| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0220/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/259 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0220/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ад холбогдох эрүүгийн 2518000000254 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 26-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, **, ** ** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, ** тоотод оршин суух боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай
Т*** (РД: ***)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/, хохирогч******* мэдүүлэг /хх-ийн 06, 56-57 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 дугаар тал/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, тэмдэглэл /хх-ийн 18-23 дугаар тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар байрны 02 тоотод үйл ажиллагаа явуулах "***" махны дэлгүүрт хамтран амьдрагч******* зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/,
- хохирогч******* өгсөн: “...би Дархан сумын 11 дүгээр баг *** дугаар байрны 02 тоотод байрлах "***" махны дэлгүүрийг нөхөр Д. *** хамт ажиллуулдаг юм. 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нөхөр *** хамт махны дэлгүүр дээрээ хамт ажилласан бөгөөд манай нөхөр өдөр 14 цагийн үед толгойт орж толгой шийр хуйхална гээд явсан юм. Би дэлгүүр дээрээ ганцаараа ажиллаж байгаад орой 22 цагийн үед гэртээ харихад нөхөр гэртээ ирээгүй байсан бөгөөд хүү 11 настай *** унтчихсан байсан. Тэгээд би ойрын хугацаанд найзуудтайгаа уулзаагүй байсан бөгөөд гэртээ ороод удаагүй найз *** залгахаар нь түүнтэй уулзахаар болоод гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа нөхөр *** "Найз ***уулзахаар гарлаа гэж хэлсэн. Тэгээд гадуур найз ** хамт уулзаж явж байгаад шене 02 цагийн үед салцгаасан. Тэгээд нехер *** над руу залгахаар нь автал жаахан халамцуу бололтой байхаар нь гэртээ хариад хэрүүл маргаан болж магадгүй гэж бодоод ажил дээрээ очоод унтчихсан юм. Тэгтэл намайг ажил дээр унтаж байх хойгуур залгасан байсан. Тэгээд еглее нь буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өглее 09 цагийн үед би махны дэлгүүрээ онгойлгоод ажилласан бөгөөд өдөр 14 цагийн үед нөхөр *** ажил дээрээ нэлээд согтуу байдалтай орж ирээд над руу "Янхан минь чи хаана хоносон бэ" гээд үгийн зөрүүгүй үстэж унагаагаад нуруу, хавирга, толгой хэсэг рүү хелеерее өшиглөж зодсон. Тухайн үед дэлгүүр дотор хүн байхгүй байсан бөгөөд би цагдаа дуудаарай гээд орилоход нөхөр гараад явчихсан... 2025 оны 2 дугаар сард нехер Д**8 нь бас л хардалт сэрдэлтийн асуудлаас болоод гэртээ байхад намайг үсдэж толгой руу цохиж зодож байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Зөрчлийн тухай хуулиар 7 хоног баривчлах шийтгэл хүлээж байсан. Тэрнээс нь өмнө нь намайг зодож байгаагүй. Бид хоёр хамтран амьдраад 13 жил болж байна. Сүүлийн үед намайг хий хардаад байх болсон. Орой үдэш найз нөхөдтэйгөө уулзаад явахаар хардаад хэрүүл маргаан хийх болсон... Тухайн өдөр хамтран амьдрагч ***д зодуулаад цагдаагийн Байгууллагад гомдол гаргаж, мэдүүлэг өгөхөөр ирсэн. Мэдүүлэг өгч байх цаг хугацаанд уур бухимдлаасаа болоод байнга зоддог гэж ярьсан байна лээ. Хамтран амьдрагч Д*** нь намайг байнга зодсон зүйл байхгүй. 2025 оны 02 дугаар сард, 03 сард гээд нийтдээ 2 удаа зодсон юм. Би тухайн үед би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж үзүүлсэн. Өөрөөр ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, эмчилгээ хийлгээгүй. Тиймээс нөхөр **эмчилгээний төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй... Миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол учраагүй. Би хамтран амьдрагч *** учир зүйгээ олж эвлэрсэн, одоо ажил төрлөө хамтдаа хийгээд, хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 06, 56-57 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай “...***-н биед духанд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 дугаар тал/,
- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, тэмдэглэл /хх-ийн 18-23 дугаар тал/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *** биед “духанд зулгаралт, дух, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч *** биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийг махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч **, хохирогч *** нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 33 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д***нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ