| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/393 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/393
2025 06 02 2025/ШЦТ/393
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг /ҮД:3152/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Лд холбогдох 2508 01577 01591 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19........ оны 10 дугаар сарын ......-ны өдөр ........ аймгийн ............ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ........... дүүргийн .... дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн охин ихрийн хамт амьдардаг, .........дүүргийн ...... дүгээр хороо, ......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ӨЛ, /РД:/.
Хэргийн товч агуулга:
А.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт дэвсгэрт Ачит нэртэй дэлгүүрийн хажууд хохирогч О.Л нь өөрийн эзэмшлийн Самсунг эс-23 ультра загварын гар утсаа хаяж гээгдүүлсэн байсныг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт дэвсгэрт Ачит нэртэй дэлгүүрийн хажууд хохирогч О.Л нь өөрийн эзэмшлийн Самсунг эс-23 ультра загварын гар утсаа хаяж гээгдүүлсэн байсныг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-03/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.05/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Лгийн яллагдагчаар өгсөн: “... сериал дугаар олоод ирчих байх гэж бодоод өөрөө ашиглаж байсан. Миний олсон утас руу хүн залгаагүй...” гэх мэдүүлэг /хх.06/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.09/,
Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.10-11/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх.22-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Лийн өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02 цагийн орчим Зайсангийн Нион нэртэй баарнаас найз Бямбацогтын хамт гарч харихаар түүний эзэмшлийн Кроун-204 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр дуудлагын жолооч хөлсөлж жолоодуулан гэрийнхээ ойролцоо СХД-ийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачит дэлгүүрийн ард талд буугаад гэртээ алхаж очоод эхнэр Сарнай гар утсаа яагаад авахгүй байгаа талаар асууж хайхад миний биед байхгүй байсан. Тэгээд гадагш гудамжаар гарч хайхад олдохгүй байхаар нь орж унтсан. 10 цагийн орчим босоод найз Бямбацогт руу залгаж машинд нь гар утсаа үлдээсэн талаар асууж хайлгуулахад байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх.44-47/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.59-70/,
Шүүгдэгч А.Лгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.75/,
Хохирогч О.Лтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай утсаар ярьсан прокурорын тэмдэглэл /хх.80/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.81-82/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Л нь хохирогчийн гар утсыг биет байдллаар буцааж өгсөн, хохирогч О.Л нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Лд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
А.Лгийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Лд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ӨЛг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Лд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Лд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.