| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/01560/и |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 125
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03351 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.А-д холбогдох
“Г” ХХК-ийн өмчлөл бүхий 83-99 УНӨ Ланд круйзер-200 маркийн автомашиныг М.А нь хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.А-ын хууль бус эзэмшлээс 83-99 УНӨ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Г” ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,
Хариуцагч М.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар миний бие 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэлинк” ХХК-ийн захирал М.А-тай тус компанийн хувьцаа 100 хувь болох 1000 ширхэг хувьцааг 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж худалдан авсан. Гэрээг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, гэрээгээр 1,2 тэрбум төгрөгөөр тус компанийн 100 хувь хувьцаа, түүнийг дагалдаж MV-016913 дугаартай Модот нэртэй ашиглалтын лиценз, 11923А дугаартай Хужихааны худаг нэртэй 2 ширхэг ашиглалтын лиценз худалдан авч, урьдчилгаа 200 000 000 төгрөгийн оронд 83-99 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашиныг М.А-д өгч, үлдэж буй 1 тэрбум төгрөгийн лицензийг ашиглаад, хөрөнгө оруулалтаа нөхөн төлсний дараа ашиг гарсан тохиолдолд тэндээсээ өгөхөөр харилцан тохирсон. Ийнхүү “Г” ХХК-иас хөрөнгө оруулалт татаж, лицензийг ашиглахад асар их хэмжээний зардал гаргаж, бэлэн болсон байсан. Гэвч Ашигт малтмалын газраас урт нэртэй хуульд хамрагдсан тухай мэдэгдсэн. Энэ талаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр АМГ-аас лавлахад үнэхээр MV-016913 лицензийн талбайн нөөц нь бүхэлдээ урт нэртэй хуулийн үйлчлэлд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хамрагдчихсан байсан. Энэ тогтоолд тухайн лицензийг хамруулах төлөвлөгөөг 2010 онд төлөвлөж байсан нь уг лавлагаагаар гарч ирсэн. 2010 онд М.А-ын төрсөн ах М.А нь АМГ-ын Уул уурхай, кадастрын алба эрхэлсэн орлогч дарга байхдаа энэ лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлд дээрх лицензүүд хамрагдсан байсныг нуун далдалж бидэнд худалдсан байсан. Улмаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчны яамнаас “Эрдэнэлинк” ХХК-д ирүүлсэн 6/519 тоот албан бичигт уг лиценз урт нэртэй хуульд хамрагдсаныг тодорхойлсон байдаг. М.А нь төрсөн ахтайгаа нийлж дээрх лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлд орсныг мэдсээр байж надад хэлэлгүй, нуун далдалж хууран мэхэлж зарсны улмаас манай компани өнөөдөр ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Тухайн үед гэрээний огноог Засгийн газрын тогтоол батлагдахаас яг нэг хоногийн өмнө тавьж, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэж гэрээнд бичүүлж хийсэн нь анхнаасаа биднийг хууран мэхлэх зорилготой гэрээ байгуулсан байна. “Г” ХХК уг төслийг хэрэгжүүлэхтэй асар их хохирол хүлээж хохирсон.
М.А нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, түүний бидэнд худалдсан лиценз нь урт нэртэй хуульд хамрагдаж улсад хураагдсан тул бид М.А-д гэрээний урьдчилгаа болгож 84-99 УНӨ болон 83-99 УНӨ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашинуудыг өгсөн бөгөөд уг автомашинуудаас өөрийн нэр дээрх 83-99 УНӨ Ланд Круйзер 200 маркийн автомашиныг буцаан шаардаж байна. Харин 84-99 УНӨ автомашиныг түүний нэр дээр шилжүүлсэн бөгөөд уг автомашиныг шаардаагүй болно. Энэхүү автомашины зах зээлийн үнэ 100 000 000 төгрөг бөгөөд автомашин нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тус компанийн өмч билээ. Гэтэл уг автомашиныг М.А хууль бусаар эзэмшиж замын хөдөлгөөнд оролцож, манай компанийн нэр дээр торгууль, төлбөр хураамж өнөөдрийг хүртэл ирсээр байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасны дагуу “Г” ХХК-ийн өмчлөл бүхий 83-99 УНӨ Ланд Круйзер 200 маркийн автомашиныг М.А нь хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, М.А-ын хууль бус эзэмшлээс 83-99 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашиныг “Г” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан MV-016913А, 11928А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үндэслэлийг Л.Наранбаатар нь өөрийн биеэр манай компанид хийж өгч, Эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулсан байдаг. Иймд Л.Наранбаатар нь дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайд ямар зардал гараад, хэдий хэмжээний ашиг олох боломжтойг надаас илүү сайн мэднэ. Л.Наранбаатар нь намайг залилсан үйлдлээр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар зардал гаргаж, хэдий хэмжээний хохирол болон ашиг олсноо одоог хүртэл тайлагнаагүй байна. Дээр дурдагдсан хоёр тусгай зөвшөөрөл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд уг зөвшөөрлүүдийг Л.Наранбаатар нь гадаадын хөрөнгө оруулалттай Эй Эйч Жи Металс группт 1,5 сая ам.доллараар зарж, улсад төлөх ёстой 450 000 ам.долларын татвараас нуусан байх магадлалтай асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт өгсөн байгаа. Л.Наранбаатар нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийг авч, оронд нь ганц автомашин өгсөн. 6 жилийн хугацаанд миний мөнгийг өгөөгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ланд Круйзер маркийн автомашиныг авах гэж оролдсон байдаг гэж ярилаа. Би эхнэрийнхээ дүүд автомашинаа унуулж байсан. 160 см өндөртэй эмэгтэй хүн дээр 180 см өндөртэй 2 эрэгтэй хүн ирж, автомашинаар замыг нь хааж зогсчихоод автомашинаас буу, зайл гэж айлгасан байдаг. Энэ талаар цагдаагийн газарт гомдол гаргахаар эгчээ та автомашинаа аваачээ, энэ автомашины торгууль манай компанийн нэр дээр гараад байна. Манай захирал намайг танд автомашинаа шилжүүлж аваач гэж хэлэхийн тулд замыг чинь хааж, буу гэж байгаад хэлсэн. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлж байгаад хэргээ хаалгасан байдаг. Нэхэмжлэлд автомашинаа авмаар байна, намайг залилсан гэж бичсэн байсан. Автомашиныг авсан гэрээ байхгүй. Л.Наранбаатар нь миний тусгай зөвшөөрөлтэй хоёр лицензийг авч, 200 000 000 төгрөгийн оронд хоёр автомашин өгсөн. Нэг автомашиныг нь би авсан. Гэрээнд би танд урьдчилгаа болгоод өглөө гэж бичсэн байгаа. Намайг машиныг шилжүүлээд ав гэхээр нь холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлээд Авто тээврийн үндэсний төв дээр очиход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүртгэлд байгаа учраас автомашиныг шилжүүлэн авах боломжгүй гэсэн. Гэрээний урьдчилгааны дагуу надад автомашиныг өгсөн. Надад автомашин шилжүүлэх албан бичиг өгсөн. Тиймээс гэрээний дагуу надад автомашин хүлээлгэж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.А-ыг 83-99 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, түүний хууль бус эзэмшлээс 83-99 УНӨ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашиныг чөлөөлүүлэх тухай Гложекс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү. “Г" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр "Эрдэнэлинк" ХХК-ийн захирал М.А-тай "Эрдэнэлинк" ХХК-ийн хувьцаа 100 хувь болох 1000 ширхэг хувьцааг 10 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдан авсан. Мөн "Эрдэнэлинк" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, гэрээгээр 1.2 тэрбум төгрөгөөр тус компаний 100 хувь хувьцаа, түүнийг дагалдаж МУ-016913 дугаартай Модот нэртэй ашиглалтын лиценз, 11923А дугаартай Хужихааны худаг нэртэй 2 ширхэг ашиглалтын лиценз худалдан авч, урьдчилгаа 200 сая төгрөгийг оронд 83-99 УНӨ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг М.А-д өгч, үлдэж буй 1 тэрбум төгрөгийн лицензийг ашиглаад хөрөнгө оруулалтаа нөхөн төлсний дараа ашиг гарсан тохиолдол тэндээсээ өгөхөөр харилцан тохиролцсон болно. Харин М.А нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж, түүний бидэнд худалдсан лиценз нь урт нэртэй хуульд хамрагдаж улсад хураагдсан тул бид М.А-д гэрээний урьдчилгаа болгож өгсөн 83-99 УНӨ дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашинуудыг өгсөн бөгөөд уг автомашинуудаас өөрийн нэр дээрх 83-99 УНӨ Ланд круйзер 200 маркийн автомашиныг буцаан шаардсан болно. Энэхүү автомашины зах зээлийн үнэ 100 сая төгрөг бөгөөд автомашин нь нэхэмжлэгч "Г" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тус компаний өмч билээ. Уг автомашиныг М.А хууль бусаар эзэмшиж замын хөдөлгөөнд оролцож манай компаний нэр дээр торгууль, төлбөр хураамж өнөөдрийг хүртэл ирсээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч М.А-ыг дээрх автомашиныг хууль бусаар эзэмшээгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасны дагуу "Г" ХХК-ийн өмчлөл бүхий 83-99 УНӨ Ланд круйзер-200 маркийн автомашиныг М.А-г хууль бус эзэмшилийг тогтоож, нэхэмжлэгчид өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож уг автомашиныг шаардсан. Гэвч анхан шатны шүүхээс дээрх автомашиныг М.А-д харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн тул хууль бус эзэмшил биш гэж дүгнэжээ. Талууд гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээний үр дүн болох лиценз нь Ашигт малтмалын газраас урт нэртэй хуульд хамрагдсан тухай мэдэгдсэн тул уг гэрээний үр дүн биелэгдээгүй. Энэ талаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр АМГ-аас лавлахад үнэхээр МХ/-016913 лицензийн талбайн нөөц нь бүхэлдээ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор хамрагдчихсан байсан. Энэхүү 194 дүгээр тогтоолд М\/-016913 лицензийг хамруулах төлөвлөгөөг 2010 онд төлөвлөж байсан нь энэхүү лавлагаагаар гарч ирсэн. 2010 онд М.А-ын төрсөн ах М.А нь АМГ-ын Уул уурхай, кадастрын алба эрхэлсэн орлогч дарга байхдаа энэ лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлд дээрх лицензүүд хамрагдсан байсныг нуун далдалж бидэнд худалдсан байсан. Улмаар 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчны яамнаас "Эрдэнэлинк" ХХК-д ирүүлсэн 6/519 тоот албан бичигт уг М\/-016913 лиценз урт нэртэй хуулинд хамрагсдсаныг тодорхойлсон байдаг. М.А нь төрсөн ахтайгаа нийлж дээрх лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлд орсныг мэдсээр байж нэхэмжлэгчид хэлэлгүй, нуун далдалж хууран мэхэлж зарсаны улмаас манай компани өнөөдөр ихээхэн хэмжээний хохирол учирсан. Иймд хариуцагчийг дээрх автомашиныг хууль ёсны дагуу эзэмшигч биш. "Г" ХХК-аас дээрх лицензийн урьдчилгаанд өгсөн боловч уг лиценз нь урт нэртэй хуульд хамрагдсан тул дээрх гэрээний үр дүн болсон лиценз нь ур нэртэй хуульд хамрагдсан тул автомашинаа буцаан шаардах эрхтэй бөгөөд талуудыг байгуулсан гэрээ, түүний зорилго өнөөдөр биелэгдээгүй тул нэхэмжлэгчээс өөрийн нэр дээрх өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй. Ер нь Улсын бүртгэлийн хууль, Иргэний хуульд заасны дагуу тухай хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд тухайн хөрөнгө захиран зарцуулах эрхтэй бөгөөд хариуцагч М.А нь маргаан бүхий автомашины хууль ёсны өмчлөгч биш болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч М.А-д холбогдуулан 83-99 УНӨ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцаа болон түүнийг дагалдаж тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын 2 лицензийг 1 200 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулжээ.
Дээрх гэрээгээр хариуцагч М.А нь өөрийн “Эрдэнэлинк” ХХК-ийн 100 хувь хувьцаа болон MV-016913 дугаартай “Модот” нэртэй ашиглалтын лиценз, 11923А дугаартай “Хужиханы худаг” нэртэй ашиглалтын 2 лицензийг нэхэмжлэгч “Г” ХХК-д худалдсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт 200 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор бэлэн болон бэлэн бусаар төлөх, үлдэгдэл 1 000 000 000 төгрөгийг дээрх 2 ашиглалтын лицензтэй талбай дахь цагаан тугалганы үүсмэл шороон ордыг ашиглаж, хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөний дараа хэсэгчилж төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэргийн 20-22, 26 дугаар тал дахь гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч М.А-д гэрээний урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөгт тооцож Ланд круйзер-200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашин, Ланд круйзер-200 маркийн 84-99 УНӨ улсын дугаартай 2 ширхэг автомашиныг шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч компани нь 83-99 УНӨ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашин буцаан шаардаж буй үндэслэлээ хариуцагчаас худалдан авсан тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу хураагдсан гэж тайлбарласныг хариуцагч няцаан худалдсан 2 тусгай зөвшөөрөл хураагдаагүй, харин нэхэмжлэгчээс “Эй Эйч Жи Металс” группт 1.5 сая ам.доллараар худалдсан, 11928А тусгай зөвшөөрлийг Хас банкны 1 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх үндэслэл заан, талууд худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан эсэх үйл баримтын талаар зөрүүтэй тайлбар гарган маргажээ.
Хэргийн 47 дугаар талд дахь Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7/4192 тоот албан бичгээс үзвэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужиханы худаг нэртэй 348 гектар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүстэй 48.19 гектар талбай нь давхацсаныг, мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Модот нэртэй 1369.2 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүстэй 361.06 гектар талбай нь давхацсаныг улсад буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх баримтаар худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг улс бүхэлд нь хураан авсан гэх нэхэмжлэгчийн гэх тайлбар няцаагдсанаас гадна талуудын хоорондын худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрх үүсч шаардсан, улмаар гэрээний дагуу авсан зүйлийн эзэмшил нь хууль, гэрээний дагуу үндэслэлгүй болсон гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхгүй болсон этгээд гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчээс нь худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож Ланд круйзер-200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авсан хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Хариуцагчид маргаж буй автомашины эзэмшил хэрхэн үүссэн болох нь хэргийн 20-26 дахь талд авагдсан 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Эрдэнэлинк” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах-худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч болно.
Дээрх хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг гэрээний дагуу шилжүүлсэн байх ба бүртгэлийн байгууллагад нэр шилжээгүй байгаа нь эзэмшил хууль бус болох үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А-ын хууль бус эзэмшлээс Ланд круйзер-200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашиныг чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс Ланд круйзер-200 маркийн 83-99 УНӨ улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэхээр шаардсан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг давхар баримталсан буруу байгааг зөвтгөж өөрчлөлт оруулав. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн заалт нь эзэмшилтэй холбоогүй, шаардлагад хамаарна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “106.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ