Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2022/00463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сумын 5 дугаар баг, “Булган энержи” ХХК-ийн байранд оршин суугаа, Б******* овогт Э*******н Н******* д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэл 395,760.95 төгрөг гаргуулах тухай 132/2022/00399/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь хариуцагч Э.Н*******д холбогдуулан гэрээний үүрэгт 395,760.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо” /төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/-т иргэн Э.Н******* нь “Тусгай зөвшөөрөл хүсэх тухай” хүсэлтийг ирүүлснээр нэхэмжлэгч, хариуцагч Э.Н*******тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13000156 тоот “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх “Б” зөвшөөрлийн гэрээ”-г байгуулан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Мөн тус гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болно. Мөн хариуцагч Э.Н******* нь 13000156 тоот “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээ”-ний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрт 395,760.95 төгрөгийг үлдэгдэлтэй байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас хариу тайлбараа ирүүлээгүй байна.

        Нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13000156 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний” гэрээ, хавсралтын хуулбарын хамт, Э.Н*******ийн хүсэлт, “Булган энержи групп” ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, Э.Н*******ийн 395,760.95 төгрөгийг үлдэгдлийн нэхэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь хариуцагч Э.Н*******д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 395,760.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №13000156 дугаартай Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай харилцан тохиролцон байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Иймд “Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ нь хариуцагчаас гэрээний үүргийн дагуу төлбөр 395,760.95 төгрөгийг шаардах эрхтэй.

2.Дээр дурдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам” ын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

3.Хэрэгт авагдсан 13000156 дугаартай Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээнээс харахад Э.Н******* нь 5 жилийн хугацаатай, “Булган Ард” телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авсан болох нь тогтоогдож байх ба харилцаа холбооны зохицуулах хороог төлөөлж дарга С.Адъяасүрэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж Э.Н******* нар хүлээн авч, холбогдох гарын үсгийг зурж, тамгаар баталгаажуулжээ.

Иймд “Харилцаа холбооны зохицуулах хороо” нь 395,760.95 төгрөгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч Э.Н*******ээс шаардах эрхтэй байна.

 4. Хариуцагч Э.Н******* нь эрх, үүрэгтэйгээ 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан, хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхээс саад учруулаагүй учир хэргийн материалтай танилцаагүй байгаа үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Н*******ээс 395,760.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Харилцаа холбооны зохицуулах хороо” ТБАГУТҮГ-д олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 12,523 /арван хоёр мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ