Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 124

 

 

Б.Г-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Биокомбинат УТҮГазарт холбогдох

 

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г  ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Биокомбинат ТӨААҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/45 тоот тушаалуудаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 782 дугаар шийдвэр, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1483 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1399 тоот магадлалаар тус тус тогтоож, Б.Г  г Биокомбинат УТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч ажил олгогч Биокомбинат УТҮГ нь өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй бөгөөд дарга нартай удаа дараа уулзсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Биокомбинат УТҮГ-т даалгаж өгнө үү. Цалингаа өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт бодогдсон хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Биокомбинат УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г  д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г-ийн  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Биокомбинат УТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Биокомбинат УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 89 444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г  д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж байгаа боловч хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй. Хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, татан буугдсан хуулийн этгээдийн эрх залгамжлагчид шаардах эрх, эсхүл хүлээх үүрэг шилжээгүй нөхцөл байдалд шүүх хэргийг эцэслэж шийдвэрлэж байгаа нь буруу. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсч, хуульд зааснаар татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1939 дугаартай магадлалд "Биокомбинат" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар татан буугдаж, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулагдсан тухай дурдсан байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаа шүүхэд "Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газар гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь татан буугдсан аж ахуйн тооцоотой төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлээгүйгээс үүссэн цалин олговрыг нөхөн төлүүлэх тухай байна. Хариуцагч байгууллагын Б.Г  д өгсөн өргөдлийн хариу албан бичгээс харахад хариуцагч нэхэмжлэлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой байхад хүлээн зөвшөөрсөн гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ20198/01483 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1939 дугаартай магадлалууд одоо хүчин төгөлдөр болсон боловч шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа нь хэрхэн хэрэгжиж биелэгдсэн нь тодорхой биш нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх Биокомбинат УТҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна гэж буруу дүгнэсэн. Түүнчлэн хариуцагч Биокомбинат УТҮГ /хуучнаар ТӨААТҮГ/ гэж дураараа дүгнэлт хийж хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсан гэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн татан буулгах комисс томилогдмогц хуулийн этгээдийн удирдах бүрэн эрх уг комисст шилждэг. Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс татан буулгах комисс шүүх болон гуравдагч этгээдтэй харилцдаг. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх ёстой хариуцагч байгууллага нь татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31 ний өдрийн А/130 дугаартай тушаалаар татан буулгах комисс томилогдон ажиллаж байна. Уг татан буулгах комиссоос Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж найдваргүй авлага барагдуулахаар нэхэмжлэл хүсэлт өгөөд шийдвэрлүүлж байгааг анхан шатны шүүх мэдэж байсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоол, татан буулгах комиссын үйл ажиллагааг үл хүндэтгэж хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Тус анхан шатны шүүхээс намайг дуудсаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний бие Б.Г-ийн  нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд тухайн үед "Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Цолмон гадаад улсад томилолтоор ажиллаж байсан тул итгэмжлэл олгоогүй. Ингээд шүүгчийн туслахад 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр итгэмжлэл, үйлдвэрийн дарга томилсон тушаалыг тус тус авчирч өгөхөөр болсон. Гэвч үйлдвэрийн дарга Б.Цолмон надад 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр нэхэмжлэл гардаж авах эрх олгохоос татгалзаж бусад эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл хийж өгсөнийг шүүхэд аваачиж өгсөн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэрэгтээ танилцсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гардуулсан өдрийг буруу тооцоолж тайлбар, нотлох баримт авалгүй хэргийг эзгүйд шийдвэрлэсэн нь буруу байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Г   нь хариуцагч Биокомбинат УТҮГазарт холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1939 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Г  г Биокомбинат ТӨААТҮГ-ын санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг өөрөө ирж гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийг эсэргүүцэж нотлох баримтаа гаргаж мэтгэлцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 85 хоногийг, нэг өдрийн дундаж цалин 54 775 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүгчийн туслах шүүхэд шүүхэд өгсөн итгэмжлэлийн он сар өдрийг зассан гэж гомдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн байгууллагаас өгсөн итгэмжлэлд нэхэмжлэл гардан авах эрх олгоогүй гэх боловч тэрээр шүүхэд уг итгэмжлэлийг өгч, нэхэмжлэлийн хувийг гардан авсан, шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зөрчил мөн боловч шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ