Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 78

 

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч А.Энхтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

 Хохирогч Х.Баярцэцэг

 Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201718000086 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

     Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1979 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 151-а тооотод оршин суух, Улаанбаатар төмөр замын харъяа Сүхбаатар депод жолооч ажилтай, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Урианхай овогт Батаагийн Бат-Эрдэнэ ЕЙ79091716

   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 06-55 ДАХ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр “Номин” зочид буудлын урд явган зорчигч М.Баярцэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 23 цагийн үед ажилчдаа хүргэж өгчихөөд Номин буудлын урд явж байгаад нэг машинтай зөрсөн. Гэтэл баруун талаас гэнэт хүн гарч ирж мөргүүлсэн. Тэгээд машинаасаа буугаад анхны тусламж болон бусад арга хэмжээ авсан. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгээс Улаанбаатар хот авч явах шаардлагатай гэсэн учраас хот руу аваад яваав  аваачиж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд сахьсан...” гэх мэдүүлэг

Хохирогч М.Баярцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгууллагынхаа эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаанд нарийн бичиг, жижүүртэйгээ хамт Номин буудал дээр очсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад буудлаас гараад албаны машиндаа суусан. Гэтэл бэлгэнд өгсөн сарнай, ороолтоо мартсан байсан. Тэгэхээр нь машинаасаа буугаад буцаад буудал руу явах гээд зам руу харахад машин холоос ирж байсан. Тэгээд зам хөндлөн гарч байсан чинь тэр машин маш хурдтай ирсэн. Тэгээд тэр машинд мөргүүлээд ухаан алдсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Одоо сэтгэл санаа маш хүнд байна. Үнэрлэх, амтлах мэдрэмж байхгүй болсон. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Насан туршдаа огт үнэрлэхгүй, амтлахгүй гэсэн. Осолд орохоос өмнө ажлын хажуугаар оройгоор сурдаг байдаг. Осолд орсны улмаас сургуулиа төгсөж чадаагүй, 5 сард төгсөх байсан. Би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хийж бүтээе гэсэн хүсэлт байгаа ч гэсэн өвчний улмаас гэртээ хэвтэж байгаа. Бүх төлөвлөгөө минь нурсан. Одоо эмчилгээний зардлын дутууг, мөн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, цалингийн зээлийн сар бүрийн төлбөрийг нэхэмжилж байна..”  гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Д.Алтантуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар ДЕПО-д нягтлан бодогчоор 19 жил ажиллаж байна. Манай байгууллагаас иргэний нэхэмжлэгчээр намайг томилсон. Албаны 06-55 ДАХ улсын дугаартай фургон маркийн автомашиныг жолооч Б.Бат-Эрдэнэ зам тээврийн осол гаргасан асуудалд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манай байгууллагын зүгээс машины эвдрэл гэмтэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Эвдрэл хохирлын үнэлгээ 55000 төгрөгийг манай байгууллага нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

Иргэний хариуцагч Т.Ууганбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед жолооч Б.Бат-Эрдэнэтэй ДЕПО дээр уулзаад орой эмэгтэй ажилчдаа хүлээж авна. Орой хүмүүсийг хүргэж өгөх ажил гарна. Утсаа битгий салгаарай бэлэн байгаарай гэж хэлээд өнгөрсөн. Энэ өдрийнхөө орой ажилчдын хамт Чингис бааранд суугаад ажилчид тарцгаасан. Бааранд Алтанцэцэг, Энхтөр бид гурав үлдээд Бат-Эрдэнийг дуудахад хэсэг ирэлгүй хүлээгээд бид гурав аймгийн холбооны урд Бат-Эрдэнэ 06-55 ДАХ улсын дугаартай фургон машинаараа ирж бид нар гэр гэртээ хүргүүлсэн. Удаагүй зам тээврийн осол гарсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

Гэрч А.Энхтөрийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны орой манай конторын ажилчид болон дарга Ууганбаатар эмэгтэйчүүдээ Чингис бааранд хүлээж авсан. Оройн 23 цагийн үед тарахад Ууганбаатар дарга, Алтанцэцэг бид гурав бааранд үлдсэн. Жолооч Бат-Эрдэнийг дарга дуудаад бид гурав аймгийн Холбооны урд Бат-Эрдэнийн жолоодож ирсэн албаны 06-55 ДАХ улсын дугаартай фургон машинаараа гэр гэртээ хүргүүлсэн. Б.Бат-Эрдэнэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг мэдэхгүй. Хэрэглэсэн шинж тэмдэг мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дугаар тал/

Гэрч Х.Алтанцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны орой манай конторын ажилчид болон дарга Ууганбаатар эмэгтэйчүүдээ Чингис бааранд хүлээж авсан. Оройн 23 цагийн үед тарахад Ууганбаатар дарга, Энхтөр бид гурав бааранд үлдсэн. Жолооч Бат-Эрдэнийг дарга дуудаад бид гурав аймгийн Холбооны урд Бат-Эрдэнийн жолоодож ирсэн албаны 06-55 ДАХ улсын дугаартай фургон машинаараа гэр гэртээ хүргүүлсэн. Б.Бат-Эрдэнэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэрэглээгүй гэдгийг мэдэхгүй. Хэрэглэсэн шинж тэмдэг мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

          Гэрч А.Дагиймаагийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр оройн 19 цагаас манай хэлтэс эмэгтэйчүүдээ Номин зочид буудалд хүлээн авч Март-8 арга хэмжээ зохиосон. Баярын арга хэмжээ 20 цагт эхэлж 23 цагт дуусаж ажилчид эхнээсээ тарж эхэлсэн. Бид нар нэг чиглэлийн хүмүүс цугларч хамт явахаар болсон. Би Корпус руу гэрлүүгээ явахаар буудлын урд зогсоолд тавьсан машинд суухад Баярцэцэг, Дэлгэр эмч, Зоригоо гурав буудлаас гарч машины арын суудалд сууцгаасан. Баярцэцэг машины арын суудалд сууж байгаад би буудалд сарнай ороолтоо буудалд мартчихаж гэж хэлээд машинаас буусан. Машинаас буугаад удаагүй байтал хүмүүс орилолдож маш хүчтэй тоормослоод бужигнаад явчихсан. Би Баярцэцэгийг яг машинд мөргүүлж байхыг хараагүй. Өөрийнхөө сууж байсан машинаас буухад цагаан өнгөтэй 06-55 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаас жолооч гэх 30 гаруй насны залуу ганцаараа бууж ирсэн. Машины зүүн хойд дугуйны хажууд хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би айгаад ойртож чадаагүй. Би жолоочтой уулзаагүй учраас согтуу эрүүл болохыг мэдэхгүй. Ингээд Баярцэцэгийг эмнэлэг рүү авч явсан. Баярцэцэг нь бага зэрэг хэрэглэсэн ч өөрийн гэсэн ухаантай байсан. Гуйвсан хэт согтсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дүгээр тал/

Гэрч Б.Зоригоогийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр оройн 19 цагаас эмэгтэй ажилчдаа Номин зочид буудалд хүлээн авч Мартын-8 арга хэмжээ зохион байгуулсан. Гэтэл Баярцэцэг би буудалд сарнайгаа мартчиж гэхээр нь би сарнай чинь энд байна гэж хэлэхэд Баярцэцэг бас ороолтоо мартчиж ээ гэж хэлээд машинаас буусан. Буусны дараа би араас нь буугаад сарнай чинь энд байна гэж хэлэхийн завдалгүй Баярцэцэг зам хөндлөн гараад буудал руу орох гэхэд замын зорчих хэсгийн баруун хэсэгт цагаан өнгийн фургон машин хүрч ирээд мөргөхөд нилээн хол шидэгдэж газар унасан. Энэ үйлдэл яг миний нүдэн дээр болсон. Бид цагдаа эмч дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дугаар тал/

Гэрч С.Сарантуяагийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Баярцэцэг нь машины арын суудалд сууж байснаа би сарнай ороолтоо буудалд мартчиж гэж хэлээд машинаас буусан машинаас буугаад удаагүй байтал хүмүүс орилолдож маш хүчтэй тоормослоод бужигналдаад явчихсан. Би Баярцэцэгийг яг машинд мөргүүлж байхыг хараагүй. Өөрийнхөө сууж байсан машинаас буухад цагаан өнгөтэй 06-55 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн фургон машинаас жолооч гэх 30 гаруй насны залуу ганцаараа бууж ирсэн. Жолоочтой уулзаагүй учраас эрүүл согтуу болохыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Н.Зоригсайханы 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр оройн 19 цагаас манай хэлтэс эмэгтэй ажилчдаа “Номин” зочид буудалд хүлээн авч Мартын 8 арга хэмжээ зохион байгуулж 23 цаг өнгөрч байхад дуусаад ажилчид эхнээсээ тарсан. Дагиймаа Сарантуяа эгчийг буудлын урд машинд нь суулгаад би буудал руу орчихсон. Буудал руу ороод гараад ирэхэд хүмүүс бужигнаад буудлын урд цагаан өнгийн фургон машин зогсчихсон, зүүн хойд дугуйны хажууд зам дээр Баярцэцэг ухаангүй хэвтэж байсан. Би ойртож хараагүй яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Баярцэцэгийг замын аль хэсэгт мөргүүлсэн болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

Гэрч Ц.Дэлгэрийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Баярцэцэг би сарнайгаа мартчиж гэж хэлээд машинаас буусан. Гэтэл удаачгүй зам дээр машин юм мөргөх шиг хүчтэй чимээ сонсогдож машины тоормосны дуу чихарч дугарсан. Зам руу харахад цагаан саарал өнгийн фургон маркийн  автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү буудлын урдуур өнгөрөхдөө буудлын урд зам дээр Баярцэцэгийг мөргөсөн. Машин аль хэсгээрээ Баярцэцэгийг мөргөсөн болохыг хараагүй. Тэнд байсан хүмүүс Баярцэцэг дээр очиход фургоны зүүн хойд дугуйны харалдаа дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Түүний амьсгал нь үе үе тасалдсан, хамарны дээд хэсэгт бага зэрэг шалбархай харагдсан. Өөр гэмтэл шарх хараагүй. Ингээд яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Гэрч Н.Даваатулгын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар сумын 8-р баг Номин буудлын урд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хэргийн газрын үзлэгт оролцсон. Номин буудал руу орох гарах хаалганаас чанх урагш авто зогсоол хүртэл явган хүний гарц байсан. Явган хүний гарцын тэмдэглэгээ тухайн үед харагдахгүй нөхцөл байдал үүссэн. Яагаад гэхээр өдрийн хайлсан цас орой нь шороотой холилдон зам дээр мөс болж хөлдсний улмаас гарцын харагдах байдал түр хугацаагаар алга болсон. Ийм учраас ослын бүдүүвч зураглал дээр тусгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн М.Баярцэцэгийн өвчтөний түүх холбогдох материалын хуулбар /хх-ийн 54-67 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №3935 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээнд

1.М.Баярцэцэгийн биед дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зүүн тал бөмбөлгийн дэх хэсгийн эд дэх няцрал тархины эдийн зөөлрөл тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, тархины 2 тал бөмбөлгийн таславч болон дух  хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа тархины хаван умдаг ясны баруун дээд салааны сэлтэрхийт хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн тохойны зулгаралт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Дээрх дагз ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр тал/

Шинжилгээ хийсэн №04/17 тоот “....

-УАЗ -220692-033 маркийн 06-55 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ №00357110, хөдөлгүүр №С0002594, арал №374100С0485994 дугаартай цагаан саарал өнгөтэй МЗХНН Улаанбаатар Төмөр зам ХХК дархан татах хэсгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, Дархан-Уул Дархан 03 өөрийн байранд байдаг.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгт орсон эсэхийг www.transdep.mn хаягаар мэдээлэл авахад 2017 оны 04 дүгээр сарын 15-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгэдсэн байна. Тухайн тээврийн хэрэгслийг ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн Монгол улсад 2012.08.16-нд импортологдсон байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл техникийн оношлогоонд 2016.04.15-нд орж техникийн байдлаа шалгуулж тэнцсэн үнэлгээ авсан нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

Зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр тухайн автомашинд хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд ангиас эвдэрч гэмтсэн салсан эд анги тодорхойлогдсонгүй тээврийн хэрэгслийн кузовны урд нүүрний хэсгийн зүүн талын их гэрлийн хажууд хэсэг газар хонхойж хэв гажилтанд орсон байв...” гэх дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2557 тоот дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн Батаа Бат-Эрдэнэ 38н эр гэж хаягласан цусанд 2.0 промилль спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.0 промилль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/

Харьцуулан шинжилэхээр хэв хэлбэр цус авсан тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №19 тоот “........

1.Жолооч Б.Бат-Эрдэнэ 0655 ДАХ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч М.Баярцэцэгийг мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн.

2.Жолооч Б.Бат-Эрдэнэ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа....тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.5-д ....Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэсэн заалтуудыг зөрчсөн.

3.Явган зорчигч М.Баярцэцэг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

4.Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

5.Жолооч Б.Бат-Эрдэнэ 0655 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. МСД /424918/...” гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 94 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар тал/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 104 дүгээр тал/

Сүхбаатар Депогийн даргын тодорхойлолт /хх-ийн 105 дугаар тал/

Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн тодорхойлолт /хх-ийн 106-108 дугаар тал/

Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 110 дугаар тал/

Хохирол төлсөн баримт /хх-ийн 111-124 дүгээр тал/

Б.Бат-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

Б.Бат-Эрдэнийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 06-55 ДАХ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр “Номин” зочид буудлын урд явган зорчигч М.Баярцэцэгийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогч М.Баярцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 22-23 тал/, Иргэний нэхэмжлэгч Д.Алтантуяагийн /хх-ийн 28 тал/, иргэний хариуцагч, гэрч Т.Ууганбаатарын /хх-ийн 30,38 тал/,  гэрч  А.Энхтөрийн /хх-ийн 31/, Х.Алтанцэцэгийн /хх-ийн 32/, А.Дагиймаагийн /хх-ийн 33/, Б.Зоригоогийн /хх-ийн 34/, С.Сарантуяагийн /хх-ийн 35/, Н.Зоригсайханы /хх-ийн36/, Ц.Дэлгэрийн /хх-ийн 37/, Н.Даваатулгын /хх-ийн 39/  мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 3935 тоот дүгнэлт /хх-ийн 68-69/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 19 тоот дүгнэлт /хх-ийн 82/, Авто техникийн шинжээчийн гаргасан 04/17 тоот дүгнэлт /хх-ийн 72-74 тал/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9, 15 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-20/  зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь ... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа....тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 1.5-д ....Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.... гэсэн  заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Номин зочид буудлын урд байрлах хатуу хучилттай зам дээр 06-55 ДАХ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч М.Баярцэцэгийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хуулинд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй  байна.

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэв.  

Хохирогчийн төлөөлөгч М.Баярцэцэгийн зүгээс эмчилгээний болон бусад зардалд 5.096.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ 3.417.820 төгрөг төлсөн болохыг дурьдаж төлөгдөөгүй үлдсэн 1.678.180 төгрөг болон, хохирогч М.Баярцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0117765 тоот шийдвэрээр нотлогдож байх тул 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сар бүр төлөгдөх цалингийн зээлийн төлбөр 383.300 төгрөгийн хохирлыг хохирогчооос гаргаж ирүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депогоос гаргуулан хохирогч М.Баярцэцэгт олгохоор шийдвэрлэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депод жолоочоор ажиллаж байсан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.1-д “ ..Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, түүнчлэн мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.д “....Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй....” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4-д “....Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Сүхбаатар депод жолоочоор ажиллаж байсан болох нь хэргийг шалгах явцад нотлогдон тогтоогдсон байх ба тухайн өдөр өөрийн байгууллагын дарга ажиллагсдыг ажил үүргийн дагуу хүргэж өгөөд буцах замдаа дээрх зам тээврийн ослыг гаргасан байна.

Иймд Иргэний хуулийн зохих заалтуудын дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан байгууллага өөрөөр хэлбэл тухайн өдөр ажилд томилж гаргасан, түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч байгууллага хохирогч М.Баярцэцэгт учирсан хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийни 498.5-д “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй....” гэж ззасны дагуу Сүхбаатар депо нь гэм буруутай этгээдээс уг хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна.  

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн 424918 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэх нь зүйтэй.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, машины хуванцар эд ангийн тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.

    Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 293, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

    

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Урианхай овогт Батаагийн Бат-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Урианхай овогт Батаагийн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 06 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

4.Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Бат-Эрдэнийн 424918 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, машины хуванцар эд ангийн тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депогоос 1.678.180 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сар бүр 383.300 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.Баярцэцэгт олгосугай.

8.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харъяа Сүхбаатар депо нь дээрх хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

         13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ