Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02631

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Г.Ариунаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ......... тоот хаягт оршин суух, Б овогт Н.А /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Б овогт О.О /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч О.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, иргэдийн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч О.О-т холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т-д зохион байгуулагдсан *******тай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт О.О нь оролцож үг хэлэхдээ Улсын Их Хурал гэдэг чинь дотроо сайн, муу янз бүрийн улсууд байгаа. Хамгийн эхлээд энэ Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан А энд байхгүй байна гэж ярьсан. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр О.О үг хэлэхдээ А гишүүн өөрийгөө өмөөрөх шаардлагагүй шүү дээ. 2015 оны 12 сарын 15-ны өдөр бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуулын чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ. Та тэр үнэт цаас гаргана, 2013 оны 12 сарын 03-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гээд баталсан байдаг гээд өгүүлбэр нь бүтэн ойлгомжтой бус дутуу дулимаг өгүүлбэрүүд яваад байгаа. Ерөнхий агуулгыг нь ойлгохоор яаж нэр төрд нь халдаад байгаа нь харагдана. Мөн Ингээд та үнэт цаас гаргадаг, Худалдаж авдаг *******,******* *******наас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь**************наас байршуулдаг. Бүр илүүдэлтэй 200, 300 тэрбум төгрөгөөр илүүдэлтэй байршуулдаг ийм байсан. Энэ засгийн газрын үед та энэ Монгол улсыг толгойлж, А сайдаа та капитан нь байсан шүү дээ Монгол улсын. Тэгээд би танд хандаж хэлэх гэж байна. Дээрээс нь энэ Х, -г яриад байна, Х-ийг яриад байна гээд байх юм. А сайдын үед олгогдсон шүү дээ. Намайг бууснаас хойш 10 хоногийн дараа С олгосон байна лээ гэнэ. Уучлаарай таны үед судлагдаад, таны үед зөвшөөрөгдөөд, таны үед олгогдсон зээл. А сайдаа та одоо энэ нэг хошин шогоо боль. Эгдүүцэл, зэвүүцэл хүрч байна энд. Н.А сайдыг би болбол энэ *******ийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн. Хэн хэнийгээ танихгүй гэлээ. М-ыгаа танихгүй гэлээ. Уучлаарай Фортуна Б таны удирдаж байсан яамны чинь төрийн нарийн бичгийн дарга, таны удирдаж байсан яамны чинь туслах нь очоод гүйцэтгэх захирал хийчихсэн. Дээрээс нь шалгаад энэ хүнийг эргүүлэн татах хүртэл би гээд ингээд орхичихож байгаа юм. Одоо би Н.А-ийг шалгахгүй болбол ард иргэдтэйгээ ирээд гадаа гараад хэвтчихъе. Энэ Монголыг тонон дээрэмдэх үйлс энэ Монголыг тонон дээрэмдэх бүх зүйлийн цучил буюу галыг Н.А асаасан шүү гэх үг хэллэгийг хэлж нэхэмжлэгч Н.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараасан О.О-т уг мэдээллийг тараасан олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 02 сарын 11, 2022 оны 03 сарын 29-ний өдрүүдэд болсон хэлэлцүүлэг, сонсголд оролцож *******ны найдваргүй зээлүүд, улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан иргэн хүний хувьд үг, үзэл бодлоо илэрхийлсэн. Би Н.А гэх хүнийг танихгүй, мэдэхгүй бидний хооронд харилцаа байхгүй. Би ямар нэгэн нам, улс төрийн байгууллагыг төлөөлөөгүй. Н.А гэх хүний одоогийн эрхэлж байгаа ажил, гадаад байдал, шинж төрх, хувь хүний байгаа байдлыг дурьдаагүй, хараалын үг хэллэг ашиглаагүй. Би 2022 оны 02 сарын 11-ний хэлэлцүүлэг дээр Н.А-ийн талаар онц зүйл яриагүй, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн сонсгол дээр Н.А гуайд хандаж нэг юм хэлсэн. Иргэнийхээ хувьд *******инд хийсэн ажлын хэсгийн тайланг уншиж судлаад үүнтэй холбогдуулан хүний нөөц, авто зам, бодлого төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлуудыг нь эндээс онцлон Н.А гуай таныг 0000-0000 онд Засгийн газрыг тэргүүлж байх үед чинь ийм, ийм буруу шийдвэрүүд гарсан байна гэдгийг Хяналт шалгалтын хороо тайлан дээрээ гаргасан байна. Ингэхээр та энэ бүхэнтэй холбогдолгүй биш холбогдолтой. Бүх зээлийг олгосон гэж би огт хэлээгүй, эргэн төлөлтгүй найдваргүй зээлүүд таны Засгийн газрын үед олгогдсон байна гэж хэлсэн. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд *******инд хийсэн ажлын хэсгийн тайлангаас иш татаж ярьсан байгаа. Түүнээс Н.А гэх хүнтэй өс хонзон, маргааны зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нь энэ хүний одоогийн эрхэлж буй албан тушаал болон нэр төр, алдар хүндэд нь халдсан зүйл байхгүй. Би ажлын хэсгийн тайланг үндэслэж шүүмжлэл илэрхийлсэн байгаа гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч О.О нь үзэл бодлоо илэрхийлэхдээ баримт хангалтгүйгээр Н.А-ийн нэр төрд халдсан байна. Гэхдээ бодитоор нэр хүнд нь гутаагдсан, нэр хүнд алдагдаж хохирсон байдал нь баримтаар тогтоогдохгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс сиди гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх сидинд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т-д зохион байгуулагдсан *******тай холбогдох Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг болон 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр тус тус үг хэлэхдээ ...Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан..., ...2015 оны 12 сарын 15-ны өдөр бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуулын чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ.. ..Та тэр үнэт цаас гаргана, 2013 оны 12 сарын 03-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гээд баталсан байдаг..., ...та үнэт цаас гаргадаг, Худалдаж авдаг *******,******* *******наас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь**************наас байршуулдаг, .. Н.А сайдыг би болбол энэ *******ийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн, ..Энэ Монголыг тонон дээрэмдэх үйлс энэ Монголыг тонон дээрэмдэх бүх зүйлийн цучил буюу галыг Н.А асаасан шүү.. гэж худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж, Н.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг удаа дараа гутаасан тул О.О-т уг мэдээллийг тараасан олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

3.1. Би Н.А гэх хүнийг танихгүй, мэдэхгүй бидний хооронд харилцаа байхгүй. Н.А гэх хүний одоогийн эрхэлж байгаа ажил, гадаад байдал, шинж төрх, хувь хүний байгаа байдлыг дурьдаагүй, хараалын үг хэллэг ашиглаагүй. Би 2022 оны 02 сарын 11-ний хэлэлцүүлэг дээр Н.А-ийн талаар онц зүйл яриагүй, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн сонсгол дээр Н.А гуайд хандаж нэг юм хэлсэн. Иргэнийхээ хувьд *******инд хийсэн ажлын хэсгийн тайланг уншиж судлаад үүнтэй холбогдуулан хүний нөөц, авто зам, бодлого төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлуудыг нь эндээс онцлон Н.А гуай таныг 0000-0000 онд Засгийн газрыг тэргүүлж байх үед чинь ийм, ийм буруу шийдвэрүүд гарсан байна гэдгийг Хяналт шалгалтын хороо тайлан дээрээ гаргасан байна. Ингэхээр та энэ бүхэнтэй холбогдолгүй биш холбогдолтой. Бүх зээлийг олгосон гэж би огт хэлээгүй, эргэн төлөлтгүй найдваргүй зээлүүд таны Засгийн газрын үед олгогдсон байна гэж хэлсэн. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд *******инд хийсэн ажлын хэсгийн тайлангаас иш татаж ярьсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нь энэ хүний одоогийн эрхэлж буй албан тушаал болон нэр төр, алдар хүндэд нь халдсан зүйл байхгүй. Би ажлын хэсгийн тайланг үндэслэж шүүмжлэл илэрхийлсэн байгаа гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч О.О нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Т-д зохион байгуулагдсан *******ны үйл ажиллагаатай холбоотой Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол дээр *******ны үйл ажиллагаатай холбоотойгоор тус тус үг хэлжээ. Үг хэлэхдээ нэхэмжлэгч Н.Аийн талаар хамгийн эхлээд Монголыг тонон дээрэмдэх хонгилыг угсарсан А энд байхгүй байна, А гишүүн өөрийгөө өмөөрөх шаардлагагүй шүү ээ. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бондын зөвлөл байгуулагдсанаас хойш энэ бүх юмны чинь бузар булай тонуулын чинь эхлэл эхэлчихсэн шүү дээ ..., ..Та тэр үнэт цаас гаргана, 2013 оны 12 сарын 03-нд Засгийн газрын үнэт цаасны талаар авах зарим арга хэмжээний тухай гээд баталсан байдаг..., ...та үнэт цаас гаргадаг, Худалдаж авдаг *******,******* *******наас худалдаж авдаг. Хадгаламж, харилцах байршил нь**************наас байршуулдаг, .. Н.А сайдыг би болбол энэ *******ийг тонох ажлыг эхлүүлсэн хүн гэж мөнөөсөө мөн, ..Энэ Монголыг тонон дээрэмдэх үйлс энэ Монголыг тонон дээрэмдэх бүх зүйлийн цучил буюу галыг Н.А асаасан шүү.. гэдэг үгийг хэлжээ.

6. Тэрээр энэхүү үг хэлсэн байдлаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх эрхээ эдэлсэн бөгөөд гутаан доромжилсон агуулгагүй, хонгил гэх үгний тухайд өөрийнх нь хэрэглэдэг үгийг ашигласан гэж тайлбарлаж байна.

Монголын Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй буюу энэхүү эрхийг баталгаатай эдлэхээр заасан.

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэлд санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж зааснаар гэм хор учруулсан О.О-аас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр болох олон нийтийн хэрэгсэл буюу бүх телевиз, мэдээллийн 15 сайтаар дамжуулан няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахаар шаарджээ.

8. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй бол эдийн бус гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл болдог.

Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэнийг хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгоно.

9. Нэхэмжлэгч нь бүх телевиз, 15 мэдээллийн сайтаар дамжигдаж гутаасан мэдээ тараагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж шаардсан.

10. Гэвч ямар ямар телевиз, мэдээллийн ямар 15 сайтаар гутаасан мэдээ хэрхэн тараагдсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй буюу хариуцагчийн үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхдээ нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан гэж үзэхгүй.

11. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд гутаагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Иймд О.О-т холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг баримтлан хариуцагч О.О-т холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул олон нийтийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

                       ШҮҮГЧИД                                   Г.АРИУНАА

                                                                                 А.САРАНТУЯА