Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

    2025         05        27                                    2025/ШЦТ/374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч П.Отгонбаатар,

Хохирогч Э.Билгүүн,

Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Х.Чинбат /ҮД:3430/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Нд холбогдох 2209 02606 1540 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 19....... оны 07 дугаар сарын .........-ны өдөр............. аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Улаанбаатар хот, ......... дүүрэг, 8 дугаар хороо ............1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БН /РД:....../.

Хэргийн товч агуулга:

С.Н нь багын найз болох хохирогч Э.Б "...аав, ээж хоёроос бэлэн мөнгө шилжүүлэх ёстой тийм учир чи надад 7-14 хоногийн хугацаатай мөнгө зээлээч.... Нарны зам дагуу байр захиалсан бөгөөд байрны мөнгө өгөхгүй бол байраа алдах гээд байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг, мөн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийг буюу нийт 110,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5466173262 дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Билгүүн өгсөн мэдүүлэгтээ: “Надад хэлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсёан хохирол нэхэмжлэхгүй.” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Н нь багын найз болох хохирогч Э.Б "...аав, ээж хоёроос бэлэн мөнгө шилжүүлэх ёстой тийм учир чи надад 7-14 хоногийн хугацаатай мөнгө зээлээч.... Нарны зам дагуу байр захиалсан бөгөөд байрны мөнгө өгөхгүй бол байраа алдах гээд байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Э.Б Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг, мөн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийг буюу нийт 110,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5466173262 дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б өгсөн: “Миний бие С.Нтай 10 жилийн бүүр бэлтгэл ангиасаа нэг ангид сурсан багийн найзууд байгаа юм. С.Нд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 сарын 09-ний өдрийн хугацаанд 110,000,000 төгрөгийг өгч залилуулсан. С.Н нь надад хэлэхдээ “манай аав, ээж хоёроос мөнгө орж ирэх ёстой” гэж хэлсэн. С.Нгийн аав, ээж хоёр нь Хятад улсын Шанхай хотод амьдардаг бөгөөд тус улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яаманд аав нь жолооч, ээж нь нягтлан ажил хийдэг юм. Тэгээд “аав, ээж хоёроос бэлэн мөнгө шилжүүлэх ёстой, тийм учир чи надад 7-14 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” гэж гуйсан. “Нарны зам дагуу байр захиалсан бөгөөд байрны мөнгө өгөхгүй бол байраа алдах гээд байна” гээд гуйгаад байсан учир би итгээд 50,000,000 төгрөгийг С.Нгийн дансаар шилжүүлж өгсөн. Үүний дараа би Хөвсгөл аймаг явж ирээд мөнгөө нэхсэн, бөгөөд тэр үед надад “Хятадаас мөнгө шилжүүлэх гэсэн чинь банк нь гацаад байна” гээд яриад, тэгээд “Хятадаас том тэрэг оруулж ирсэн, уг машинаа зарсан машины мөнгө орж ирэхээр эргүүлээд өгнө, нөгөө байр захиалсан байрны мөнгө өгөхгүй бол байраа алдах гээд байнаа, найз нь эхнэртэйгээ тусдаа гарах гээд байр захиалсан, гэр бүл зохиогоод тусдаа гарах гэж байхад тус болооч” гээд гуйгаад байсан учир би дахин итгээд 60,000,000 төгрөгийг С.Нгийн данс руу дахин шилжүүлсэн юм. Ингээд нийтдээ 110,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Миний зүгээс С.Нгийн аав Сумъяадорж гэдэг хүнийг сайн таних бөгөөд авто угаалга ажиллуулдаг байхад нь очиж машинаа угаалгадаг, өнгөлүүлдэг байсан, ингээд С.Н аав, ээжийнхээ нэрийг барьсан учир би итгэчихсэн. Би Нд эхлээд 60 сая төгрөг өгсөн, анх Н Сод-Эрдэнэ гэх манай багын найзын хамтаар амьдран “Их наяд гэх газрын хажууд байрлалтай байр захиалсан байгаа, тэр байраа хатуу гэрээ хийж авсан байгаа, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд авсан. Би тэгж хэлхээр нь мөнгө өгөөгүй, манай гэр лүү жимс урдаас ирсэн гэх мэт зүйлс өгөөд байсан. Би хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна, баяр болж байсан, би эхнэр хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл ресторанд хоол идээд сууж байхад Н нь хамтаар хүрээд ирсэн. Манай эхнэр энэ асуудлын талаар бүгдийг нь мэдэж байгаа. Сүүлд нь 50 сая төгрөг өгсөн, тэмцээнд орж байгаа гэж хэлсэн, “тэр тэмцээндээ орж чадахгүй бол мөнгийг чинь өгч чадахгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр эрүүл мэндийн шалтгаантай байсан юм, тэгтэл Н “мань чинь удахгүй мөнгийг чинь өгнө, аав урдаас мөнгө явуулж байгаа, тэрийг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би Хөвсгөл аймаг руу мөсний баярт явж байсан. Би Хөвсгөлд очоод Н руу залгахад утсаа авахаа больсон. Тухайн өдрөөс хойш Н сураггүй болсон. Би Нтай нэг уулзсан, мөнгөө нэхэж асуусан, тэгэхэд надад “аав мөнгө явуулна” гэж хэлээд байсан. Би мөнгө өгөхдөө тэмцээн гэж биш, байр гэсөн болохоор нь тухайн мөнгийг өгсөн. Н надад “эхнэр жирэмсэн боллоо, хүүхдээ авхуулчихлаа” гэж хэлж байсан. Байраа авсан бол байрыг нь барьцаанд байлгаж байгаад мөнгөө авна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх.1.29-30, хх.3.45-46/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.120-122/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Нгийн өгсөн: “... Би Б 2005 оноос “Үй Цай” ахлах сургуулийн 1-р ангиас эхлэн мэдэх болсон. Би багаасаа эхлэн найзалсан болохоор бид мөнгө зээлэх, буцаан өгөх асуудал байсан. Тэгээд 2022 оны 02-р сарын 05-ны өдөр байх гэж бодож байна, би өдрөө санахгүй байна, тухайн үед надад мөнгө хэрэг болсон, тэгээд би Билгүүнтэй холбогдсон мөнгөний хэрэг байна. Эхнийх нь бол би хувьдаа цахим спортын багтай байсан юм, тэгээд гээд би тэрийг санхүүжүүлэх гэж 60,000,000 төгрөг авсан. Дараа нь байрны урьдчилгаа гэж 50,000,000 төгрөг зээлэн авсан...” гэх мэдүүлэг /хх.1.124, /,

Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамж /хх.1.127-130/,

Яллагдагч     С.Нгийн эзэмшлийн ХААН банкны 5466173262 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.131-234/,

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.235-237/,
Хохирогч Э.Б хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.1.248-250, хх.2.1-15/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.2.17-21, 3.68, 126-146/,

Хохирогч Э.Б хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.2.217/,

Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хүчингүй болгох тухай шүүгчийн захирамж /хх.3.71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б өгсөн: “...Тиймээ би эзэмшдэг тухайн дансыг би 2008 оноос оюутан байх үеэсээ эхлэн ашиглаж эхэлсэн, 2021 оноос 2022 оны сүүл хүртэл би нэг экс бетийн агент хийдэг байсан, тэрний дагуу миний данс руу депозит хийлгэхээр мөнгө хийсэн байх, үүнтэй адилхан маш олон гүйлгээ хийгдсэн байгаа, миний дансанд би дансны эзэмшигчийг танихгүй. Тухайн үед миний дансанд маш их мөнгө орж гарч байсан би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.3.75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бы өгсөн: “...Надаас Н нь мөнгө хэрэг болон гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сард зээлж авч байсан би бас хүнээс зээлж авч байсан тэрийгээ надад өгсөн. Н нь манай охинтой үерхэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.3.78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Б өгсөн: “...би байсан асуудлын талаар мэдэж байгаа, би он сарыг сайн санахгүй байна, 2022 онд болсон байх, Н нь манай нөхрөөс эхлээд хэдийг нь авсан талаар санахгүй байна, 50 сая, 60 сая төгрөг манай нөхрөөс авсан. Н эхлээд манай нөхөрт “эхнэр жирэмсэн болсон” гэж хэлсэн, тэгээд Их наяд худалдааны хажууд байрлах цагаан өндөр байр байсныг нөхөр бид 2 байр авна гэж үзэж байсан, тэгтэл Н “хатуу гэрээ хийсэн, cap сард нь мөнгөө өгөх хэрэгтэй байна, удахгүй мөнгөтэй болно, байрны төлөлтөө хийчхээд буцаагаад мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.82-86/,

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.3.115-116/,

Шүүгдэгч С.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.3.117/,

Хохирогч Э.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлт /хх.3.119/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.3.118/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч С.Н нь хохирлын 110,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Нд 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

С.Нд хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхийг хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч С.Нд оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхийг хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР