| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0130/э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000970116 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суудаг боловч одоогоор Дорнод аймгийн ******* сумын төвд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хорооллын зам дээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 40 минут орчмын үед маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.38%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед хороолол дунд машинаа орхиод явах хэцүү, архи уусан болохоор жолоодоод явах хэцүү байсан учраас би машинаа асаагаад маш удаанаар явж байсан. Гэтэл тэр орчимд амьдардаг бололтой эмэгтэй ирээд “чи хулгайч юм уу, ямар учиртай болоод энэ хэсэгт эргэлдээд байгаа юм бэ” гэсэн. Ингээд би машинаа үлдээгээд явах гэж байхад нэг хүүхэд гүйж ирснээ “цагдаа дуудчихсан шүү ах аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа ирж байгаа юм бол машинаа бариулаад хүргүүлчихье гэж бодоод машинд байсан “Агар” нэртэй архийг машиныхаа гадна суугаад ууж байхад цагдаа ирсэн...” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ахлах ахлагч хамт ******* хотын нутаг дэвсгэрт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 102-ын жижүүрээс “Согтуу хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь зогсоолоо гэсэн дуудлага иргэнээс ирлээ, 1 дүгээр баг гудамжны нүүрний эгнээ рүү яаралтай яваад оч” гэж хэлсэн. Түүний дагуу ******* сумын 1 дүгээр баг, гудамжны нүүрний эгнээнд яваад очиход ******* гэх хүн согтуу байдалтай, улсын дугаартай, цагаан өнгийн машиныхаа гадна талд нэг эмэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Наад согтуу хүн чинь түрүүн манай хүүхдийг цохичихоод машинаа унаад зугтаахаар нь араас нь дагаж байгаад барьж аваад цагдаа дуудаж байна” гэж хэлсэн. ...Ингээд би машиныг нь журмын хашаанд саатуулж, дараа нь түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Учир нь ******* гэж хүн дуудлага өгсөн иргэнийг хэл амаар доромжилж, ална гээд сүрдүүлээд байсан. ...Тухайн үед гэдэг хүний машинд нэг хөгшин эмэгтэй цуг явж байсан. Тэр хөгшин эгч бүр согтоод тасарчихсан, машин дотор нь унтаж байсан бөгөөд бид нарыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. ...*******ийг эрүүлжүүлэх саатуулах байран дээр авчраад драйгер үлээлгэж үзэх үед 1,38 нэгж согтолтын зэрэгтэй байсан...” гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байхад ******* сумын 1 дүгээр баг, тоот гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байсан. Тэр үед манай гэрийн гадаа цагаан өнгийн машин нэг зогсоод нэг яваад байсан. Түүнээс хэд хоногийн өмнө манай 3 хүүхдийг гэрт байхад нь машинтай хүн гаднаас орж ирээд миний гар утсыг маань аваад явчихсан байсан. 2 дугаар сарын 14-ний өдөр гэрийн гадаа зогсоод яваад байсан цагаан өнгийн машиныг манай дунд охин /9 настай/ “энэ утас аваад явсан хүний машин мөн юм шиг байна” гэж хэлсэн. Би дунд охин дагуулж гараад араас нь очих үед тэр машин хөдлөөд явсан ба удалгүй зогсчихсон. Тэр машин хүн гүйвэл гүйцэхээр хэмжээний удаан явж байсан. Уг машиныг гүйцээд очих үед машины жолоочийн суудал дээр шал согтуу хүн сууж байсан. Би түүнээс “чи хэд хоногийн өмнө яах гэж манай гэрээр ирсэн юм” гээд тулгаж асуухад тэр согтуу ах “би танай гэрээр очоогүй, сая хөдөөнөөс орж ирлээ, би одоо эрүүл байна” гээд байсан. Уг хүнийг согтуу машинаа асаагаад хөдөлж байхад нь 7058102-т дуудлага өгөөд “цагдаа дуудчихсан таныг явуулахгүй” гэж хэлсэн. Тэр үед согтуу ах намайг “Битгий хуц, би эрүүл байна, пизда минь” гээд намайг хэл амаар доромжилсон. Тэр үед өөр нэг айлын эгч гарч ирээд “наад хүн чинь шал согтуу байна шүү дээ, хүүхэд дайрчихвал яах юм” гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн машин хүрч ирээд уг согтуу хүнийг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 20-21/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд би ******* сумын 1 дүгээр баг, Силикатын гудамжинд байрлах найз гэрт нь түүний хоёр найзын хамт нийт тавуулаа 2 шил 0.75 литрийн Хараа архийг хувааж уусан. Ингээд архиа ууж дуусаад байхад гаднаас Бөлтөн гэх миний багийн найз эмэгтэй орж ирсэн. Би цуг гэрээс 17 цагийн орчимд гараад өөрийнхөө маркийн улсын дугаартай цагаан өнгийн машиныг жолоодон явж дэлгүүр ороод 0,75 литрийн Агар архийг худалдан авч, машинтайгаа ******* сумын 1 дүгээр баг, хорооллын 1 дүгээр гудамжид машинаа зогсоож байгаад машиныхаа кабен дотор уг архийг цуг хувааж уусан. Би цуг архи ууж байгаад нэг мэдэхэд цагдаад баригдсан. Тэгээд эрүүлжүүлэхэд орсон. Би нэлээн амархан согтчихдог учраас болсон явлыг нэг бүрчлэн санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 25-26/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/
*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 27-28/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/321 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-35/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Бодонгууд овогт ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, хорооллын замаар улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... цуг гэрээс 17 цагийн орчимд гараад өөрийнхөө маркийн улсын дугаартай цагаан өнгийн машиныг жолоодон явж дэлгүүр ороод 0,75 литрийн Агар архийг худалдан авч, машинтайгаа ******* сумын 1 дүгээр баг, хорооллын 1 дүгээр гудамжид машинаа зогсоож байгаад машиныхаа кабен дотор уг архийг цуг хувааж уусан. Би цуг архи ууж байгаад нэг мэдэхэд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...машин хүн гүйвэл гүйцэхээр хэмжээний удаан явж байсан. Уг машиныг гүйцээд очих үед машины жолоочийн суудал дээр шал согтуу хүн сууж байсан. Би түүнээс “чи хэд хоногийн өмнө яах гэж манай гэрээр ирсэн юм” гээд тулгаж асуухад тэр согтуу ах “би танай гэрээр очоогүй, сая хөдөөнөөс орж ирлээ, би одоо эрүүл байна” гээд байсан. Уг хүнийг согтуу машинаа асаагаад хөдөлж байхад нь 7058102-т дуудлага өгөөд “цагдаа дуудчихсан таныг явуулахгүй” гэж хэлсэн...” гэх, гэрч “...******* сумын 1 дүгээр баг, гудамжны нүүрний эгнээнд яваад очиход ******* гэх хүн согтуу байдалтай, улсын дугаартай, цагаан өнгийн машиныхаа гадна талд нэг эмэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн амьсгал дахь спиртийн агууламж 1,38 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч *******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд тэрээр 61 настай, эрэгтэй, эрүүл мэндийн байдал тааруу, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* суманд оршин суудаг боловч одоогоор ******* сумын төвд бусдын малыг хөлсөөр маллаж амьдардаг зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА