| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/04014/И |
| Дугаар | 183/ШШ2022/01429 |
| Огноо | 2022-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/01429
2022 оны 05 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух Б.О /РД:0000000-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хэсэг, маршал таун, 00 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах Б с ХХК /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч: В.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б,С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.О миний бие 2017 оноос эхлэн Б,С ХХК-д сошиал медиа хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж ирсэн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа авч хөдөө орон нутагт аяллаар явсан. Ингэж явах үедээ баруун хөлөө хугалж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, тодорхой хугацаагаар ажлаасаа чөлөө авах шаардлагатай болсон. Гэвч миний бие энэ хугацаанд гэрээсээ онлайнаар зарим ажлаа хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард хөл эдгэрч ажилдаа явах боломжтой болон энэ тухайгаа илэрхийлэхэд намайг ажлаас халсан, оронд нь өөр 3 ажилтан авсан гэх хариуг өгсөн. Ингээд уг асуудлыг шийдвэрлэх, эргэн ажилдаа орох талаар холбогдож, тодорхой шийдэлд хүрч амжаагүй байтал 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ковид-19 цар тахлын дэгдэлт Монгол Улсад тархаж, улмаар удаан хугацааны шат дараалал бүхий хөл хорионы улмаас дээрх асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс гадна миний бие 2020 оны 12 дугаар сард дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түүнчлэн миний хувьд удаа дараа ямар үндэслэлээр намайг ажлаас халсан тухай болон тэр тухай албан бичиг, тушаал зэргийг лавлаж асуух бүрд тодорхой хариу өгөхгүй байсаар 2021 оны 12 дугаар сард холбогдож Ажлаас халах тухай 01/02 дугаартай тушаалыг надад хүргүүлсэн. Дээрх тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасныг үндэслэл болгосон байх хэдий ч энэ нь бодит байдал дээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Хэрэв ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж буй бол үүнийгээ нотлох буюу үнэхээр эрүүл мэндийн хувьд тухайн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг нь тогтоосон эмнэлэг болон хөдөлмөрийн магадлах комисс зэрэг эрх бүхий байгууллагын магадлалыг үндэслэл болгох ёстой. Түүнчлэн уг хэмжээний агуулга нь аливаа ажилтан өөрийн гүйцэтгэж буй ажил үүргийг цаашид огт биелүүлэх боломжгүй болох буюу тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах, цаашид ямар нэгэн байдлаар тухайн ажил үүргээ эрхлэх ямар ч боломжгүй болох зэрэг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80.1.3 дахь хэсэгт мөн дээрх хэм хэмжээг тусгахдаа “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол, 144.1 дэх хэсэгт “Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй” хэмээн дэлгэрүүлэн зохицуулсан. Үүнээс үзэхэд ажилтан ажлаас халсан шийдвэрийн “ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлд миний баруун хөлөө хугалж түр хугацаагаар ажил эрхлэх боломжгүй болсон нөхцөл байдал нь хамаарахгүй бөгөөд миний бие уг гэмтлээс гадна өөр ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдсан, цаашид өмнө нь эрхэлж байсан ажлаа огт эрхлэх боломжгүй буюу Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн зүйл огт байхгүй юм. Иймд Батжаргал овогтой Оюунцэцэг намайг Б,С ХХК-ийн сошиал менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох нийт 13 сарын дундаж цалин 11,921,858 төгрөгийн олговор гаргуулж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь Бюти секретс компанийн захиралтай хамтран анх 2017 онд уг компанийг үүсгэн байгуулсан. Түүнээс хойш нэхэмжлэгч нь уг компанийн сошиал медиа хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сард ээлжийн амралтаараа хөдөө амарч байхдаа хөлөө хугалаад ажлаасаа түр хугацаанд чөлөө авах шаардлагатай болсон. Эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 10 дугаар сард хөл нь бүрэн эдгэрээд ажилдаа эргэж орох санал тавьсан. Тэгэхэд өөрийн чинь оронд таны албан тушаал дээр 3 ажилтан ажилд авсан учраас ажилд эгүүлэн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа талаар холбогдох тушаал, албан бичгээ өгнө үү гэсэн шаардлага тавихад бичгэн хэлбэрээр тодорхой тушаалыг өгөхгүй байсан. Ингэж явсаар 2021 оны 11 сард тушаалыг өөрт нь авчирч өгсөн, гэхдээ тушаалын огноо нь 2021 оны 01 дүгээр сараар бичигдсэн байсан. Бүр сүүлд нь буюу 2021 оны 11 дүгээр сард компанийн гоо сайхны бүтээгдэхүүний хүргэлтийн ажилтнаар тушаалыг хүргүүлж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч өөрөө компани дээр очиж тушаалыг авах боломжгүй байсан. Учир нь 2020 оны 8 дугаар сард хөлөө хугалаад 10 дугаар сард эдгэрсэн ч гэсэн 11 дүгээр сард дахин хөлөө хугалаад өмнөх гэмтэл нь сэдрээд дахиад эмнэлэгт хэвтсэн. Дээрээс нь 2020 оны 11 дүгээр сараас Монгол улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн зэрэг шалтгаанууд байсан. 2021 оны 3 дугаар сараас хөл хорионы дэглэм ээлж дараатайгаар суларсан. Ингээд компани дээр очиход зохих албан тушаалтан нь байхгүй, бичгээр гарсан тушаалыг хариуцан хуваарилж байгаа хүн нь олдохгүй явсаар байгаад сүүлд нь нэхэмжлэгчид хүргэж өгсөн байдаг. Ажлаас халсан тушаалынхаа үндэслэлийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан гүйцэтгэж буй албан тушаалдаа эрүүл мэндийн байдлын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ нь хуучин Хөдөлмөрийн тухай хууль болон шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар ч тэр ажилтан өөрийн гүйцэтгэж буй ажилд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэсэн үндэслэл нь бодит нөхцөл байдалд хамаарахгүй. Үнэхээр тухайн ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд ямар нэгэн байдлаар хувийн онцгой ур чадвараа эрүүл мэндийн хувьд бүр мөсөн алдсан, эсвэл уг ажил үүргийг тодорхой хугацааны дараа дахин үргэлжлүүлэн гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон гэсэн тохиолдлыг энэ заалтад хамааруулж ойлгодог. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсны дараа дээрх хуулийн заалтыг баримтлан ажилтныг ажлаас халах зохицуулалттай байдаг. Компанийн хувьд Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг гаргуулж аваагүй. Дээрээс нь нэхэмжлэгч хөлөө хугалсан буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авч, түр ажлаа гүйцэтгэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Түүнээс биш энэ нь цаашид эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон гэсэн хуулийн заалтад хамаарахгүй байгаа тул нэхэмжлэгчийг хуучин ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Б,С ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б,С ХХК-д холбогдуулан иргэн Б.Оийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч компанийн зүгээс дараах тайлбарыг гарган өгч байна. Иргэн Б.О нь тус компанид сошиал медиа хариуцсан менежерийн ажлын байранд ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сарын сүүлээр ээлжийн амралт авч, улмаар хөлөө хугалсан шалтгаан хэлж, 2 удаа эмнэлгийн хуудас буюу лист авчирч өгсөн бөгөөд улмаар листийн хугацаа дуусахад ор сураггүй ажлын байраа хаяж явсан болно. Энэ байдалд компанийн зүгээс дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтад үндэслэн тус ажилтныг ажлаас халах шийдвэрийг гаргасан. Иймд Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс амралтаа авсан, 8 дугаар сарын 01-ний өдөр нь бямба гариг байсан учраас 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 18 хоногийн амралт авсан. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын өдрүүдэд ямар нэгэн акт байхгүй байсан. Хөлөө хугалсан гэж утсаар ярьж байсан боловч ажилдаа эргэж орох хугацаа буюу 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар нэгэн акт өгөөгүй. Ингэж явсаар 2020 оны 9 дүгээр сарын дунд хүртэл Б.О надад ямар нэгэн акт, албан ёсны чөлөө авах хүсэлт бичгээр илэрхийлж өгөөгүй. Би удаа дараа Б.Отэй ярьж чи ингэж явж болохгүй, эмчлүүлж байгаа бол тэр тухай акт, эмнэлгийн магадалгаа өг гэж хэлж байж нэг нь 2020.09.01-2020.09.14-ний өдрийн хооронд 14 хоногийн хугацаатай 140/8946 гэсэн эмнэлгийн хуудастай лист, нөгөө нь 2020.09.15-2020.10.30-ны өдрийн хооронд 149/1227 гэсэн эмнэлгийн хуудастай лист 2 удаа өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар нэгэн хүсэлт, чөлөө авах талаар бичгээр илэрхийлсэн зүйл байхгүй. Энэ хооронд ажил цалгардаж, манай дарга Б.Отэй утсаар ярьж онлайнаар ажлаа хий гэж хэлж байсан. Онлайнаар ажлаа хийх даалгавар өгсөн боловч тэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэж тэр үед манай дарга ярьж байсан. Бидний зүгээс 2020 оны 10 дугаар сард ажлын 1 хоног, 11 дүгээр сард ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, нийт ажлын 44 хоног ажил тасалсан гэж үзэж байна. Энэ хугацаанд буюу 2020.10.30-ны өдрөөс хойш ямар нэгэн гар өргөдөл, цалинтай, цалингүй чөлөө авах хүсэлт, эмнэлгийн магадалгаа өгөөгүй. Манайх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн шиг Б.Оийн оронд 3 ажилтан аваагүй, борлуулалтын менежер, маркетингийн менежер, маркетингийн мэргэжилтэн гэсэн 3 ажилтан авсан. Тэгэхээр яг сошиал медиа хариуцсан мэргэжилтэн гэсэн Б.Оийн албан тушаалд өөр хүн ажилд аваагүй. 2021 оны 2 дугаар сард Б.Халиун гэдэг хүнийг ажилд авсан талаар нийгмийн даатгал төлсөн баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Манайх Б.Оийг ажлаас халах тушаал гарах хүртэл түүний ажиллаж байсан албан тушаалд өөр ажилтан аваагүй. 2020 оны 10 дугаар сард манай захирал н.Энххорвоо утсаар ярьж Б.От ажил цалгардаад байна, чи онлайнаар ажлаа хий гэж хэлэхэд онлайнаар хийе гээд даалгавар авсан. Манай бүтээгдэхүүн орчуулдаг, сошиал дээр нийтэлдэг зэрэг ажлууд маань тасалдсан. Б.О цаг хугацаанд нь юмаа хийхгүй байна, яаж цалинг нь өгөх вэ, яаж ажиллах вэ гэж компани дотроо зөвлөлдөж байсан. Тэгээд Б.От ажил хийх боломжгүй, ямар нэгэн даалгавар өгөөд биелүүлэхгүй, ажилдаа ирэхгүй байгаа учраас ажлаас халахаас өөр аргагүй байна гэдгийг өөрт нь сануулж хэлж байсан. Энэ хугацаанд манайх 11, 12 сарын нийгмийн даатгалыг нь он гартал бүтэн төлсөн. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай захирал Б.О ажил дээрээ ирж уулзахгүй, ямар нэгэн өргөдөл өгөхгүй, чөлөө хүсэхгүй байсан учраас тушаалаа гаргасан. Манай захирал Б.От өөрт нь ажлаас халах тухайгаа хэлсэн, Б.О нь ажил тасалсан нийт 44 хоногтой байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2020.08.03-2020.08.27-ны өдрийн хооронд ээлжийн амралтаа авсан байдаг. Нэхэмжлэгч нь тус компанид 2017 оноос хойш ажилласан, ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаатай үндсэн ажилтан байсан гэдэгтэй маргах зүйл байхгүй. 2020.08.03-2020.08.27-ны өдөр хүртэл хуанлийн 24, ажлын 18 хоног ээлжийн амралтаа авсан. Нэхэмжлэгч нь 2020.08.27-ны өдөр ажилдаа эргэж орох байсан боловч 2020.08.27-2020.08.31-ний өдрийн хооронд ажлын 5 хоног ажилдаа ирээгүй. Компанийн зүгээс ээлжийн амралт чинь дууссан, ажилдаа яагаад ирэхгүй байна гэхэд хөдөө явж байгаад хөлөө хугалсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл акт, эмнэлгийн хуудсаа авч ирж өг гэж хэлсний үндсэн дээр 2020.09.01-2020.09.14-ний өдөр, 2020.09.14-2020.09.28-ны өдөр гэсэн 2 удаагийн 14 хоногийн эмнэлгийн хуудас авч ирж өгсөн. Энэ хугацаанд нийгмийн даатгалын байгууллагаас компанид орсон тэтгэмжийг хувь хүнд нь буцаагаад шилжүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт өгсөн. 2020 оны 9 дүгээр сард 2 удаагийн листтэй байсан. 2020 оны 10, 11, 12 сар гээд бүтэн 3 сарын ажлын 22 өдрийг тооцоод ажлын 66 хоног, өмнөх 5 хоногийг нэмээд нийтдээ ажлын 70 гаруй хоногийг нэхэмжлэгч тасалсан. Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сард хөл эдгэрч ажилдаа явах боломжтой болоод энэ тухайгаа илэрхийлэхэд намайг ажлаас халж, оронд нь 3 хүн ажилд авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Яг энэ үед нэхэмжлэгч ажил дээрээ ирж гүйцэтгэх захирал н.Энххорвоотой уулзсан байдаг бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байран дээр өөр хүн аваагүй, борлуулалтын менежер, маркетингийн менежер гээд өөр албан тушаалд хүн авсан. Яг нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал дээр 2021 оны 3 дугаар сард н.Халиун гэдэг хүнийг ажилд авсан, энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байран дээр 2021 оны 03 дугаар сар гартал өөр хүн аваагүй, гэтэл нэхэмжлэгч 3 өөр хүн ажилд авсан гэж буруу тайлбарладаг. Нэхэмжлэгчийг 2020.10 сард ажил дээрээ ирэхэд нь ийм нөхцөл байдал үүслээ гэдгийг хэлээд нэхэмжлэгч ажилдаа эргэж орж чадаагүй. Тэгээд компанийн зүгээс нэхэмжлэгчийг онлайнаар ажлаа хийж бай гэхэд үүрэг даалгавар аваад хийхгүй алга болсон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сараас ковидын нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сард дахин эмнэлэгт эмчлүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. 2020 оны 12 дугаар сард хөлнөөсөө болоод эсвэл өөр ямар шалтгаанаар эмнэлэгт эмчлүүлсэн гэдгийг хариуцагч тал мэдэхгүй. Компанийн зүгээс 2021 оны 01 дүгээр сард ажлаас халах тушаал гарах хүртэл нэхэмжлэгчийн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нь бүрэн төлөөд ажлын байрыг нь хадгалж байсан. Ажлаас халсан тушаал 2021.01.04-ний өдөр гарсан, энэ тушаалыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, хөлөө хугалсан гэсэн шалтгаанаар ажлын байраа орхиж алга болсон. Нэхэмжлэгч нийт ажлын 70 гаруй хоногийн хугацаанд ажлаа тасалсан, онлайнаар ажлаа хий гэж шаардахад хийгээгүй зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч өөрөө ийм эрүүл мэндийн шалтгаантай гэдгээ удаа дараа илэхийлээд тэрийгээ листээр нотолсон учраас компани энэ хүн эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй юм байна гэж үзээд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1.2-т заасан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Ажлаас халах нөхцөл байдал үүссэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө 2020.10 сард компани дээр ирж захиралтай уулзахдаа мэдсэн. Дараа нь ийм шийдвэр гарсан ирж аваарай гэхэд ирж аваагүй, тэрийгээ ковидын нөхцөл байдалтай холбож тайлбарладаг. Компанийн зүгээс ажлаас халах тушаал гарсан гэдгийг мэдэгдэж, нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг мэдэж байсан хирнээ тушаалаа өөрөө ирж авахгүй байсан учраас компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сард тушаалыг хүрүүлэхээс өөр аргагүй болоод өөрт нь хүргүүлсэн. Нэхэмжлэгч талаас энэ нөхцөл байдлыг ковидтой холбож мөн компани тушаал шийдвэрээ бичгээр өгөхгүй, хүргүүлэхгүй байсан юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 болон 144 дүгээр зүйлийн 144.1 дэх заалтыг дурдсан байна. Гэтэл дээрх харилцаа нь тухайн цаг үед мөрдөгдөж байсан буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх агуулга тусгагдсан байдаг. Манай энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 5.3-т зааснаар шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын өөрийнх буруутай үйл ажиллагаанаас болсон асуудал учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Б,С ХХК-ийн захирлын 2021.01.04-ний өдрийн 01/02 тоот тушаал, Эм би жи мед ХХК-ийн 2022.01.19-ний өдрийн 06 тоот тодорхойлолт, Б.Оийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас нийгмийн даатгалын лавлагаа, Б,С ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 09, 10, 11, 12 сар, 2021 оны 02 сарын тайлан, Х б ХХК-ийн депозит дансны хуулга, 2020.11.02-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2021.01.11-ний өдрийн төлбөрийн даавгавар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Б.О хариуцагч Б,С ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Б,С ХХК-д холбогдох Б.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б,С ХХК-д холбогдуулан сошиал медиа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.О гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар биечлэн оролцсон байна.
Хариуцагч “...Б.О нь тус компанид сошиал медиа хариуцсан менежерийн ажлын байранд ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сарын сүүлээр ээлжийн амралт авч, улмаар хөлөө хугалсан шалтгаан хэлж, 2 удаа эмнэлгийн хуудас буюу лист авчирч өгсөн бөгөөд улмаар листийн хугацаа дуусахад ор сураггүй ажлын байраа хаяж явсан болно. Энэ байдалд компанийн зүгээс дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтад үндэслэн тус ажилтныг ажлаас халах шийдвэрийг гаргасан...” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б,С ХХК-д сошиал медиа хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд 140/08946, 149/1927 тоот эмнэлгийн магадалгаагаар тус бүр 2 удаа ажлаас чөлөө авсан, хариуцагч Б,С ХХК-ийн захирлын 2021.01.04-ний өдрийн 01/02 тоот тушаалаар Б.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 22-39 хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “...Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Оийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Учир нь Б,С ХХК-ийн захирлын 2021.01.04-ний өдрийн 01/02 дугаар тушаалаар Б.Оийг ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалыг Б.О 2021 оны 12 дүгээр сард надад хүргүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлаж байх бөгөөд шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 19-нд нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хуульд заасан хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл Б.О хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тушаалыг 12 сард хүлээс авсан байх тул 2022 оны оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэх боловч хэрэгжүүлээгүй, мөн шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу ...эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сард тушаалыг гардан авсан ч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Оийн Б,С ХХК-д холбогдуулан гаргасан сошиал медиа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн хуулийн үйлчлэлтэй хугацаанд үүссэн хөдөлмөрийн маргаан байх тул шүүх маргааныг 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2,129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б,С ХХК-д холбогдох сошиал медиа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О