| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/1246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1445 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1445
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ний өдөр ********* аймгийн ************ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, *** хамт ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ********* дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Х овгийн Н-ийн Г /РД:***************/.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Г нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны 19 цагийн үед ************* дүүргийн ** дүгээр хороо ** тоот гэртээ байхдаа хохирогч Б.Б-тай “хувийн таарамжгүй харилцааны” улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна ирмэгт шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох, яллах байр сууртай оролцож, хавтаст хэргээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 294 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Г нь би өөрөө зодуулсан учраас өөрийгөө хамгаалсан, хохирол төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай оролцож, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн болно.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Б-тай маргалдан эрүүл мэндэд нь зүүн нүдний гадна ирмэгт шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
3.2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны 19 цагийн үед нэг хашаанд хамт амьдардаг хажуу хөрш айлын хүүхэд Г-тэй тэдний машиныг асаах гэж оролдоод дийлдэхгүй байхаар нь бөөндөө Г-гийн гэрт орсон тэгээд одоо угаасаа асахгүй юм байна маргааш оролдож үзье тийм ийм зүйл хэрэгтэй байгаа юм гэж Г-гийн ээжтэй ярилцаж байхад Г гэрийнхээ хойморт нь хэвтэж байснаа босоод ирсэн “чи ер нь дандаа мэдэмхийрч байдаг гөлөг вэ?” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “чи намайг гөлөг гэдэг хэн бэ? би чиний төлөө машин асаах гээд өглөөнөөс хойш ноцолдоод байхад” гэсэн чинь “чам шиг юмыг би гуйгаагүй ална шүү” гэж хэлэхээр нь миний уур хүрээд гар утсаа шидсэн чинь миний өөдөөс үсрээд ороод ирсэн тэгээд бид хоёр барьцалдаж аваад харилцан зодолдсон тэгсэн Г-гийн ээж бид хоёрыг салгаад Н гэх хүүхдээ дуудаад салгаадах гээд байсан тэгээд бид нар салаад хоорондоо хэрэлдээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би Г- гэх хүнийг танина. Г гэх хүнтэй 2024 оны 09 дүгээр сараас хойш нэг хашаанд түрээслэж амьдардаг хүмүүс ...бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний зүүн шанаа тус газар язарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3097 дугаартай “...Б.Б-ын биед зүүн нүдний гадна ирмэгт шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
3.4. Шүүгдэгч Н.Г-гийн яллагдагчаар өгсөн: “...Уг зодоон болохоос өмнө Б.Б намайг хэл амаар маш их доромжилсон. Ээж дүү хоёр барьсан байхад Б.Б намайг зодоод байсан. Би биеэ хамгаалж ганц нэг удаа цохисон. Тэгээд сүүлд дүүдээ намайг биш Б.Быг холдуул, намайг зодохыг болиул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Хууль зүйн дүгнэлт.
5.1. Шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Б.Б түүн рүү утас шидсэний улмаас хохирогчийн нүүр лүү нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж зүүн нүдний гадна ирмэгт шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
5.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг. Шүүгдэгч Н.Г нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний гадна ирмэгт шарх, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учирсан.
Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсгийн 3.1.1-т зааснаар хөнгөн хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхийн газрын 1330 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18-19 х/-ээр тогтоогдсон. Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Г-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
5.3. Шүүгдэгч Н.Г өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн. Хүний нүүрэн хэсэг рүү цохих нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах аюултайг ухамсарлаж, гэрт байгаа хүмүүс хориглосоор байхад түүнд зориуд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн субьектив талын шууд санаатай үйлдэгдсэн гэх шинжийг хангасан.
5.4. Энэ гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
Шүүгдэгч Н.Г-гийн үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй.
5.6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Н.Г-гийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
5.7. Шүүгдэгч Н.Г, Б.Б нар ахуйн хүрээнд хоорондын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдсон болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/3178 дугаартай шинжээчийн “Н.Г-гийн биед баруун хөмсөг, бугалгад цус хуралт, баруун нүдний алимны салстад голомтод цус харвалт, баруун бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч уг гэмтэлд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т заасан хохирлын зэрэг тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Г-гийн Б намайг цохисон учраас биеэ хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Аргагүй хамгаалалт нь нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Хэргийн үйл баримтуудаар хохирогч эхэлж утас шидсэний улмаас харилцан бие бие рүүгээ довтолж зодолдсон асуудал тогтоогдсон тул Н.Г-гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй.
6. Хохирол-хор уршиг.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
6.2. Ш.Г-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
7. Эрүүгийн хариуцлагын талаар.
7.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Н.Г-д “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал гаргасан.
7.2. Шүүгдэгчээс: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.
7.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
7.4. Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үйлдлийн хувьд бусдад учруулсан хор уршиг их биш, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Н-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.Г-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Г-д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Б нь учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ