| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ348 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ348
2025 05 19 2025/ШЦТ/348
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Гомбосүрэн /ҮД:2977/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Нд холбогдох 2502 00000 0130 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....... оны 1...... дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, э..........., дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ........... аудитын компанийн .......... аймаг дахь салбарт туслахаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ......... аймгийн ....... сумын 12 дугаар баг, ............ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЗН /РД:./.
Хэргийн товч агуулга:
Б.Н нь ...аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ......... дугаартай тушаалаар туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн херөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/A3-3538 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн омчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Дгийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Хоролсүрэнгийн хүү Б.Бэзэмшлийн Хаан банк дахь 5564203582 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкинд эзэмшдэг 5098113129 дугаартай данснаас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Н нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.01-02/,
Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.03-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бөгсөн: “Манай ээжийн төрсөн дүү Э.Д эгч надад чиний данс руу чинь мөнгө оруулаад аваадахъя гэж хэлсэн юм. Э.Д эгч намайг 5564203582 дугаарын данс нээснээс хойш буюу 2021 оны 01 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа мөнгө оруулж авсан, яг хэчнээн төгрөг хэдэн удаа, хаанаас авсан гэдгээ би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.20/,
ХААН банкны депозит дасны хуулга /хх.1.24-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батзулын өгсөн: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа. Энэ журамд Сангийн яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог юм. Мен цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.Одбаатар, С.Ч гэж хоёр хүн авдаг юм. Сангийн сайдын тушаалаар бол сургалтын төлбөрийн талаар тусгайлан тогтоосон дүн байхгүй. Харин сургалтыг зохион байгуулахад гарах зардалд үндэслэн сургалтын төлбөрийг санамж бичиг байгуулсан байгууллага өөрөө тогтоодог. Миний мэдэж байгаагаар нэг хүнээс сургалтын төлбөр 90,000-110,000 төгрөгийн төлбөр авдаг, төлбөрийг байгууллагын дансаар авдаг байх гэж бодож байна. Тэгээд шалгалттай холбоотой бол ямар нэгэн төлбөр авдаггүй. Цахим систем дээр бүртгэл хөтөлж байгаа учраас ямар этгээд хэзээ, хаана болсон шалгалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гаргах боломжтой, мөн үүнийг дагаад сургалт зохион байгуулсан сургалтын байгууллага гараад ирнэ. Миний мэдэж байгаагаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Оюунжаргалын өгсөн: “Төрийн худалдан авах ажиллагааны газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм... Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2020 онд байгуулагдахдаа Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажпын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Тэгээд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn системийн сургалт цэсний сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессыг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан... сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм...” гэх мэдүүлэг /хх.1.34-35/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.36-39/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Нгийн өгсөн: “Би 2018 оноос хойш сургалтад бол тогтмол сууж байсан. Би хоёр ч удаа сургалтад сууж байсан юм. Тэгээд ковид цар тахлын үеэр би tender.gov.mn. сайт руу сургалтад хамрагдсан юм. Тэрнээс би өер хүнд хахууль өгсөн зүйл байхгүй. Би наад хүнд чинь хахууль өгөх тийм ч хүн биш шүү дээ... ...аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр хоолны материал нийлүүлэх тендер зохион байгуулах шаардлага үүсдэг учраас гэрчилгээ авах хэрэгцээ шаардлага үүссэн юм. Би бол улсын ажил явуулах л гэж гэрчилгээ авсан, энд тэндээс хяналт шалгалт ирээд хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсангүй гээд байдаг болохоор л ажил явуулах гэж л гэрчилгээ авсан. Тэрнээс өөрөөр надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй... ер нь бол улсын төсөвт сургалтад суух ямар ч төсөв байдаггүй. Тэгээд би өөрөөсөө хувиараа төлсөн байх. Би яг одоо хэн гэж хүн рүү хэчнээн төгрөг шилжүүлсэн болохоо сайн санахгүй байна... Э.Д гэж хүнийг танина Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажилладаг. Ингэхдээ ...аймгийн МСҮТ-ийн өмчийн тайланг авдаг мэргэжилтэн байсан юм. Би Э.Д гэж хүнтэй утсаар л ярьж танилцаж байсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй. Би ямар ч байсан ажпын компьютер дээрээс цахимаар сургалтад хамрагдаж, шалгалт өгч байсан...би ийм үйлдэл гаргасандаа их харамсаж байна байгаа. Хэрэгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.44, хх.2.08/,
Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.48-56/,
Төрийн худалдан авах ажиллагааны газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.60-100/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.102-115, хх.2.12, 16/,
...аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдв эрлэлийн төвийн захирлын Ажилд томилох тухай тушаал /хх.1.116/,
...аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх.1.117/,
Хөдөлмөрийн гэрээ /хх.1.125-126/,
Өмгөөлөгчийн хүсэлтүүд /хх.1.224,227/,
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.13/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт /хх.2.18/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.2.23-27/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.2.28-29/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
“Хахууль өгөх” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”,
1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Нд хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЗНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн еөрөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.