| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/03966/И |
| Дугаар | 183/ШШ2022/02157 |
| Огноо | 2022-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/02157
| 2022 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 003/ШШ2022/02157 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, У харуул овогт С.Б /РД:ХЗ00000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалан эко хотхон 00 дугаар байр, 0тоотод оршин суух И овогт Ч.М /РД:УС00000000/-т холбогдох
11.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Б,
Хариуцагч: Ч.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Маас 2013 оны 6 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороонд байрлах, 0.7 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 4 сая төгрөг бэлнээр өгч газар дээр түр манаач айлтай худалдан авсан. Өдийг хүртэл тус айлыг нүүх шаардлага тавихад нүүгээгүй. Газрын гэрчилгээг 2019 он хүртэл сунгаж яваад өмчлөх, нэр шилжүүлэх материалыг БЗД-ын газрын албанд өгсөн боловч газрын маргаантай гэж материал буцаагдсан. Энэ газрыг өмчлөх эрх надад бүрдэхгүй учир 2013-2019 он хүртэл газрын төлбөр 115.570 төгрөг, худалдан авсан үнэ 4.000.000 төгрөг, нэр шилжих хураамж 771.750 төгрөг, цалингийн зээлийн хүү 6.480.000 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамж 70.200, шуудан архив, нотариатын зардал, нийт 11.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ч.М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн газраа надад ажил хийж өгсөн Ц.Бод өгсөн. Б энэ газраа зарах гэсэн юм болох уу гэхэд нь чиний газар тул өөрөө мэд гэсэн. Ингээд Бд зарахаар боллоо гээд надаар эрх шилжүүлэх гэрээ хийж авсан. Би Баас нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, газрын гэрчилгээний хуулбар, Ч.М, Б нарын тодорхойлолт, газар эзэмших эрх шилжүүлэх 2019.10.00-ны өдрийн гэрээ, шуудангийн баримт, Төрийн банкны орлогын мэдүүлэг, нотариатын мөнгөний тасалбар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Татварын албаны тодорхойлолт, БЗД шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, С.Бын зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг шаардлага хангуулсан өгсөн. Зээлийн гэрээтэй холбоотой 20-24 дүгээр талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Хариуцагч талаас: газар эзэмших эрх шилжүүлэх 2019.10.00-ны өдрийн гэрээ, газрын гэрчилгээний хуулбар, батламж, газрын кадастрын зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчийн зүгээс Ц.Быг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Ц.Боос гэрчийн мэдүүлгийн шүүх авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.Мт холбогдуулан 2013-2019 он хүртэл газрын төлбөр 115.570 төгрөг, худалдан авсан үнэ 4.000.000 төгрөг, нэр шилжих хураамж 771.750 төгрөг, цалингийн зээлийн хүү 6.480.000 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамж 70.200, шуудан архив, нотариатын зардал, нийт 11.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ
Хариуцагч Ч.М энэ мөнгийг би аваагүй, өөрийн өмчлөлийн газраа Бод өгсөн бөгөөд нэрээ шилжүүлж чадаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
С.Б Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 1-40тоот Ч.Мын эзэмшлийн газрыг худалдан авахаар тохирч Ц.Бод 4.000.000 төгрөгийг өгсөн болох нь 2013.06.15-ны өдрийн Ч.М, Ц.Б нарын тодорхойлолт, Ц.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Ч.М С.Б нар 2019 оны 10 дугаар сарын 00-ны өдөр Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Товчоо 1-40тоот 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу тухайн газрыг шилжүүлэн авах гэсэн боловч газрын маргаантай, нэр шилжүүлэх боломжгүй талаар Баянзүрх дүүргийн Газрын алба хариу өгсөн гэж тайлбарласан, хариуцагч Ч.М энэ талаар маргаагүй болно.
Улмаар хариуцагч Ч.Маас өгсөн мөнгө авахаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, тэрээр хаягандаа оршин суудаггүй байсан тул эрэн суралжлуулж, оршин суугаа хаягийг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тогтоосон.
Энэ ажиллагааг хийхийн тулд шуудан, нотариат, улсын тэмдэгтийн хураамжид төлбөр зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн газрын нэр шилжүүлэхэд 771.750 төгрөг, газрын төлбөрт 115.570 зарцуулсан бөгөөд хариуцагч Ч.М өөрийн эзэмшлийн газрын төлбөр, газрын нэр шилжүүлэх төлбөр зэргийг нэхэмжлэгч С.Б төлсөн талаар маргаагүй болно.
Иймд Ч.М-ын эзэмшлийн газрын төлбөр, нэр шилжүүлэхэд төлсөн төлбөр, түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардал нийт 920.000 төгрөгийг газрын эзэмшигч Ч.М-аас гаргуулж, С.Б-д олгох нь зүйтэй байна.
Харин газрын үнэ 4.000.000 төгрөг, цалингийн зээлийн хүү 6.480.000 төгрөг, нийт 10.480.000 төгрөгийг Ч.Маас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл С.Б газрын үнэ 4.000.000 төгрөгийг Ц.Б-д өгсөн, энэ талаар тэрээр шүүхэд мэдүүлсэн байх тул 10.480.000 төгрөгийг Ц.Б-оос шаардах эрх нь нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 100 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.М-аас 920.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.Б-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-аас 26.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО