Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/246

 

    

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                

     Хэргийн индекс: 307/2025/0191/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2518000000284 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** сургуулийн *** ажилтай, ам бүл ***, *** хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг *** дугаар хороолол ** дугаар байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг *** оюутны байрны ** тоотод түр оршин суух хаягтай,

Урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ** оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

*** (РД:***)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-9 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-33 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэн, уг ялыг эдэлж байх үедээ буюу, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд, Дархан сум, Малчин багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Toyota Приус 20 загварын тээврийн хэрэгслийг 0.35 хувийн согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон” гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-н 8-9 дүгээр тал),

-Гэрч ***: “...Би Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг Буурал хангайн постод үүрэг гүйцэтгэж байсан юм. Ингээд зам дээр хяналт шалгалт хийж байхад Дархан талаас *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 орж ирэхээр нь зогсоож шалгасан юм. Тухайн машины жолооч эрэгтэй хүн байсан ба тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөөд жолоодох эрхээ хасуулчихсан гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би тухайн жолоочийн регистрийн дугаараар шалгасан Эрдэнэбат овогтой Түмбаяр гэх хүн байсан ба дараа нь согтуурал тандагч багажаар үлээлгэж шалгахад багаж сигнал өгсөн. Би юу хэрэглэсэн талаар асуухад гэртээ айраг уусан гэсэн юм ярьж байсан. Ингээд би пост руугаа дагуулж ороод тухайн жолоочийг драйгер багажаар үлээлгэж шалгахад 0,35%-ийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *** оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-33 дугаар тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 0.35 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн. Мөн *** оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 1 хоногийн дараа 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон нь шүүгдэгч *******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлахгүй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээс эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 9 хоногийг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 11 сар 9 хоногоор тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна.” гэх саналыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлөө ярьдаг. Айрагийг согтууруулах ундааны зүйл гэж мэдээгүй, гэхдээ айраг уугаад машин барьсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Согтуурал шалгадаг багажаар шалгахад харьцангуй бага буюу айраг уусан байх боломжтой байсан. Гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурлын зэрэг нь 0.35 хувийн согтолттой байгаа байдал зэргийг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн *******ын хувийн байдлын хувьд ам бүл 3 ч гэсэн эхнэр нь гадаадад сурдаг, одоогоор ******* нь Дархан-Уул аймгийн Цайхун сургуульд нэг жилийн урилгаар ирж багшилж байгаа. Охиноо энэ хугацаанд ээж дээрээ түр үлдээгээд ирсэн. Сарын цалингийн хувьд 1,4 сая төгрөг байдаг үүнээсээ хоёр зээлийг төлж, хажуугаар үр хүүхэд, эхнэрийгээ сурах төлбөрийг өгдөг. Иймд Миний үйлчлүүлэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Улсын яллагчийн хувьд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд уг гэмт хэргийг 2 дахь удаагаа үйлдсэн байх тул нийгмээс тусгаарлаж, хүмүүжүүлэх шаардлагагүй гэж дүгнэж байна. Мөн манай үйлчлүүлэгч насанд хүрээгүй хүүхэдтэйгээ цуг амьдардаг, олон зээл төлдөг зэрэг байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бүсийг нь Орхон аймгаас гарахгүй байхаар тогтоож өгнө үү. Эрх хасах ялын хувьд тусгайлан гаргах саналгүй.” гэх саналыг тус тус гаргасан.  

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******т тус шүүхийн *** оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэж байсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг түүний хувийн байдалд авч үзэх нь зүйтэй.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг өөрийн оршин суух хаяг буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулах бөгөөд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулдаг.

Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заавал оногдуулахаар заасан эрх хасах нэмэгдэл ял болон үндсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зөв байна. 

Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 445 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/-р “...торгуулийг бүрэн хэрэгжүүлсэн, эрх хасах нэмэгдэл ялын хяналтад байдаг. Үлдсэн 01 жил 11 сар 16 хоног” гэсэн бөгөөд шүүх хуралдаан болох өдөр шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн эрх хасах ялын хугацаа 01 жил 11 сар 9 хоног байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 9 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 9 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж, нийт 4 жил 11 сар 9 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 4 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ