| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1348 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1348
2025 5 21 2025/ШЦТ/1348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Э.Баярбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бын Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2506 00450 0787 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны ..... дугаарсарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ..... дугаархороо, Ж хотхоны .......... байрны .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Б овогт Бын Н, /РД:..................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаархороо, Ж хотхоны .......... байрны орцонд хохирогч Г.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийн аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн, чихэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, чих, дух, хамар, хүзүү, баруун хацар, хоёр мөрөнд цус хуралт, баруун бугалга, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын өгсөн: “Хэрэг учрал болсон өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би Баянзүрх дүүргийн ..... дугаархороо, Ж хотхоны ............. тоотод найз Эындаа 08:00 цагт очиж 1 шил архи уугаад тасарсан байсан ба нэг мэдэхэд ихэр ах болох Э-ын гэрт буюу тухайн байрын 47 тоотод хэвтэж байсан Сэртэл цагдаа нар ирчихсэн, миний толгой өвдөөд байсан. Тэгээд л би гэртээ харьсан. Маргааш нь юу болсон талаараа Э найзаасаа асуутал “намайг гаднаас орж ирж байх үед орцонд 1 хүн хэвтэж байсан. Тэгээд нүүрийг нь хартал чи байсан. Тэгээд би ахынд чинь оруулж өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед миний зүүн чихний ард хавдаад, зүүн нүд хөхөрсөн, 2 уруул хөхрөлттэй, толгой энд тэндгүй хавантай болсон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,
Гэрч Б.Ггийн өгсөн: “Уг өдрийн өмнөх өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хуурай ах болох Н над руу залгаад “Ах нь жаахан уучихсан байна, миний дүү маргааш өглөө эртхэн ирээд машин бариад өгөөрэй, хоёулаа маргааш ажилтай шүү” гэсэн. Тэгэхээр нь найз охины хамтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд байрлах З хорооллоос эхний автобусанд суугаад Баянзүрх дүүргийн ..... дугаархороонд байрлах Ж хотхонд очсон. Гэрт нь очтол Н ах бага зэрэг халамцуу сууж байсан ба дэлгүүр орж сөжү, ундаа авах гээд гарсан юм. Гараад лифтэнд суугаад 1 давхарт буутал лифтний урд 1 согтуу хүн утсаа оролдоод зогсож байсан ба бид 2 хажуугаар нь гартал утсаа үзүүлж харуулаад “ална шүү писда нар минь” гээд байсан. Тэгэхээр нь Н ах барьж аваад хоорондоо барьцалдаад эхэлсэн. Би болиулах гээд дийлээгүй юм. Учир нь миний нуруу муруйлттай, салгах гэхээр нуруу өвдөөд байсан. Н ах тэр 2 бие биеийнхээ нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохилцсон юм. Манай ахын хамар угийн муруй байсан ба, нэмж жаахан мурийсан байна лээ. Бас үүдэн хиймэл шүд нь хөдөлсөн. Нөгөө залуугийн хамраас нь цус гараад зогсож байсан. Тэгээд бид 2 дэлгүүр гараад авах юмаа авчхаад буцаад орц руу ортол нөгөө залуу дахиад зогсож байсан. Тэгээд тэр 2 дахиж муудалцаад барьцалдаж аваад бие биеийнхээ нүүр хэсэгт нь цохиод байсан. Яг хэдэн удаа бие биенийгээ цохилцсон талаар нь би мэдэхгүй байна. Ямартай ч олон удаа бие биенийгээ цохисон. Тэгээд тэр 2 зодолдож байх үед хүмүүс гарч ирээд цагдаа дуудсан. Тэгээд л бид 2 гэр рүүгээ ороод байж байтал цагдаа хаалга тогшоод Н ах бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,
Гэрч Ч.Эын өгсөн: “Хэрэг болсон өдөр би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд байрлах Ж хотхоны ..........тоотод байж байтал найз М өглөө эрт Хараа нэртэй 750 граммын архи бариад манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд бид 2 тэр архийг нь хувааж уучхаад байж байтал М гэртээ харина гээд явсан юм. Би гэрээсээ гараад орцны үүдэнд өөр найзуудын хамт машинд уучхаад гэртээ орох гэтэл орцонд манай найз М хүнд зодуулчихсан байдалтай орцны үүдэнд хэвтэж байсан. М куртикээ дээгүүрээ нөмөрсөн байсан учраас би хэн болохыг нь эхэндээ таниагүй юм. Ойртож очоод үзтэл манай найз М байсан. Тэгээд би гэр рүүгээ оруулж найзыгаа тавьчхаад цагдаа дуудаад, цагдаатай хамт камер шүүгээд үзтэл манай байрны 3 давхарт түрээсэлж амьдардаг хүмүүс байсан. Тэрийг би ч хараад таньсан. Манай орцны жижүүр ч хараад таньж байсан. Тэгээд би цагдаа нарт тухайн айлыг зааж өгөөд цагдаа нар тухайн хүмүүсийг аваад явсан. М манайд орж ирэхдээ зүгээр орж ирсэн, биед нь ямарч шарх байгаагүй. Нүүр ам нь нил хөхрөөд, хавдсан байдалтай харваас хүнд зодуулсан байдалтай байсан. Бас бага зэрэг цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 896 дугаар
1. Г.Мын биед баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн, чихэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, чих, дух, хамар, хүзүү, баруун хацар, хоёр мөрөнд цус хуралт, баруун бугалга, егзект зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хенген зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 58 дахь тал/,
2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн “Уг CD-нд байх бичлэгийг тоглуулан үзэхэд 4 минут 59 секундийн бичлэг байх ба Асег гэх бичигтэй зурагт дээр орцон доторх хяналын камерын бичлэг тоглож байна. Уг камерын бичлэгийн 7 дахь секундэд хохирогч........... регистрийн дугаартай Г-ын М (цаашид А гэх) лифтний урд зогсож байх үед дотроос холбогдогч .............. регистрийн дугаартай Бын Н (цаашид Б гэх) болон Б.Г гэрч нар нь ирж гарч байна. Бичлэг үргэлжлэн А, Б нар нь хоорондоо ямар нэг зүйл ярилцан Б нь А дээр очих ба гэрч Б.Г нь Б-г тэврэн орцны хаалганы зүг түлхэж явж байх үед А нь тэдний араас алхан очиж Б нь Ггийн гараас мултран А-руу дайрч тэд зодолдож эхлэв. Бичлэгийн 30 дахь секундэд Б нь А-гийн толгой хэсэгт нь 1 удаа цохин, татаж, түлхсээр бичлэгийн 43 дахь секундэд А-г унагаан 1 удаа цохиж буй дүр зураг харагдаж байна. А болон Б нар нь хоорондоо зууралдаж байгаад бичлэгийн 1 минут 28 дахь секундэд камерын үл харагдах хэсэгт орох ба 4 минут 25 дахь секундэд Б нь камерын үл харагдах хэсгээс цээж хэсгээрээ хагас нүцгэн байдалтай гарч ирж байна. Бичлэг үргэлжлэн 4 минут 35 дахь секундэд гэрч Б.Г нь Б-г дагуулан орцноос гарсан боловч буцаж хүрч ирэн дахин камерын үл харагдах хэсэгт орон баруун хөлөөрөө 1 удаа өшиглөх буй үйлдэл хийчхээд буцаад гарч байна. Хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг 13 цаг 18 минутад дуусган хөндлөнгийн гэрч нарт танилцуулан гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл /хх-ийн 66-68 дахь тал/,
Яллагдагч *******ын өгсөн: “Тухайн хэрэг болсон өдөр би ээжийнхээ гэрээс буюу Баянзүрх дүүргийн ..... дугаархороонд байрлах Ж хотхоноос дүү Ггийн хамт гараад лифтнээс буух үед өөдөөс нэлээд согтуу хүн гар утсаа харуулаад, учир нь ойлгогдохгүй юм яриад байсан. Тэгээд бид маргалдаж эхлээд тэр эхлээд намайг өөдөөс мөргөөд авсан. Тэгэхээр нь би цохиод, түлхээд унагаасан юм. Тэгээд буланд хэсэг зодож байгаад гараад буцаад орцонд ороод ирэх үед босоод ирчихсэн дахиж дайраад байсан. Тэгэхээр нь би дахиж түлхэж унагаагаад уурандаа өшиглөчихсөн юм. Би нэлээд согтуу байсан. Угийн элэг муу учраас архи
ууж чаддаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дахь тал/
*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дахь тал/,
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 47 дахь тал/,
Хохирогч Г.Мын хүсэлт /хх-ийн 56 дахь тал/,
Хөдөлмөрийн чавдар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх-ийн 64 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн тэмдэглэл /хх-ийн 65 дахь тал/,
*******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 дахь тал/,
Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаархороо, Ж хотхоны 495 байрны орцонд хохирогч Г.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийн аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн, чихэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, чих, дух, хамар, хүзүү, баруун хацар, хоёр мөрөнд цус хуралт, баруун бугалга, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийн аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн, чихэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, чих, дух, хамар, хүзүү, баруун хацар, хоёр мөрөнд цус хуралт, баруун бугалга, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Г.Мыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг үйлдлийн аргаар зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн, чихэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, чих, дух, хамар, хүзүү, баруун хацар, хоёр мөрөнд цус хуралт, баруун бугалга, өгзөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мын: “Тухайн үед миний зүүн чихний ард хавдаад, зүүн нүд хөхөрсөн, 2 уруул хөхрөлттэй, толгой энд тэндгүй хавантай болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Б.Ггийн “Гараад лифтэнд суугаад 1 давхарт буутал лифтний урд 1 согтуу хүн утсаа оролдоод зогсож байсан ба бид 2 хажуугаар нь гартал утсаа үзүүлж харуулаад “ална шүү писда нар минь” гээд байсан. Тэгэхээр нь ******* ах барьж аваад хоорондоо барьцалдаад эхэлсэн. ...******* ах тэр 2 бие биеийнхээ нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохилцсон юм. Манай ахын хамар угийн муруй байсан ба, нэмж жаахан мурийсан байна лээ. Бас үүдэн хиймэл шүд нь хөдөлсөн. Нөгөө залуугийн хамраас нь цус гараад зогсож байсан. Тэгээд бид 2 дэлгүүр гараад авах юмаа авчхаад буцаад орц руу ортол нөгөө залуу дахиад зогсож байсан. Тэгээд тэр 2 дахиж муудалцаад барьцалдаж аваад бие биеийнхээ нүүр хэсэгт нь цохиод байсан. Яг хэдэн удаа бие биеэ цохилцсон талаар нь би мэдэхгүй байна. Ямартай ч олон удаа бие биенийгээ цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Ч.Эын “Хэрэг болсон өдөр би гэртээ буюу Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд байрлах Ж хотхоны ..........тоотод байж байтал найз Г.М өглөө эрт Хараа нэртэй 750 граммын архи бариад манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд бид 2 тэр архийг нь хувааж уучхаад байж байтал Г.М гэртээ харина гээд явсан юм. Би гэрээсээ гараад орцны үүдэнд өөр найзуудын хамт машинд уучхаад гэртээ орох гэтэл орцонд манай найз Г.М хүнд зодуулчихсан байдалтай орцны үүдэнд хэвтэж байсан. Г.М куртикээ дээгүүрээ нөмөрсөн байсан учраас би хэн болохыг нь эхэндээ таниагүй юм. Ойртож очоод үзтэл манай найз Г.М байсан. Тэгээд би гэр рүүгээ оруулж найзыгаа тавьчхаад цагдаа дуудаад, цагдаатай хамт камер шүүгээд үзтэл манай байрны 3 давхарт түрээсэлж амьдардаг хүмүүс байсан. Тэрийг би ч хараад таньсан. Манай орцны жижүүр ч хараад таньж байсан. Тэгээд би цагдаа нарт тухайн айлыг зааж өгөөд цагдаа нар тухайн хүмүүсийг аваад явсан. Г.М манайд орж ирэхдээ зүгээр орж ирсэн, биед нь ямарч шарх байгаагүй. Нүүр ам нь нил хөхрөөд, хавдсан байдалтай харваас хүнд зодуулсан байдалтай байсан. Бас бага зэрэг цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 28/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 896 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх 58/,
2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66-68/,
Яллагдагч *******ын өгсөн: “Тэгээд буланд хэсэг зодож байгаад гараад буцаад орцонд ороод ирэх үед босоод ирчихсэн дахиж дайраад байсан. Тэгэхээр нь би дахиж түлхэж унагаагаад уурандаа өшиглөчихсөн юм. Би нэлээд согтуу байсан. Угийн элэг муу учраас архи ууж чаддаггүй юм.” гэх мэдүүлэг /хх 79-80/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч Г.Мын гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогчийн Эрүүл Мэндийн Даатгалаас сангаас тусламж үйлчилгээ авсан 174,682 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Цаашид гарах хохирлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хавсаргах саналтай, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатар: “Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Камерын бичлэгт хангалттай дүрс бичлэг байхгүй. Гэрч нарын мэдүүлэгт харилцан зодолдсон байдаг. Шүүгдэгчийн хувьд гомдол санал гаргаагүй байдаг. Хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан баримтаар хөдөлмөрийн чадвар алдагдал нь 81 хувиар тогтоогдсон. Хохирогч нь гомдол саналгүй гэх өргөдлөө хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. 66 дугаар талд хохирол төлсөн баримт байдаг. Шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс санал хүсэлт байхгүй гэдэг. Улсын яллагчийн хэлсэнчлэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруу дээрээ маргадаггүй. Соёл урлагийн салбарт олон залуу хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байсан. Иймд 6.7 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх үндэслэлтэй байна” гэв
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн буруутай үйлдэл, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөлөхөөр шийдвэлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА