| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/220 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0188/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Ч.Мядагбадам,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хүдэрчулуун,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох эрүүгийн 2518000000251 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** хамт *** аймгийн *** сумын 2 дугаар баг *** задгай тоотод оршин суух хаягтай, одоо Дархан-уул аймгийн Дархан сумын *** баг *** хорооллын *** тоотод түр оршин суух хаягтай,
Урьд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн *** оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай ял хойшилсон,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 сар 28 хоногийн хугацаатай баривчлах ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаатай баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийх ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийх ялаар,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
*** овогт *** *** (РД:***)
Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 25-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** ***, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ээжийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай,
Урьд:
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаатай баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар тус тус ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
*** овогт *** *** (РД***)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нар нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “***" зочид буудлын 03 дугаарын өрөөнд хохирогч *** утсаар ярьж байхад нь түүний эзэмшлийн Samsung S25 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр тал),
- 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хохирогч *** Сайн интернэшнл ХХК-ийн зарлагын баримт, баталгааны гэрээг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-11 дүгээр тал),
- 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн иргэний нэхэмжлэгч *** гаргаж өгсөн Бишрэлт хүлэг барьцаалан зээлдүүлэх газрын барьцааны гэрээг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),
- Эд мөрийн баримтаар цайвар ногоон өнгийн Samsung гэсэн бичиглэлтэй ардаа 3 камертай гар утас 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, хохирогч *** хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дугаар тал),
- Хохирогч*** өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз *** хамт Дархан сум **8 дугаар баг *** буудалд 0,75 литрийн ногоон X нэртэй 3 шил архи аваад буудалд орж уугаад маргааш өглөө нь 2025 оны 03 дугаар сарын 08-нд нэг шил 0,75 литрийн ногоон X нэртэй архи үлдчихсэн байсан тэрийг аваад *** бид хоёр таксинд суугаад хуучин Дарханы ** нэртэй буудалд ороод нөгөө архиа хувааж уугаад би нэлээд согтоод муудаад байхаар нь саяхан Дарханы *** 3,999,999 төгрөгөөр худалдаж авсан Samsung S25 загварын гар утсаа Ариг буудлын ресейпшн эмэгтэйд хадгалуулчхаад өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд хэсэг унтаж байгаад босоод иртэл найз *** байхгүй байхаар нь буудлын ресейпшн эмэгтэйд хадгалуулсан гар утсаа аваад *** ярих гээд байж байтал гаднаас *** зүс таних *** хочтой залуу нөгөөх нь хавцлын *** гэдэг хоёр залуугийн хамт нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд би архи гарахгүй толгой эргээд байхаар нь тэр архинаас нэг их уугаагүй. Тэгж байтал *** согтоод муудаад байх шиг байсан. Тэгтэл *** хоёр гарах гэж байсан би өөрийнхөө төрсөн ах *** дуудах гээд гар утсаараа залгаад зүүн гар талдаа бариад байж байтал араас *** миний гараас гар утсыг булаагаад аваад гарахаар нь араас нь би утсаа авах гээд тэр хоёрын араас хөөсөн. Тэр хоёр миний гар утсыг аваад шууд гараад явчихсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
- Гэрч *** өгсөн: “...хуучин Дарханы 5 дугаар багт уйл ажиллагаа явуулдаг ***нэртэй буудалд ороод хоёулаа нөгөө архиа хувааж уугаад манай найз *** тасар ч унаад би гэр лүүгээ явах гээд гарч явж байгаад хуучин Дарханы Голд нэртэй пабад яваад ортол хуучны танил **8 хочтой *** овогтой *** гэж дууддаг *** амьдардаг залуу хоёр нэг шил архи уугаад сууж байсан. Би тэр хоёртой орж мэндлээд тэр хоёрын архийг хувааж уугаад тэндээс бид гурав гараад *** буудалд *** дээр ирсэн. Тэгээд би согтоод муудаад буудалд байж байсан нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн манай найз Отгонтөгсийн гар утас алга болчихсон гэж байсан. Тухайн буудалд *** хочтой ***, манай найз *** бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
- Гэрч *** өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар багт уйл ажиллагаа явуулдаг Ариг буудалд өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл өдөр 12 цаг өнгөрч байхад гаднаас 30-40 орчим насны хоёр эрэгтэй хүмүүс архи үнэртүүлчихсэн орж ирээд манайд 03 дугаартай өрөөнд 80,000 төгрөг төлөөд *** гэдэг залуу нь буудлын бүртгэлд бүртгүүлээд орсон. Удалгүй цаг гаран болж байхад*** гэх залуу ганцаараа нэлээд согтчихсон гарч ирээд би явлаа гээд манай найзыг харж байгаарай ганцаараа байгаа гэж хэлсэн. Удалгүй нөгөө өрөөнд үлдсэн залуу нэлээд согтчихсон бололтой гарч ирээд надад өөрийн гар утсаа өгч хадгалуулсан. Тухайн гар утас нь Samsung загварын ардаа гурван камертай цайвар цэнхэр өнгийн шинэ гоё утас байсан. Би утасны марк мэдэхгүй болохоор яг ямар маркийн гар утас гэдгийг нь мэдээгүй. Тэгээд өрөөндөө орж унтаж байгаад надаас өөрийн гар утсаа авмаар байна гэхээр нь би гар утсыг нь өгөөд оруулсан. Удалгүй өдөр Бямбадорж гэж бүртгүүлсэн залуу гаднаас хоёр залуу дагуулчихсан орж ирсэн. Тэгэхээр нь гаднаас хүн оруулахгүй гэж хэлтэл би таньдаг юм найздаа хоол оруулж өгнө гээд орсон. Ороод 30 орчим минутын дараа өрөөндөө архи уугаад байхаар нь одоо гарцгаа гэж хэлтэл өрөөний үүдэн дээр ноцолдоод байх шиг болохоор нь араас нь гартал нөгөө утсаа хадгалуулж байсан залуу нөгөө хоёр залуугийн хар малгайтай, шар малгайтай куртиктэй залууг зуураад байхаар нь яагаад та нар зодолдох гээд байгаа юм гэж хэлтэл тухайн залуу нөгөө гар утсаа алдсан гэх залууг тохойгоороо цохиж түлхэж хаячхаад гараад зугтаачихсан. Би араас нь яагаад байгаа талаар очиж асуухад сая энэ хоёр миний гар утсыг булаагаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь араас нь би гүйгээд буудлын хаалгаар гартал нөгөө хоёр залуу зугтаагаад алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
- Гэрч *** өгсөн: “...Арбатын гудамжаар доошоо уруудаад нойл орох гээд Ариг буудлын ресейпшнээс гуйж нойл орох гээд дотогшоо ортол үүдэнд нь хүн байхгүй болохоор нь буудлын шатан дээр сууж байтал ** гэж хочилдог залуу намайг таниад “ахаа сайн уу бие чинь муу байгаа юм уу” гээд асуухаар нь “харин тиймээ шартаад үхлээ” гэтэл “манай өрөөнд ороод хоёр татах уу” гэхээр нь өрөөнд нь дагаад ортол танихгүй гурван залуу *** дөрвүүлээ архи уучихсан сууж байсан. Би тухайн архины нэрийг нь мэдэхгүй байна. Надад хоёр удаа хундаганд архи хийж өгөхөд нь уусан. Тэгтэл *** “ахаа одоо гайгүй болсон уу” гэхээр нь “гайгүй боллоо” гэж хэлэхэд бид нар найз нөхдөөрөө үлдмээр байна гэхээр нь “за баярлалаа ахын дүү” гээд буудлын коридорт гараад тамхи асаагаад байж байтал миний ороод гарч ирсэн өрөөний үүдэнд хоёр залуу маргалдаад “муу банди минь чи надтай таарахгүй гэж бодоо юу” гээд байхаар нь эргээд хартал хоёр залуу байсан. Нэг нь хар ноосон малгайтай, хар өнгийн гадуур хувцастай 30-40 орчим насны залуу баруун гартаа нэг гар утас барьчихсан миний хажуугаар намайг мөргөнгөө алдаад өнгөрсөн араас нь саравчтай сээтгэн малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 35-40 орчим насны залуу хөөгөөд “хөөе надтай тааралдахгүй гэж бодоо юу” гээд явсан. Удалгүй араас нь *** гарч ирээд буудлын ресейпшн эмэгтэй араас нь яваад нөгөө хэд гараад явсан. Би буудлын шатан дээр хэсэг сууж байгаад бие жаахан гайгүй болохоор нь гараад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
- Иргэний нэхэмжлэгч *** өгсөн: “...Манай бишрэлт хүлэг ХХК-н барьцаалан зээлдүүлэх газарт 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* *** гэсэн регистрийн дугаартай хүн өөрийн нэрээр Samsung S25 маркийн гар утас барьцаанд тавьсан байна. Samsung S25 загварын ногоон өнгөтэй, шинэ ардаа гурван камертай имей код нь имей1:3***, имей2:35**5 гэсэн кодтой гар утас байсан. ******* гэх хүн өөр эд зүйл барьцаанд тавьсан асуудал байхгүй. Манай байгууллага хохиролгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),
- 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-н "...эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ өдрийн байдлаар 3,000,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-61 дүгээр тал),
- Яллагдагч *******н өгсөн “...Дарханы Ариг нэртэй буудалд ороод нөгөө архиа гаргаж ирээд *** бид дөрөв авчирсан архиа хувааж уугаад *** ах явна бид нар бүгд явахаар болоод *** унтаж үлдэнэ гээд буудлаас гараад явах гэтэл араас *** намайг гар утас аваад ир гэхээр нь би юун утас надад байхгүй гэж хэлээд буудлаас гараад *** бид хоёр Хүслэн төвийн тийшээ нарийн гудамжаар явж байтал *** энэ утсыг ломбардад тавиад өгчхөөч гэж гуйхаар нь би оруулж өгөө гэж хэлтэл зүгээрээ гэж хэлсэн тэгээд би таксинд суугаад шинэ Дарханы Баян идэр худалдааны төвийн тэнд байдаг ломбардад 700,000 төгрөгөөр тавьчхаад ***г хаана байна гэтэл ширээ нуруунд ахындаа байна гэхээр нь такси бариад замдаа 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи аваад *** хувааж уугаад Хүрэлбаатарт нөгөө гар утас ломбардад тавьсан мөнгөнөөсөө 300,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53, 114 дүгээр тал)
- Яллагдагч*******ын өгсөн: “...Надад бол би утас булаасан, хулгайлсан гэж огт хэлээгүй. Зүгээр л явж байгаад нэг гар утас гаргаж ирээд энэ утсыг ломбардад тавиад өг гэхээр нь би *** утсыг авчихсан юм байна гэж ойлгосон. Тэгээд утсыг нь оруулж өг гэсэн чинь ломбардад тавьчих, би өөрөө аваад өгчихнө гэсэн. ...үлдсэн мөнгийг нь би өөрөө авчихсан юм. Тэгээд тэр мөнгөнөөс Улаанбаатар хот явах зардал хийгээд, үлдсэн мөнгийг нь хэрэглэчихсэн юм. Цагдаа нар очоод тэр ломбардаас гар утсыг нь хураагаад авчихсан байсан болохоор Хүрэлээ бид хоёр ломбардын мөнгийг нь өгчихсөн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******,******* нар нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч *** гэмт хэргийн улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алдагдсан гар утсаа биет байдлаар хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 47 дугаар тал) байх тул шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн “хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах” албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** ***, *** овогт *** *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ