Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2022/00322

 

 

 

 

 

 

2022 7 26 103/ШШ2022/00322

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харваач овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох хамтын гэрээнд олгохоор заасан тэтгэмж болон цалин нийт 4,750,948 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 04 зүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон ,

Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Л.******* ,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Хамтын гэрээний 2.3-т заасны дагуу 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 4.122.720 төгрөг, 16 хоногийн цалин 628.228 төгрөг, нийт 4.750.948 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* би ******* ******* ХХК-д 2016 оны 1 дүгээр сард ажилд орсон. Миний хувьд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан бөгөөд тус компанид нийт 5 жил 11 сарын хугацаагаар ажилласан байдаг. 2021.12.08-ны өдрийн 78 дугаар тушаалаар ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл надад бичгээр мэдэгдээгүй шууд халсан. Мөн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар миний ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцож олговор олгох ёстой. Надад зохих олговорыг олгоогүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 дахь заалт, Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох ёстой байснаас 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 824.544 төгрөгийг олгосон.

Би дээр дурдсан асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар:

1.    Байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист хандаж 2022.02.04-ний өдөр өргөдөл гаргасан. ******* ******* ХХК-ийн 2022.03.11-ны өдрийн 20 дугаар албан бичгээр тэтгэмж олгох боломжгүй гэж хариуг авсан.

2.    Багануур дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаа учир Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган зуучлагч томилуулж, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагааг явуулсан. Талууд тохиролцоогүй учир зуучлалын үйл ажиллагаа үр дүнд хүрэлгүй дуусгавар болсон. Энэ талаар зуучлагч Л.Ганганбарс 2022.04.18-ны өдөр тэмдэглэл үйлдэж талуудад танилцуулсан.

Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа амжилтгүй болсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3

дахь заалт, Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 5 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 824.544 х 5= 4.122.720 төгрөг, *******гол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт зааснаар 16 хоногийн цалин /нэг цагийн тариф 4908 төгрөг/ 628.228 төгрөг, нийт 4.750.948 /дөрвөн сая долоон зуун тавин мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Л.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 5.18-д заахдаа орон тоог цомхотгоход ...ажилтанд 3-4 жил ажилласан бол 1-ээс 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл, 11-15 жил ажилласан бол 12 сар хүртэл, 16 ба түүнээс дээш ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг хамтын гэрээндээ тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан байна. Гэтэл ******* ******* ХХК-ийн ажилчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн бие даасан Үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулж улмаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүн байгууллагаар элссэний дараа ажил олгогчтой хамтын гэрээ байгуулах хэлцэл хийх үед үндэслэл болгож буй баримт бичгийг танилцуулалгүй нэг талын эрх ашгийг тулган хүлээлгэх замаар дээд дурьдсан Хамтын хэлэлцээрийн заалтыг буруу тайлбарлаж хамтын гэрээний төслийг ирүүлж удаа дараа шавдуулан ажил олгогчийн төлөөлөгч захирал надаар гарын үсэг зуруулсан...******* ******* ХХК-ийн захиргаа, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Л.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргахгүй гэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан хамтын гэрээнд заасан тэтгэмж 4.122.720 төгрөг, 16 хоногийн цалин 628,228 төгрөг нийт 4,750,948 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.******* нь Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэснийг баримтлан тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч: Харваач овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч: ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тэтгэмж, цалин нийт 4,750,948 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 104,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА