| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/04042/И |
| Дугаар | 183/ШШ2022/01796 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2022/01796
| 2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2022/000000 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах И СӨХ /РД:000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо,0 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух Б.А /РД:00000000000/-д холбогдох,
628,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Ц оролцож,
Нарийн бичгийн дарга А.А тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И нь 628,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны, 0 тоотод оршин суугч Б.А нь 2019 оны 3 сараас 2020 оны 8 сарыг дуустал хугацаанд 628,200 төгрөгийг төлөөгүй байна. Энэ хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны хэлж анхааруулах, мэдэгдэл өгөх, сар бүр төлбөрийн хэмжээг сануулах зэрэг арга хэмжээг авч байсан боловч үр дүнд хүрэхгүй байна. Иймд 628,200 төгрөгийн засвар, үйлчилгээний хөлсийг төлүүлж манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэв.
Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 сарын 13-ны өдөр би И-ны гүйцэтгэх захирал болсон. Үүнээс өмнө 2019 оны 08 сард оршин суугчдын хурлаар СӨХ-ны дарга болсон. Б.А тухайн үед СӨХ-ны төлбөр төлдөггүй байсан. Оршин суугчдаас Б.Агаас заавал СӨХ-ны төлбөрийг ав гэсэн хүсэлт гаргасан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засвар үйлчилгээний төлбөрийг авч байж шаардлагатай ажлыг хийх тул хариуцагчаас тус төлбөрийг авч байна. Б.Агаас 2019 оны 03 сараас 2019 оны 11 сар хүртэл СӨХ-ны төлбөр сард 25,000 төгрөг, 2020 оны 05 сараас 2021 оны 08 сар хүртэлх СӨХ-ны төлбөр сард 25,200 төгрөгөөр тооцон нийт 628,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс И-ны гэрчилгээ, 2021.11.29-ний өдрийн И-ны хүсэлт, И-ны 2028.06.08-ны өдрийн 01 тоот хурлын тогтоол, Д.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар, И-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Ирээдүй Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, банкны баримт, айлуудын мөнгө тушаасан тооцоолол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч И хариуцагч Б.Ад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Б.Ад холбогдох И-ны гаргасан 628,200 төгрөг гаргуулах шаардлагаас 625,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч И нь 2019 оны 3-11 дүгээр сар хүртэл 225,000 төгрөг, 2020 оны 5-12 дугаар сар хүртэл 201,600 төгрөг, 2021 оны 1-8 дугаар сар хүртэл 201,600 төгрөг нийт 628,200 төгрөгийн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 51 дүгээр байрны 50 тоотын оршин суугч буюу хариуцагч Б.Агаас гаргуулахыг хүссэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд И нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь 2019.12.13-ны өдрийн 19/45 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /х.х-3 хуудас/
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул И шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
Хариуцагч Б.А нь 2019 оны 3-11 дүгээр сар хүртэл, 2020 оны 5-12 дугаар сар хүртэл, 2021 оны 1-8 дугаар сар хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн талаарх дээрх хугацааны И-ны нэхэмжлэл, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2018.06.08-ны өдрийн 01 тоот тогтоол, 2021.09.15-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг үндэслэн нийт 628,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг И шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд И-ны 2018.06.08-ны өдрийн Сууц өмчлөгчдөөс хураах төлбөрийн хэмжээг тогтоох тухай №01 тоот тогтоолд “...тухайн сууцны ашигтай талбайн хэмжээг 250 төгрөгөөр үржүүлсэн дүнгээр, жижүүр, цэвэрлэгээний зардлыг өрх бүрээс 5,000 төгрөгөөр, лифтний зардлыг айл өрхөөс 10,000 төгрөг байхаар” тооцсон, мөн Б.Агийн оршин суух 51 дүгээр байрны 50 тоот орон сууцны талбайн хэмжээ нь 40 м.кв болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурджээ.
Өөрөөр хэлбэл Б.А сууц өмчлөгчдийн холбооны сарын төлбөрт 25,000 /40 м.кв*250=10,000 төгрөг, жижүүр, цэвэрлэгээ 5,000 төгрөг, лифт ашиглалт 10,000/ төгрөгийг төлөхөөр байна.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.А нь тухайн орон сууцны өмчлөгч болохыг зөвшөөрсөн, маргаагүй болно
И нь 2019 оны 3-11 сар хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 25,000 төгрөгөөр тооцсон нь тус СӨХ-ны 2018.06.08-ны өдрийн Сууц өмчлөгчдөөс хураах төлбөрийн хэмжээг тогтоох тухай №01 тоот тогтоолоор нотлогдож байх хэдий ч 2020 оны 5-12 сар, 2021 оны 1-8 сар хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 25,000 төгрөг баримтын үнэ 200 төгрөг нийт 25,200 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь бөгөөд зардалд баримтын үнэ 200 төгрөг гэх зардлыг батлаагүй байх тул баримтын нийт үнэ болох 3,200 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Иймд 2019 оны 3-11 дүгээр сар хүртэл, 2020 оны 5-12 дугаар сар хүртэл, 2021 оны 1-8 дугаар сар хүртэлх төлбөрийг сарын 25,000 төгрөгөөр тооцож, нийт 625,000 төгрөгийг Б.А нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 625,000 төгрөгийг гаргуулж И-нд олгож, үлдэх 3,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхойгүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.Агаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 625,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 19,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.О