| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0208/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/263 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0208/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч Э.У ,
хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Р.Л ,
шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418002390159 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Й овогт Ш-ийн Ш-, (РД:ТА********), 1965 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн зуун мод суманд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ** дугаар баг, ** дугаар хороолол, **-** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ш нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аморе хүнсний дэлгүүрийн гадна талын шатан дээр Н.Н-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ш.Ш нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Альфа таун хотхоны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Аморе хүнсний дэлгүүрт хохирогч Н.Н-тай тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас “согтуу битгий хэрүүл хийж, хүн дагаад яваад бай. ...би тооцоо хиймээр байна. Цаашаа бол” гэж хэлээд түүний нүүр хэсэгт түлхэх явцдаа баруун нүдрүү хуруугаа хийж эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцэрийн цус хуралт, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болорын цайлт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Альфа хотхон дотор байрлах Аморэ хүнсний дэлгүүрийн гадна зүс таних Ш.Ш гэх хүнд 2025 оны 03 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд зодуулж, биедээ гэмтэл авсан байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),
2024 оны 09 пзшээо сарын 05-ны өдрийн “...Н.Н-ийг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хохирогч Н.Н-ийн өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Альфа хотхоны Аморе гэх нэртэй дэлгүүрийн гадна талын шатан дээр жоохон согтуу байхад манай байрны Ш.Ш гэх хүн миний хажуугаар зөрөхдөө миний биеийн баруун хэсэг рүү 2 удаа өшиглөөд шууд дэлгүүр рүү яваад орсон. Ингээд тухайн үед миний дургүй хүрээд Амора дэлгүүр рүү ороход баруун гараараа миний нүүр хэсэг рүү 1 удаа түлхэх үед миний баруун нүд рүү хуруу нь орсон. Ингээд би дэлгүүр дотор юм харж чадахгүй доошоо суух үед миний нүүр болон цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн юм. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед 2 эргүүлийн цагдаа ирэхээр нь би уг хоёр цагдаад юу болсон талаар хэлсэн. Би уг асуудлаас болж 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод хагалгаанд орсон. Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Болор мэлмий эмнэлэгт нүдний хагалгаанд орох тул уг хагалгаанд орсны дараа шүүхийн шатанд хохиролтой холбоотой баримтыг нэхэмжилнэ. Миний сэтгэл санаад ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),
Гэрч Т.Б-ын өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хувиарын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 13, 14, 16 дугаар багт олон нийтийн цагдаа Г.Г-ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд 7037-102 дугаарын утсаар Дархан сумын 13 дугаар багт Альфа хотхоны гадна маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Н.Н гэх эмэгтэй байсан бөгөөд уг эмэгтэй миний баруун нүд рүү Ш.Ш нь гараараа хатгачихлаа. Миний баруун нүд юм харахгүй байна” гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан бөгөөд уг эмэгтэйг цагдаагийн байгууллага руу авч явах гэтэл би согтуу байгаа болохоор маргааш цагдаагийн байгууллагад очиж өөрийн биеэр гомдол гаргана гэж хэлээд гэр лүүгээ яваад орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Гэрч Г.Г-йн өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хувиарын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 13, 14, 16 дугаар багт олон нийтийн цагдаа Т.Б-ын хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд 7037-102 дугаарын утсаар Дархан сумын 13 дугаар багт Альфа хотхоны гадна маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Н.Н гэх эмэгтэй байсан бөгөөд уг эмэгтэй миний баруун нүд рүү Ш.Ш нь гараараа хатгачихлаа. Миний баруун нүд юм харахгүй байна” гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан бөгөөд уг эмэгтэйг цагдаагийн байгууллага руу авч явах гэтэл би согтуу байгаа болохоор маргааш цагдаагийн байгууллагад очиж өөрийн биеэр гомдол гаргана гэж хэлээд гэр лүүгээ яваад орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Гэрч Ц.Ө-ын өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын дундуур 11 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг, 37 тоотод гэртээ байхад манай гэрт Н.Н гэх эмэгтэй манай гэрт орж ирээд та нар энэ байрыг худалдаж авсан юм уу түрээсэлж байгаа юм уу гэж хэлээд юм яриад байхаар нь би чамд хамаагүй гэж хэлэхэд манай гэрт зогсож байсан юм. Тэгтэл гаднаас Ш.Ш нь манай гэрт орж ирээд Ш.Ш, Н.Н нар нь хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Ш.Ш нь надтай хамт дэлгүүр орох гэтэл Н.Н нь хаалга дээр зогсоод намайг гаргахгүй байсан болохоор нь Ш.Ш нь Н.Нийн баруун мөр хэсэг рүү түлхээд гэрээс гараад явсан. Ингээд Ш.Ш бид хоёр гэрээс гараад Альфа хотхонд байрлах дэлгүүр дотор байхад Н.Н нь бид хоёрын араас дэлгүүрт орж ирээд Ш.Ш руу чанга орилоод байсан тул Ш.Ш нь Н.Нийг цээж хэсэг рүү нь түлхэж холдуулаад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
Гэрч Д.М-ийн өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 3 дугаар сарын дундуур үдээс хойш Дархан сумын 13 дугаар багт Аморэ хүнсний дэлгүүрт ажлаа хийгээд сууж байхад Ш.Ш гэх хүн түрүүлээд орж ирсэн. Ингээд араас нь Н.Н нь орж ирээд Ш.Ш гэх хүнтэй маргалдаж муудалцсан бөгөөд манай дэлгүүр дотор хоорондоо маргалдаж байгаад гараад явсан. Тэгтэл удалгүй дуудлага дээр нь цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд би энэ үйл явдлаас хойш 2024 оны 5 дугаар сард Н.Н нь манай дэлгүүрээр үйлчлүүлж байх үедээ надад хандан “Ш.Штай маргалдсан асуудлаас болоод нүдэндээ хагалгаанд орсон” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 813 дугаартай “Н.Нийн биед баруун нүдний торлог бүрхүүлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудас (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/200 дугаартай “Н.Нийн биед баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Н.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Болор мэлмий эмнэлэгт баруун нүдний торлог шилэнцрийн мэс засалд оржээ. Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 9 дүгэр сарын 12-ны өдрийн 813 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1,3,4-р хариулттай санал нийлэхгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Болор мэлмий эмнэлгийн өвчний түүх, эмчийн үзлэг, хяналтын хуудас, сувилгааны тэмдэглэл, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз, Болор мэлмий эмнэлгийн төлбөрийн хуудас, дотрын эмчийн үзлэг, нүдний эмчийн үзлэг, сувилгааны тэмдэглэл (хавтаст хэргийн 107-124 дэх тал),
Ш.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ хэрэг дээр миний үйлдэл шалтгааныг зөв тогтоогоогүй байна. Тухайн үед би өөрийн найз Ө ын гэр рүү нь ороод гарах гэтэл Н.Н нь Ө ын гэрт орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан болохоор би Н.Нийг өөрөөсөө түлхэж холдуулаад Ө-ын хамт Дархан сумын 13 дугаар багт байрлах Аморэ хүнсний дэлгүүрт ороод зогсож байтал араас Н.Н нь орж ирээд надтай хэрүүл хийгээд байсан болохоор би Н.Нийг өөрөөсөө түлхэж холдуулаад дэлгүүрээс гараад явсан. Би тухайн үед Н.Нийн цээж хэсэг рүү түлхэх шиг болсон. Би өөрөөр Н.Нийн биед халдсан асуудал байхгүй. Н.Н нь хувийн байдлын хувьд их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг өөрөө их хараа муутай хүн бөгөөд хараагаар грүпп авдаг гэж надад хэлж байсан. Н.Н нь өөрийнхөө амьдардаг байрандаа их ядаргаатай хүнтэй байнгын хэрэлдэж, хэрүүл хийдэг хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч: “...Би 550,000 төгрөгийн группээр амьдардаг. Манайд өөр өрхийн орлого байхгүй. Манай хүүхэд 18 нас хүрээд хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа. Энэ хүн миний группийн мөнгийг хоёр нугалж тэтгэвэр авдаг. Мөн ажил хийдэг. Эхнэр нь төсвийн газар ажилладаг. Гэтэл өөрийгөө ядуу гээд зохимжгүй зүйл хэлээд байна гэв.
Шүүгдэгч: “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Хэлж ярьсан зүйл бүгд байгаа. Би хуульч хүн учир хуулийг хүндэтгэж ойлгож байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч: ... энэ хэргийн талаарх гомдол, мэдээлэл хохирогчийн халдлагад өртсөнөөс хойш 6 сарын дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших үр дагавар нь шалтгаант холбоотой байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөггүй заавал хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх нөхцөл байдал үүснэ. Хохирогч халдлагад өртөж эрүүл мэнддээ хохирол учирсан талаар даруй эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явсан байна. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр шинжээч дүгнэлтээ гаргахдаа хэрэгт авагдсан бүхий л бичиг баримтуудыг судалсан байна. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байна. Дэлгэрэнгүй байдлаар сүүлд гарсан шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтэд тодорхой дурдагдсан байна. 2024 оны 4 дүгээр сард нарийн мэргэжлийн эмчид хандсан байна. Наана нь нарийн оношилгоо болон яаралтай мэс ажилбар бүхий эмнэлгийн үйлчилгээ хийгдсэн болох нь баримтуудаар харагдаж байна. Учирсан хохирлын тухайд дүгнэлт гарахдаа Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт 2024 оны 9 дүгээр сард гарахад хангалттай баримтууд бүрдэж шинжээчид очоогүй нөхцөл байдал харагдаад байна. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэсэн баримт очоогүй байсан учир дүгнэлт эргэлзээ бүхий гарсан байсан. Энэ дүгнэлтийг дахин шинжилгээ хийлгэж гэмтлийн тал дээр эргэлзээ бүхий байдлыг арилгаж хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд хангалттай шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзсэн. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед болоод байгаа үйл явдал дээр дэлгүүр дотор гадна гэдэг маргаан үүссэн байдаг. Гэхдээ улсын яллагчийн зүгээс яагаад гадна гэдэгт дүгнэлт хийсэн бэ гэхээр хяналтын камерын бичлэг байхгүй, шууд дэлгүүр дотор түлхэлцсэн гэдэг зүйлийг хажууд нь байсан гэрч хэлж чадаагүй. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг яваад байдаг. Дунд нь Ш.Шийг дагаж орж ирсэн гэх Өын харсан зүйл байх болов уу гээд асуухаар бас хэлж чадахгүй, хараагүй байдаг. Шүүгдэгч болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болоод шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын өгсөн мэдүүлгээс харахад түлхэлцэх үйлдэлд дэлгүүрээс гарах явцад үйлдэгдсэн юм байна аа гэдэг үүднээс дэлгүүрийн гадна орчинд үйлдэгдсэн байна гэж дүгнэсэн. Ер нь шүүгдэгч Ш.Ш нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан гэдэг нь нотлогдож байна. Халдахдаа хохирогчийн толгойд буюу нүүр хэсэгт гараараа хүрсний улмаас нүдийг нь гэмтээсэн байна. Нүдийг нарийн бүтэцлэг гэж ойлгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ч гэсэн төвөгтэй асуудал үүсгэж байна. Нарийн эмчилгээ, нарийн шинжилгээ хийлгэж байгаа заалтуудаар гарч буй үр дүн нь тодорхой байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирол үүссэн байна гэдгийг тогтоосон байна. ... Гэхдээ маргаан бүхий байдлаас асуудал үүсээд шүүгдэгч хохирогчийн биед халдаж байгаа үйлдлийн улмаас нүдэнд нь гэмтэл учруулсан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд хохирогчийн биед халдаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болоод хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж хүний халдашгүй байдалд халдаж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна. Иймд шүүгдэгчийн үйлдэлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Ш-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос тухайн үед өөрт учирсан хохиролтой холбоотой баримтуудаа хангалттай гаргаж өгч чадаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,700,000 төгрөгийн хохирол төлбөрийн асуудал яригдаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрт гарсан 4,882,000 төгрөг гэж хохирогч яриад юм яваад байна. Давхардсан байдлаар хоёр удаа мэс ажилбарын үйлчилгээ үзүүлсэн гэж байна. Нэг нь 1,352,000 төгрөгийн эрүүл мэндийн зардал байна гэж харж байна. Иймд нэхэмжилсэн хохирлын хэмжээнд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Олон нийтийн газар биеэ зөв авч явах чадваргүй нас намбадаа байдаггүй. Хохирогч эмэгтэй хүн. Хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу, үгүй юу гэдэг нь ач холбогдол багатай. Бүх бурууг хохирогч руу чихэж ярьж байна гэж ойлгож байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний нүд рүү хуруугаа хийж гэмтэл учруулсныг зөвтгөж болохгүй. Согтуу дэлгүүрийн гадаа болон дэлгүүр дотор явж болохгүй гэж хуульд заасан зүйл байхгүй. Согтуу хүн явж л байх, сууж л байг. Хохирогч шүүгдэгч нар нь нэг байр, нэг орцны бие биеэ таньдаг хүмүүс юм байна. Хохирогчтой маргалдаж байгаа нь дээрэнгүй байдал харагдаж байна. Миний үйлчлүүлэгч түрүүлж хэн нэгний биед нь халдаагүй. Маргаан үүсгээгүй. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Согтуу байна гээд хүнийг өшиглөх ёстой юм уу. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хохирогчийг тохуурхан доромжилж бие махбод сэтгэл санаанд нь зовуурь үүсгэж үйлдсэн байна. Гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөөгүй. Энэ хэрэг удаан хугацаанд үргэлжилж байна. Хэрэг гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Дэлгүүр нь олон нийтийн газар учир олон нийтийн газар танхайн хэрэг үйлдэгдсэн байна. Миний үйлчлүүлэгч тухайн үед хэрүүл маргаан үүсгэж танхайраагүй. Яасан бэ гэхээр хохирогчийн баруун хэсэг рүү өшиглөж баруун нүд рүү нь хуруугаа хийж хүндэвтэр гэмтэл учруулсан. Хуучин гэмтэлтэй байсан гэж яриад байна. Хуучин гэмтэл биш. Хуруу ороод гэмтэл учруулсан. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой болгож өгсөн. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан. Шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож хохирогчид учруулсан хохирлоо төлөх ёстой. Нэг орц, нэг байранд байдаг хүмүүс хоорондоо ярилцах боломжтой байсан. Гэмтлийн улмаас хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан бие махбод сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж үйлдсэн бол 2.3 гэж нарийвчилсан заалт байгаа. 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна гэсэн байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохгүй учир санал болгож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ... Хэргийн материалтай танилцахад анхаарал татсан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Миний үйлчлүүлэгч Ш.Шын хувьд би энэ хэргийг үйлдээгүй. Би Н.Н-ийн нүдийг гэмтээсэн зүйл байхгүй. Н.Нийн хэлж мэдүүлсэн зүйл үндэслэлгүй гэдэг мэдүүлгийг өгдөг. Мөн надад энэ асуудлыг ярьж тайлбарлахдаа ийм байр суурийг илэрхийлдэг. Хэргийн материалтай танилцаад үзэхэд яалт ч үгүй энэ хэргийг шалгах хугацаа маш их сунжирсан байдаг. Н.Н гомдол гаргаснаас хойш жил гаран болсон байхад нотлох баримтуудаар бүрэн дүүрэн шалгаж тогтоосон гэхэд учир дутагдалтай гэж үзэж байгаа. ... Шинжээчийн хоёр дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг хоёр өөр зэрэгтэй гэж дүгнэлт гарсан байна. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хөнгөн хохирол учирсан гэж гарсан байна. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан гэж гарсан байна.
Хохирогчийн биед учирсан хохирол нь яг аль гэмтлийн зэрэгт хамаарах вэ гэдгийг хөдөлбөргүй тогтоогоогүй гэж үзэж байна. Хохирогч Н.Н нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Альфа хотхоны Аморе нэртэй дэлгүүрийн гадна талын шатан дээр согтуу сууж байхад манай байрны Ш.Ш гэх хүн миний хажуугаар зөрөхдөө биеийн баруун хэсэг рүү хоёр удаа өшиглөөд шууд дэлгүүр рүү яваад орсон. Миний дургүй хүрээд араас нь дэлгүүр рүү ороход баруун гараараа миний нүүр хэсэг рүү нэг удаа түлхэх үед баруун нүд рүү хуруу нь орсон гэх мэдүүлэг байна. Гэвч энэ мэдүүлгийг шүүгдэгч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ мэдүүлгийг гэрчилж байгаа гэрч гэж байдаггүй. Худалдагч нь ийм үйлдэл болсон гэж мэдүүлсэн зүйл байдаггүй. Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт бас Ш нь цохиж зодоод, дэлгүүр рүү ороод нүүр рүү нь түлхээд нүд рүү нь хуруугаа хийсэн гэх мэдүүлэг байдаггүй. Өөр бусад гэрч нарын мэдүүлэг ч байдаггүй. Ө гэдэг хүн яалт ч үгүй тухайн өдөр Н нь манай гэрт орж ирээд та энэ байрыг худалдаж авсан юм уу, түрээсэлдэг юм уу гээд байхаар нь чамд хамаагүй гэж хэлэхэд манай гэрт зогсож байсан юм аа. Гаднаас Ш.Ш манай гэрт орж ирээд Ш-тэй хоорондоо маргалдаж эхэлсэн. Ш надтай дэлгүүр орох гэтэл Н хаалган дээр зогсоод намайг гаргахгүй байсан болохоор Ш Н-гийн баруун мөр хэсэг рүү нь түлхээд гэрээс гараад явсан гэх мэдүүлэг байна. Гэтэл хохирогч би Ө ын гэрт ороогүй гэж мэдүүлдэг. Мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Хэрэг хянан яллах дүгнэлт үйлдсэн прокурор энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг хохирогчийн мэдүүлгээс өөр байдлаар дүгнэж тогтоогоод явсан байдаг. Яллах дүгнэлтэд яллагдаж байгаа хэргийн товч агуулга гээд яллагдагч Ш.Ш нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аморе нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талын шатан дээр Н.Нийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн цус харвалт, чилхэнцэрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт гэмтэл тогтоогдлоо гэх хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хохирогч Н.Н нь намайг дэлгүүрийн гадаа шатан дээр сууж байхад өшиглөсөн гэж хэлж мэдүүлээд байна. Дургүй хүрээд араас нь ороход миний нүүр рүү түлхэх үед хуруу нь миний нүд рүү орсон гэж байна. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгээс яллагдагчийн мэдүүлэг зөрөөд байна. Хэргийн бодит болсон үйлдэл нь яг хаана юм бэ гэхээр хохирогч дэлгүүр дотор гэдэг. Хяналт тавьсан прокурор дэлгүүрийн гадна гээд яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Сая үүнтэй холбоотой тайлбарыг прокурор тайлбарлаж хэлэхдээ камерын бичлэг байхгүй, гэрчийн мэдүүлэг байхгүй учир гадаа болсон гэж дүгнэж байгаа гэж хэлээд байна. Хэрвээ камер, дуу дүрсний бичлэг байхгүй, гэрч байхгүй юм бол хохирогчийн мэдүүлгийг үндэслээд дүгнэж мэтгэлцэх нь зүйтэй гэж бодоход хохирогч дэлгүүр дотор кассны хажууд болсон гээд байдаг. Гэтэл прокурор гадаа болсон гээд дүгнээд байдаг. Тэгэхээр энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг бүрэн бодитой цуглуулж бүрдүүлж тогтоож чадаагүй байна гэж үзэж байна. Энэ хэргийг хэзээ хаана болсон бэ, хэн үйлдсэн бэ, ямар хохирол учирсан бэ гэдгийг хөдөлбөргүйгээр тогтоож байж гэм буруу, хохирол төлбөрийн асуудал яригдана. Тэгэхгүй ийм олон асуудал зөрүүтэйгээр хэргийг бүрэн дүүрэн шалгаад нотлох баримтыг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Хохирогчоос аль хуруугаараа таны нүд рүү хатгасан бэ, аль хуруу нь таны нүд рүү орсон бэ гэдгийг асуухад эрхий хуруу, энэ хуруу гэж хэлсэн. Аль хуруугаар нүд рүү нь хатгасан бэ гэдэг нь тодорхойгүй. Ш хохирогчийг нүдний шилтэй байсан гэдэг, хохирогч би шилгүй байсан гээд байдаг. Нэгэнт Ш.Ш энэ хэргийг би үйлдээгүй гэдэг. Хэргийн материалтай танилцахад Ш.Шыг прокурор хэдийгээр яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж оруулж ирэхдээ энэ гэмт хэргийг Ш.Ш үйлдсэн гэж гарцаагүй, хөдөлбөргүй нотолж чадаагүй гэж үзэж байна. Иймд Ш.Ш-ыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн саналтай байна гэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байдаг.
Уг гэмт хэргийн объектив тал нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.
Шүүгдэгч Ш.Ш нь хохирогчийн биед халдаагүй, нүдрүү нь цохиж, гар, хуруугаа хийж хатгаагүй гэх агуулгаар мэдүүлж байгаа боловч мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Харин хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Хохирогч Н.Н: “... Ингээд тухайн үед миний дургүй хүрээд Амора дэлгүүр рүү ороход баруун гараараа миний нүүр хэсэг рүү 1 удаа түлхэх үед миний баруун нүд рүү хуруу нь орсон. Ингээд би дэлгүүр дотор юм харж чадахгүй доошоо суух үед миний нүүр болон цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн юм.” гэх,
гэрч Т.Б ын өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ...17 цагийн орчимд 7037-102 дугаарын утсаар Дархан сумын 13 дугаар багт Альфа хотхоны гадна маргаан болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Н.Н гэх эмэгтэй байсан. Уг эмэгтэй миний баруун нүд рүү Ш.Ш нь гараараа хатгачихлаа. Миний баруун нүд юм харахгүй байна гэж хэлж байсан....” гэх,
гэрч Ц.Ө ын өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын дундуур ... Ш.Ш бид хоёр гэрээс гараад Альфа хотхонд байрлах дэлгүүр дотор байхад Н.Н нь бид хоёрын араас дэлгүүрт орж ирээд Ш.Ш руу чанга орилоод байсан тул ... Н.Нийг цээж хэсэг рүү нь түлхэж холдуулаад гараад явсан” гэх,
гэрч Д.М ийн өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 3 дугаар сарын дундуур үдээс хойш Дархан сумын 13 дугаар багт Аморе хүнсний дэлгүүрт ажлаа хийгээд сууж байхад Ш.Ш гэх хүн түрүүлээд орж ирсэн. Ингээд араас нь Н.Н нь орж ирээд Ш.Ш гэх хүнтэй маргалдаж муудалцсан бөгөөд манай дэлгүүр дотор хоорондоо маргалдаж байгаад гараад явсан.” гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/200 дугаартай “Н.Нийн биед баруун нүдний торлогийн цус харвалт, шилэнцрийн цус хуралт, торлог шилэнцрийн мэс засал эмчилгээний сорви, мэс заслын дараах нүдний болрын цайлт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/200 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн УНТЭ-н үзлэгт онош, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Болор мэлмий эмнэлгийн өвчний түүхэд үндсэн онош, нүдний эмчийн үзлэг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шал толбоны оптик когерент томографийн шинжилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хоёр нүдний харааны мэдрэл томографийн шинжилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Н.Нт хийсэн үзлэг, шинжилгээний дүгнэлт зэрэгт баримтад үндэслэн гаргасан, ямар нэгэн эргэлзээ үүсгээгүй байх тул шүүхээс үнэн зөв, үндэслэлтэй гэж үнэлсэн болно.
Дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр биечлэн гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Альфа хотхоны 1 дүгээр давхарт байрлах Аморе хүнсний дэлгүүрийн гадна зүс таних Ш.Ш гэх хүнд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийг орчим зодуулж биедээ гэмтэл авсан” гэх гомдол мэдээлэл, нүдний гэмтлийн талаар цаг авч үзүүлсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудас 2024 оны 03 дугаар сарын 18, 26-ны өдрийн “нүдний алим ба ухархайн эдийн няцрал” S05 оношоор үзлэг хийсэн тэмдэглэл, хэвтэн эмчлүүлсэн болон мэс засалд орсон “Болор мэлмий”, “Сондра” эмнэлгийн өвчний түүх, эрүүл мэндийн бусад баримт, тухайн өдөр гэрч (цагдаагийн албан хаагч) Т.Б дуудлага, мэдээллээр очиж хохирогчтой уулзсан мэдүүлэг зэрэг нотлох баримтууд. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч өөрийгөө илэрхийлэх чадвартай буюу өөрийнх нь эрх чөлөөнд халдсан Ш.Шыг шууд заасан зэрэг нотлох баримтууд үйл явдлын дарааллаар хэрэгт авагдсан байна.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Ш.Ш нь хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Дээрхээс дүгнэвэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0525/200 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүндэвтэр хохиролд учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Ш нь хохирогч Н.Нийн баруун нүдрүү хуруугаараа хатгаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ш.Ш нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Н.Нийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ш.Шыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад хохирогчийн гудамж талбай,олон нийтийн газарт биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.5. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Болор мэлмий” эмнэлэгт нүдний хагалгаанд орсон төлбөр 4,882,000 төгрөг, “Сондра” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1,322,000 төгрөг, эм, эмнэлгийн үйлчилгээний зардал 221,201 төгрөг, замын зардал болон бусад зардал 196,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,000,000 төгрөг, нийт 8,671,401 төгрөгийн хохирол гарсан. Үүнийг тэгшлээд 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Үүнээс “Болор мэлмий” эмнэлгийн 2024.04.04 гэх огноотой 4,882,000 төгрөгийн баримт нь төлбөр эсэх нь эргэлзээтэй, үнийн дүн бичигдээгүй байхаас гадна бусад баримтаар нотлогдохгүй байна.
“Сондра” эмнэлэгийн 2024.11.21 гэх огноотой 1,352,000 төгрөгийн баримтаас 200,000 төгрөг бэлэн төлж, 1,152,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тул 200,000 төгрөгийг, Замын зардал болон бусад зардал 196,000 төгрөгийн баримтаас Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ийн 2025.04.11-ний огноотой нийтийн тээврийн тасалбар авсан Н гэх нэртэй 20,600 төгрөгийн баримт өөр хүний нэртэй, Ургах наран хүнсний дэлгүүрийн 2024.08.27-ны өдрийн огноотой 28,000 төгрөгийн баримт, Богд банкны 205.04.10-ны өдрийн 13,500 төгрөгийн баримтыг зайлшгүй шаардлагатай зардалд хамаарахгүй тул дээрх 62,100 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож, зам унааны болон бусад зардлын 134,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Тодруулбал хохирогч Н.Нийн нэхэмжилсэн хохирлоос “Сондра” эмнэлэгийн төлбөрийн зөрүү 200,000 төгрөг, эм, эмнэлгийн үйлчилгээний зардал 221,201 төгрөг, замын зардал болон бусад зардал 134,000 төгрөг, нийт 555,201 төгрөгийн хохирлыг тогтоож шүүгдэгч Ш.Шаас гаргуулж хохирогч Н.Нт олгохоор шийдвэрлэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэрэгт хавсаргаагүй байх тул уг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч Н.Н нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Нийн эрүүл мэндэд учирсан 555,201 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Ш нь шүүх хуралдаанд завсарлага авах хугацаанд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч Ш.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хохирогчид гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дагуу шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Зөрүү хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд дурдаж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой баримт нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Үйлдэл болон хувьд хүний зүгээс нь анзаарч харахад маш танхай нөхөр шиг санагдсан. Шүүгдэгчид оногдуулах ял хөнгөдөж байна гэж үзэж байна. Шүүх хурлын танхимыг хүндэтгэхгүй над руу хэлээ гаргаад байсан. 3 жил хүртэл хорих ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Ш.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтэй байсан ч гэсэн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр явсан. Гэхдээ эмэгтэй хүн эрүүл мэндээрээ хохирч гомдол гаргаад явсныг харгалзан үзэж байна. Хүн худлаа хэлж хүн гүтгэнэ гэж байхгүй байх гэж бодож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай биш гэж үзэж байсан. Нэгэнт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Одоо ял, эрүүгийн хариуцлагын асуудал яригдаж байгаа учир үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйгээр санал дүгнэлтээ гаргана. Ш.Шыг хохирогчийн өмгөөлөгч ярихдаа танхай хүн гээд байна. Танхай хүн биш. Насаараа хууль хүчний байгууллагад ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Хохирогчтой нэг орц, нэг байранд байдаг юм байна лээ. Эдгээр хүмүүсийн хоорондын ахуйн асуудлыг бид нар мэдэхгүй. Нэгэнт шүүхээс бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо гэж шүүх дүгнэсэн учир хэдийгээр гэм буруугүй гэж үзэж байсан ч санаалаа хэлье. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжилж буй хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гарах эрх нь нээлттэй. Шүүхээс тогтоосон 555,201 төгрөгийг хохирогчид хүлээлгэж өгсөн. Хохирлоо төлсөн. Ш.Ш нь одоо харуул хамгаалалтын байгууллагад ээлжээр ажилладаг. Цэргийн тэтгэвэрт гарсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн өмгөөлөгч хуулиа сайн харж байгаад саналаа хэлэхгүй бол байхгүй санкц хэлээд байх шиг байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Ш.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ш.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 136-142 тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Шт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Й овогт Ш-гийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ш.Шт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН