Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 79

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

 Нарийн бичгийн дарга Х.Нарантуяа  нар оролцов.

Аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Ц.Долгорсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000116  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, 1955 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай. дээд боловсролтой. Оёдлын үйлдвэрт инженер технологич мэргэжилтэй. Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 2-р хороо 2-40 мянгатын 26-43 тоотод оршин суугч, тэтгэвэрт гарсан, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Түмэндалам овогт Цэнджавын Долгорсүрэн РД:ЧЛ55020101

      

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ц.Долгорсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатарын чиглэлийн 6 дугаар галт тэрэгний 2 дугаар вагоны 5-р купенд зорчиж улсын хил нэвтрэх үедээ Иммуноглобулин человека нормальный нэртэй 19 хайрцаг, цераксон нэртэй 5 хайрцаг, Цитофлавин нэртэй 3 хайрцаг, Иммуноглобулин человека антистафилококовый нэртэй 3 хайрцаг нийт 3.168.468.68 төгрөгийн эмнүүдийг хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Ц.Долгорсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 4  дүгээр сарын 6-нд ОХУ-ын Эрхүү хотод очоод 2017 оны 04 дүгээр сарын 09-нд буцаж гарахдаа тус 5 төрлийн бэлмэлүүдийг авч гараад Сүхбаатар боомтон дээр саатуулагдсан. Гаалийн байцаагч үзлэг хийгээд тухайн бэлдмэлүүдийг илрүүлсэн. Би энэ бэлдмэлүүдийг зарж борлуулах зорилгоор аваагүй үр хүүхэд ач зээ, дүү нар дүү нарынхаа хүүхдүүдийг халдварт өвчин, ханиад томуу, агаарын бохирдол ,хоолойны ангина зэргээс урьдчилан сэргийлэх дархлааг нь хамгаалах  зорилгоор авч гарсан. Яагаад би энийг мэдэж байгаа вэ? Гэхээр манай аав эмч байсан. Тэгээд бид нарыг бага байхад миний үр хүүхдүүд энэ тариаг жилдээ нэг удаа хийхэд ханиад томуу  тусдаггүй дархлаа сайжруулдаг гэж хэлдэг байсан. Тэгээд энэ бэлдмэлүүд манай Монголд  их үнэтэй байдаг учраас өөрийнхөө гэр бүлйин 20-иод хүний тоогоор хэрэглэе гэж авсан.  Сүүлийн үед ханиад томуу вирус нь баргийн эмэнд дарагдахаа больсон. Тэгээд эмчид үзүүлхээр эмч нар их үнэтэй антибиотик бичиж өгдөг тэр эмийг уухаар олигтой сайжирсан ч юм байхгүй мөөгөнцөр, антибиотикийн хорлого болдог сөрөг нөлөөтэй. Тийм болохоор манай аав авч хэрэглэж байсан болхоор тустай байх гээд авсан. Ямар нэг зарж борлуулах зорилгогүй өөрсдийнхөө хэрэгцэээнд авсан. Би тэтгэвэрт гарсан. 62 настай. Миний биеийн байдал сайн биш зүрхний архаг дутагдалтай, үе мөчний архаг өвчтэй. Жижиг хайрцагтай нь дархлаа сайжруулдаг хуучин дээр үед шарын гаам гэж хэрэглэдэг байсан ханиад томуу халдварт өвчинөөс урьдчилан сэргийлдэг, дархлаа сайжруулж өгдөг тариа юм. Нэг хайрцаг нь 1 хүнд зориулагдсан зориулалттай юм. Гурван том хайрцагтэй нь болохоор хоолойны ангинад хэрэглэдэг. Тийм болохоор ангинатай хүүхдүүддээ тарих гээд 3-н хайрцгийг авсан. Би улсад 30 жил ажиллачхаад тэтгэвэрийн доод хэмжээгээр 230.000 төгрөг авдаг. Эмийн бодлого гэдэг нь  алдагдсан юм шиг эм нийлүүлдэг байгууллагууд хөдөлмөрч иргэдийн иргэдийг хэрэгтэй эм тариагаар хангахын оронд өөрсдийн ашигтай эм тариаг авчраад хоорондоо сүлжээ байгуулаад тэр эмийн сангаас тэр эмийг аваарай гэж хүнд хэцүү байдалтай болсон учраас хувь хүмүүс бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө өөрсдөө л зүтгэхгүй бол өөр хэн зүтгэх билээ гэж бодоод хэрэгтэй эмээ олдсон дээр нь авчихъя гэж бодож авсан. Энэ эмнүүдийг авч гарснаар хорио цээртэй гэдгийг мэдээгүй буруу зүйл хийсэн гэдэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Маш буруу зүйл хийсэн байна. Өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах зорилго тавьсан хэдий ч хууль зөрчиж алдаатай зүйл хийсэн байна...”  гэх мэдүүлэг

     Хохирогч Д.Цэрэндуламын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Улсын хилээр иргэн хүн эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй, өөрийн хэрэгцээний эмийг зохих журмын дагуу авч явах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хилээр эмийн зүйлийг импортолно. Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь уг эмийн зүйлийг улсын хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, ямар нэгэн хүн уг эмнээс болж хордож хохироогүй учир гомдол санал гэх зүйл алга байна. Харин зохих хуулийн дагуу шийдвэрлээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Э.Солонгын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө олон улсын суудлын хэсэгт томилогдож ажиллаж байсан. Орой 23 цагийн үед ОХУ-аас олон улсын суудлын галт тэрэг ирсэн. Би уг галт тэрэгний 5,6 дугаар вагон шалгаж байхад 6-р вагонд үзлэг шалгалт хийж байхад иргэдийн ачаа тээш зэргийг үзэж хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг шалгасан. Үзлэг шалгалтын явцад 2 дугаар купенд зорчин явсан иргэн Долгорсүрэнгийн хар өнгийн цүнхэнд үзлэг хийхэд хайрцаг дотор хориглосон, хязгаарласан бараа хилээр нэвтрүүлэх гэж байсан. Уг хүнийг вагоноос буулган авч явж 5 төрлийн эм эмийн зүйлийг саатуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Гэрч Ц.Наранцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гаалийн хяналт шалгалт хэрхэн хийгдэж байгаа талаар галт тэргэнд орж хяналт шалгалт тавьж байхад манай гаалийн улсын байцаагч Солонго нь зорчигчийн тээшнээс эмнүүд гарч ирлээ гэж надад гар утсаар мэдэгдэж байсан тухайн тухайн үед очиж шалгахад 60 гаруй насны эмэгтэй байсан ба ачаа тээшнээс нь их хэмжээний эм эмийн зүйл байхаар нь зорчигчийг түр саатуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 32-38 дугаар тал/

Хариулт1. Иргэн Ц.Долгорсүрэнгийн Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан Иммуноглобулин человека нормальный нэртэй 10-н ампул 1.5 нийт 19 хайрцаг эмний гаалийн нэгж үнэ 2167.7 рубль буюу нийт 41186.3 рубль Цераксон нэртэй 500мг 4мл нийт 5 хайрцаг эмийн гаалийн нэгж үнэ 697 рубль буюу нийт 3485 рубль Иммуноглобулин человека антистацилококковый нэртэй 10 ампул /1 дозе 100 ме/ 3 хйрцаг эмний гаалийн нэгж үнэ 9197 рубль буюу нийт 27591 рубль Цитофлавин нэртэй 10 ампул 10 мл 3 хайрцаг эмний гаалийн нэгж үнэ 652.7 рубль буюу нийт 1958.1 рубль тус тус болно. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2-р зүйлийг үндэслэж дээрх барааны гаалийн нэгж үнийг тодорхойлов.

Хариулт2. Монгол Улсад эмийн бүтээгдэхүүн импортлоход “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” 2001 оны хуулийн 15 дугаар 15.12.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардагдана. Харин 2010 оны 05 сарын 27-ны “Эм Эмнэлэгийн хэрэгслийн тухай” хуулийн 7 дугаар зүйлд “Хүний эм, эмнэлэгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх эм, тэдгээрийн дагавар бодис, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасан. Тус хуулийн 15 дугаар зүйлд “Эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас лиценз авна” гэж заасан байгаа.

Хариулт3. Дээрх эмийн зүйл нь гаалийн тухай хуулийн 3.1.14-д заасан “тарифын бус хязгаарлалт”-тай хязгаарласан бараа болно. Тухайн бараа импортлогч нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байх ба эрх бүхий дээд бйагууллагын зөвшөөрөлтэйгөөр тоон хязгаарлалтын дагуу импортлох эрхтэй.

Хариулт4. Тухайн бараа импотлогч нь эрх бүхий дээд байгууллагын зөвшөөрөлтэйгөөр импортолсон тохиолдолд татвар ногдох бараа мөн болох ба дараах татвар ногдуулна.

 

Д/д

Барааны нэр

Тоо, ширхэг

Нэгж үнэ /Рубль/

Нийт үнэ /рубль/

Суурь үнэлгээ

/төг/

Гаалийн татвар /төг/

НӨАТ

/төг/

Нийт татварын дүн /төг/

1

Иммуноглобулин

Человека

Нормальний

19 хайрцаг

2167.7

41186.3

1.758.243.14

87.912.17

184615.53

272527.68

2

Цераксон нэртэй 500мг 4мл

5 хайрцаг

697

3485

148774.65

7438.73

15621.33

23060.07

3

Иммуноглобулин человека антистафилококковый

3 хайрцаг

9197

27591

1.177.859.79

58.892.98

123.675.27

182568.26

4

Цитофлавин

3 хайрцаг

652.7

1958.1

83591.28

4179.56

8.777.084

12956.64

2017 оны 04 сарын 09-ний өдрийн ханш нь 1 рубль 42.69 төгрөг

 

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 18-03-002/11 тоот “.......Хариулт1. Дээрх зүйлүүд нь эмийн бэлдмэл мөн болно.

1.Иммуноглобулин человека антистафилококковийг стафилоококоор үүсгэгдсэн халдварын эсрэг хэрэглэнэ.

2.Цераксоныг цочмог болон цочмогдуу явцтай тархины судасны эмгэг, тархины гэмтэл ба түүний үр урхагийн үед хэрэглэнэ.

3.Цитофлавиныг цочмог явцтай тархины цусны эргэлтийн өөрчлөлт, судасны гаралтай энцефалопатийн 1-2 үе, тархины цусны эргэлтийн үр урхаг хордлого, эндотоксикозын гаралтай хордлогот болон хүчилтөрөгчийн дутагдалт энцефалопати, норкозны дараах ухаан санаа дарангуйлагдах үед хэрэглэнэ.

4.Иммуноглобулин человека нормальный А гепатит, корь, хөхүүл ханиад, менингококкт халдварын үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх, ханиадыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Хариулт2. Дээрх эм, эмийн бэлдмэлүүдийг хүний эмчилгээнд хэрэглэнэ.

Хариулт3. Дээрх эм, эмийн бэлдмэлүүд нь мансууруулах болон сэтгэцэт нөлөөлөх эм, био бэлдмэлд хамаарахгүй.

Хариулт4. Цераксон, Цитофлавин нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Харин Иммуноглобулин человека антистафилококковый, Иммуноглобулин человека нормальный Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

1.Иммуноглобулин человека антистафилококковый стафилоококкоор үүсгэгдсэн халдварын эсрэг булчинд тарьж хэрэглэнэ.

2.Цераксоныг цочмог болон цочмогдуу явцтай тарнхины судасны эмгэг, тархины гэмтэл ба түүний үр урхагийн үед судсанд болон булчинд тарьж хэрэглэнэ.

3.Цитофлавиныг цочмог явцтай тархины цусны эргэлтийн өөрчлөлт, судасны гаралтай энцефалопатийн 1-2 үе, тархины цусны эргэлтийн үр урхаг, тархины цусан хангамжийн архаг дутагдал, цочмог ба архаг хордлого, эндотоксикозын гаралтай хордлогот болон хүчилтөрөгчийн дутагдалт энцефалопати, норкозны дараах ухаан санаа дарангуйлагдах үед судсанд тарьж хэрэглэнэ.

4.Иммуноглобулин человека нормальный А гепатит, корь, хөхүүл ханиад, менингококкт халдварын үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх, ханиадыг эмчлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал/

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №26-03-025-04 дугаартай “..........

1.Антистафилококкын гаммаглобулин, иммуноглобулин нь эмийн сангаар худалдаалагддаггүй зөвхөн тогтсон нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

2.Мөн дээрх 2 иммунноглобулины хувьд хадгалалтын горим зөрчигдсөн байна. /2-8 градус буюу хөргөгчинд хадгалах/

3.Иргэн Ц.Долгорсүрэн нь Монгол улсын эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3 дэх заалт тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/

Зорчигчийн гаалийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар тал/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 14 дүгээр тал/

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн болохыг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/

Ц.Долгорсүрэнгийн хил нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/

Хас банк, Хаан банк, Төрийн банк, Голомт банк, Капитал банкуудын лавлагаа /хх-ийн 76-80 дугаар тал/

Ц.Долгорсүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/

Ц.Долгорсүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

          Шүүгдэгч Ц.Долгорсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатарын чиглэлийн 6 дугаар галт тэрэгний 2 дугаар вагоны 5-р купенд зорчиж улсын хил нэвтрэх үедээ Иммуноглобулин человека нормальный нэртэй 19 хайрцаг, цераксон нэртэй 5 хайрцаг, Цитофлавин нэртэй 3 хайрцаг, Иммуноглобулин человека антистафилококовый нэртэй 3 хайрцаг нийт 3.168.468.68 төгрөгийн эмнүүдийг хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Д.Цэрэндуламын /хх23/ гэрч Э.Солонгын /хх24-25, 28/, Ц.Наранцэцэгийн /хх26/ мэдүүлгүүд, Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/, эд зүйлд үлзэг хийсэн тэмдэглэл, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14 дугаар тал/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18/ болон дээрх 5 төлрийн эм нь Монгол улсын бүртгэлд бүртгэлтэй, хадгалалтын горим хангасан эсэх, түүний үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 32-38, 45-46, 51-52/ зэрэг болно.  

           Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.            

           Шүүгдэгч Ц.Долгорсүрэнд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар ...хууль бусаар эм импортлох... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна.

          Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

        Иймд шүүгдэгч Ц.Долгорсүрэнд Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан гэмт хэрэг нь “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т “....таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

           Иймээс шүүгдэгч Ц.Долгорсүрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан “...хууль бусаар эм импортлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Ц.Долгорсүрэнг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, ар гэрийн  нөхцөл байдал, өндөр насны байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж, шүүхээс ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Долгорсүрэн бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно. 

           Шүүгдэгч Ц.Долгорсүрэнгийн хууль бусаар импортлосон 5 нэр төрлийн  Иммуноглобулин человека нормальный нэртэй 19 хайрцаг, цераксон нэртэй 5 хайрцаг, Цитофлавин нэртэй 3 хайрцаг, Иммуноглобулин человека антистафилококовый нэртэй 3 хайрцаг нийт 3.168.468.68 төгрөгийн эмнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

             Учир нь дээрх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй боловч уг эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн найрлага бүтэцэд лабраторийн түвшинд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, эм эмийн бэлдмэлийн хураан авсан үеэс эхлэн шаардлага стандартанд нийцүүлж хадгалсан эсэх тодорхойгүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3,  36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Түмэндалам овогт Цэнджавын Долгорсүрэнг мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д  заасан “...хууль бусаар эм импортлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Түмэндалам овогт Цэнджавын Долгорсүрэнд ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Долгорсүрэн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан 5 нэр төрлийн  Иммуноглобулин человека нормальный нэртэй 19 хайрцаг, цераксон нэртэй 5 хайрцаг, Цитофлавин нэртэй 3 хайрцаг, Иммуноглобулин человека антистафилококовый нэртэй 3 хайрцаг нийт 3.168.468.68 төгрөгийн эмнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.Долгорсүрэн  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

7.Шүүгдэгч Ц.Долгорсүрэнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

     

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ