Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01339

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны 05 сарын 03 өдөр               Дугаар 183/ШШ2022/0000                Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот хаягт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, маршал таун хотхон,  тоот хаягт байрлах Э ХХК /РД:000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг, маршал байр, 0 тоот хаягт оршин суух Жагд овогт Дамбийжанцангийн Баярчимэг /РД:ГА83062161/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Иргэний хуулийн Монгол улсын гудамж, Маршал таун хотхон, өөрийн байранд байрлах Э ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 267,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С, Д.У,

Гэрч: Ш.Ц, Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Д.Б миний бие Эрүүл энх баяс ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд 2012.10.23-ны өдөр Э ХХК-тай орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Их Монгол улсын гудамж, 108 дугаар байрны өргөтгөлийн 210 м.кв талбай бүхий байрыг 504,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд 2013 оны 01 сараас 2013 оны 02 дугаар сарын 01-ний хооронд нийт 467,000,000 төгрөгийг Э ХХК-д шилжүүлж, 37,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Биднийг гэрээ байгуулах үед худалдан авч буй барилга маань каркас нь боссон, дутуу гүйцэтгэлтэй байсан ба тухайн үед ажлаа гүйцээж өгөхийг шаардахад үлдэгдэл 37,000,000 төгрөгөөсөө ажлын хөлс төлөөд ажлаа эхлүүлж бай, бид материалыг нь гаргаж өгье гэсэн атлаа материалаа гүйцэд өгөөгүй учир бид энэхүү ажлыг бусдаар гүйцэтгүүлж, барилгын цахилгааны материал, ажлын хөлс, сантехникийн материалын зардал, барилгын засал чимэглэлийн материал, ажлын хөлс, дээврийн материал, гадна фасадны ажлын хөлсөнд нийт 267,949,222 төгрөгийг Э ХХК-ийн өмнөөс төлсөн.

Бидний хооронд дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцооны үүрэг дууссан мэтээр баримт бичиг үйлдэгдэж байсан нь дүр үзүүлсэн хуурамч бичиг баримтууд юм. Учир нь Э ХХК-иас худалдан авсан барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсны үндсэн дээр Капитал банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлөхийн тулд барилгын төлбөр төлөгдөж дууссан, тооцоо нийлсэн мэт дүр үзүүлсэн шинжтэй хуурамч бичиг баримтууд үйлдэгдсэн болно. Манай Эрүүл энх баяс ХХК нь Э ХХК-аас худалдан авсан дутуу гүйцэтгэл бүхий барилгын ажлыг гүйцээхийн тулд өөрсдийн зүгээс 267,949,222 төгрөгийн зардал гаргаснаас үүдэн байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч Капитал банк болон бусад байгууллагаас авсан зээлийн төлбөрийг төлж чадалгүй их хэмжээний хохирол учирсан.

Иймд хариуцагч Э ХХК нь орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 4.1-д зааснаар орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул энэхүү барилгын ажлыг гүйцээхийн тулд хариуцагч Э ХХК-ийн өмнөөс төлсөн зардал болох 267,949,222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б болон Эрүүл энх баяс ХХК нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талын татгалзлын агуулга:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Э ХХК-ийн хувьд Д.Бтэй 2012 оны 10 сарын 23-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний 2.1 болон 3.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал таун хотхон, Их Монгол улсын гудамж, 108 дугаар байрны өргөтгөлийн 210 м.кв барилгыг барьж хүлээлгэн өгөх, худалдан авагч Д.Бт үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болох 504,000,000 төгрөгийн төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Б болон Эрүүл энх баяс ХХК нар нь 467,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 37,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөөгүй. Улмаар талууд харилцан тохиролцож дотоод засал бүрэн хийгдээгүй байсан тул 37,000,000 төгрөгийн үнийн дүнг Э ХХК авахгүйгээр Эрүүл энх баяс ХХК нь өөрсдөө хийхээр болсон. Нэхэмжлэгч тал болон манай талаас хүлээн зөвшөөрч байгаа. Талууд 2017 оны 11 сарын 15-ны өдөр Э ХХК болон Эрүүл энх баяс ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдэд тодорхой хариу хүргүүлж байсан. Тус албан бичигт барилгын засварын ажлыг дуусгаж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн байсан. Үлдэгдэл 37,000,000 төгрөг дээр засвараа хийж дуусга өөр танай компанитай тооцоо байхгүй гэж хэлсний дагуу Эрүүл энх баяс ХХК нь өөрийн хөрөнгөөр засварыг хийж дуусгасан болно. Иймд 2 компани хооронд өр авлага байхгүй нь үнэн болно гэсэн албан бичиг хийж өгч тус мөнгийг манай тооцооноос хасаж өгнө үү гэх хүсэлт илгээж 37,000,000 төгрөгийн өр төлбөрт дүйцэх ажлыг хийсэн болохыг нотолно. Талууд аль аль нь үлдэгдэл авлага өглөг байхгүй болохыг тодорхой болгосон. Э ХХК-иас гаргаж өгсөн санхүүгийн баримт байгаа. Тус санхүүгийн баримт дээр 504,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компани бүрэн төлсөн талаар баримт байгаа. Үлдэгдэл 37,000,000 төгрөгийн авлагат нэхэмжлэгч тал ажлаа бүрэн хийж дуусгаад өглөг авлага байхгүй болсон талаар албан бичгээр хүсэлтээ илэрхийлж байсан. Э ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхдөө дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн, үйл ажиллагаанд тохируулж хийж гүйцэтгэж өгнө гэж заасан гэж нэхэмжлэгч тал тайлбар хэлээд байдаг. Гэтэл гэрээнд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд нь зориулж засвар хийж өгөх талаар тохирсон зүйл байхгүй. Гэрээний 4.1-т заасны дагуу барилгыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэж өгнө гэж заасан байгаа. Тэрнээс тухайн барилгыг худалдан авагч талд үйл ажиллагааны онцлогт тохируулан дотоод заслаас гадна тухайн байгууллагын ажилд тохируулан өгөх тохиролцоо байхгүй юм. Нэхэмжлэгч тал Э ХХК барилгыг засвар хийж өгөх болон бусад зүйлс дээр гомдол гаргаж байсан талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ дурддаг. Хавтаст хэрэгт нэг ч гомдол гаргаж байсан хүсэлт болон гомдол байхгүй. Талуудын хооронд өглөг авлага гэсэн асуудал дууссан гэж ойлгож болно. Нэхэмжлэгч тал 267,000,000 төгрөг нэхээд байгаа. Анх барилгыг худалдаж авахдаа гадна талыг нь харсан дотор талыг нь хараагүй. Тухай барилгын тал хувь нь байхгүй байхад нэхэмжлэгч тал маш их зардал гаргаад байгааг нь би гайхаж байна. Мануул трэйвэл ХХК-иас 267,000,000 төгрөгийн засварын ажил гүйцэтгүүлсэн гэж ярьдаг боловч нэхэмжлэгч тал 1 давхар үйлчилгээний зориулалтай талбай худалдаж авсан. Гэтэл Мануул трэйвэл ХХК нь нэг давхар барилгыг 2 давхар болгож өөрчилж засвар хийсэн байдаг. 2 давхар болгож өөрчилсөнтэй холбоотой цахилгааны ажил, сантехникийн ажил, галын ажил хийсэн дотоод засалд өөрчлөлт оруулсан ажлын хөлсийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй. Мануул трэйвэл ХХК-тай байгуулсан гэрээн дээрээ заасан байдаг. Тус гэрээний 2.1, 3.1-т зааснаар давхар цутгалттай холбоотой Э ХХК хүлээлгэн өгсөн сантехникийн ажил, салхивчны ажил нь өөрчлөгдсөн юм болов уу гэж таамаглаж байгаа. 37,000,000 төгрөгийн засварын ажил үлдчихээд байхад 267,000,000 төгрөгтэй дүйцэх хэмжээний зардал гарах боломжгүй. Нэхэмжлэгч тал дотор заслыг бүхэлд нь өөрчилсөнтэй холбоотой их хэмжээний зардал гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй. 2012 оны 10 сард гэрээ байгуулсан боловч 2013 оны 01 сарын 23-ны өдөр Капитал банктай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ байгуулахад зайлшгүй Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байх шаардлагатай. Гэрчилгээ гарахын өмнө улсын комисс энэ барилгыг заавал хүлээж авсан байх шаардлагатай. Улсын комисс ямар нэгэн байдлаар дуусаагүй барилгыг хүлээн авч, комисс акт үйлдэж өгөх  боломжгүй. Улсын комиссоос бүрэн шалгаж аваад гадна фасад болон холбогдох ажлыг бүрэн дууссан гэж үзэн хүлээж аван, улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, нэхэмжлэгч зээл авсан байдаг. Иймээс нэхэмжлэгч талаас хэлж байгаа барилгын ажлыг дутуу хийсэн талаар үндэслэлгүй байна. Талууд 2012 оны 12 сарын 23-ны өдөр гэрээ байгуулж 2013 оны 01 сараас эхлэн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан талаар маргадаггүй. Э ХХК-д холбогдуулж 2013 оноос хойш ямар нэгэн байдлаар гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 9-10 жил хэтрүүлсэн байна. Мануул трейд ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримт байдаггүй. Гэтэл 267,000,000 төгрөгтэй холбоотой дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Иймд мөнгө өгсөн авсан талаар мөн Мануул трейд ХХК-ийн ажилчдад олгосон цалин олгосон талаар мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт ч алга. Хэрэгт авагдсан баримтад зөвхөн н.Баярчимэг гэх хүний Эрүүл энх баяс ХХК-д нийгмийн даатгал төлж байсан баримт л байдаг. Мөн энэхүү барилгын ажлыг 267,000,000 төгрөгөөр дахин барилгын ажил хийлгэнэ гэж байгаа нь үндэслэлгүй. 37,000,000 төгрөгийн ажил хэрхэн 267,000,000 төгрөг болсон талаар тодорхойгүй байна. Тухайн үеийн Э ХХК-ийн барилгын ажил дутуу байсан талаар ямар нэгэн баримт байдаггүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт дунд зураг болон Хятад хэлээр бичигдсэн санхүүгийн баримтууд байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Монгол хэлээр орчуулуулах ёстой байдаг. Гэвч орчуулаагүй. Мөн гаргаж өгсөн зургуудыг 2012, 2013 онд болсон гэх нотолгоо байдаггүй. Зөвхөн гараар бичсэн учраас эргэлзээтэй байна. Бидний зүгээс энэ зураг маршал таун хотхоны 108 дугаар байрны өргөтөл эсэхэд эргэлзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Д.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүл энх баяс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2012.10.23-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ, Капитал банкны төлбөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2013.01.23-ны өдрийн №18 тоот Зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, 2013.01.23-ны өдрийн №18 тоот Барьцааны гэрээ, 2013.04.27-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013.04.25-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2020.12.13-ны өдрийн 18290322/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.02.13-ны өдрийн 18290322/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.10.22-ны өдрийн 18291232/06 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.03.04-ний өдрийн 18291235/03 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.01.04-ний өдрийн 18291238/19 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.02.13-ны өдрийн 18290322/4 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.06-ны өдрийн 4/814 тоот хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020.03.27-ны өдрийн 3/2868 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Эрүүл энх баяс ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2018.01.31-ний өдрийн 2/100 тоот нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 183/ШШ2017/04 дугаартай шийдвэр, 2013.10.20-ны өдрийн маршал таун хотхон 108/А байрны үйлчилгээний заалны ажил хүлээлцсэн акт, Э ХХК-ийн ерөнхий захирлын 2008.07.31-ний өдрийн №03/75 тоот тушаал, Эрүүл энх баяс ХХК-ийн барилгын ажлын холбоотой баримтууд зэрэг нотлох баримтыг,

 

Хариуцагчаас 2020.09.17-ны өдрийн 04/20-315 тоот Зээлийн гэрээ, хавсралтын хамт, 2020.10.08-ны өдрийн ЗГ8115102604 тоот Зээлийн гэрээ, хавсралтын хамт, ЗГ8115102604 тоот Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл /Covenant/, Э ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 10 дугаар сарын тайлан, Э ХХК-ийн зээлийн дансны хуулга, Э ХХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, Капитал банкны 2013.01.03-ны өдрийн 4/13 тоот албан бичиг, Эрүүл энх баяс ХХК-ийн 2013.01.09-ний өдрийн 02/02/2013 тоот хүсэлт, Эрүүл энх баяс ХХК-ийн 2017.11.15-ны өдрийн №1 тоот хүсэлт, 2013.05.21-ний өдрийн АГ01/2013-0521-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, М хотхоны 104-114-р байрны байрны дээврийн дахин засварын ажлын материалын захиалга, Голден парк хотхон солонгосуудын ажлын гүйцэтгэл, 2010.09.21-ний өдрийн Барилга тооцоо, Маршал хотхоны 10 дугаар сарын ажлын гүйцэтгэл, Маршал хотхон-ажлын гүйцэтгэл, Д.Бийн ажлын гүйцэтгэл, зарлагын баримтууд, 2012.03.18-ны өдрийн кассын орлогын ордер, нэхэмжлэх, 2012.02.18-ны өдрийн кассын орлогын ордер, нэхэмжлэх, 2013.07.08-ны өдрийн Барилгын гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэл дахин засвар, 2010.09.20-ны өдрийн Бараа материалын захиалгын хуудас, 2013.07.07-ны өдрийн гүйцэтгэлийн хуудас, Ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №0017574, Дээврийн ажил хүлээлцэх үнэлгээний хуудас, 107, 108, 109-р байруудын дээврийн хэсэгчлэн засварлах ажлын зураг /засварлаж дууссан байдал/, Э ХХК-ийн маршал таун хотхоны 104-115 дугаар байрууд болон 108 дугаар өргөтгөл барилгын дээврийн нөхөөс засварын ажлын дүгнэлт, 2013.07.21-ний өдрийн №03 тоот Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, 107, 108, 109-р байруудын дээврийн хэсэгчлэн засварлах ажлын зураг /засварлахаас өмнөх байдал/, засварлахаас өмнөх байдал, 107, 108, 109-р байруудын дээврийн хэсэгчлэн засварлах ажлын зураг /засварлаж буй байдал/, 2011.12.12-ны өдрийн гүйцэтгэлийн хуудас №000438, ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №00272,  ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №00287, 2013.08.01-ний өдрийн гүйцэтгэлийн хуудас №0003938, ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №0012005, Дээврийн ажил хүлээлцэх үнэлгээний хуудас №5, 2013.08.01-ний өдрийн Барилгын гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэл дахин засвар, Э ХХК-ийн маршал таун хотхоны 104-115 дугаар байрууд болон 108-р өргөтгөл барилгын дээврийн нөхөөс засварын ажлын дүгнэлт, 2013.07.21-ний өдрийн №03 тоот Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №000384, ажлын гүйцэтгэл ба чанарын дүгнэлт №000255 зэргийг нотлох баримтыг,

 

Шүүгчийн захирамжаар 2013.01.10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эрүүл энх баяс ХХК-ийн 2013.01.09-ний өдрийн 3 тоот хүсэлт, Эрүүл энх баяс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүл энх баяс ХХК-ийн дүрэм, Э ХХК-ийн 2013.01.09-ний өдрийн 01/201007 тоот хүсэлт, 2010.10.12-ны өдрийн Үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн барилгыг захиалгаар барих тухай гэрээ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсийн 2012.11.13-ны өдрийн 3/151 тоот албан бичиг, масштаб зургууд, Барилга, хот байгуулалтын яамны БУ16-983/10 тоот тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл №207, техникийн нөхцөл №91/00, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010.12.08-ны өдрийн 301/2010 тоот акт, 108-р байрны өргөтгөл зураг, өргөтгөлийн үйлчилгээний зоорийн давхрын гүйцэтгэлийн зураг, Бадмаараг төсөл-Маршал таун цогцолбор хотхоны ажлын зураг, техникийн нөхцөл, техникийн нөхцөл №112/2007, Эрүүл энх баяс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013.01.22-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эрүүл энх баяс ХХК-ийн 2013.01.22-ны өдрийн 9/1 тоот хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2013.01.22-ны өдрийн №3 тоот албан бичиг, 2013.01.24-ний Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хэлтэс, 2013.01.23-ны өдрийн №18 тоот Барьцааны гэрээ, хавсралтын хамт, 2013.01.23-ны өдрийн №18 тоот Зээлийн гэрээ, дугаар 000230016 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрүүл энх баяс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл энх баяс ХХК-ийн дүрэм, 2021.09.10-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн 2021.09.09-ний өдрийн 1452 тоот албан бичиг, 2021.09.10-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эрүүл энх баяс ХХК-ийн 2021.09.10-ны өдрийн 10/21-1 тоот хүсэлт, 2021.09.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эрүүл энх баяс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар 00023 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар 0009 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.10.12-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын ордер, 2021.10.12-ны өдрийн ЗГ/20500 тоот Зээлийн гэрээ, хавсралтын хамт, 2021.10.12-ны өдрийн 0000 Барьцааны гэрээ, Барьцаалбар 2036783, 2021.10.06-ны өдрийн төлбөрийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.11.16-ны өдрийн 183/ШЗ2017/1 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, Мануул трэйвэл ХХК-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2017.10.24-ний өдөр гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг тус тус гарган өгөв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, Д.Б хариуцагч Э ХХК-д холбогдуулан 267,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  Э ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл энх баяс ХХК нь үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн барилгыг захиалгаар барих тухай гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, гэрээний дагуу Хан-уул дүүрэг Маршал таун хотхон 108 байрны ард залгаа А тоотын 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн байрыг 504,000,000 төгрөгөөр бариулахаар, уг барилга байгууламжийг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 301/2010 дугаар шийдвэрээр улсын комисс хүлээн авч, 0000000эрхийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон байна. /х.хийн 140-167 хуудас/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн хүлээлгэж өгсөн барилга  доголдолтой, дотор засал бүхэлдээ дутуу байсан, доголдлыг арилгахаар 267,494,222 төгрөгийн зардлыг гаргаж доголдлыг арилгасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, 267,494,222 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно ” гэж тус тус заасан байна. Талууд гомдлын шаардлага гаргах хугацааг дээрх гэрээгээр тохиролцоогүй байх бөгөөд  маргаан бүхий үйлчилгээний талбайд 0000000эрхийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон байх тул уг гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш шаардах эрхийн хугацааг тооцоход нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа 2016.01.10-ны өдөр дууссан байна.

 

Иймд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолтой ажил хүлээлгэж өгсөн талаарх шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 267,949,222 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Эрүүл энх баяс  ХХК, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,497,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.О