Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 385

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.М-д холбогдох 1808003540297 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хүрэн адууныхан овогт Д-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ дор дурдсан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна. Тодруулбал, шүүгдэгч хэргийн талаар удаа дараа мэдүүлэг өгсөн бөгөөд тухай бүрд тэрбээр “... хохирогчийн араас дагаж очин мөрөн дээр нь гараараа дарахад эргэж харах үед гар утсыг авч зугтаасан” талаараа тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бол хохирогч мэдүүлэгтээ “... хоолой шахсан, боосон, гараа урдуур оруулсан, мөрөн дээр дарсан ...” гэх мэтээр өөр өөрөөр тайлбарлаж, анхан шатны шүүх хуралдааны үед “...Тухайн үед сандарсан байсан болохоор мөрөн дээр дарсан үйлдлийг хоолойг боосон гэж мэдүүлсэн...” гэж мэдүүлдэг. Мөн хэрэг үйлдэгдсэн үед гадаа үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан ба хохирогч, шүүгдэгчээс өөр хүн байгаагүй, камерийн хяналтгүй бүс байсан нь тэдний мэдүүлгээс тодорхой харагддаг тул тэднээс өөр хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлэх этгээд байхгүй юм. Шүүх тэдний мэдүүлэгт гарч байгаа агуулгын зарим зөрүүг анхаарахгүйгээр хэргийг зүйлчилсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд ямар ч гэмтэл учраагүй, шүүгдэгч ч түүний гар утсыг авахдаа хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц аюултай довтолгоо хийгээгүйг тэрээр өөрөө хүлээн зөвшөөрч, “...миний биед гэмтэл байхгүй. Тэр залуу намайг зодож цохисон зүйл байхгүй...” гэж мэдүүлж, шүүх эмнэлэгт үзүүлэхээс сайн дураараа татгалзсан байдаг. Дээрхээс товч дүгнэвэл шүүх шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүйгээр тогтоогдоогүйг анхаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт болон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байхад хуулийг ийнхүү хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх өр төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээс гадна ахмад настай, өрх толгойлсон эхийн хамт амьдардаг,  “Их Засаг” ОУИС-д суралцдаг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжит нөхцөл байдал байгааг харгалзан үзэхийг хүсье. Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт шалгавал зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж түүнийг хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд ингэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд заналхийлсэн гэж анхан шатны шүүхээр тогтоогоогүй үйл баримтыг тогтоосон гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өнөөдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй гэж дүгнэн ялыг 2 дахин багасгасан боловч өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа нь магадлал хууль зөрчсөн болохыг харуулж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн Д.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжинд иргэн Т.Б-н эд хөрөнгийг нь авахаар довтолж хүзүүг нь гараараа боож “араас хөөх юм бол ална шүү” хэмээн “Самсунг Галакси Ж-5” загварын гар утсыг нь дээрэмдэж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Д.М нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан хорих ялыг 1 жил болгон багасгаж шийдвэрлэсэн байтал хяналтын шатны шүүхэд түүний өмгөөлөгч Ч.Нямцоож шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргасан гомдол гаргасан бөгөөд уг гомдолтой шүүгдэгч танилцан гарын үсэг зурсныг хорих байгууллага баталгаажуулан дардас дарсан нөхцөл байдлаас үзэхэд өмгөөлөгчийн байр суурийг шүүгдэгч дэмжиж гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх болсон үндэслэл хяналтын журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 684 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН