Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/01278

 

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Батчимэг, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч ...........

 

        Хариуцагч ..............

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 942.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.О

Хариуцагч П.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан  

           Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О, хариуцагч П.Өод холбогдуулан гэм хорын хохирол 942.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

            Нэхэмжлэгч П.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, А дугаар байрны 2 болон 3 дугаар орцны голд автомашинаа байрлуулаад гэр рүүгээ орох гэтэл автомашин дээр юм унасан.

            Автомашин дээр эд зүйл унасны дараа дээшээ харахад энэ айлын цонхоор нэг хүүхэд хараад цааш орсон.

            Тэгээд би уг айлыг гэж бодоод цагдаад “автомашин дээр юм унасан, дээшээ харахад ганц айлын цонхоор нэг хүүхэд байн байн хараад байгаа тул энэ айлыг сэжиглэж байна” гэж дуудлага өгсөн.

            Уг айл руу би ороогүй. Хорооноос 2 цагдаа ирээд автомашин дээр боолт унасныг хараад бүрэлдэхүүн дуудах хэрэг байна гэж хэлсэн.

            Цагдаагийн бүрэлдэхүүн орой 21 цагт ирж, нэг цагдаа надтай цуг нөгөө айлд орж, нөгөө цагдаа хэргийн газар үзлэг хийж зураг дарсан.

            Тэгээд бид одоо өөр хэрэг рүү явлаа гээд “Таван шар”-д байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөөрэй, ирэхээсээ өмнө энэ айлтай ороод нэг уулзаарай гэж хэлсэн.

            Тэгээд энэ айлд 23 цаг өнгөрч байхад орж уулзахад миний саналыг хүлээж аваагүй. Орой 00 цагийн үед цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөөд гэртээ ирсэн.

            Үүнээс хойш хариуцагчтай дахиж уулзаагүй. Утсаар холбогдоогүй.

           Лүүкний үнэ 890.000 төгрөг боловч засвартайгаа нийлээд 1.100.000 төгрөг болсон боловч бага насны хүүхэд байсан гэж бодоод засварын мөнгө, ажлын хөлсийг авахгүй. Зөвхөн үнэлгээгээр тогтоосон лүүкний үнэ 890.000 төгрөгийг нэхэмжилж байна

          Анх үнэлж байсан үнэлгээ 4.500.000 төгрөг, зах зээлийн үнэлгээ 6.000.000 төгрөг байсан гэдгийн хэлмээр байна, гэжээ.

 

            Хариуцагч П.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг ажил дээрээ байхад хүүхэд чинь цонх дээрээс юм унгаасан байна гэж цагдаа залгасан.

            Би гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн. Хүүхэд маань надад хэлэхдээ жолооч ах, цагдаатай орж ирээд хаана юу байна гээд манай гэрийг нэгжээд боолт аваад гарсан гээд айсан байдалтай хэлсэн.

            Доошоо буугаад боолт хаана байгаа юм бэ? гэхэд хаана унасан тодорхойгүй. Манай гэрээс авч гарсан боолтоо энд унасан, тэнд унасан гэж хэлээд байсан. Тухайн цаг мөчид лүүк хагарсан уу? Өмнө нь хагарсан байсан уу? гэдгийг бид мэдэхгүй, нотлох баримт байхгүй.

            Манай хүүхэд надад унагаагаагүй гэж хэлсэн. Манай хүүхэд цонхон дээрээ зогсож байснаар яагаад буруутай болж байгаа юм.

            Тэр үед би цонхон дээрээ зогсож байсан бол намайг хагалсан гэж буруутгах уу? Миний аав гэртээ байгаад тухайн үед гарч автомашиныг үзэхэд автомашин дээр унасан боолт байгаагүй гэсэн.

            Зөвхөн нэхэмжлэгчийн хэлснээр бус баримт нотолгоотой байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримт:

 Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон цахим иргэний үнэмлэхний хуулбар, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөгчийн тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, “Хас үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 686 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын “Гомдлын хариу”, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, гэрэл зураг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

 

Хариуцагчаас хариу тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хариу тайлбар, гэрэл зураг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Дулаан орчин” Сууц өмчлөгчдийн холбооны тайлбар

 

Шүүхийн журмаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 254 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн  “Тодорхойлолт” хавсралт 1 хуудас,

 

Зохигчдын хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/1131 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын “Албан бичиг” хавсралтыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     

           Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

     

            Нэхэмжлэгч П.О нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар “Миний өмчлөлийн Улсын 00-00-УНY дугаартай, ”Sonata-7” маркийн автомашины дээр хүүхдийн унадаг дугуйны боолт унаж машины лүүкний шил хагарсныг эрх бүхий байгууллага тогтоож, хохирол учирсан тул хариуцагч төлөх ёстой” гэж тайлбарлав.

 

            Хариуцагч П.Ө “Манай хүүхэд боолт унагаасныг нотлох баримт байхгүй. Хүүхэд цонхон дээр зогсож байснаар яагаад буруутай болно гэж. Автомашин дээр унасан боолт байгаагүй. Нэхэмжлэгчийн хэлснээр биш баримт нотолгоотой байх ёстой учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлэв.

 

          Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А дугаар байрны гадаах ил зогсоолд байрлуулсан нэхэмжлэгч П.Оын өмчлөлийн Улсын 00-00-УНҮ дугаартай, ”Sonata-7” маркийн тээврийн хэрэгслийн дээр эд зүйл унаж, автомашины лүүкний шил хагарсан болох нь бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

        Хариуцагч П.Ө 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн,10 настай, насанд хүрээгүй Б.Энх-Учралын хууль ёсны төлөөлөгч түүний төрсөн эх болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.

 

        Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

        Хариуцагч шүүх хуралдааны явцад автомашины лүүкний шилийг хүү Б.Энх-Учрал хагалаагүй гэж маргаж байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

            Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл хохирол төлөхгүй байх үндэслэлээ баримтаар няцааж чадахгүй байна.

 

            Түүнчлэн хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “Хас үнэлгээ” ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ болон насанд хүрээгүй гэрч Б.Э “Би гэрийнхээ полкон дээр гараад ах Б.А-н унадаг дугуйг харсан. Угаасаа эвдэрч тоормосыг задалсан тул хажууд байгаа эрэг боолтыг хурааж, эмхэлж цэгцлээд полконы хаалгыг хаатал полкон дээрээс юм унаж “чад” гээд дуугарахаар айгаад жижиг өрөөний цонхоор харахад юу ч харагдаагүй. Манай гэр 6 дугаар давхарт байдаг. Полкон доор юу байгааг мэдэхгүй байсан. Би машин дээр юм унасныг мэдээгүй. Би боолт унагаагүй. Боолт өөрөө л унасан гэж бодож байгаа“ гэх мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар Б.Э-ын хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас унадаг дугуйны боолт тээврийн хэрэгсэл дээр унаж, автомашины лүүкний шилийг хагалсан гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

 

        Тиймээс Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасны дагуу хариуцагчаас гэм хорын хохиролд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр 890.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Өмнөх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч А.Б-ын “ Ийм хэрэг дээр ихэвчлэн хариуцагч үгүй гэдэг тайлбарыг өгдөг. Миний бие хариуцагчийг буруутай гэж үзэж байна. Ийм нөхцөл үүссэн тул талууд ярилцаад эвлэрэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 890.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25.910 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Өоос гэм хорын хохиролд 890.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.От олгосугай.

        

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 25.910  төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

       

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.         

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА

 

                                                                                            Ч.БАТЧИМЭГ

 

                                                                   Ж.КУЛЬДАНА