| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Х.Б*******а, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцу Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогду яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Б*******ад холбогдох эрүүгийн 2515000840075 дугаартай, 304/2025/0077/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М******* овогт Х******* Б*******а, Булган аймгийн Б******* суманд 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ........... сумын .......... дугаар багийн ...............дугаар байрны ............. тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, “*******” ХХК-д машинист ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б*******а нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 15-32 ******* улсын дугаартай “Toyota.Kluger” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Булган аймгийн ............сумын ...........багийн нутагт байрлах “*******” хүнсний дэлгүүрийн хойд талаар өнгөрөх засмал замаар замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан “...согтууруулах ундаа...” хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.10 дахь заалтад заасан “Жолооч зүүн гар тийш болон буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж, зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ тус замаар С.Уд жолоодон чигээрээ зорчиж явсан улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гарган зорчигч Л.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Л.Шийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20, 24 дэх тал/, хохирогч Б.Хгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал/, хохирогч Б.Угийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал/, хууль ёсны төлөөлөгч С.Удын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Адын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/, гэрч П.Шийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/, гэрч Х.Бийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/, гэрч С.Яын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч З.Дын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Бгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал/, “Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/0320 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 152-162 дахь тал/, Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Батбаярын гаргасан 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №35 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан Х.Б*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/, жолоочийн мэдээлэл, лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 215 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б*******а нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч М.Даваасүрэнгийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Б*******а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ чигээрээ явж байсан улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөн тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан Л.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд түүний дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ тэрээр өөрийн үйлдлээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргасан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэх шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Х.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Х.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Л.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.Б*******а нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 12,000,000 төгрөгийг төлж, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б*******а нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 416.554 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: “...Прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Б*******а нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Х.Б*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Б*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан шүүгдэгч Х.Б*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Б*******а нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн холбогдогч Х.Б*******ын №7011062 дугаартай “А, В, С” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М******* овогт Х******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Б*******ад “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б*******ад сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Х.Б*******а нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт хураагдаж ирсэн холбогдогч Х.Б*******ын №7011062 дугаартай “А, В, С” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ