| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/03277/И |
| Дугаар | 183/ШШ2022/01753 |
| Огноо | 2022-05-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2022/01753
2022 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2022/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, МҮЭСТОрдон 000 тоот хаягт байрлах Д Г ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Шаравын гудамж-6, Хан-Уул товер 0 давхар, 0 тоот хаягт байрлах Б ХХК /РД:2018632/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 906,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
Манай байгууллага 2019 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шингэрүүлсэн хий /газ/-г худалдан авагч Б ХХК-д нийлүүлсэн. Худалдан авагч тал газны үнийг урьдчилан төлсний дараагаар манай байгууллага бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байхаар харилцан тохиролцсон байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сараас эхлэн газ ашиглалтын тоолуурын заалт нь урьдчилж төлсөн мөнгөн дүнгээс илүү гарч манай байгууллагад газны төлбөр төлөх үүрэг үүсэж эхэлсэн. Тодруулбал:
- 2020.02.21-ний өдрийн байдлаар 39,047 төгрөг төлбөрийн үлдэгдэл гарсан.
- 2020.03.25-ны өдрийн байдлаар 221,831 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй.
- 2020.08.27-ны өдрийн байдлаар 565,639 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.
- 2020.09.21-ний өдрийн 348,808 төгрөгийг төлж, 252,295 төгрөгийн төлбөр үлдсэн.
- 2020.09.30-ны өдрийн байдлаар 569,991 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй.
- 2020.10.26-ны өдрийн байдлаар 870,279 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй.
- 2020.11.03-ны өдөр 63,990 төгрөг төлж, 906,385 төгрөгийн төлбөрийг төлөлгүй үлдсэн байна. Иймд Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 906,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК манай компаниас 2019 оноос хойш газ худалдаж авсан. Энэ хугацаанд 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс 2020 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл үлдэгдэл төлбөртэй байгаа. Нийт 906,385 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 906,385 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч талын татгалзлын агуулга:
2018632 тоот регистрийн дугаартай Б ХХК нь 2016 оноос эхлэн ази, европ хоолны рестораны үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь 2017 оноос Э ХХК-тай хамтран хэрэглээний газ худалдан авах гэрээтэйгээр хамтран ажиллаж газ ашиглалтын техник нөхцөл шугам хоолой газны тоолуур, газны ашиглалт аюулгүй ажиллагааг хангуулан хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Д Г ХХК болон нэрээ өөрчилсөн ч төлбөр тооцоог цаг тухайд нь хийж харилцан хамтран ажиллаж байсан. 2018 оны 5,6 сарын газны зарцуулалт өмнөх хугацаануудтай харьцуулан үзэхэд хэт өндөр байсан учир тухай бүрт бид шалтгааныг тайлбарлуулан авахыг хүссэн боловч тодорхой хариу өгөхгүй байсан тул бид гэрээгээ цуцлан цаашид хамтрахгүй болсон тухай мэдэгдсэн. Энэ хугацаанд гарсан төлбөр тооцоог төлөхөд татгалзах зүйлгүй. Гэвч бид шалтгаангүй өмнөх саруудтай харьцуулахад өндөр гарсан газны зардлыг тайлбарлуулах хүсэлтэй байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч монгол талын менежер хэд хэдэн удаа солигдон тодорхойгүй хариулт өгөлгүй өдийг хүрсэн. Монгол солонгос захирлууд биечлэн уулзаж манай талаас төлөхгүй байх шалтгаангүй бөгөөд газны чанарын гэрчилгээ шалтгаангүй өссөн газны төлбөрийг тайлбар авах тохиролцоонд хүрсэн ч өдийг хүртэл бидэнд тайлбаргүй байна. Бид чанарын гэрчилгээ болон газны зарцуулалтын тайлбар хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.02.21-ний өдрийн 145,080 төгрөгийн нэхэмжлэх, 183,768 төгрөгийн нэхэмжлэх, 2020.08.25-ны өдрийн 203,112 төгрөгийн нэхэмжлэх, 2020.08.27-ны өдрийн 348,808 төгрөгийн нэхэмжлэх, 30,464 төгрөгийн нэхэмжлэх, 2020.09.30-ны өдрийн 317,696 төгрөгийн нэхэмжлэх, 2020.10.26-ны өдрийн 300,288 төгрөгийн нэхэмжлэх, 2020.11.08-ны өдрийн 100,096 төгрөгийн нэхэмжлэх, Д Г ХХК-ийн 2021.07.29-ний өдрийн 21/052 тоот албан бичиг, Д Г ХХК-ийн 2021.05.19-ний өдрийн 21/027 тоот албан бичиг, Д Г ХХК-ийн 2021.02.08-ны өдрийн 21/007 тоот албан бичиг, дансны хуулга, Д Г ХХК-ийн 2021.10.06-ны өдрийн 21/086 тоот итгэмжлэл /солонгос хэл дээр/, монгол хэл дээрх итгэмжлэл /баталгаат орчуулгатай/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн 2021.12.14-ний өдрийн итгэмжлэл, Б ХХК-ийн 2022.04.10-ны өдрийн RM/32 тоот итгэмжлэл, газ зарцуулалтын хүснэгт, Д Г ХХК-ийн 2020.10.21-ний өдрийн 20/090 тоот мэдэгдэл, Б ХХК-ийн 2022.05.09-ний өдрийн RM/22-31 тоот итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Д Г ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Б ХХК-д холбогдох Д Г ХХК-ийн гаргасан гэрээний үүрэгт 906,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түүний эзгүйд цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д Г ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2020.02.21-ний өдрөөс 2020.11.03-ны өдрийг хүртэлх газ худалдан авсан төлбөрт 906,385 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д Г ХХК нь 2019 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шингэрүүлсэн хийг Б ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон талууд хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний нийцэж байх тул ьалуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.
Хариуцагч Б ХХК нь “...2018 оны 5,6 сарын газны зарцуулалт өмнөх хугацаануудтай харьцуулан үзэхэд хэт өндөр байсан учир тухай бүрт бид шалтгааныг тайлбарлуулан авахыг хүссэн боловч тайлбар, төлбөрийн тооцоололд маргахгүй. Иймд гэрээгээ цуцлан цаашид хамтрахгүй болсон тухай мэдэгдсэн. Энэ хугацаанд гарсан төлбөр тооцоог төлөхөд татгалзах зүйлгүй...” хэмээн маргадаг.
Гэвч нэхэмжлэгч Д Г ХХК нь 2019 оноос 2020 оны 11 сар хүртэлх хугацааны шингэрүүлсэн хийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байх ба хариуцагч гарсан төлбөр тооцоог төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбаргүй шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчээс тайлбар ирүүлээгүй тул төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Д Г ХХК-иас 2020.02.21-ний өдрийн 145,080 төгрөгийн нэхэмжлэх, 183,768 төгрөгийн нэхэмжлэх, 2020.08.25-ны өдрийн 203,112 төгрөгийн нэхэмжлэх, 2020.08.27-ны өдрийн 348,808 төгрөгийн нэхэмжлэх, 30,464 төгрөгийн нэхэмжлэх, 2020.09.30-ны өдрийн 317,696 төгрөгийн нэхэмжлэх, 2020.10.26-ны өдрийн 300,288 төгрөгийн нэхэмжлэх, 2020.11.08-ны өдрийн 100,096 төгрөгийн нэхэмжлэхүүдийг тус тус Б ХХК-д хүргүүлсэн нь баримтаар авагдсан, мөн Д Г ХХК-ийн дансны хуулгаар газын төлбөрийн үлдэгдэлд 906,385 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул гэрээний дагуу хариуцагч үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.
Иймд хариуцагч Б ХХК-иас 2019 оноос 2020 оны 11 сар хүртэлх хугацааны шингэрүүлсэн хийн төлбөрийн үлдэгдэл нийт 906,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д Г ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 906,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 26,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О