Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01856

 

 

 

 

 

 

 

 

 

      2022 оны 06 сарын 08 өдөр

                Дугаар 183/ШШ2022/00000

                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Токиогийн гудамж-0 хаягт байрлах У  ОНӨААТҮГ /РД:00000-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 хэсэг, дүнжингарав гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух  Н.Ч /РД:000000000/ холбогдох,

 

Гэрээний үүрэгт 4,143,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,С.О,

хариуцагч: Н.Ч нар оролцож,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У Снь гэрээний үүрэгт 4,143,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ч холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай байгууллага нь Нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгжийг унд, ахуйд нийцсэн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. Иргэн Н.Ч нь 2009.08.21-нд манай байгууллагатай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50, 53, 54, 55-р байруудыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах №00000 тоот гэрээг байгуулсан. 2014 оны 8 сараас усны төлбөрийн өр үүсгэж, хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.3 “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх”, “цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээний 2.5 “ хэрэглэгч нь хангагчийн тавьсан төлбөрийн нэхэмжлэлд заасан хугацааны дотор төлбөрийг төлнө” гэсэн заалтыг зөрчин 2021 оны 10 дугаар сарын байдлаар үндсэн төлбөр 4,063,975.48 төгрөгийн өр, төлбөртэй болсон. Иймд иргэн Н.Чаас гэрээний үүргийн дагуу үүссэн өр төлбөр болох 4,063,975.48 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,397.6 төгрөг,нийт 4,143,973 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас нийт 2013 оноос 2016 он хүртэл хуримтлагдсан өр төлбөр буюу нийт 4,062,977 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь манай байгууллагатай гэрээ хийсэн боловч И.Н ХХК руу шилжүүлсэн гэж ярьдаг. Гэвч албан ёсоор энэ талаар биеэр болон бичгээр мэдэгдэж байгаагүй. Иймээс Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шинж чанарыг агуулж байгаа тул усны үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 08 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 261 тоот газарт ус түүвэр хэрэглэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Тухайн үед өөрийн газар дээр орон сууцны барилга бариулах зорилготой байсан тул нэхэмжлэгчтэй очиж уулзан хүсэлт гарган, усаар хангуулах гэрээ хийсэн. Миний газар дээр барьсан барилга 2012 онд ашиглалтад орж 2012 оны 12 сарын 03-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. Миний хувьд тэр хүртэл барилга барьж байсан хүмүүсийг дэмжин ажиллаж байсан. Харин Улсын комисс хүлээн авснаас хойш энэ үйл ажиллагаанд би оролцоогүй. Би зөвхөн газрын эзэн, барилга надтай холбогдолгүй цаашид оршин суугч, хэрэглэгч байгуулагчтай хүлээлцээд яв гээд би амаар тайлбар өгч байсан. Мөн хэрэглэгчийн төвд бичгээр энэ талаар тайлбар гаргасан. Гэвч нэхэмжлэгч хүлээж аваагүй, энэ гэрээг тантай байгуулсан учир бусдад шилжүүлж болохгүй гэх тайлбар өгсөн. Би гадаад улс руу явах гэж байсан учир 2013 оны 09 сарын 15-ны өдөр ус, дулаан шугам дамжуулах хэлцэл хийн, энэ хэлцлээ Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т өгч байсан. Гэтэл И.Н  ХХК нь тэр үеийнхээ хуулийн зохицуулалтаар 700 аж ахуйн нэгжтэй гэрээтэй байгууллагатай гэрээ байгуулна гэж байсан. Тэр үед И.Н  ХХК нь сантехник, угсралтын компани байсан учир тус компанитай гэрээ хийн, ус төлбөр тооцоо, хэрэглэгчийн кодтой гэж очиж уулзсан. Гэвч У ОНӨААТҮГ гэрээ хийх боломжгүй харин төлбөрөө тохиролцож болно гэсэн. 2011 оны 05 сард өр төлбөр барагдуулах график байгуулж байсан. 2013 оны 09 сард И.Н   ХХК-д шилжүүлж өгөөд У0 ОНӨААТҮГ-тай тооцоо нийлэх үед надад үлдсэн ямар ч төлбөр тооцоо байгаагүй. Үүнээс хойших төлбөр тооцоог Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ надаас нэхээд байдаг. Би 2009 онд байгуулсан гэрээнээс татгалзаж байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас гэрээнээс сайн дураар татгалзаж энэ талаараа нэхэмжлэгчид амаар болон бичгээр мэдэгдсэн. И.Н   ХХК гэрээний үүргийг хүлээн авч, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай уулзуулж үүнээс хойш И.Н  ХХК усны төлбөр тооцоог төлөөд явж байсан нь дансны хуулгаар нотлогддог. Үүнээс харахад би хариуцагчаар татагдах этгээд биш байна. Нэхэмжлэгч тал 2013 оноос 2016 оны төлбөр нэхэж байгаа мөртлөө нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрийг хэрхэн тооцож гаргасан талаар тодорхойгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2009.08.21-ний өдрийн №000000 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, 2018.02.08-ны өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 01/68 тоот албан бичиг, 2017.07.19-ний өдрийн УСУГ болон иргэн Н.Ч, И.Н ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан сонсох ажиллагааны протокол, 2021.06.18-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2020.12.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/0 дугаартай 00шийдвэр, 2020.10.12-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/000 захирамж, 2020.07.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2020/0000 дугаартай захирамж, 2016.12.15-ны өдрийн 183/ШЗ2016/0000 дугаартай захирамж, 2018.05.01-ний өдрийн 183/ШШ2018/000 дугаартай шийдвэр, 2018.06.22-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1452 дугаартай магадлал, 2019.07.08-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/000 дугаартай захирамж, 2020.01.01-2021.10.31-ний өдрийн хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2018.01.01-2020.12.31-ний өдрийн хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2017.01-2017.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо,  2016.01-2016.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо,  2015.01-2015.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2014.01-2014.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2015.01-2015.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2015.01.01-2015.12.31-ний өдрийн Төлөлтийн өдрийн тайлан, Хаан банкны депозит дансны хуулга, 2014.01-2014.12 сарын хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, 2014.01.01-2014.12.31-ний өдрийн Төлөлтийн өдрийн тайлан, дансны хуулга, 2013.01.01-2013.12.31-ний өдрийн Төлөлтийн өдрийн тайлан, 2016.01.01-2016.08.31-ний өдрийн Төлөлтийн өдрийн тайлан, зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагчаас 2013.09.15-ны өдрийн Гадна инженерийн шугам сүлжээ ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гэрээ, 2009.08.21-ний өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Цэвэр бохир усны төв шугам сүлжээн дээр баригдаж, улсын комисст хүлээлгэн өгөөгүй 240812 кодтой иргэн Н.Ч хэрэглэгчийн аж ахуйн гэрээнд тусгасан нэмэлт заалт,  2016.03.22-ны өдрийн протокол-4, 2012.12.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Хаан банкны дансны хуулга, 2018.10.12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын 02-03/3935 тоот албан бичиг, тодорхойлолт, 2022.06.08-ны өдрийн тодорхойлолт, 2016.11.09-ний өдрийн Ус сувгийн удирдах газрын 12/0000 тоот албан бичиг, 2016.11.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2016/0000 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж, 2016.11.22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1/000 тоот албан бичиг зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч У  ОНӨААТҮГ хариуцагч Н.Ч холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Н.Ч холбогдох У  ОНӨААТҮГ-ын гаргасан гэрээний үүрэгт 4,143,973 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч У  ОНӨААТҮГ нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 50, 53, 54, 55 дугаар байруудыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах №240799 тоот гэрээний үүрэгт 4,143,973 төгрөгийг  хариуцагч Н.Чаас  гаргуулахыг хүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар У  ОНӨААТҮГ нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Н.Чтай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /түр/ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр хангагч нь хүн амын унд-ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хэрэглэгчийг тасралтгүй найдвартай хангаж, бохир усыг татан зайлуулж, хэрэглэгчийн хэрэглээнээс гарсан бохир усыг биологийн аргаар цэвэрлэж, цэвэршилтийн түвшинг 93-95 хувь хүртэл цэвэрлэх үүрэг хүлээж, хэрэглэгч нь хангагчийн тавьсан төлбөрийн нэхэмжлэлд заасан хугацааны дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 6 хуудас/

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа Иргэний хуулийн 243.1-т заасантай нийцэж байна.

 

            Хариуцагч нь “...Гэрээний эрх үүргээ Н ХХК-нд шилжүүлсэн тул төлбөр тооцоог Н ХХК хариуцах учраас Н ХХК-аас шаардах хэрэгтэй. Мөн миний гэрээний хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар тогтоож чадаагүй, тодорхойгүй. Би энэ байрнаас нэг литр ус ч аваагүй. Н ХХК гэрээний үүргийг хүлээж авч, У ОНӨААТҮГ-тай уулзуулж үүнээс хойш Наяд трейд  ХХК усны төлбөр тооцоог төлөөд явж байсан нь дансны хуулгаар нотлогддог. Үүнээс харахад би хариуцагчаар татагдах этгээд биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэж маргадаг.

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.22-ны өдрийн 0000 дугаартай магадлалаар хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн, маргааны үйл баримтыг тогтооход гуравдагч этгээдийг татан оролцуулах нь ач холбогдолтой гэжээ.

 

            Хариуцагч Н.Ч нь Н ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирал нь нас барсан, үйл ажиллагаа явуулж байгаа болон хаягийн мэдэхгүй гэж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Иймээс Н ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй болно. Мөн Ц.Д нь хариуцагч Н.Чын гэр бүлийн гишүүн буюу эхнэр болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул Ц.Д-ас гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх үзэж уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ”, мөн хуулийн 12.2.3-т “цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.7-д “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ” эрхлэхийн тул хуулийн этгээд нь Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна” гэж заажээ.

 

Хариуцагч  Н.Ч нь өөрийн өмчлөлийн газар дээр орон сууц бариулж, уг барилга байшинг ашиглалтад оруулахын тулд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг нэхэмжлэгчтэй газар өмчлөгч иргэний хувиар үйлчилгээг нэхэмжлэгчээс худалдан авахад хуульд зааснаар тусгай зөвшөөрөл шаардаггүй байна. Гэтэл уг үйлчилгээг худалдан авах ажиллагааг хуулийн этгээд авах тохиолдолд  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл шаарддаг байх бөгөөд хариуцагчийн Н ХХК-нд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний эрхийг шилжүүлсэн, уг гэрээний эрхийг шилжүүлж авсан гэх Наяд трейд ХХК нь тусгай зөвшөөрөлгүй тул гэрээ байгуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь дээрх хуулийг зөрчиж Наяд трейд ХХК-тай гэрээ байгуулах эрхгүй тул хариуцагчийн  цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний эрхийг Н ХХК-нд шилжүүлсэн гэх тайлбарыг шүүх зөвтгөх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь улсын хэмжээнд  тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд манай байгууллагад бүртгэлтэй Н ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч Н.Ч шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Н0 ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох талаарх баримтыг шүүхэд хариуцагч ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж чадаагүй болно.

Хариуцагч Н.Ч Н0 ХХК нар нь 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Гадна инженерийн шугам сүлжээ ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу У0 ОНӨААТҮГ нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Н.Ч Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээний эрхийг шилжүүлэхэд эрх бүхий этгээд болох У ОНӨААТҮГ-аас зөвшөөрөл авч, гэрээний эрхийг шилжүүлэхээр байна. Учир нь Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний эрхийг хуулийн этгээд худалдан авах тохиолдолд хуульд зааснаар тусгай зөвшөөрөл шаардаж байна./

 

Иймээс хариуцагч Н.Ч Н ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, эрхээ тус Наяд трейд ХХК-тай байгуулсан гэрээний хувьд уг компанид шилжүүлээд байгаа боловч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын зөвшөөрөл байхгүй тохиолдолд Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний эрхийг шилжүүлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Наяд трейд ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Н.Чын нэхэмжлэгчтэй байгуулсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэг болох төлбөр төлж байсныг гэрээний эрхийг шилжүүлж авсан гэж шүүх дүгнэх үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээ авч байгаа этгээд уг гэрээний эрхээ бусдад шилжүүлэхдээ хуульд нийцүүлж, эрхээ шилжүүлнэ. Харин хариуцагч Наяд трейд ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох тул хангагч  буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

           Иймд Н.Чаас 4,143,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чаас 79,397 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 243 дугаар  зүйл 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч-аас гэрээний үүрэгт 4,143,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-т олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 79,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чаас улсын тэмдэгтийн хураамжид  79,397 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У  ОНӨААТҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                           

                                       ШҮҮГЧ                                   Ц.О