| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/260 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0221/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагчаар Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2518000000252 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 06 дугаар сарын 01-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ****, **** боловсролтой, мэргэжилгүй, "****" ХК-ийн захирал ажилтай, ам бүл, ****нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг **** тоотод оршин суух хаягтай, урьд
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн.
*** (РД: **8)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-н 4 дүгээр тал), хохирогч *** мэдүүлэг (хх-н 16 дугаар тал), гэрч ***н мэдүүлэг (хх-ийн 30 дугаар тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай дүгнэлт (хх-н 35-36 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хх-н 37-41 дүгээр тал), яллагдагч *******ын мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1.Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулах "***” Солонгос хоолны газарт хохирогч *** увийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цээж хэсэгт хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/,
- Хохирогч *** өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед найзууд болох **** нарын хамт хуучин хороололд Байдаг "****с" Солонгос хоолны газарт хоол захиалаад, идэх гээд сууж байхад манай найз **********руу залгаад ярьсан. Тэгээд удаагүй *******орж ирээд намайг “юу байна гичий минь" гээд хэл амаар доромжлоод байхаар нь "Чи одоо яагаад байгаа юм бэ, би чиний мөнгийг бүрэн өгөө биз дээ" гэхэд шууд босож ирээд миний зүүн хавирга хэсэгт гараараа 2 удаа цохиж авахад гартаа хутга барьчихсан байхаар нь би шууд гараад үүдэнд зогсож байхад *******араас "хоёулаа булан тойрч байгаад сайхан зодолдчих уу" гэхэд миний суга хэсэгт халуу дүүгээд байхаар нь би куртикээ тайлаад харсан чинь цус гарчихсан байхаар нь би хутгалсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд Анхбаяр гарч ирээд шууд намайг 103-н хүлээн авах дээр авчирч өгөөд явсан.” гэх мэдүүлэг (хх-н 16 дугаар тал),
- Гэрч *** өгсөн: “2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би гэрээсээ гараад *** гэрээс нь аваад Төгстөгөлдөрийг бас гэрийнх нь гаднаас аваад Дархан сумын 13 дугаар багт байдаг "***" нэртэй хоолны газар орсон. Өмнөх өдөр нь бид хэдийн групп чат дээр маргааш ***-д уулзъя гээд тохирсон байсан. Тэгээд**** ирж байна гэхээр нь *** уулзахгүй би явлаа гээд гараад явсан. Тэгээд гараад явсан чинь зөрөөд **** орж ирээд миний баруун талд суусан. Тэгээд 2, 3 минутын дараа Төгстөгөлдөр дахиж орж ирээд намайг Парк таун руу хүргээд өгөөч гээд надтай уулзах гэж орж ирсэн. Тэгэхэд **** хоёр хоорондоо үг хаяад байсан.****эр үед босож ирээд тэр хоёр мөргөлдөөд хана руу түлхэх шиг болсон. Тэгээд би тэр хоёрыг гаръя хоолны газар байна гээд бид нар хоолны газрын гадаа зогсоож тэр хоёр дахиж үг хаялцаад байсан. Тэгээд **** буцаж ороод *** надтай хамт үлдсэн. Тэгсэн *** "ийшээ нойтон болоод байна сая хатгачих шиг боллоо" гэсэн. Хувцсыг нь сөхөөд харсан чинь хутганы ором шиг ангайсан шархтай цус гарч байсан. Тэгээд бид 2 эмнэлэг орсон. Намайг харахад юугаар хатгасан, яаж хатгасан нь харагдаагүй гарч ирээд явж байхдаа **** бид хоёр мэдсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар тал),
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай “...**** биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/, яаралтай тусламжийн хуудас (хх-н 37-41 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2.Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч Э.Төгстөгөлдөрийн биед “цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол” учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай дүгнэлт (хх-н 35-36 дугаар тал)-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч **** биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, үүнийг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчилж төлүүлэх” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон одоогоор оюутан байгааг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хэдийгээр “***” ХХК-ийн захирал ажилтай гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа болон байнгын орлоготой гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан “торгох ял шийтгэх” саналыг хүлээн авах боломжгүй болно.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Хохирогч *** нь баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, нийт 11,370,801 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөрийн хамт шүүгдэгч *******аас нэхэмжилсэн байна.
Хохирогч *** нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 11,000,000 төгрөгийн нэхэмжлэл нь эрүүл мэндийн шалтгаанаар хэдэн сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, уг хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хор уршгийн зэрэглэлээ тогтоолгон цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх нь зөв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *** 370,801 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Төгстөгөлдөрт 370,801 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэцэд учирсан хор уршиг, ажилгүй байсан хугацааны нэхэмжлэлээ цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ