| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/1222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1440 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1440
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Д.Жаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-т холбогдох 2508011660399 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын Иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ********* мэргэжилтэй, “********” ажилладаг, ам бүл **, *** хамт ******* дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод амьдардаг, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн **** оны *** дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 1-д зааснаар 45 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан,
Б овогт М-ийн Э (РД:**********).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг 28 минутын үед *********** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ******* замд “*********” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох, яллах байр сууртай оролцож, хавтаст хэргээс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 443 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс *********** хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны “засварчин, засалчин орон тоонд ажилд орсон болохыг үүгээр тодорхойлов” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
4. Шүүгдэгч М.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:
4.1. Эрх бүхий албан тушаалтны “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад “М.Э нь 2.38 хувийн согтолттой” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
4.2. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
4.3. ******* аймгийн ***** сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 2025/ЗШ/** дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан Б овогт М-ийн Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
4.4. Шүүгдэгч М.Э-ын мэдүүлэг “...Сэтгэл санааны гутралаас болж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дуудлагын жолооч дуудаад ирэхгүй байхаар нь зам чөлөөлөх гээд тээврийн хэрэгслийг жолоодсон. Гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.
5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
7. Тус зүйлийн Тайлбар хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан.
8. Шүүгдэгч М.Э нь ******* аймгийн ***** сум дахь сум дундын шүүхийн 2025 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 2025/ЗШ/** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.38 промиль хэмжээтэй илэрсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тус хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул М.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
10. Хохирол төлбөр.
10.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
11. Эрүүгийн хариуцлагын талаар.
11.1. Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
11.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугийн маргаангүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. “*********” хотхоны СӨХ-д ажилладаг. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
11.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтолтын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авч шийдвэрлэв.
12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Эт оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ