Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02085

 

 

2022 оны 00 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02080

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 0 дүгээр хороо, Жуков оффист байрлах, Х.Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 0а хэсэг офицер 1 дүгээр байр 0 тоотод оршин суух, Т овогт Н.У /РД:ЦД00000000/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8.091.340,04 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.У нь Хаан банкнаас 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр №ЗГ000000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 13.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлээс 8.244.040,09 төгрөг, хүүгийн төлбөрт 2.200.371,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12.338,21 төгрөг нийт 10.017.204,40 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг аргах хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.700.404,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.010.022,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 220.308 төгрөг нийт 8.091.340,04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 8.091.340,04 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл болох 4.700.004,91 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Харин хүүгийн төлбөр 3.010.022,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220.308 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Хүүгийн төлбөрт 3.010.022,80 төгрөг нэхэмжилж байгаа аль хугацаанаас яаж, тооцож бодсон нь ойлгомжгүй, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гээд шууд дүгнэсэн болохоос задаргаа байхгүй байна. Уг нэхэмжилж байгаа үнийн дүнгийн задаргаа болон нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар хэлэх боломжтой байна гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018.02.12-ны өдрийн №ЗГ/000000000000 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, зээлийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл шилжүүлсэн талаарх баримт, 2022.03.01-ний өдрийн 00/000 дугаар Зээл төлөх мэдэгдэл, 2022.03.11-ний өдрийн 00/0000дугаар Зээл төлөх мэдэгдэл, Н.У-ийн гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас итгэмжлэл, Х.БХХК-д гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б ХХК хариуцагч Н.У-т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 8.091.340,04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас 4.700.004,91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр 3.010.022,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 220.308 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүүгийн төлбөрт 3.010.022,80 төгрөг нэхэмжилж байгаа аль хугацаанаас яаж, тооцож бодсон нь ойлгомжгүй, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гээд шууд дүгнэсэн болохоос задаргаа байхгүй байна гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Н.У 2018.02.12-ны өдөр ЗГ/000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж, 13.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авчээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрөөс 4.700.004,91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү алдангийг төлөхгүй гэж маргаж байх бөгөөд зээлийн хүү, алдангийн төлөхгүй гэх үндэслэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн бүртгэлийн картаас үзвэл хариуцагчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн задаргаа дэлгэрэнгүй тусгагджээ.

Иргэний хуулийн 403 дугаар зүйлийн 403.1-д зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Х.Б4.700.004,91 төгрөгийн хүү, алданги шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Н.У-ээс зээлийн гэрээний үүрэгт 8.091.340,04 төгрөг гаргуулж, Х.БХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2.1, 110, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1, 403 дугаар зүйлийн 403.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У-ээс 8.091.340,04 төгрөг гаргуулж, Х.Б ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.1., 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х.Б ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У-ээс 109.412 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.СОЛОНГО