болиоч гээд над руу дөхөөд ирэхээр нь Н.Б-ийн зүүн талын шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад эвлэрээд унтаж амарсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө миний дүүгийн эхнэр Д.Э  гэрт ирээд Н.Б-тэй цагдаа явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал), 

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаартай “...Н.Б-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, дээд уруул зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

 

Аюулын зэргийн үнэлгээний “бага” тэмдэглэл (хавтаст хэргийн 54 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67-70 дахь тал),

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-82 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.М  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, үглэж, загнасан гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Б-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.М  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

 

Хохирогч Н.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримт ирүүлээгүй ба сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч:  Шүүгдэгч Ө.М  нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд ямар нэгэн байдлаар маргаан байдаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна. Шүүгдэгч Ө.М ыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Тухайн торгох ялыг Ө.М нь шүүхээс тогтоосон хугацаанд хуваарийн дагуу төлж байгаа баримт хэрэгт авагдсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж дүгнэлээ.  Шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа ч урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг нь харгалзан дээрх саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч Ө.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46-53, 57 дахь тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Ө.М нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялаас 3,500,000 төгрөгийг төлж барагдуулж, 1,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Түүнд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,000,000 төгрөгөөр торгох ялаас төлөгдөөгүй үлдсэн 1,500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 2850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,850,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 475,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д  овогт Ө ны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,000,000 төгрөгөөр торгох ялаас төлөгдөөгүй үлдсэн 1,500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 2850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,850,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ө.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаа) сарын хугацаанд сар бүр 475,000 (дөрвөн зуун далан таван мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

5. Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТ-АМГАЛАН