Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01887

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны 06 сарын 08 өдөр               Дугаар 183/ШШ2022/01887                 Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 000 тоотод оршин суух Г.Н /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар 00 мянгат гудамж, 0 дүгээр байр, 00 тоотод оршин суух, Т.О /РД:000000000-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 58,273,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

 

Нэхэмжлэгч Г.Н нь 2019.09.16-ны өдөр хариуцагч Т.Отэй Зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай 70,000 доллар буюу 186,760,000 төгрөгийг 1 сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Т.О нь зээлийг хугацаанд нь буюу 2020.03.16-ны өдөр эргүүлэн төлөөгүй бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт хийгээгүй. Т.О нь зээлийн гэрээний үүргээ 2020.03.16-ны өдрийн дотор гүйцэтгэх байсан ч биелүүлэхгүй явсаар 2021.01.05-ны өдөр бүрэн төлж дуусгасан боловч хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг нэхэмжлэгчид төлөөгүй юм. Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасны дагуу 2020.03.17-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн 20,000 долларыг төлсөн 2020.08.18-ны өдөр хүртэл 155 хоногт 933,800 /0.5 хувь/ төгрөгийн алданги  тооцоход нийт 144,739,000 төгрөгийн алданги болж байгаа. Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 186,760,000 төгрөгийн тавин хувийн алданги 93,380,000 төгрөг болж байна. Хариуцагч Т.О нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020.04.20-ны өдрөөс үндсэн зээлийг төлж дуусах хүртэл  хугацаанд сар бүр 670 доллар-1750 доллар хүртэлх нийт 12,320 доллар нэхэмжлэгч рүү шилжүүлсэн бөгөөд энэхүү дүнг Монгол банкны 2022.01.23-ны өдрийн валютын ханшаар 2849.5 төгрөгт тооцоолоход 35,106,209 төгрөг болж байна. Зээлийн үндсэн төлбөр 186,760,000 төгрөгийн 50 хувийн алданги 93,380,000 төгрөгөөс хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн хугацаанд төлж байсан 35,106,209 төгрөгийг хасахад 58,273,791 төгрөг болж байна. Иймд Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Т.Оээс зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй алданги 58,273,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч талын татгалзлын агуулга:

 

Г.Нийн нэхэмжлэлтэй Т.Од холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс доорх үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Т.О миний бие Жи Ти Ди Эм ХХК-ийн захирлаар ажиллаж Итали, Испани улсаас импортоор бүх төрлийн дарс оруулж худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг ба 2019 оны 9 сард импортоор оруулж ирсэн бараануудаа гаалиас даруй авахгүй бол хүйтэн болж хөлдөх эрсдэлтэй байсан тул иргэн Г.Нтэй 2019.09.16-ны өдөр Зээлийн гэрээний үндсэн дээр 70,000 ам долларыг сарын 2.5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь компанийнхаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, нарны зам 1-13 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 140 м.кв талбай бүхий объектыг тавьсан ба зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг нотариатаар батлуулсны дараа нотариатын үүдэнд гэрээнүүдэд нь надад байж байг, дараа нь аваарай гэж хэлээд Г.Н өөртөө авч үлдсэн ба Г.Н эгчийг олон жилийн өмнөөс мэддэг, хүндэлдэг, өмнө нь нэг удаа түүнээс зээл авч буцааж төлж байсан болохоор итгээд тухайн үед элдэв зүйл бодолгүй, зөвхөн мөнгөө аваад л явсан. Миний зүгээс ковидын нөхцөл байдлаас шалтгаалж барааны эргэлт байхгүй, худалдан авалт зогссон боловч бид тухайн цаг хугацаанд авсан зээлийн хүүг сар бүр төлж ирсэн ба зээлийн гэрээг нэгдүгээрт ямар хугацаатай байгуулсан эсэхийг мэдэх боломжгүй байсан, хоёрдугаарт зээлийн хүүнд сар бүр 1750 ам доллар төлж ирсэн, Г.Нийн зүгээс сар бүрийн зээлийн хүүний төлөлтийг зөвшөөрч ямар ч байдлаар маргаан хийгээгүй, 2020 оны 5 дугаар сард нэг удаа л та нарыг харж үзье гээд сарын 2 хувиар зээлийн хүүг тооцож төл гэж хэлсний дагуу тухайн сард нь 1400 ам доллар төлж байсан, 2020.12.14-ний өдөр Г.Н нь надтай ярьж 1 сарын зээлийн хүүнд тооцуулж 2,568,100 төгрөгийн архи, виски, виног 13 дугаар хороололд байрлах Good wine нэрийн дэлгүүрээс худалдагч З.Цэцэгдэлгэр, нягтлан бодогч З.Гэрэлтуяа нараас нөхөр, хүргэн, охины хамт ирж авч явсан.

2020.08.19-ний өдөр 20,000 ам долларыг үндсэн зээлийн төлөлт хийснээр 50,000 ам долларын зээлийн үлдэгдэлтэй болж  тухайн үлдэгдэл мөнгөнөөс сарын 2.5 хувиар зээлийн хүүг тохиролцон тооцож сар бүр 1250 ам.долларыг төлж эхэлсэн, 2020.09.18-ны өдөр 10,000 ам.долларыг үндсэн зээлд төлснөөр 40,000 ам.долларын үндсэн зээлийг бүрэн төлж дуусгасан. Хэдийгээр ковидын нөхцөл байдал хүнд байсан боловч дунджаар 18 сарын хугацаанд сар бүр 3,770,000 төгрөгийг төлж байсан ба нийт зээлийн хүүнд 23,820 ам.доллар /2849.53/ буюу нийт 67,875,804.6 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэлд дурдсаны дагуу Г.Н нь зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгахгүй талаар надад огт мэдэгдээгүй, хариуцагчийн зүгээс өндөр хүүтэй, ханшийн хэлбэлзэлтэй ам.долларын зээл болон зээлийн хүүгээ сар бүр авч байсан мөртөө үндсэн зээл, хүүгийн хамт төлөгдсөний буюу нэг жилийн дараа шүүхэд өгч байгаад гайхаж байгаа төдийгүй шүүхэд хандахын тулд анхнаасаа нотариат дээр гэрээ хийсний дараа гэрээний нэг хувийг өгөөгүй, барьцаанд байгаа гэх компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 1-13 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 140 м.кв талбай бүхий объектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь буцааж авъя гэж компанийн борлуулалтын албаны дарга Д.Баттулга очиход энд, тэнд ч байгаа гэж өдрийн турш дагуулж явж байгаад олдохгүй байна гэж хэлснээс хэд хоногийн дараа нэхэмжлэгч Г.Н нь танай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн байна гэж хэлсэн.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдээгүй, зээлийн гэрээний хувийг өгөөгүй тул зээлийн гэрээний хугацаа болон нэхэмжлэгчээс зээлийн гэрээг дуусгавар болгосон, гэрээнээс татгалзсан талаар огт мэдэгдээгүй, коронавирус цар тахлын үед таарсан хэдий ч хариуцагчийн хувьд тухай бүр сар сард нь зээлийн хүүг төлж ирсэн, үндсэн зээл болон зээлийн хүү төлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгч Г.Нийн зүгээс аливаа байдлаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, тэр ч байтугай нэхэмжлэгч нэг сарын зээлийн хүүг хөнгөлж байсан, зээлийн хүүнд тооцож хариуцагчаас бараа бүтээгдэхүүн авч байсан зэрэг нь зээлийн гэрээний хугацааг зээлийн хүү төлөлттэй хамааралтайгаар тухай бүр сунгаж байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчээс зээлийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 000000000 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Монгол банкны 2022.01.23-ны өдрийн өдрийн хаалтын ханш зэрэг баримтуудыг,

 

Хариуцагчаас Good wine  дэлгүүрийн 2020.12.14-ний өдрийн зарлагын падаан, 99118976, 99119681 дугаарын утастай харилцсан мессежний зураг  зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Г.Н хариуцагч Т.Од холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Т.Од холбогдох Г.Нийн гаргасан зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 58,273,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

А. Нэхэмжлэгч Г.Н  хариуцагч Т.Од холбогдуулан 2019.09.16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 58,273,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Зохигч дараах үйл баримтад маргаагүй байна.

 

1. Г.Н нь Т.Од 2019.09.16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 70,000 ам.доллар буюу 186,760,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.

2. Зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, нарны зам 1-13 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 140 м.кв талбай бүхий объектыг барьцаалсан.

 

3. Т.О гэрээний хугацаанд хүүний төлбөр төлж байсан.

 

4. Т.О зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2020.08.19-ний өдөр 20,000 ам.доллар, 2020.09.18-ны өдөр 10,000 ам.доллар, 2021.01.05-ны өдөр 40,000 ам.долларыг тус тус төлж зээлийн үүргээ бүрэн биелүүлсэн талаар талууд маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ дуусах хугацаа 2020.03.17-ны өдрөөс зээлийн гэрээг гүйцэтгэх хүртэл хугацаа 2020.08.18-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг нэхэмжилж байна. Ингэхдээ хариуцагчийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацааны хүүний төлбөрийг хасаж тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу алдангийн 50 хувь буюу 58,270,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээл төлж байх хугацаанд ковидын цаг хугацаа давхцаж, нөхцөл байдал хүнд байсан ч гэрээний үүргийг хүүгийн хамт төлж дуусгасан.  Г.Н зээлийн гэрээний хугацааг цааш сунгахгүй, гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагчид огт мэдэгдэж байгаагүй. Сар бүр гэрээний дагуу хүү төлөөд явж байсныг хүлээн зөвшөөрч авч байсан тул алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Н 2019.09.16-ны өдөр 70,000 ам.долларыг нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 2020.03.16-ны өдрийг хүртэл хугацаатайгаар хариуцагч Т.Од зээлэхээр зохигчдын хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна. /х.х-ийн 4 хуудас/

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-т “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан тул гэрээгээр тохиролцсон алданги нэхэмжилж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020.03.16-ны өдөр дууссанаас хойш хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх хүртэл буюу 2020.08.19-нийг хүртэл зээлийн хүүг гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээгээр төлж байсан  бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч 2019.09.16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020.03.16-ны өдөр дууссан, гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар хариуцагчид мэдэгдээгүй атал, хариуцагчаас зээлийн гэрээний нөхцөлийн дагуу шилжүүлсэн хүүгийн хэмжээгээр хүүг тооцож авч байсан үйлдлийг  зээлийн гэрээний хугацааг сунгахыг бодит үйлдлээрээ зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Т.Оийг зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хэлцлийн саналыг Г.Нт тавьж, саналын хариуг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 58,273,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үүнээс нэхэмжлэгч нь  хариуцагчаас 2,568,100 төгрөгийн бараа авсан төлбөрийг хасаж алдангид нэхэмжилсэн 55,704,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Оээс зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 55,704,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай 

                                 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.О