Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0139

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

  Дугаар 221/МА2017/0139

         Улаанбаатар хот

 

 

Өмнөговь аймгийн Ардчилсан намын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, А.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Ө.Баянмөнх нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас гарсан 1/1, 1/2, 1/3, 1/4 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9 цагт хуралдуулахаар товлосон. Хуралдааныг товлосны дагуу Ардчилсан намын бүлэг 9 цагт Нутгийн удирдлагын ордонд очин хуралдаан эхлэхийг хүлээж байгаад 11 цагт хуралдааны танхимд суудлаа эзэлсэн. Ингээд хуралдааны танхимд 11 цагаас хойш хүлээсэн боловч МАН-ын бүлэг хуралдаандаа ирээгүй. Иймд Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаа хийсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт хурлын анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж байгаа хурлын Тэргүүлэгчид дээр дурдсанчлан товоо гаргасан.

Тухайн өдрийн 14 цагт МАН-ын бүлэг хуралдаан эхлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн. 14 цагт болно гэсэн хуралдааны товыг аль нэг газраас товлоогүй. Тухайн өдрийн 09 цагт зарласан хуралдаан 14 цагт болж хойшилсон бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлох ёстой байсан. Хуралдааны тов өөрчлөгдсөн товыг АИТХурлын Тэргүүлэгчдээс гаргаагүй. Иймд 14 цагт болно гэж товлогдоогүй хуралдааныг хийснээрээ анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр бус болох гол нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан товлосон өдрөө буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны 17 цаг 40 минутад хуралд ирвэл зохих төлөөлөгчдийн 57.5% ирсэн гэж үзэн эхэлж анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч Х.Сугир нээж, удирдан явуулжээ. Үүнээс үзэхэд анхдугаар хуралдаан цагтаа эхлээгүй байгаа нь тогтоогдож байгаа хэдий ч цагтаа эхлээгүй нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд бусдын эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

“Хуралдааны ирцийг 57.5 хувьтай гэж үзсэн боловч 17 цаг 40 минутаас 19 цаг 40 минут хүртэлх хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар журалдаанд шинээр сонгогдсон нийт төлөөлөгч болох 27 төлөөлөгчийн олонх болох 55.5 хувь буюу 15 төлөөлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж оролцсон... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасантай нийцэж байна” гэжээ. Шүүх анхдугаар хуралдааны ирц байнга өөрчлөгдөж байсан, яагаад өөрчлөгдсөн, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдаан явагдах хуульд заасан журмыг зөрчсөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Мөн шүүх О.Бадарч, Ц.Доржсүрэн, Д.Батзориг, Б.Баярбилэг нар түр үнэмлэх аваагүй, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад тэднийг оролцуулан уг хуралдааныг үргэлжлүүлсэн нь Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн атлаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь хуульд заасан анхдугаар хуралдаан явагдах журмыг зөрчөөгүй гэж узэж хэргийг шийдвэрлэсэн ойлгомжгүй байна.

“Анхдугаар хуралдаан товлосон цагтаа эхлээгүй, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулахгүй дангаараа хуралдаж хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн шаардлага, тайлбар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтээс үзэхэд шүүхийн үндэслэл болгож байгаа заалт нь Анхдугаар хуралдаан товлосон цагтаа эхлээгүй, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийг оролцуулахгүй дангаараа хуралдаж хуульд заасан журмыг зөрчсөн гэсэнтэй авцалдахгүй дүгнэлт болжээ. Мөн шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг ялгаж ойлгоогүй байдал харагдаж байна.

Түүнчлэн шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, 71 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг товлон зарлах журмыг зөрчсөн болно. Нэхэмжлэгч талаас хууль бус ирцтэйгээр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг баталсан тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хуралдааны товыг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахдаа шүүх хуралдааны товыг өөр асуудал болох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахдаа шүүх хуралдааны дэгийг зөрчиж явуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт “шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана”, 94 дүгээр зүйлийн 94.1, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогч, бусад оролцогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө” 96 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж шүүх хуралдааныг явуулсан. Учир чь шүүгч шүүх хуралдааныг нээж шүүх хуралдааны оролцогч нарын биеийн байцаалтыг шалгалгүйгээр шүүх хуралдаан даргалагч, нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, оролцогч нарт эрх үүргийг нь тайлбарлан, нэхэмжлэгч талын биеийн байцаалтыг шалгаж шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг тодруулсан. Нэхэмжлэгч галаас 5 хуудас давж заалдах шатны шүүхийн магадлалыг гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримттай холбогдуулан хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн биеийн байцаалтаас асуулт асууж, ямар итгэмжлэлээр хэрэгт оролцож байгаа талаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгч тал уг итгэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүгч уг хүсэлтүүдийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулж хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн юм. Шүүх хуралдаан хэрхэн явагдсан талаар бодит байдлаас өөрөөр шүүх хуралдааны тэмдэглэл гарсан байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж явагдсан шүүх хуралдаанаас гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 2016 оны  07 дугаар сарын 18 ны өдрийн 1/5 "Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай", 1/6 "Тэргүүлэгчдийн сонгох тухай" тогтоолуудыг хүчингүй болгоход Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх”, 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох... хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан хуулийн зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж шүүх үзсэн байна.

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан нь анхдугаар хуралдаан бөгөөд сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн эрхийг баталгаажуулах, Засаг дарга, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох хуралдаан юм. Энэ хүрээнд анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд Цогтцэций сумаас сонгогдсон төлөөлөгч нарын эрхийг баталгаажуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр заалтыг зөрчөөгүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд түүний дагуу Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан байна.

Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсний дагуу нотлох баримтыг үнэлээгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ардчилсан намын дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1.5 “Намын дарга нь намын тэргүүн бөгөөд намыг төлөөлнө" гэсэн заалтыг дурдсан байна. Шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлах үед тухайн заалт намын дүрэмд байхгүй байсныг нотлох баримт болгон шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд болон түүний өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулсан байна. Ардчилсан намаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуунд олгосон итгэмжлэл нь Ардчилсан намын нэхэмжлэлтэй хариуцагч Ардын намд холбогдох хэрэгт төлөөлөх эрхийг олгосон байсан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д итгэмжлэлд “захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заана”, 27.5-д “энэ хуулийн 27.4-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан.

Ардчилсан намаас Өмнөговь аймгийн намын хороон дарга Б.Бадраад олгосон 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэх нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Тухайн итгэмжлэл нь Сонгуулийн тухай хуулийн 153.1, Иргэний хуулийн 29.2, 29.5 заалтуудыг үндэслэж олгосон байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар намыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Итгэмжлэлд намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийн хүрээнд тухай орон нутагт сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргад эрх олгосон байна.

Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/5, 1/6 дугаартай тогтоолоор Цогтцэций сумаас сонгогдсон гишүүдийн хурлын төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгосон боловч тэдгээр 4 төлөөлөгчийг шүүх нь гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаар Цогтцэций сумаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байхад тэднийг шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас гаргасан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ардчилсан нам Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан байна.

“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад Даланзадгад хотод хуралдуулахаар товлож, уг хуралдаанаар шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, шинээр сонгогдсон Төлөөлөгчдөөс Тэргүүлэгчдийг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх” зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоол гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасантай нийцсэн байна.

Улмаар дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 95 дугаар тогтоолоор товлосон хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хуралдах байсан боловч МАН-ын нэр бүхий төлөөлөгчид анхдугаар хуралдааны товлосон цагт уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар анхдугаар хуралдааныг товлон зарласан өдрийн 17 цаг 40 минутад иргэдийн Төлөөлөгчдийн 57.5 хувийн ирцтэйгээр, тус хуралдаанд ирсэн иргэдийн Төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Х.Сугар нээж, хуралдааныг удирдан явуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан уг хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж  заажээ.

Хэдийгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан нь товлосон цагтаа хуралдаагүй болов ч, товлон зарласан өдрийн 17 цаг 40 минутад шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр анхдугаар хуралдаан хуралдсан бөгөөд уг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч О.Бадарч тус хуралдааныг нээх үед хуралдаанд хүрэлцэн ирээгүй байсан учраас хүрэлцэн ирсэн Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь болох Х.Сугир хуралдааныг нээж, 17 цаг 40 минутаас 19 цаг 40 минутын хооронд Хурлыг даргалсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн нарын тайлбараар тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан нь дээрх хууль болон хурлын дэгийг зөрчиж хуралдаагүй байна.

Нөгөөтэйгүүр Ардчилсан намын бүлгийн дарга Л.Батчулуун анхдугаар хуралдаанд оролцож “... Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаас та бүхэнд тоймлон танилцуулж, Сонгуулийн тойргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Иймд манай намын бүлгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанд оролцох боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа” гэсэн мэдэгдлийг хийж, анхдугаар хуралдаанд оролцохгүй орхин гарсан зэргээс үзэхэд Ардчилсан намын бүлэг анхдугаар хуралдааныг товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тус анхдугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзлээ.

Тиймээс дээрх дүгнэлтээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална” гэж заасан байх тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдаан хууль бус биш бөгөөд уг хуралдаанаас гарсан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолууд нь Өмнөговь аймгийн Ардчилсан намын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас сонгогдсон бүлгийн төлөөлөгчид анхдугаар хуралдааныг товыг мэдсээр байж хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрсдөө хуралд оролцоогүй, мөн асуудлыг хэлэлцэхэд таслах эрхтэйгээр оролцох эрхээ бүлгийн төлөөлөгчид хэрэгжүүлээгүй атлаа анхдугаар хуралдаанд Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр хуралдсан гэж Өмнөговь аймгийн Ардчилсан нам маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батзориг, Ц.Доржсүрэн, О.Бадарч, Б.Баярбилэг нарын нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийтгэврээр тогтоосон гэх үндэслэлээр дээрх нэр бүхий нэр дэвшигчдийг сонгуулийн нэрийн жагсаалтаас хасаж, Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 ны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоол гаргасан байна.

Улмаар Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нь “түр үнэмлэх олгохыг хойшлуулах” тухай 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар дугаар тогтоолоор  өмнө гаргасан дээрх 16 дугаар тогтоолоо хүчингүй болгосон баримт хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “а/Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал, б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх, в/ тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх, г/ Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”  гэж зааснаас үзэхэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолууд нь өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд Хурлаас гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

Тодруулбал, Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд Цогтцэций сумын 14 дүгээр тойргоос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр шинээр сонгогдсон Д.Батзориг, Б.Баярбилэг, Ц.Доржсүрэн, О.Бадарч нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хуралдаанд оролцсон олонхийн саналаар хүлээн зөвшөөрсөн, мөн хурлын Төлөөлөгчдийн олонхийн санал авсан Хурлын Төлөөлөгч Б.Баярбилэг, Д.Батзориг нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгосон 1/5, 1/6 дугаар тогтоолыг дээрх хуулиар олгосон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, дээрх тогтоолоор Д.Батзориг, Ц.Доржсүрэн, О.Бадарч, Б.Баярбилэг нарыг нэгэнт Хурлын Төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрсөн байх тул эдгээр Хурлын Төлөөлөгчдийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй” гэж зааснаар чөлөөлөх, огцруулах үндэслэл байгаа эсэх талаар маргахаар байна.

Тиймээс дээрх дүгнэлтээр болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намын “...аймгийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд ноцтойгоор халдаж, Сонгуулийн тухай хуулийг болон бусад хуулийг зөрчсөн ...” гэж гаргасан үндэслэлээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоох, уг хуралдаанаас гаргасан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/5, 1/6 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6-23.9, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гаргасан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах” тухай Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

 

                                    ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР