Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Д.Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Цэндо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 13-нд  Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах технологи инженер мэргэжилтэй, “Вайт финикс” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оддын хотхон цогцолборын 37б байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ОЭ74021371/ Нураанхан овогт Доржийн Эрдэнэд холбогдох эрүүгийн 201726020934 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Эрдэнэ нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны 29 дүгээр байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ж.Уртнасанг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 4 сарын 11-ний орой 21 цагийн орчим би гэртээ харихаар зам хөндлөн гараад явж байсан чинь надтай хамт ажилладаг Ганбаатарын машин миний хажуугаар намайг дайрчих шахаад явсан. Би дайрчих шахаад зогсохгүй явлаа гэж уурлаад араас нь очиж Ганбаатарын машиныг барьж явсан Уртнасанг цохисон нь үнэн. Уртнасанг би танина. Өмнө нь Уртнасан бид хоёр хоорондоо маргалдаж байсан. Би Уртнасангийн хохиролд 550.000 төгрөг өгсөн. Ийм асуудал гаргасандаа би гэмшиж ичиж байна гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, ял шалгах хуудас /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42/, Дипломын хуулбар /хх-ийн 43/, гэрлэлтийн гэрчилгээий хуулбар /хх-ийн 44/, хүүхдийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 45, 46, 47/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны 29 дүгээр байрны гадна үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ж.Уртнасанг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Д.Эрдэнэ гэртээ харихаар  явган явж байхад нь Ганбаатарын машин хажуугаар нь хурдтай явж өнгөрснөөс Д.Эрдэнэ өөрийгөө  “дайрчих шахаад зогсохгүй явлаа” гэж араас нь очиж Ганбаатарын эзэмшлийн автомашиныг жолоодож явсан Ж.Уртнасангийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж, шүүх шинжлэн судалсан

хохирогч Ж.Уртнасангийн”...Би 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны гүүрны доод талд нарны хороолол руу очих гээд дүү Ганбаатарын машины эзэмшлийн 81-85 УНБ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашинтай, дүү Ганбаатарын хамт машин зам дээр 20-30 км/цагийн хурдтай явж байхад замын хажуу талаас нэг согтуу эрэгтэй гараад ирэхээр нь машиныхаа хурдыг сааруулж хажуугаар нь гарахад тэр согтуу залуу миний унаж явсан машин руу 2 удаа өшиглөхөөр нь согтуу хүн байна гээд шууд зогсохгүй яваад өгсөн. Тэгээд дүү Ганбаатарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Есөн-Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны хажуу талын газар доорхи зогсоолын дээд талд нь машинаа байрлуулж тавиад машинаасаа буухад хажууд жижиг хар өнгийн сүүлийн үеийн бенз машин  ирээд зогссон. Машинаас нөгөө согтуу залуу жолооч залуугийнхаа хамт бууж ирээд нөгөө согтуу залуу миний нүүрний 2 шанаа руу баруун зүүн гараараа нэг нэг удаа цохисон. Тэгэхээр нь би хойшоо ухраад нөгөө залууд цохиулахгүй гээд зугатаагаад тэр залуу намайг араас чинь хөөж очиж барьж аваад ална гээд хэл амаар дарамтлаад байсан. Тэгтэл нөгөө согтуу залуу чи хүрээд ирээ гээд удаа дараа дуудаад байхаар нь яваад очиход нөгөө согтуу залуу миний өмсөж явсан цамцнаас заамдаж аваад миний  нүүр рүү нэг удаа мөргөж, гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг ална шүү гөлөг минь гээд хэл амаар доромжилж байгаад машиндаа суугаад яваад өгсөн. Орой нь гэртээ ирээд хувцасаа тайлахад миний хүзүүнд байсан мөнгөн гинж 3 хэсэг тасарсан байсан.

Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би тэр хүнийг танихгүй огт харж байгаагүй, ямар  нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Миний гинж  110.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал алга, би одоо хүртэл эмчилгээ хийлгээгүй байгаа /1хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/

гэрч Б.Батдэлгэрийн”...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны 3 давхарт байрлах офиссын өрөөнөөс ажлын ах Эрдэнийг гэрт нь хүргэж өгөх гээд гараад түрүүлээд  зам гараад явж байсан. Миний араас Эрдэнэ ах зам хөндлөн гарах гэж байхад нь хар өнгийн Лексус 570 маркийн автомашин их хурдтай их өндөр хаазтай явж өнгөрөхөд хойно явж байсан Эрдэнэ ахыг харахад би шүргэсэн байх гэж бодсон. Тэгээд Эрдэнэ ах дээр очиход Эрдэнэ бие нь зүгээр ямар нэгэн шүргэж мөргөсөн гэж хэлээгүй. Тэгээд Эрдэнэ ах бид хоёр Эрдэнэ ахыг бенз машинд суугаад араас нь очиж нөгөө Лексус 570 машиныг жолоодож явсан эрэгтэй хүнтэй Эрдэнэ нь “чи хүн дайрч аллаа, яаж байгаа юм бэ” гээд тэр машин барьж явсан эрэгтэйтэй заамдалцаж аваад Эрдэнэ ах  тэр эрэгтэй рүү гараараа 1 удаа цохисон байхаа. /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч О.Ганбаатарын”...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр...Есөн-Эрдэнэ хотхоны хашаа руу  ороод автомашины замаар явж байхад манай ажлын ах Эрдэнэ нь машин руугаа очихоор зам хөндлөн гарч байхыг хальт харсан. Тухайн үед би утсаар яриад явж байсан. Хүргэн ах Уртнасан миний машиныг  бага зэргийн хурдтай жолоодож явсан. Машины урдуур Эрдэнэ ах орж ирэхэд Уртнасан ах тоормоз гишгээд зогссон. Тэгээд Эрдэнэ замаас гарахад Уртнасан ах хааз гишгээд цаашаагаа яваад өгсөн. Уртнасан ах бид хоёр Есөн-Эрдэнэ хотхоны 29 дүгээр байрны үүдэнд зогсоод хүргэн ах түрүүлээд машинаас буусан. Би хүнтэй утсаар ярьж дуусаад 1-2 минутын дараа машинаас буухад ажлын Эрдэнэ ах “чи хүн дайрлаа “ гээд манай хүргэн ах Уртнасангийн араас нь хөөгөөд байсан. Хүргэн ах холуур тойроод зугатаагаад байсан. Тэгээд Эрдэнэ ах хүргэн ах Уртнасанг ирээд юм ярьж байхад барьж аваад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд би Эрдэнэ ахыг тэвэрч аваад Эрдэнээ ахаа уучлаарай гээд машинд нь суулгаад явуулсан. /хх-ийн 20/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4983 дугаартай: Ж.Уртнасангийн биед уруулд шарх, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн сэжигтэн, яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Д.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

сэжигтнээр Д.Эрдэнийн”...2017 оны 4 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхонд байрлах ажлаасаа жолооч Батдэлгэрийн хамт гарсан. Тэгээд би Есөн-Эрдэнэ хотхоны доторхи автомашины замаар явган зам хөндлөн Батдэлгэрийн хамт гарч байхад 81-85 гэсэн дугаартай Лексус 570 маркийн автомашин хотхоны хаалгаар орж ирж таарсан. Тэгээд би зам хөндлөн гарах гэж байхад тэр машин тулж ирэхээр нь би буцаад замаасаа гарсан. Тухайн машины эзэмшигч Ганбаатарыг таньдаг учраас би намайг дайрах шахлаа гэж уурласан. Тэгтэл тэр машин зогсохгүй тэр чигээрээ Есөн-Эрдэнэ хотхон руу явахаар нь би жолооч Батдэлгэрийн хамт өөрийнхөө хувийн машиндаа суугаад  араас нь очоод тухайн машиныг барьж байсан гэх Уртнасантай “чи намайг дайрч аллаа” гэж хэлээд би тэр залууг заамдаж авч хоорондоо ноцолдсон. Тэгээд би тэр залуугийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон /хх-ийн 33/ гэж түүний  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Эрдэнийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, харин хохирогчийн буруутай үйлдлээс хувийн таарамжгүй харьцаа үүсч тодорхой сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх  дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,  шүүгдэгч Д.Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхэд хохирогч Ж.Уртнасан”...Эрдэнээ ах бид хоёр сайн дураараа эвлэрсэн юм. Эд материалын болон эрүүл мэндийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн бичгийн хүсэлтийг  нотариатаар баталгаажуулж ирүүлснийг шүүх хүлээн авч  хохирогч Ж.Уртнасанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэм хор арилсан гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Нураанхан овогт Доржийн Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4. Д.Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Уртнасан гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг  тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, эрхтэйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ