Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0936

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Б********* ” ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б***** ,

Хариуцагч: Эрчим хүчний сайд,

Хамтран хариуцагч: Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н***** ,

Хамтран хариуцагч: “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.О***** ,

Хамтран хариуцагч: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал,

Гуравдагч этгээд: П.Д***** , Т.Н***** , Г.М***** , М.Г***** , Х.Б***** нарын хоорондын захиргааны актад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***** , хариуцагч Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***** , хариуцагч “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О***** , гуравдагч этгээд П.Д***** , Т.Н***** , Г.М***** , М.Г***** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар

1.1. Нэхэмжлэгч “Б********* ” ХХК-иас Эрчим хүчний сайдад холбогдуулан “Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т зааснаар Эрчим хүчний яам, П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар нь илт хууль бус захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж хохирсон “Б***** ” ХХК болон захирал Б.Б***** ээс уучлалт хүсэхийг Эрчим хүчний сайдад даалгах” тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Б********* ” ХХК-иас Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал нарт холбогдуулан:

“А. “Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

Б. Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,

В. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах,

Г. Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг Эрчим хүчний төвийн захиралд даалгах,

Д. "Б***** " ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл

2.1. “Б********* ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 онд "С***** " сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын (2,3 тэрбум төгрөг) нийт 80 гаруй хувийг (1,8 тэрбум төгрөг) гүйцэтгэсэн бөгөөд захиалагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээгээ удаа дараалан зөрчиж байсан. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "С***** ” сургуулийн зүгээс барилгын ажил гүйцэтгэх гэрээгээ цуцлан, биднийг талбайгаас хөөн явуулж, өнөөдрийг хүртэл манай компанийн ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөр 500 сая төгрөгийг өгөхгүй, хохироож байна. Ажлын хөлсийг дутуу өгч хохироогоод зогсохгүй "Б***** ” ХХК-ийн захирал намайг эрүүгийн гурван хэрэгт үндэслэлгүй гүтгэж, 2014 оны 1 дүгээр сараас эхлэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа, эд материалаар хохироосон билээ. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т заасан залилан мэхлэх зүйл ангиар яллагдагчаар татан нийт 756 хоног шалгуулж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.1-т заасан хүний нэр төр гутаах зүйл ангиар шалгуулж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174.1-т заасан чанаргүй барилга барьсан гэх зүйл ангиар шалгуулж яллагдагчаар татан нийт 886 хоног шалгуулан, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус хэрэгсэхгүй болсон ба миний бие нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шүүхээр цагаатгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Иргэн Б.Б***** намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Шийтгэх тогтоол гаргасан юм.

Уг шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 магадлалаар захирал Б.Б***** намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174-р зүйлийн 174.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Захирал Б.Б***** миний бие нь Магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаартай шийтгэл тогтоол, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, захирал Б.Б***** намайг цагаатгасан юм.

Уг тогтоолд: "С***** " бүрэн дунд сургууль нь цагдаагийн байгууллагад “Б***** ” ХХК-ийн захирал Б.Б***** т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэх гомдол гаргаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуй нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохирохгүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. ....... Уг асуудлыг нэгтгэн дүгнэвэл гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхад хоёр шатны шүүх Б.Б***** ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв" гэжээ.

"С***** ” сургуулийн захирал Д.З***** нь манай компанитай хийсэн Ажил гүйцэтгэх гэрээний улмаас үүссэн ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 500 орчим сая /одоогийн байдлаар 1,457,284,598/-ийг өгөхгүйн тулд Иргэний хэргийн маргааныг эрүүгийн гэмт хэрэг болгон иргэн Б.Б***** намайг нийт 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр шалгуулж, хэлмэгдүүлсэн юм.

“Б***** ” ХХК-ийн захирал намайг 2002 оны Эрүүгийн хэргийн 174 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх зохиомол эрүүгийн хэрэгт яллаж, буруутгахад гол нотлох баримт бол Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** ийн гаргасан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага, Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** , Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б***** , Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахлах инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М***** нарын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мэргэжлийн байцаагчийн дүгнэлт юм.

"С***** ” сургуулийн захирал Д.З***** нь "чанаргүй барилга” барьсан гэж хэлмэгдүүлэхийн төлөө нотлох баримт бүрдүүлэхийн тулд хүсэлтээ Эрчим хүчний яаманд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд Эрчиим хүчний яамны мэргэжилтэн П.Д***** нь 1 хоногийн дараа буюу 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагыг гаргахдаа С***** сургуулийн барилгад очиж үзэлгүйгээр С***** сургуулийн захирал Д.З***** гийн авчирсан гэрэл зургийг харж, уг актыг бичсэнээ Захиргааны хэргийн шүүхэд хүлээн зөвшөөрсөн.

Мөн энэ албан шаардлагад нэр нь дурдагдсан С.ц***** нь "С***** сургуулийн барилгад хамт очоогүй болон энэ албан шаардлагад нэр нь яагаад орсныг мэдээгүй" гэж Захиргааны хэргийн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. П.Д***** нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.9, 5.16 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.3.3, 10.4.11 дах заалт, 12.4, 125, 12.10 дах хэсгийг зөрчсөнийг тогтоосноо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт дурьдсан.

П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.3 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг зөрчсөнийг тогтоосон тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт дурьдсан С***** сургуулийн өргөтгөлийн барилгад хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн зохих заалтыг зөрчсөн учраас П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарын улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/196 тоот тушаалаар цуцалсан.

П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон нь хууль бус болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаартай шийдвэрээр тогтоож, тэдэнд эрх олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Мөн Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, асан П.Д***** ийн гаргасан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, асан П.Д***** бүхий 5 хүний гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг “илт хууль бус акт"-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор тогтоосон юм.

Дээрх баримтуудаас дүгнэхэд П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж, Төрийн албан хаагчийн тангаргаа умартаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаа зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, манай компанийг болон захирал намайг хэлмэгдүүлсэн юм.

Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар Эрчим хүчний сайдад 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот албан бичиг /Сайдаас ирсэн албан бичигт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01/09 гэж андуурч бичсэн болно/-ээр гомдол гаргасан боловч Сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн а/1302 дугаартай албан бичигт “..........Хэдийгээр дээрх ажилтнууд нь тухайн албан шаардлага, дүгнэлтийг гаргасан боловч эдгээр нь улсын ерөнхий байцаагчаас эрх олгосны үндсэн дээр албан үүргээ гүйцэтгэсэн төрийн албан хаагчид бөгөөд улсын ерөнхий байцаагчаас эрх олгох асуудалд огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагчид эрх олгох тухай асуудал нь Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн асуудал болохыг анхааран үзэх шаардлагатай болно" гэжээ.

 Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийж, П.Д***** нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан шаардлагыг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.2, 5.9, 5.16 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 10.3.3, 10.4.11 дах заалт, 12.4, 12.5, 12.10 дах хэсгийг зөрчсөн, П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.3 дах хэсэг, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад заасан шаардлагуудыг зөрчсөн тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт дурдсан байхад Эрчим хүчний сайд анхаарч үзээгүй нь миний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхэд халдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д зааснаар Эрчим хүчний сайд миний гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д заасан "өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах” гэсэн эрх хангагдах юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д "Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ” гэж заасны дагуу эдгээр албан хаагчдын гаргасан илт хууль бус актын улмаас эрүүгийн хэрэгт 2365 хоног шалгуулж хэлмэгдсэн учраас Эрчим хүчний яам болон П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар манай компани болон надаас уучлал гуйх ёстой.

П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалсан боловч төрийн албан хаагч хэвээрээ бөгөөд П.Д***** нь Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, Х.Б***** нь Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, Г.М***** нь "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер, М.Г***** нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Т.Н***** нь Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаа болно.

Монгол Улсын хууль. Ёс зүйн хэм хэмжээг чандлан сахихаа илэрхийлж, тангараг өргөсөн Төрийн албан хаагчид мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст хууль бусаар үйлчилдэг явдал таслан зогсох, хариуцлага алдсан хэн ч хариуцлага хүлээдэг болоход томоохон түлхэц болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу хариуцлага хүлээлгэж, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д зааснаар Эрчим хүчний яам, П.Д***** , Х.Б***** , Г.М***** , М.Г***** , Т.Н***** нар нь илт хууль бус захиргааны актын улмаас эрх ашиг нь зөрчигдөж хохирсон “Б***** ” ХХК болон захирал Б.Б***** ээс уучлалт хүсэхийг Эрчим хүчний сайдад даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. “Б********* ” ХХК-ийн захирал Б.Б***** ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гуравдагч этгээд нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад хүсэлт гаргаад улсын байцаагчийн эрхээ аваагүй. Эрчим хүчний яамнаас эдгээр хүмүүст улсын байцаагчийн эрхийг хууль бусаар олгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга буюу улсын ерөнхий байцаагчид хүсэлт гаргаад түүний дагуу эрчим хүчний улсын байцаагчийн эрхийг олгосон. Энэ нь хууль бус болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс тогтоосон. Эрчим хүчний яам буюу төрийн байгууллага буруутай үйл ажиллагаагаар эдгээр хүмүүст улсын байцаагчийн эрхийг олгуулсан. Эдгээр хүмүүс улсын байцаагчийн эрхээ ашиглаж хууль бус акт гаргасан. Үүнийг улсын байцаагчийн эрх нь хууль бус болохыг Иргэний шүүх тогтоосон. Гаргасан акт илт хууль бус болохыг Захиргааны шүүх тус тус тогтоосон. Энэ бол Эрчим хүчний яам, сайд эс үйлдэхүй гаргаж эдгээр хүмүүст эрх олгосон гэж миний зүгээс үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт эс үйлдэхүй гэж заасан. Шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдгийг манай зүгээс эс үйлдэхүй гэж үзэж байгаа. Эдгээр албан хаагчид мэргэжлийн хяналтын албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа Төрийн хяналтын шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын стандарт, норм дүрмийг зөрчсөн гэдгийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон. Төрийн байгууллага буюу Эрчим хүчний яам хоёр аж ахуйн нэгжийн хоорондох маргаанд орж байгаа нь өнөөдрийг хүртэл эмгэнэлтэй санагдаж байна. 1 орон сууц 2 айлын хооронд эсвэл, хоёр аж ахуйн нэгжийн цахилгааны асуудал, эсвэл нэг аж ахуйн нэгжийн цахилгааны асуудал дээр Эрчим хүчний яам нь мэргэжилтэн нараа томилоод оролцоод байгаа нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан яам бодлогоор хангах, боловсруулна гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр С***** сургуульд илт давуу байдал үүсгэж С***** сургуулийн хүсэлтээр төрийн нарийн бичгийн дарга хяналт шалгалтын удирдамж бичээд нөгөөх нь болохоор зүгээр танил талаараа 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаад 03 дугаар сарын 03-ны өдөр албан шаардлагыг бичиж өгсөн. Энэ нь төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төрийн байгууллага мөнгө эрх мэдэл танил талтай хүнд үйлчилж байгаа нэг илрэл гэж харж байна. Өмнөх шүүх хуралдаанаар яам яагаад хоёр аж ахуйн нэгжийн хоорондын маргаанд оролцсон бэ? гэдэг асуудал яригдсан. Мэргэжлийн хяналтын газар байхад яагаад оролцоод явсан бэ гэдэг асуудал байна. П.Д***** хэлэхдээ С***** сургууль захиалагчийн хүсэлтийн дагуу хийсэн гэдэг. Намайг хүсэлт гаргаад гэрийн цахилгаан болохгүй байна гэвэл таны хүсэлтийн дагуу хангаж шийдвэрлэнэ гэж тайлбарладаг. Өөрийнхөө эрх үүргийг мэдэхгүй хүмүүс өнөөдөр ингээд энд байгаа нь харамсалтай байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал          

            3.1 Хариуцагч Эрчим хүчний сайд болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***** , Л.Н***** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "Б***** " ХХК нь нэхэмжлэлдээ "Илт хууль бус актын улмаас эрүүгийн хэрэгт 2365 хоног шалгуулж хэлмэгдэж эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар дурьджээ. Түүнчлэн С***** бүрэн дээд сургууль нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж сэтгэл санаа, эд материалаар хохироосон ба төлбөр гэх 500 сая төгрөгийг өгөхгүй байгаа үйлдэлд гомдолтой байгаа тухайгаа тусгасан байна. Гэвч үүсээд буй асуудалд дүн шинжилгээ хийхийн тулд дараах хэд хэдэн зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.

Нэг. С***** сургуулийн өргөтгөлийн барилгад хийсэн хяналт, шалгалтын тухай

"С***** " дунд сургуулиас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоотоор ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас өгсөн шийдвэрээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд "Эрчим хүчний тухай хууль"- ийн 34.1, 34.1.1, 34.1.3 дахь заалт, "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн 6.2.15, 6.2.16, 6.2.18, 6.2.19, 6.2.22, 6.2.38 дахь заалт, "Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм"-ийн 5.10.1-5.10.6 заалтуудыг зөрчсөн зөрчлийг арилгуулах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01-59-07-002 тоот хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

Мөн "С***** " дунд сургуулиас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01***** тоот удирдамжийн дагуу Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нар нь хяналт, шалгалт хийж, 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01***** дугаар бүхий Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн.

Yйл баримтыг эхнээс нь дүгнэвэл "С***** " бүрэн дунд сургуулийн зүгээс өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн барилга угсралтын гүйцэтгэлийн ажилд мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу тухайн үед мэргэжлийн байгууллагын үүднээс хөндлөнгийн зүгээс холбогдох хяналт шалгалт хийн, дээрх албан шаардлага болон дүгнэлтийг гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу "Улсын байцаагчийн эрх"-ийг улсын ерөнхий байцаагч олгоно. Үүний дагуу улсын ерөнхий байцаагчаас эрх олгосны үндсэн дээр Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** нар 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн улсын байцаагчийн бүрэн эрхтэй болсон. Үүнд улсын байцаагчийн эрхийг олгох эсэх бүрэн эрхийн асуудал нь улсын ерөнхий байцаагчид хамааралтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс бус нэр бүхий хүмүүсээс хамааралтай асуудал биш юм.

Ийнхүү тухайн хугацаанд нэр бүхий хүмүүс улсын байцаагчийн бүрэн эрхтэй байсан тул Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлсэн. Энэ нь ямарваа нэгэн хохирлын хэмжээг тогтоогоогүй ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийг мөрдүүлэхийг уг өргөтгөлийн барилгын захиалагч болох “С***** ” сургуульд мэдэгдэж хүргүүлсэн. Түүнчлэн албан шаардлага, дүгнэлтээр уг барилгын ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь шалгаагүй зөвхөн дотор цахилгааны гүйцэтгэлийн ажлыг шалгасан, мөн зөрчлийг хэн гаргасныг тогтоогоогүй ба эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоох тул албан шаардлага, дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна. Мөн эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсанаар нь захиргааны актын хаяглагдсан болон гүйцэтгэх этгээдийг тодорхойлох боломжгүй юм.

Энэ талаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд тусгагдсан ба маргаан бүхий албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тодруулбал 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь зөвхөн цахилгааны тоног төхөөрөмж холбогдох норм, дүрэмд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлсон болохоос тухайн зөрчлийг хэн гаргасан болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгчид хандсан улсын байцаагчийн акт үйлдээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Агуулга талаасаа нэхэмжлэгч “Б***** ” ХХК-ийн эрх ашиг сонирхолтой холбон, дангаар нь салган ойлгож, тайлбарлах боломжгүй.

Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4. Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу улсын байцаагчийн эрхтэй /тус эрхийг Улсын ерөнхий байцаагч олгоно./ байхдаа мэргэжлийн байгууллагын зүгээс хяналт шалгалт хийсэн тул Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарыг үндэслэлгүй шийдвэр гаргасан, тус шийдвэрийн үүднээс нэхэмжлэгч эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хоёр. Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн асуудлын тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 тоот Улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалаар П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарт улсын байцаагчийн эрхийг олгосон ба ийнхүү олгохдоо Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг зөрчиж олгосон болох нь тогтоогдсон.

Монгол Улсын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн баримт гэж дүгнэсэн тул тус нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээр дахин хэлэлцэж тус актыг илт хууль бусад тооцсон Монгол Улсын хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан.

Нэхэмжлэлд дурдсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын “Б***** ” ХХК-д хандсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт дурдагдсан асуудалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар Г.М***** , П.Д***** , Х.Б***** нарт олгосон улсын байцаагчийн эрхийг цуцалсан. Мөн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Мэргэжлийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6** дугаар тушаалын дагуу Улсын ерөнхий байцаагчаас улсын хэмжээнд чиг үүргийн яам тамгын газарт харьяалагддаг улсын байцаагчдын эрхийг цуцлах явцад П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарын байцаагчийн эрхийг дахин давхардуулан цуцалсан.

Үүнээс үзвэл Улсын ерөнхий байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс улсын байцаагч нарт эрх олгохдоо “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллах журам"-ыг зөрчин шийдвэр гаргасан ба үүнийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн захиргааны байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын зүгээс хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгох үүднээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр "Улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлах, олгох, сунгах тухай" 6** дугаар тушаалыг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна. Иймд тухайн үед Улсын ерөнхий байцаагчаас эрх олгогдсон байсан ба түүний үндсэн дээр мэргэжлийн хяналт шинжилгээ хийсэн нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр улсын байцаагчийн эрх олгосон 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэснээс өөрөөр үр дагавар үүсгээгүй, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн Г.М***** , П.Д***** , Х.Б***** нар улсын байцаагчийн эрхгүй болох үр дагаврыг үүсгэхээс биш Захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагавар бүхий шийдвэрийг иргэний шүүх гаргаагүй.

Иймд Улсын байцаагчийн эрхийг Улсын ерөнхий байцаагч олгодог байтал Г.М***** , П.Д***** , Х.Б***** нарыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баримтлаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй буюу тус маргааны субъект бус юм. Мөн Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бусад тооцсон үндэслэл нь улсын байцаагч нарын ямар нэгэн буруутай үйлдэл бус, харин улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байсан.

Гурав. “Б***** ” ХХК-ийн эрх ашиг сонирхолд халдаагүй тухай

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй гэж үзэх үндэслэл тогтоогдож, эрх зүйн үйлчлэлгүй болсон байх мөн тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн хохирол учирсан байхыг шаардана. Эрх ашиг хөндөгдсөн байх субьектив эрхийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт мөн хуульчилсан байна.

Нэхэмжлэгч “Б***** ” ХХК нь өөрийн эрх ашиг хөндөгдсөн байдлаа тайлбарлахдаа Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж хохирсон гэжээ. Тус акт “Б***** ” ХХК-ийг буруутгаагүй харин бодит зөрчлийн үйл баримтыг эрчим хүчний хууль тогтоомжид нийцүүлэн засварлуулах зөвлөмж шаардлагын шинжтэй байсан ба тухайн хэрэгт авагдсан олон нотлох баримтын нэг нь төдий. Эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон тул “Б***** ” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэх нөхцөл бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Иймд шаардлага дүгнэлт нь нэхэмжлэгчид бодит хохирол, хор уршиг учруулаагүй, эрх ашгийг нь хөндөөгүй байна. Мөн тус албан шаардлага, дүгнэлт нь С***** сургуулийн хүсэлтээр С***** сургуульд хаяглагдан зөрчил арилгуулах зорилготой байсан ба Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу илт хууль бус актад тооцогдсон. Энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасанчлан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Түүнчлэн тус албан шаардлага, дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үр дагаврыг агуулаагүй байна.

Дөрөв. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 105-107 дугаар зүйлд хариуцлагад татах хугацааны талаар тодорхой заагаагүй ч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж нарийвчлан зохицуулсан байдаг. Төрийн алба хашиж буй иргэний хувьд гаргасан нэг зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь түүний тэтгэвэрт гартлаа алба хаах хугацаатай тэнцүү байх нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй. Тэр ч утгаараа хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэснээс харвал төрийн албан хаагчид хариуцлага тооцох тухай тусгайлсан хууль байгаа тохиолдолд тус хуулийг хэрэглэхээр заасан байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу 2015, 2016 онд болсон үйл баримт, захиргааны акттай холбогдуулан одоо хариуцлага тооцуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүйг анхаарч үзэх хэрэгтэй.

Тав. Хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүсэх тухай зохицуулсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шийдвэрлэсэн ба улсын ерөнхий байцаагч тус шийдвэрээ хүчингүй болгосон нь дээрх заалтын урьдчилсан нөхцөлийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэр хууль бус байсны улмаас түүнээс улбаалах процессын үйл ажиллагаанууд эрх зүйн үр дагаваргүй болж байгаа тул тус маргаан бүхий эрх зүйн актыг зөв тодорхойлох хэрэгтэй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан хариуцлага оногдуулахаар заасан. Тус илт бус актад тооцогдсон албан шаардлага болон дүгнэлт нь улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын үр дүнд гарсан шийдвэр тул дээд шатны эрх бүхий албан тушаалтан нь Эрчим хүчний сайд биш юм. Тодруулбал Эрчим хүчний сайд нь яам гэх бүтцийн хувьд дээд шатны албан тушаалтан мөн боловч энэ зүйлд заасан хариуцлага тооцох этгээд нь биш. Хэдийгээр Эрчим хүчний сайд нь яамны бүтцийн үйл ажиллагааны хүрээнд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байгаа ч улсын байцаагчийн эрхийг олгодоггүй буюу түүнтэй холбоотой үйл ажиллагааг хянадаггүй.

Зургаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухай

1. Илт хууль бус актын улмаас эрүүгийн хэрэгт 2365 хоног шалгуулж хэлмэгдэж эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрийн гэсэн тусгай процессын дагуу явагддаг ажиллагаа юм. Тодруулбал эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдох тусгай салбар эрх зүйн харилцаа юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид холбогдуулан үүссэн эрүүгийн эрх зүйн маргаан нь илт хууль бус актын улмаас бус гэрээний гүйцэтгэлтэй холбоотойгоор захиалагч болон гүйцэтгэгч компаниудын хооронд үүссэн асуудал юм. Тухайн тохиолдолд хуульд заасан үндэслэлийн дагуу мэргэжлийн байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй. Иймд тус нэхэмжлэлд заасан нэр бүхий ажилтнууд нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд л холбогдох хяналт шалгалтыг хийсэн. Түүнчлэн тус албан шаардлага, дүгнэлт нь нэхэмжлэгчид хаяглагдаагүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг дүгнээгүй ба хөндлөнгийн зүгээс хийсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэдгийг анхаарах шаардлагатай.

Иймээс нэхэмжлэгчийн “албан шаардлага, дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, үр дагавар учруулсан" гэх нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд улсын байцаагчийг албан шаардлага, дүгнэлтэд нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх тухай дүгнээгүй тул нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар учруулаагүй, эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа нь тусдаа хуульд заасан журмаар хэрэгждэг, өөр эрх зүйн харилцаа байна. Тодруулбал, уг албан шаардлага, дүгнэлт нь барилгын ажлыг бүхэлд нь шалгаагүй, зөвхөн тодорхой хэсгийг шалгасан байдал "чанаргүй барилга" гэх ойлголтод шууд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх дагаврыг агуулаагүй. Иймээс илт хууль бус актын улмаас нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, эрх ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. С***** бүрэн дээд сургууль нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа, эд материалаар хохироосон ба төлбөр гэх 500 сая төгрөгийг өгөхгүй байгаа үйлдэлд гомдолтой байгаа тухай

Тухайн тохиолдолд хариуцагчийн зүгээс ямар нэгэн холбоогүй ба тус асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандах эрхийг хязгаарлаагүй тул тус асуудлыг зохих журмын дагуу холбогдох иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан. Гэвч дээрх асуудлаар Эрчим хүчний сайдыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцуулахаар 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрчим хүчний сайдад хандаж гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайдаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/1302 тоот дугаартай албан бичгээр хариу өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Эрчим хүчний яамны нэр бүхий албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан нь Эрчим хүчний сайд биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулна гэх үндэслэлд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэр бүхий албан хаагчид Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна” гэж заасан. Мөн хуулийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж заасан. Үүнээс үзвэл захиргааны илт хууль бус акт гаргах үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хууль бус шийдвэртэй холбоотой тул Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан үндэслэлийг хангахгүй байна.

Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй. Гэвч тус албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-д “албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ” гэж заасан. Гэвч илт хууль бус захиргааны акттай холбоотой харилцаа нь дээрх зүйл заалтын урьдчилсан нөхцөлийг хангахгүй байгаа тул эрх зүйн үндэслэл бүрдэхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн нэр бүхий албан тушаалтнууд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар эрх олгогдсоны дагуу хяналт шалгалт явуулсан бөгөөд улсын ерөнхий байцаагч хууль зөрчиж шийдвэр гаргасны улмаас холбогдох захиргааны актууд илт хууль бусад тооцогдсон нь Төрийн нарийн бичгийн даргад шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шүүх маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа гэж дурдсан. Тус яамны ажилтан болон албан шаардлага, дүгнэлтийг гаргасан албан хаагчид нь улсын ерөнхий байцаагчаас эрх олгосны үндсэн дээр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч юм. Илт хууль бус захиргааны актуудыг захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан гаргасан гэж дурдсан болохоос биш тухайн албан шаардлага, дүгнэлтэд зөрчил хүргүүлсэн агуулгатай холбоотой дүгнэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын байцаагчийн эрхийг цуцлахдаа 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/254 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан ёсоор 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6** дугаартай даргын улсын байцаагчийн эрх цуцлах тухай тушаал ирүүлсэн байгаа.

Эрчим хүчний яамнаас хүсэлтээ хүргүүлэхэд Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар эрх олгосон. Хууль бус байсан бол улсын байцаагчид эрх олгохгүй. Улсын ерөнхий байцаагч нэр бүхий хүмүүсийг томилсон. Үүний үндсэн дээр Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих үндсэн дээр улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгосон байна. Түүний үндсэн дээр хяналт шалгалт явагдсан. Эрчим хүчний сайд хүссэн хариу өгсөнгүй гэдэг. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” гэж заасан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуг өгсөн. Нэхэмжлэгчээс өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн хариу өгөхийг шаардах эрхгүй бөгөөд хариуцагч байгууллагаас хуульд заасны дагуу хариу өгсөн. Эрхийг цуцалсны дараа шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ хүмүүст анхнаасаа эрх нь олгогдоогүй байхад шийдвэр гаргасан. Улсын байцаагч хууль бус шийдвэр гаргасны улмаас холбогдох захиргааны актууд илт хууль бус актад тооцогдож байгаа. Та бүхний гаргасан шийдвэрээс болж би эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж тайлбарлаж байна. Гаргасан шийдвэр дотор эрчим хүчний сургуулийн шинжээчийг та хараарай. Ажил зураг төслийн дагуу хийгдэх ёстой. Ийм л дүгнэлт гаргасан. Иймд хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Төрийн албан хаагч эрх олгогдсоны үндсэн дээр албан үүргээ гүйцэтгэж байхад төрийн албан хаагчийг гүтгэсэн. Тэрнээс биш очоод гуйж аваад явсан зүйл байхгүй. Холбогдох хуулийн дагуу явсан. Суурь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан тушаал юм. Үүний үндсэн дээр холбогдох ажиллагаа хийгдсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга буруу шийдвэр гаргасны улмаас л илт хууль бус захиргааны актад тооцогдсон. С***** болон Эрчим хүчний улсын байцаагч хоёр ашиг сонирхлын зөрчилтэй юу гэж удаа дараа шалгасан боловч зөрчилгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагч “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний яамтай санал нэг байгаа” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээд Х.Б***** , П.Д***** , Т.Н***** , Г.М***** , М.Г***** нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. С***** сургуулийн өргөтгөлийн барилгад хийсэн хяналт, шалгалтын тухай

1. "С***** " дунд сургуулиас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоотоор ирүүлсэн албан хүсэлтийн дагуу Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас өгсөн шийдвэрээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Эрчим хүчний тухай хууль”-ийн 34 1, 34.1.1, 34.1.3 дахь заалт, “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн 6.2.15, 6.2.16, 6.2.18, 6.2.19, 6.2.22, 6.2.38 дахь заалт, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 5.10.1-5.10.6 дахь заалтуудыг зөрчсөн зөрчлийг арилгуулах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01-59-07-002 тоот хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

Монгол улсын "MNS 5140-1:2011 Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн 1 дүгээр хэсэг. Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт" стандартад албан шаардлага гэж хууль, тогтоомжийг чанд мөрдөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хүргүүлсэн баримт бичиг гэж томьёолсон байдаг. Иймд 2015/01-59-07-002 тоот албан шаардлага нь ямарваа нэгэн хохирлын хэмжээг тогтоогоогүй ба өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийг мөрдүүлэхийг уг өргөтгөлийн барилгын захиалагч болох "С***** " сургуульд мэдэгдэж хүргүүлсэн баримт бичиг бөгөөд хуурамч, хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

2. "С***** " дунд сургуулиас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 тоот албан бичиг ирүүлснээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01***** тоот удирдамжийн дагуу Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** , мөн газрын мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б***** , Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техник хяналтын инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М***** нар нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр захирал Д.З***** г байлцуулан тус сургуулийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд хамтарсан шалгалт хийж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад тус сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн экспертизээр хянагдан батлагдсан "А***** " ХХК-ийн AC-34/2013 шифртэй зургийн дагуу хийгдээгүй байна гэсэн дүгнэлтийг С***** сургуулийн захиралд гаргаж өгч байсан. Бид цахилгааны ерөнхий самбарын угсралт, дотор цахилгааны монтажны талаар дүгнэлт гаргасан бөгөөд дуусаагүй барилга байгууламжийн тухай нэг ч асуудал дурдаагүй болно. Албан шаардлага дүгнэлтэд дурдсан "С***** сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил батлагдсан зургийн дагуу хийгээгүй" гэдэг нь С***** сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны зургийг зурсан автор “А***** ” ХХК-ийн дүгнэлт болон хожим эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинжээч томилох захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйнэ зөрчилтэйд тооцогдож, эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулна" заасныг хэрэглэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн шүүхээс улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бусад тооцсон үндэслэл нь албан тушаалтны гэм буруутай зөрчлийн үйлдэл биш байсан.

"Б***** " ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдэг асуудал яригдаж эхэлмэгц нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, "албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүхээр хэлэлцэж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0417 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310 дугаар тогтоолоор "Б********* " ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Үүнээс хойш жилийн дараа “Б***** ” ХХК нь "Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 тоот “Улсын байцаагчийн эрх олгох тухай” тушаалаар П.Д***** , Х.Б***** , Г.М***** нарт улсын байцаагчийн эрхийг олгосон хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, уг шүүхээс Улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Ийнхүү шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа Улсын байцаагч П.Д***** , Х.Б***** , Г.М***** бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, шүүхийн ажиллагаанд оролцуулаагүйгээр шийдвэрлэсэн. Энэхүү Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн дээр дурдсан захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг "Б***** " ХХК гаргасан бөгөөд уг хүсэлтийг Улсын дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Улсын байцаагчийн эрх олгосон тушаал хүчингүй болсон учир уг тушаалыг гарсан өдрөөс эхлэн улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй гэдгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 128/ШШ2019/1560 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор "Б***** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус гэж тооцсон.

Тодруулбал, Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бусад тооцсон үндэслэл нь улсын байцаагч нарын ямар нэгэн буруутай үйлдэл байгаагүй, харин Улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгосон иргэний шүүхийн шийдвэр байсан. Нөгөө талаас “Б********* ” ХХК нь захиргааны акт буюу албан шаардлага дүгнэлтийг эрх зүйн зөрчилтэй гэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болохыг дурдах хэрэгтэй гэж үзэж байна.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т "Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна" гэж заасны дагуу хариуцлага тооцох этгээд нь Эрчим хүчний сайд биш байна. Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргахдаа Эрчим хүчний яамны мэргэжилтэн гэдгээрээ бус улсын мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг статусаар, хуулиар байцаагчид олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж гаргасан. Тийм ч учраас гарсан захиргааны акт нь "Улсын байцаагчийн албан шаардлага", "Улсын байцаагчийн дүгнэлт" гэж гарсан. Эрчим хүчний яаманд томилогдсон албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг хэрэгжүүлэхэд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй учир нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон "Эрчим хүчний сайд" нь гуравдагч этгээдүүдэд хариуцлага тооцох этгээд биш байна.

Дөрөв. “Б***** ” ХХК нь эрчим хүчний байцаагч нарт хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Эрх ашиг хөндөгдсөн байх субьектив эрхийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт мөн хуульчилсан байна. Нэхэмжлэгч “Б********* ” ХХК нь өөрийн эрх ашиг хөндөгдсөн байдлаа тайлбарлахдаа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татгагдаж хохирсон гэжээ.

 Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтээр хэн нэгэн этгээд, тэр дундаа “Б********* ” ХХК-ийг буруутгаагүй, харин С***** сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй бодит зөрчлийн үйл баримтыг дурдаж, эрчим хүчний хууль тогтоомжид нийцүүлэн засварлуулах зөвлөмж шаардлагын шинжтэй байсан. Нэхэмжлэгч “Б********* ” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болсон тул “Б***** ” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн гэх нөхцөл бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Иймд шаардлага, дүгнэлт нь нэхэмжлэгчид бодит хохирол, хор уршиг учруулаагүй, эрх ашгийг нь хөндөөгүй байна.

Мөн түүнчлэн тус албан шаардлага, дүгнэлт нь С***** сургуулийн хүсэлтээр С***** сургуульд хаяглагдан зөрчил арилгуулах зорилготой байсан ба цахилгааны ажлын зөрчлийг засварлан арилгасны дараа 2016 оны 08 дугаар сард С***** сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Одоо улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байснаар “Б********* ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж, зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 105, 107 дугаар зүйлд заасан хариуцлага тооцох нөхцөл үүсээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй байна.

Тав. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 105-107 дугаар зүйлд хариуцлагад татах хугацааны талаар тодорхой заагаагүй ч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын шийтгэл, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж нарийвчлан зохицуулсан байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэснээс харвал төрийн албан хаагчид хариуцлага тооцох тухай тусгайлсан хууль байгаа тохиолдолд тусгайлсан хуулийг хэрэглэхээр заасан байна. Энэ хуульд заасан хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн тул 2015, 2016 онд болсон үйл баримт, захиргааны акттай холбогдуулан одоо хариуцлага тооцуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Хуульд заасан шаардлагыг хангаагүй “Б***** ” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 109 зүгээр зүйлийн 109.2 дах зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Гуравдагч этгээд М.Г***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид С***** сургуулиас тухайн ажлын зургийн дагуу цахилгааны монтаж хийгдсэн үү гэдэгт хяналт шалгалт хийсэн. Үүний дагуу бид тухайн ажлын хэсэгт ажиллаад миний хувьд байцаагчийн эрхгүй хүний хувьд орж ажилласан. Ажлын зургийн дагуу хийгдсэн эсэх талаар дүгнэлт гаргасан. Албан шаардлага, дүгнэлт гэж байгаа. Дүгнэлтийн хэсэгт миний бие оролцсон. Өнөөдрийн хувьд ажлын зургийн дагуу хийгдээгүй гэж нотлогдсон. Яллах дүгнэлт хүртэл байгаа. Хууль зөрчөөгүй учир ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Анхнаасаа зураг төслийн дагуу хийгдсэн бол энэ бүх асуудал энэ олон жилийн шүүх хуралдаан болохгүй байх байсан. Анхнаасаа маргаан юунаас эхэлсэн бэ гэхээр нэхэмжлэгчийн хийсэн ажлаас болж эхэлсэн. Бид барилгын монтажтай холбоотой дүгнэлт гаргасан. Бүх шүүхэд тайлбараа өгөөд явж байгаа. Өөрт оногдсон ажлаа хийсэн. Улсын байцаагчийн эрхгүй бол ажиллахгүй. Ажлын зураг хаана байна гэж дүгнэлт гаргасан. Дурын иргэн өргөдөл гомдол гаргаад шаардах эрхтэй. Гэхдээ холбогдох хуулийн дагуу өргөдөл гомдлоо гаргах ёстой. Иргэний хүсэж байгаа шийдвэрийг бүгдийг нь гаргах боломжгүй, хуулиар хязгаарласан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.3. Гуравдагч этгээд Г.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид одоог хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаас гарсан удирдамжийн дагуу ажилласан. Ажлын байрны тодорхойлолтоор барилга байгууламж тухайн объектод нэвтэрч шалгах чиг үүрэгтэй. Тухайн удирдамжийн дагуу газар дээр очиж үзсэн. Газар дээр очиж үзээгүй, авлига авсан гээд эдгээр хийсэн ажлыг үгүйсгэж ярьж байна. Бид нар хийх ёстой ажлаа хийсэн болохоос ажил үүргээсээ давуу эрх олгосон ажил хийгээгүй. Бид олгосон эрхийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хэн нэгэнд давуу эрх олгохоор хийгээгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын гаргасан тушаалд нэр заасан. Хувийг улсын байцаагч Х.Б***** , Г.М***** , П.Д***** нарт гэсэн байгаа. Бид хийсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй. С***** сургуулийн төлөө дүгнэлт гаргасан гээд буруутгаад байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.4. Гуравдагч этгээд П.Д***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүгнэлт болоод албан шаардлагыг талаар ярьж байна. Бид захиалагч болох С***** сургуулийн хүсэлтээр газар дээр очиж дүгнээд албан шаардлага гаргасан. Чанаргүй барилгын тухай гаргаагүй. Хийсэн ажил бол С***** сургуулийн өргөтгөлийн барилгын доторх монтаж зургийн дагуу хийгдсэн үү гэдэгт дүгнэлт хийсэн байгаа. Барилгын чанар гэж байхгүй. Дүгнэлт бол бодит байдал дээр гаргасан дүгнэлт, аливаа гүйцэтгэгч захиалагчийг буруутай гэж дүгнээгүй. Хийгдсэн ажлыг л бодит байдал дээр дүгнэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдаанд биднийг оролцуулахгүй томилсон тушаалыг хүчингүй болгосон. Бидний эрхийн тухайд 2018 оны 01 дүгээр сард албан ёсоор хүргүүлсэн тушаал өөр байдаг. 2017 онд эрхийг цуцалсан тушаалаар бидэнд мэдэгдээгүй. Тухайн үед хуурамчаар гаргуулсан гэж үзэж байгаа. Эрхийг цуцалсан албан тушаал прокурорын чиглэл болгосны дагуу нийтэд нь хүчингүй болгосон зүйл байдаг. Газар дээр очоогүй гэдэг бол худлаа. Газар дээр очоод барилгын чанар биш, дотор монтажинд дүгнэлт гаргасан. 2015 онд хариу болгож бичиг өгч байсан байна. Гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч ял авсан гэж тайлбарлаж байна. Барилгын чанарыг бид нар гаргаагүй. Цахилгааны монтажны асуудал яригдсан. Яам бодлогод оролцохгүй. Өргөдөл гаргасан бол очиж шалгаж ажиллана. Үүний дагуу дүгнэлт гаргасан. Бидний гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.5. Гуравдагч этгээд Т.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нартай санал нэг байна. Б.Б***** болохоор биднийг С***** сургуультай хуйвалдаж дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байна. Шалгадаг газрууд шалгаад, ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн. Ганцхан бидний дүгнэлт буруу гэж үзээгүй. 3 байгууллага орсон байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Б***** ” ХХК-иас Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал нарт холбогдуулан:

А. “Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох,

Б. Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах,

В. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах,

Г. Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг Эрчим хүчний төвийн захиралд даалгах,

Д. "Б***** " ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- “Б***** ” ХХК, түүний захирал Б.Б***** миний бие гуравдагч этгээдээр оролцож буй төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа, эрхгүй этгээдийн гаргасан захиргааны илт хууль бус актын улмаас удаан хугацаагаар эрүүгийн хэрэгт шалгагдаж хохирсон

- Эрчим хүчний сайдад хандаж тухайн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар гаргасан гомдолд хариуцагч нь үндэслэлтэй хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд “Б********* ” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж дүгнэлээ. Үүнд:

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 2015***** тоот албан шаардлагыг С***** сургуульд хүргүүлсэн,

3.2. Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** , мөн газрын мэргэжилтэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б***** , мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төв/хуучин нэршил/-ийн ахлах инженер, Т.Н***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техник хяналтын инженер, эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М***** нараас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01***** тоот “Улсын байцаагчийн дүгнэлт” гаргасан,

3.3. МХЕГ-ын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/3066 тоот албан бичигт  “... Улсын байцаагч П.Д***** ийн ... тоот албан шаардлагын тухайд: ... төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхдээ удирдамж батлуулаагүй, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй байгаа, ... албан шаардлагын хувийг “Б***** ” ХХК-д хүргүүлэхээр тэмдэглэсэн хэдий ч тус компанид албан ёсоор хүргүүлээгүй байгаа нь, ... зөрчигдсөн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, ... 5.16, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 12.10, ... 10.4.11 заалтуудыг зөрчсөн, ... 01***** дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн тухайд: ... удирдамжид хяналт шалгалтад хамрагдах асуудлыг тусгаагүй, ямар асуудлын хүрээнд хяналт шалгалт хийх нь тодорхойгүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.3 заасныг зөрчсөн” гэсэн,

3.4. а/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Б.Б***** ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан буюу Барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн,

б/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаартай магадлалаар “...1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Бадгарын Б***** т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Б***** ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан буюу Барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үйлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулсан,

в/ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтаар “Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Б***** ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, уг хэрэгт холбогдуулж гаргасан иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн,

г/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 417 дугаар магадлалаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Б********* ” ХХК-ийн “албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж шийдвэрлэсэн,

д/ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310 дугаар тогтоолоор “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн  221/МА2017/0417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн,

е/ Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 340 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0417 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэсэн,

ё/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр “... “Б********* ” ХХК-ийн хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 1/2323 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн,

ж/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2480 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч “Б********* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн,

з/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 560 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч “Б********* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн,

и/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дүгээр магадлалаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн Барилгын тухай хуулийн /2008 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Б***** ” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж” шийдвэрлэсэн,

й/ Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0569 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус гэснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус шийдвэрлэсэн,

3.5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/196 дугаар тушаалаар “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 53, 5.7, 5.9, 52 3-т заасныг тус тус зөрчиж удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтын тэмдэглэл хөтлөөгүй, албан шаардлагын дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээгүй, өмнө хандсан асуудлаар дахин төлөвлөгөөт бус хянал шалгалтыг хийхдээ удирдамжид хяналт шалгалтад хамрагдах асуудлыг тусгаагүй зөрчил гаргасан Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д***** , Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.М***** нарын улсын байцаагчийн эрхийг цуцалж” шийдвэрлэсэн,

3.6. “Б***** ” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрчим хүчний сайдад хандаж “... Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, асан П.Д***** , Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, асан Х.Б***** , “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахлах инженер, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, асан Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н***** нар хуульд заасан арга хэмжээ оногдуулж өгнө үү” гэсэн гомдол гаргасан,

3.7. Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн а/1302 тоот албан бичигт “...хавсралтаар ирүүлсэн шүүхийн шийдвэрүүдийг үзвэл улсын ерөнхий байцаагчаас олгосон эрх хууль бус болсны удмаас улсын байцаагчдын гаргасан албан шаардлага, дүгнэлт хууль бусад тооцогдсон байна. ... улсын ерөнхий байцаагчаас эрх олгосны үндсэн дээр албан үүргээ гүйцэтгэсэн төрийн албан хаагчид бөгөөд улсын ерөнхий байцаагчаас эрх олгох асуудалд огт хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагчид эрх олгох тухай асуудал нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн асуудал болохыг анхааран үзэх шаардлагатай” гэсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

4. Мөн,

4.1. П.Д***** Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахилгааны техникийн аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад мөн төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын Цахилгаан техникийн аюулгүй байдлын шинжээчээр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь,

4.2. Х.Б***** нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад мөн төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах шинжээчээр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын даргын албан тушаалд шатлан дэвшүүлж томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь,

4.3. М.Г***** Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тушаалаар Эрчим хүчний хэлтсийн Цахилгаан эрчим хүчний горим тооцоо, импорт, экспорт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Цахилгааны хэлтсийн Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, горимын бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээчээр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь,

4.4. Т.Н***** Эрчим хүчний хөгжлийн төв/хуучин нэршил/-ийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 дүгээр тушаалаар Захиалагч, техник хяналтын хэлтсийн Цахилгаан тоноглолын хяналтын ахлах инженерээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/125 дугаар тушаалаар тус  тушаалаас чөлөөлсөн, өнөөдрийн байдлаар Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай тогтоолоор “Эрчим хүчний хөгжлийн төв” болон “Сэргээгдэх эрчим хүчний төв”-үүдийг нэгтгэсний дагуу “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Нэгдсэн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаа нь,

4.5. Г.М***** “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирлын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 360 дугаар тушаалаар Хяналтын хэлтсийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 287 дугаар тушаалаар Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн хяналтын инженерээр тус тус томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь Эрчим хүчний яамны 2020 оны в/3320 тоот албан бичгээр холбогдох тушаалуудыг ирүүлснээр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2/2172 тоот албан бичгээр, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/935 тоот албан бичгээр, гуравдагч этгээдүүдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдов.

 

5. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөр заасан байх ба мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулах”-аар гэж, 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулах”-аар тус тус зохицуулжээ.

6. Нэхэмжлэгчээс хууль бус гэж тайлбарлаж буй “Зөрчил арилгуулах тухай” 2015***** тоот албан шаардлага нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 01***** тоот “Улсын байцаагчийн дүгнэлт” нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн, энэ нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул өмнө гарсан эрх зүйн акт нь “хууль бус” байснаас үүссэн үр дагаврыг сүүлд хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн хуулийн үйлчлэлд хамааруулах боломжгүй байна. Учир нь:

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйл нь “Хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага” гэсэн нэртэй байгаагаас үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой байх тул уг хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө акт гаргасан тохиолдолд хэрэглэгдэхээргүй,

6.2. Мөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлийг хууль тогтоогчоос “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож...” гэж тодотгосноос үзвэл, хуулийн энэхүү зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гарсан захиргааны актад, улмаар уг акт нь мөн хуульд заасны дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож үр дагаваргүй болсон тохиолдолд хэрэглэгдэхээр байна.

7. Түүнчлэн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн дээрх зохицуулалтуудыг хариуцагч захиргааны байгууллагуудаас хэрэглэх үндэслэл нь захиргааны акт нь “Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож, эрх зүйн үр дагаваргүй болсон” гэсэн нөхцөл хангагдсан байх явдал бөгөөд маргааны тохиолдолд энэ нөхцөл хангагдсан гэж үзэхээргүй байна. Тодруулбал,

7.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан.

7.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2480 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч “Б********* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхдээ “... улсын байцаагчийн эрхийг олгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасныг зөрчиж олгосон...” гэж дүгнэжээ.

7.2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Б***** ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 560 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж” шийдвэрлэхдээ “... Маргаан бүхий актуудыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу хариуцагч нарт мэргэжлийн хяналтын байцаагчийн эрх олгосон нь хууль бус байсан тул ... илт хууль бус болох хуулийн зохицуулалтад нийцжээ. ... Шүүх маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан гэсэн үндэслэлээ илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тул уг актаар тогтоосон зөрчлүүд, тэдгээрийн үндэслэлд дүгнэлт хийхгүй...” гэж дүгнэжээ.

7.3. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дүгнэлтүүдээс үзвэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015***** дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01***** дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг эрх зүйн зөрчилтэй захиргааны актууд гэж үзээгүй байх тул нэхэмжлэгч талын “эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бус захиргааны акт гаргасан” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

8. Мэргэжлийн хяналтын ерөнхий  газрын даргын 2017 оны Б/196 дугаар тушаалаар улсын байцаагч Х.Б***** , П.Д***** , Г.М***** нар нь хяналт шалгалт хийхдээ зөрчил гаргасан гэж үзэж улсын байцаагчийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн байх тул Х.Б***** , П.Д***** , Г.М***** нар нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шийдвэрийг гаргаС***** ай холбоотой хариуцлага хүлээсэн байна.

9. Харин М.Г***** , Т.Н***** нар нь улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд байх ба Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу ажлын хэсэгт орж ажиллан дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг хууль бус болох/эрх зүйн зөрчилтэй/-ыг тогтоож шийдвэрлэсэн аливаа шийдвэр гараагүй байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх эрх хэмжээтэй.

11. Нэхэмжлэгчээс хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагууд нь “... хууль бус эс үйлдэхүй” гаргасан хэмээн тайлбарлан маргах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хариуцагч захиргааны байгууллагуудын эс үйлдэхүй тогтоогдсонгүй. Тодруулбал,

11.1. Энэ шийдвэрийн 3.6 дахь хэсэгт дурьдсанчлан “Б***** ” ХХК-иас Эрчим хүчний сайдад хандаж гаргасан“...Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасны дагуу арга хэмжээ оногдуулах” гомдолд Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн а/1302 тоот албан бичгээр “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй” талаарх хариу өгсөн байна.

11.2. Нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдын дээрх хариу албан бичгийг “миний гомдолд зохих ёсоор хариу өгөөгүй тул эс үйлдэхүй гэж үзнэ” гэх агуулгаар тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж ойлгохоор хуульчилсан, хариуцагч Эрчим хүчний сайдаас “Б***** ” ХХК-ийн гомдолд зохистой эсэхээс үл хамааран хариу өгсөн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

11.3. Нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдын дээрх хариу албан бичигт дурьдсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх уг албан бичгийн агуулга “зохистой эсэх”-д дүгнэлт хийх боломжгүй.

12. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс хариуцагчаар тодорхойлсон бусад байгууллага, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК/хуучнаар Эрчим хүчний хөгжлийн төв/-ийн удирдлагад хандаж гомдол гаргаж байсан талаарх баримтыг гаргаж маргасангүй.

13. Дээрхээс нэгтгэн үзвэл, хариуцагч Эрчим хүчний сайдаас “Б***** ” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэхгүй орхисон эс үйлдэхүй болон гуравдагч этгээдүүдээс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан зөрчил гаргасан болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн “...П.Д***** , ... Х.Б***** , ... Г.М***** , ... М.Г***** , ... Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, ... Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирал, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захиралд даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

14. Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт “Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ.”  гэж зааснаас үзвэл, “... хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт хүсэхийг даалгах” шаардлагыг тухайн хууль бус актыг гаргасан албан тушаалтанд холбогдуулж гаргах боломжтойн дээр хуулийн уг зохицуулалтыг хэрэглэхэд “албан тушаалтан актаа хүчингүй болгосон, эсхүл актыг хүчингүй болгосон” нөхцөл хангагдсан байх шаардлагатай байна.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа, 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагчийг өөрөө тодорхойлох эрх хэмжээтэй бөгөөд нэхэмжлэгч “Б***** ” ХХК-иас “... уучлалт хүсэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагуудад холбогдуулан гаргаж байгаа гэж тайлбарласан.

16. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч “Б***** ” ХХК нь хариуцагчаар тодорхойлсон томилох эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд “уучлалт хүсэх” шаардлага нь нь хамааралгүй байна.

17. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу "Б***** " ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б***** ” ХХК-иас Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Улаабаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал, “Эчрим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захиралд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** , Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулаагүй Эрчим хүчний сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн П.Д***** , Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Х.Б***** , Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Г***** нарт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.М***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл оногдуулахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захиралд даалгах, Эрчим хүчний хөгжлийн төвийн металийн лабораторийн эрхлэгч Т.Н***** д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу шийтгэл ногдуулахыг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захиралд даалгах” тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан "Б***** " ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасны дагуу хэвлэл мэдээллээр уучлал хүсэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ