Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/213

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                            Хэргийн индекс: 166/2025/0008/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Э.Улаанаа,

Хохирогч ***, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** ***д холбогдох эрүүгийн 2418000000772 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** *** ажилтай, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг Мангирт *** дүгээр хэсэг, *** тоотод оршин суух хаягтай

*** овогт *** *** /РД:Т***/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсах гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, хохирогч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай/ *** биед эрүүний зүүн булангийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/, яллагдагч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны******* дугаар сарын 12-ны өдрийн 443 дугаартай “*** сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. *** сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн ***, сум *** багийн нутаг дэвсгэрт байрлах *** баарны гадна  хохирогч *** маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүний зүүн булангийн хугарал бүхий хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

- Хохирогч *** өгсөн: “би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *** сум *** багийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд өөрийн найз *** нарын хамтаар орох гээд баарны гадаа зогсож байтал зүс таних ахтай таараад маазраад ах хүүтэй зууралдаад тоглож байтал араас наад хөгшин хүнээ зүгээр оруулаач бандиа гээд над руу 2 хүн орилсон. Би эргэж хараад юу гээд байгаа юм бэ, танд ямар хамаатай юм бэ гэж тэр 2 хүнд хандан хэлсэн. Тэгтэл тэр ах *** надад хандан чи *** намайг таних уу гэж хэлсэн. Тэгтэл намайг *** гэдэг нэртэй эгч хүнтэй маргалдаж яах гээд байгаа юм бэ гээд түлхээд баарны үүднээс холдуулаад явган хүний зам руу оруулсан. Би явган хүний зам дээр *** эгчтэй юм яриад зогсож байтал *** гэх хүн миний хажууд ирээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би *** гэх хүнд хандан та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуутал *** нь чи гомдолтой бол одоо цагдаа орооч гэж хэлсэн. Би тухайн үедээ цагдаа руу явалгүй ганцаараа Шарын гол сумын эрүүл мэндийн төв рүү явж үзүүлсэн. Эмч намайг үзээд Дарханд очиж рентген зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт очиж эрүүний зургаа авхуулсан чинь миний эрүүний зүүн хэсэгт хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дүгээр тал/,

- Гэрч *** өгсөн: “Намайг ажил үүргээ гүйцэтгээд ажлын байрандаа байх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэгэн залуу орж ирээд эрүүгээ үзүүлмээр байна гэж хэлсэн. Тэр хүний хүсэлтээр түүнийг үзлэгийн орон дээр суулгаж байгаад үзтэл эрүүний зүүн хэсэгт хөндүүр, арын шүдний хэсгээс бага зэрэг цус гарсан байсан. Зовуурийг нь асуухад хөндүүр өвчтэй байна гэж хэлсэн. Би уг залуугаас юу болсон талаар нь асуухад танд хамаагүй гээд байсан. Эрүүний гадна хэсгээс харахад ямар нэгэн хавдсан зүйл байхгүй байсан. Эрүүний гэмтлээс өөр ил харагдах ямар нэгэн шарх байхгүй байсан. Би уг хүний бүртгэж авах гээд нэр усыг нь асуутал тэр залуу надад нэр усаа хэлэлгүй гараад явсан. Би тэр залууд хандан чи наад гэмтлээ Дархан-Уул аймагт очиж үзүүлж, зураг авхуулж, оношоо тодруулаарай гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

-Гэрч *** өгсөн: “...манай нөхөр ******* нь тамхи татах гээд тухайн үед гадагшаа гарсан бөгөөд араас нь гараад очтол манай нөхөр нэг залуутай уулзчихсан зогсож байсан. Манай нөхөр тэр залууг нэг удаа цохисон гээд тэр залуугаас уучлалт гуйгаад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

-Гэрч *** өгсөн: “Тухайн үед баарны гадаа *** бид хоёр зогсож байтал баар руу орох гэж байсан нэг залууг *** нь баар руу оруулахгүй өдөж хоргоогоод байх үед манай найз *** ахын дүү чи яагаад байгаа юм бэ наад ахыгаа оруулаач гэсэн чинь *** эргэж хараад юу гээд байгаа юм бэ чамд ямар  хамаагүй шүү гэх мэтийн зүйл ярьсан. Тэр үед манай нөхөр *** гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь *** нь манай нөхөрт ахаа би тантай юм ярихгүй ээ. Наад хүн чинь яагаад байгаа юм бэ гээд *** рүү хандаж *** нь чи хэн юм бэ хаанахын хэн бэ гэх мэтээр уурлаад маргалдаж эхэлсэн. Тэр үед *** нь *** нүүр рүү гараараа 1 удаа л цохисон бөгөөд тэр үед манай нөхөр болох *** очоод салгаад газарт унасан байсан *** татаад босгосон. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаартай “*** биед эрүүний зүүн булангийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

-Яллагдагч *** өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** сумын *** баг 1 давхрын 10 дугаар байранд байдаг найз ***  байсан. Гаднаас *** орж ирээд бид нар *** гэрт 10 цагаас 17 цагийн хооронд найзуудын хамтаар 2 шил архийг хувааж дуусгаад, бид нар хоол унд хийж идчихээд 20 цагийн үед *** баар онгохоор *** эхнэрүүдийн хамтаар орсон. Бааранд байх хугацаанд 2 шил архи, тус бүрдээ 1 ширхэг лаазтай пиво худалдаж аваад уугаад сууж байгаад миний дотор муухай оригоод баарнаас гарч ирээд баарны үүдэнд тамхи татаж зогсож байхад танихгүй 2 залуу баарны гадаа зогсож байсан залуучуудыг татах чангайгаад байхаар нь та 2 болио гэж хэлэхэд танихгүй 2 залуугийн нэг нь чи хаана байгаа юм вэ гээд би 1 залуутай үл ойлголцоод бие биеэ түлхээд маргалдаж байгаад хар өнгийн куртиктэй залуугийн шанаа хэсэгт 1 удаа цохичхоод ах нь *** суманд байсан юм ахын 2 дүү ингэж болдоггүй юмаа гэж хэлээд бид тэр залуугаас уучлалт гуйгаад танилцаад ахын дүүгийн бие нь эвгүй болоод байвал урагшаа цагдаа руу гэхэд зүгээр зүгээр ахаа тэгэх шаардлага байхгүй гээд бид хоёр эвлэрээд, гар бариад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 37 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны******* дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай “*** сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. *** сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-106 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч *** нь хохирогч *** биед эрүүний зүүн булангийн хугарал бүхий хохирол учруулсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч *** биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч 3 хүүхэдтэй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Шүүх хуралдаанд хохирогч *** нь баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, нийт 4,200,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөрийн хамт шүүгдэгч *** нэхэмжилсэн байна.

Шүүх уг нэхэмжлэлээс баримтаар тогтоогдож буй, эмчилгээний зардалтай холбогдох 855,249 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *** гаргуулан хохирогч *** олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч *** нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 3,200,000 төгрөгийн нэхэмжлэл нь эрүүл мэндийн шалтгаанаар хэдэн сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, уг хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хохирогч *** сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны******* дугаар сарын 12-ны өдрийн 443 дугаар дүгнэлтээр тогтоож /хавтаст хэргийн 104/ хавтаст хэрэгт хавсаргасан байна.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8, 4 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж, нийт 5,280,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс нийт 6,135,249 төгрөгийг гаргуулж хохирогч *** олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зөв байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** нь хохирогч *** 5,000,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч *** нь үлдсэн 1,135,249 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба үүнийг хохирогч *** нь зөвшөөрч байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

3.Бусад асуудал:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт *** *** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 750 нэгж буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд  сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч *** нь хохирогч *** 6,135,249 төгрөгийн хохирол төлбөр төлсөн бөгөөд, хохирогчийн нэхэмжлэлээс 3,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журамд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ