Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 180

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцааны мөнгө 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Л, К.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 16 дугаар хороололд байрлах 12 давхар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Энэ ажил 2013 оны 3 сараас 2014 оны 9 сар хүртэл үргэлжлээд 2014 оны 7 сард “Б” ХХК болон “Ж” ХХК  2 талын гүйцэтгэх захирлууд болон “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат, мөн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Лиюу Шиобинг нар уулзалт хийгээд нийт 1 600 000 юаныг барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөнд, 500 000 юаныг уг гэрээ байгуулагдахад барьцаа өгсөн. Нийт 2 100 000 юаныг 2014 оны 7 сард багтаагаад төлөх аман хэлцэл хийгдсэн байдаг. Урьд яагаад тооцоо нийлэх ажил хийгдээгүй вэ гэхээр барилгын материал удаа дараа саатдаг, хугацаандаа ажил яваагүйн улмаас сар бүр тооцоо нийлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр 2 100 000 юаныг өгөхөөр тохирсон гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг няцаасан, худал зөрүүтэй байна гэдэг ямар нэгэн хариу тайлбарыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөд хариуцагчид гардуулсан боловч өнөөдөр хүртэл хариу тайлбар өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 2014 оны 7 сард багтааж өгөхөөр амласны дагуу “Ж” ХХК-с ХААН банкны 5099880073 тоот дансаар засварын ажлын урьдчилгаа төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 09, 31-ний өдөр нийт 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Урьдчилгаа өгснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж уг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон. Ямар нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Гэрч н.Энхжаргалын хувьд “Урьд нь Хятад компани ажил гүйцэтгэсэн байсан. Би хожим тухайн Хятад хэлнээс бичиг баримтуудыг барилгын журнал дээр өөрийн гараар хуулж бичсэн. н.Ганцэцэг гэдэг хүн байгаагүй. Өвөр Аргалант ХХК-ийн хувьд тухайн үед захирал нь А.Мөнхбат байсан. Би А.Мөнхбаттай ярьж ажил гүйцэтгэдэг байсан” гэдэг мэдүүлэг өгсөн. Мөн тухайн барилгын журналын хамгийн эхэнд Өвөр Аргалант ХХК-ийг төлөөлж Ж ХХК-ийн захирал А.Мөнхбатын нэр бичигдсэн. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд нь А.Мөнхбат байсан. Өөрөөр хэлбэл “Өвөр-Аргалант” ХХК болон “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэг байсан, тиймээс “Ж” ХХК-р гүйцэтгүүлсэн гэдэг хожим гаргасан тайлбар бол үндэслэлгүй. Дээр нь нийгмийн даатгалын болон татварын байгууллага мөн Төрийн сангийн хэлтсээс татвар, санхүүгийн, нийгмийн даатгалын тайлан ирсэн. Уг тайлангаар “Өвөр-Аргалант” ХХК ямар нэгэн ажил гүйцэтгэсэн, зардал гаргасан, ажилтанд цалин хөлс олгосон талаар баримт байхгүй байгаа учир ажил гүйцэтгэсэн гэж нотлогдохгүй байгаа. Хэлбэрийн төдий байгуулагдсан “Өвөр-Аргалант” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэсэн гэрээ хийгдээд тодорхой ажил гүйцэтгэсэн тооцоо хийгдсэн. Хэрэв ажил гүйцэтгэсэн бол төлбөр тооцоо нь дансаар хийгдээд явагдах ёстой. Гэтэл энэ талаар баримт байхгүй, хариуцагч өөр ажил гүйцэтгэсэн талаар маргаж байгаа зүйл огт байхгүй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт байхгүй, татгалзлын үндэслэлээ нотолдоггүй. Хуралдаанд ирээд танайд ямар ч ажил гүйцэтгээгүй гэдэг тайлбар амаар гаргадаг ч бичгээр өгсөн хариу байхгүй. Тэгэхээр 1 600 000 юаныг ажлын хөлсөнд төлөх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ өнөөдөр хүртэл биелүүлэхгүй байгаа учир 1 600 000 юаныг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Ажлыг чанарын шаардлага хангахгүй доголдолтой байна гэж үзээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Энэ нь улсын комиссын актаар нотлогдож байгаа. Улсын комисс ажиллаад чанарын шаардлага хангаж байна гэж үзээд ашиглалтад оруулсан. Тиймээс бүх үүргээ биелүүлсэн учир Барилга барих гэрээний 27 дугаар зүйлд заасны дагуу 500 000 юаныг барьцаа болгож өгсөн. Гэрээний 27-д тус гэрээний даалгаврыг чандлан гүйцэтгэхийн тулд тогтсон хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж, Б тал А тал 1 000 000 юаныг барьцаанд өгөх ба үүнээс 500 000 юаныг өгсөн байгаа болно гэж заасан. Энэ бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч 500 000 юаныг авсан. Өөрөөр хэлбэл хугацаандаа гүйцэтгэхгүй байх, ажлаа орхиж явах, ажил гүйцэтгэх явцад захиалагч ямар нэгэн байдлаар хохирол учруулбал энэ 500.000 юаныг суутгахаар талууд тохирч олгосон байдаг. Энэ мөнгийг олгосон талаар баримт байдаг, хариуцагч талаас хүлээж авсантай холбогдуулан үгүйсгэсэн татгалзсан тайлбар өгөөгүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь заасны дагуу 500 000 юаныг шаардах эрх үүссэн. Иймд Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1 600 000 юан болох 559 200 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар олгосон 500 000 юан болох 174 750 000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Манай зүгээс баримтын хүрээнд ажил гүйцэтгэсэн гэдгээ нотлох боломжгүй байна гэдгээ шүүхэд удаа дараа гаргаж байсан. Тухайн баримтуудыг н.Болдбаатар гэдэг хүн булааж авсан гэдгийг хэлсэн. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч Лиюу Шиобинг, н.Энхжаргал, н.Отгонбаяр нарын мэдүүлэг болон Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаа үнэлж болох нотолгооны хэрэгслээр нотлогдсон гэж үзэж байгаа. “Б” ХХК-ийг ажил гүйцэтгэсэн үүний урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгийг олгосон. Мөн 2 100 000 юаныг 7 сард багтаан олгохоор хариуцагч тал үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдсон. Энэ гэрчийн мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. А.Мөнхбат тус шүүхэд өгсөн тайлбартаа тооцоо байгаа, ажлыг дутуу хаяж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Ганцэцэгийг асуух ёстой гэрчийн хувьд “Б” ХХК-иар ажил гүйцэтгүүлсэн гэдгийг хариуцагч зөвшөөрсөн. Зөвшөөрч байгаа тохиолдолд “Өвөр Аргалант” ХХК-иас ялгаатай нь Улсын комиссын актад “Өвөр-Аргалант” ХХК гээд орсон байна. “Өвөр-Аргалант” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх баримтуудыг гэрчийн мэдүүлгээр үгүйсгэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэж байна. Барьцаа хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцаагаар хангагдах эрх дуусгавар болсон бол буцааж төлөх үүрэг хүлээнэ. Ажил гүйцэтгэсэн гэдгийг байж болох хуульд заасан бүх арга хэрэгслээр нотолсон. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ ямар нэгэн байдлаар нотолсон, тайлбар өгөлгүй өнөөдөр хүргэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан дээр маргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол ажлын үр дүн байдаг. Ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгснөөр захиалагчаас ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээж байдаг. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар харилцан уялдаа бүхий үүрэг байдаг. Энэ нь эхлээд ажил гүйцэтгэгч тал үүргээ гүйцэтгээд тэр нь чанарын шаардлага хангаад улсын комиссод хүлээлгэж өгөөд комисс хүлээж авснаар манай талд захиалагч талаас хөлс төлөх үүрэг хүлээдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Б” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэснийг нотлогддоггүй. Барилгын илд далд акт, улсын комисс хүлээж авсан баримт зэрэг нь “Өвөр-Аргалант” ХХК барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан байна гэдэг баримтууд гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой. Энэ тохиолдолд “Б” ХХК нь энэ барилгын ажлыг манай компани гүйцэтгэсэн юм гэдгээ нотлох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар эдгээр нь нотлогддоггүй. Гэрч асуусан баримтаар барилгын ажил гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа гэж байна. Нэхэмжлэгч тал нотлох баримтын эх сурвалжийг нотлох шаардлагатай. Нэхэмжлэгч талын компанид ажиллаж байсан гэдэг хөдөлмөрийн гэрээ байхгүй. Ямар харилцаатай болох нь тогтоогдоогүй болохоор тэр гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэнэ гэдэг бол хууль зүйн үндэслэлгүй. Барьцааны тухайд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж оруулсан гэж ойлгож байна. Манайх 500 000 юан аваагүй тиймээс энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Мөнгө өгсөн гэсэн баримтууд байгаа гэж байгаа ч тэдгээр баримтууд нь 2 талуудын захирлууд болох Хятад иргэдийн хоорондын тооцоо байсан байж магадгүй. Хамгийн гол нь мөнгө шилжүүлсэн гэх баримт байгаа ч яг энэ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд өгч байгаа гэдэг нь тогтоогддоггүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгч компаниас ямар нэгэн ажлын үр дүн, гүйцэтгэл хүлээж авсан зүйл байхгүй. “Өвөр-Аргалант” ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн. Эдгээр нь барилгын илд далд акт, улсын комисс хүлээж авсан баримтуудаар нотлогддог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. “Б” ХХК-аас гэрээнд заасны дагуу бүх ажлыг хийгээд үр дүнгээ хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Манай компани “Өвөр-Аргалант” ХХК-аас ажлын үр дүнг хүлээж авсан. Хэрэв “Б” ХХК энэ ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн бол харин ажлынхаа хөлсийг төлөх үүрэг үүсэж байгаа, гэтэл хүлээлгэж өгөөгүй учир шаардах эрх үүсээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 2 100 000 юань буюу 733 950 000 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 827 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 2100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. 2014 оны 6 дугаар сард "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Фан Лиан Жун "Ж" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ли Баолин болон одоогийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат нар уулзалт хийж, Барилга барих гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1 600 000 юань болсон талаар тооцоо нийлсэн байдаг. Ажлын хөлс 1 600 000 юань болон барьцаанд олгосон 500 000 юанийг 2014 оны 7 дугаар сард багтааж өгөх талаар хариуцагч талаас амалж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дагуу "Ж" ХХК-аас Хаан банкны 5099880073 тоот дансаар заслын ажлын урьдчилгаа төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 9, 31-ний өдрүүдэд нийт 40 000 000 төгрөг олгосон байдаг ба уг үйл баримт гэрч Лию Шиаобинг-ийн мэдүүлэг/ 2014 оны 6 дугаар сард Вонжоү гэх хоолны газарт уулзаад 2014 оны 7 дугаар сарын 15-наас 30-ны хооронд “Ж” ХХК-ийн хууль ёсны захирал болох Лию Баолингтөлнө гэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон гэх/-ээр тогтоогдож, цаг хугацааны хувьд ч таарч байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад хариуцагч "Ж" ХХК нь гэрээний үүрэгт 1 600 000 юань төлөх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, гэрчийн мэдүүлэг болон хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон урьдчилгаа төлбөрийн баримтуудыг үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/-аас шүүхэд ирүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаар хариу тайлбарт "гүйцэтгэлийн ажлын тайлангуудаа манай компанид гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн дутуу хийсэн, зураг төслийн дагуу хийгдээгүй ажлын төлбөрт 1 800 000 000 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч" гэх зэргээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн гэрээ цуцлагдаж, өөр этгээдээр барилгын ажлыг гүйцэтгүүлсэн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, барилгын ил, далд ажлын актаар тогтоогдож байна гэж үзсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хариуцагчийн тайлбарын эсрэг дүгнэлт юм. Хариуцагчийн гэрээ цуцлагдсан гэх тайлбар нь баримтгүй бөгөөд гэрээ цуцлагдсан талаар үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүх хэрэгт энэ талаар өөрийн үзэмжээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Гэрч Лиюу Шаобинг нь “Б” ХХК-д 2013-2014 онд барилгын чанар хариуцсан инженерээр ажил үүргийг гүйцэтгэж байсан", “Гэрч н.Отгонбаяр нь “Б” ХХК-д 2014 оны 4 сараас 2014 оны 6 сарыг хүртэл Монгол ажилчдыг хариуцсан бригадер /ахлагч/-ийн ажил үүргийг гүйцэтгэж байсан, "Гэрч Энхжаргал нь барилгын ажил гүйцэтгэсэн ажлын актыг хятад хэлнээс монгол хэл рүү 2015 онд бичсэн гэж тус тус мэдүүлж байгаа. Эдгээр гэрчүүд нь хэн аль нь энэ цаг хугацаанд “Б” ХХК-д ажиллаж байсан гэх нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг төлж байсан гэх өөр бусад бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул гэрч нарын мэдүүлгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг тодорхойлох боломжгүй байна гэж дурдсан байна. Гэрч Лиюу Шаобинг болон Б.Отгонбаяр нар нь “Б” ХХК-д ажиллаж байсан талаараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө дурдсан, “Б” ХХК нь ч үүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэрч А.Энхжаргалын тухайд барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх “Өвөр-Аргалант” ХХК-д ажиллаж байсан ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад гарын үсэг зурсан гол хүн болох өрөнхий инженер А.Энхжаргал ажил гүйцэтгэгээгүй гэж мэдүүлсэн байхад үүнийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй. /ХХ-239-242/ “Өвөр-Аргалант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг болон хариуцагчийн төлөөлөгчид энэ талаар маргаагүй байдаг. Нэгэнт гэрч нарт хууль сануулаад, гэрч ямар компанид, хэдий хугацаанд, ямар ажил үүрэгтэй ажиллаж байснаа үнэн зөв мэдүүлсэн байхад үүнийг давхар хөдөлмөрийн гэрээ эсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Ингэж нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүйн улмаас гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй гэж үндэслэсэн байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн оноосон нэрийг удаа дараа “Б” ХХК гэж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй. Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Өвөр-Аргалант” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ барилгын ажлыг 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ 2015-2017 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Үнэхээр ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ талаар сайн мэдэж байгаа бол ажил гүйцэтгэсэн хугацааг ингэж буруу ташаа мэдүүлэхгүй байх байсан. / ХХ-198, шүүх хуралдааны тэмдэглэл/ Түүнчлэн “Өвөр-Аргалант” ХХК нь ажил гүйцэтгээгүй болох нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн бүртгэлгүй байна гэх лавлагаа, санхүүгийн тайлан, дансны хуулга зэргээр давхар нотлогдож байдаг.

Шийдвэрийн үндэслэл хэсэгт "2014 оны 7 дугаар сард “Б” ХХК болон “Ж” ХХК  2 талын гүйцэтгэх захирлууд болон одоогийн “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхбат, мөн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Лиюу Шаобинг нар уулзалт хийгээд нийт 1 600 000 юаныг барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөнд, 500 000 юаныг уг гэрээ байгуулагдахад барьцаа өгсөн. Нийт 2 100 000 юаныг 2014 оны 7 сард багтаагаад төлөх аман хэлцэл хийгдсэн гэсэн тайлбарыг хийж байгаа боловч нотлогдоогүй" гэсэн байна. Талуудын хооронд хийгдсэн аман хэлцэл нь тухайн үед хамт байсан Лиюу Шаобингийн гэрчийн мэдүүлэг, 2013 оны барилга барих гэрээ болон хариуцагчийн хариу тайлбар, уг уулзалтад оролцсон хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхбатын уг мэдүүлгийг үгүйсгээгүй үйлдлээр тус тус нотлогдож байдаг. Нэхэмжлэгч хариуцагчид барьцаа болгож 500 000 юаныг олгосон гэдэг нь нийт 3 нотлох хэрэгслээр нотлогдсон байхад нотлогдоогүй гэж шийдвэрлэсэн байгаа нь нотлох баримтыг буруу үзсэн гэж үзэх болж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "нэхэмжлэгч огт ажил гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан" гэх мэдүүлэг нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг, 7 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 урьдчилгаа төлбөр болгон нэхэмжлэгчид олгосон баримтаар үгүйсгэгдэж байгаа ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын үр дүн буюу барилгын ажлыг гүйцэтгэснийг гэрч Лию Шиаобинг-ийн цахилгаан шатнаас бусад бүх ажлыг гүйцэтгэсэн, 2 100 000 юань өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг, гэрч Т.Отгонбаярын анх 2013 оны 4 дүгээр сард карказ, дүүргэлтийн өрлөг нь дутуу байсан, 2014 оны 6 дугаар сард цэвэр бохир усны шугам орсон, дулаан орсон, цахилгааны монтажууд хийгдсэн байсан, лифт тавигдаагүй, бусад зүйлс нь хийгдсэн байсан, байгаа материалаар ажил хийдэг байсан, материалгүй болохоор ажил зогсдог гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. Иймээс хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2 100 000 юанийн ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу 2 100 000 юань гаргуулах нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар болон тэргүүлэх төсөвчин Х.Ганпүрэвийн ажлын гүйцэтгэлийн тооцоогоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч нь гэрээний 9-д Сар бүр барилгын гүйцэтгэлийг хэсэгчлэн үнэлгээ хийж тооцож төлбөрийн 85 хувийг Б талд төлнө гэж заасны дагуу үнэлгээ хийгээгүй, ажлыг хүлээж аваагүй ба бараа материал хугацаанд нь нийлүүлээгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгдээгүй болохыг шүүх огт анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах гэж заасан үүргээ захиалагч буюу хариуцагч биелүүлээгүй ба манай компанид ажлаа хугацаанд хийгээгүй, ажил доголдолтой талаар гомдол, шаардлага гаргаж тохиолдол /баримт/ байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Хариуцагчаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд тухайн үөд гэрээ цуцлагдаж, өөр этгээдээр барилгын ажил гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх ба энэ тайлбар нь хэрэгт авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Үндэсний төв архиваас ирүүлсэн “Ж” ХХК-ийн орон сууцны барилгын ил, далд ажлын акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт дурдсан актуудад гүйцэтгэгч “Өвөр-Аргалант” ХХК-ийн өрөнхий инженер А.Энхжаргал гэж хүн гарын үсэг зурсан байдаг бөгөөд уг хүнийг гэрчээр асуухад актуудыг нөхөж үйлдсэн, ингэхдээ Хятад хэлнээс орчуулан хуулж бичсэн болохоо мэдүүлсэн байдаг, Өөрөөр хэлвэл шүүхээс шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нотлох баримт нь үнэн зөв, эргэлзээгүй биш болж таарч байна. Актуудад гарын үсэг зурсан инженер нь өөрөө би хуулж бичсэн юмаа гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. /ХХ-239-242/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 500 000 юаний барьцааг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "Барилга барих гэрээний 27-д тус гэрээний заалт бүрийг чандлан мөрдөхийн тулд тогтсон хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгэж Б тал А талд 1 000 000 юань барьцаанд өгөх ба үүнээс 500 000 юанийг нь өгсөн байгаа болно гэжээ. Дээрх гэрээний заалтын агуулга, хүсэл зоригийн илэрхийллийн хувьд хуульд заасан барьцааны гэрээний шинжийг агуулаагүй, ямар нөхцөлд буцаан шаардах эрх нь үүсэх талаар тусгаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ" гэж дурьдсан нь илтэд үндэслэлгүй бөгөөд хууль бус юм. Хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ж” ХХК-ийн тамга, гүйцэтгэх захирал Лью Бао Лин-ий гарын үсэгтэй барилгын гүйцэтгэлийн барьцаа болох 500 000 юань хүлээн авсан баримт нь талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсныг нотолж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс талуудын хийсэн хэлцлийг барьцааны гэрээ биш гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчаас барьцааны гэрээ байгуулагдсан эсэхтэй холбоотойгоор маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны мөнгө болгож нэхэмжлэгчээс хариуцагчаас олгосон. Нэхэмжлэгч 500 000 юанийг хариуцагчид хариу төлбөргүйгээр олгоогүй байхад шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал анхан шатны шүүхийн шаардах эрхгүй, барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь огт үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө олгосон баримтад 500 000 юанийг хэзээ буцааж авах талаар тусгаагүй хэдий ч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны мөнгийг хариу төлбөргүйгээр олгоогүй тул хэдийд ч шаардах эрхтэй. 2014 оны 7 дугаар сард багтааж олгох талаар талууд тохиролцсон болохыг гэрчүүд мэдүүлсэн байхад үүнийг үнэлээгүй байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасны дагуу хөдлөх хөрөнгө болох 500 000 юанийг барьцаанд өгсөн ба барьцааны эрх дуусгавар болсон тохиолдолд барьцааг буцаан шаардах эрхтэй. Хариуцагчийн барьцааны талаар маргаагүй тайлбар болон 2014 оны 7 дугаар сард багтааж олгох талаар талууд тохиролцсон талаар гэрч Лию Шиаобингийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 500 000 юанийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байхад талуудын тохиролцоо, хүсэл зоригийг илтэд зөрчиж, барьцааны гэрээ байгуулагдаагүй зэргээр хууль бус үндэслэлийг анхан шатны шүүх гаргаж ирж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талууд барьцааны гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчээс хугацаанд нь барилгын ажлыг гүйцэтгээгүй эсхүл гэрээний үүргээ зөрчиж, захиалагчид хохирол учруулсан тохиолдолд барьцаагаар хохирлыг төлүүлэх хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсан ба хариуцагчийн "гэрээ цуцлагдсан" гэх тайлбар, Иргэний хуулийн 349, 352 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн зөрчил, гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор 4 жилийн хугацаанд /2014-2018 он/ гомдлын шаардлага гаргаж байгаагүй, ажлын үр дүн буюу орон сууцны барилгыг байнгын ашиглалтад улсын комисс хүлээн авч, иргэдийн өмчлөлд шилжсэн зэрэг үндэслэлээр барьцаагаар хангагдах эрх дуусгавар болсон болно.

Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын Барилга барих гэрээ байгуулаад энэхүү гэрээнийхээ 27-д тус гэрээний заалт бүрийг чандлан мөрдөхийн тулд тогтсон хугацаандаа барилгын ажлыг гүйцэтгэж Б тал А талд 1 000 000 юань барьцаанд өгөх ба үүнээс 500 000 юанийг нь өгсөн байгаа болно гэж тодорхой заасан байдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ж” ХХК-ийн тамга, гүйцэтгэх захирал Лью Бао Лин-ий гарын үсэгтэй барилгын гүйцэтгэлийн барьцаа болох 500 000 юань хүлээн авсан баримт мөн авагдсан байдаг. Хуульд заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагыг бүрэн хангасан.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлэх эрхтэй байсан боловч хариу тайлбар огт өгөөгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу манай компанийн гаргасан нэхэмжлэлийн барьцаанд олгосон 500 000 юанийг төлөхийг зөвшөөрсөн үйлдэл юм. Гэтэл анхан шатны шүүх "хариуцагч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт огт өгөөгүй" байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 600 000 юань буюу 559 200 000 төгрөг, барьцааны мөнгө 500 000 юань буюу 174 750 000 төгрөг, нийт 733 950 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 4-10 дахь талд авагдсан барилга барих гэрээ, мөнгө хүлээн авсан баримтын орчуулгын үнэн зөвийг нотариат гэрчилсэн байх бөгөөд дээрх баримтууд эх хувиараа буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдаагүй Баянзүрх дүүргийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан баримт дээр нотариат хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.  

 

Хэргийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаас хасах эрхтэй. Хэрэв хэргийн баримтыг нотлох баримтаас хасвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь баримтыг нотлох баримтаас хассантай холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

 

Дээрх тохиолдолд хэргийн оролцогч нь нотлох баримтаас хассан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх буюу шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах боломжтой байна. Түүнчлэн, гэрч Б.Ганцэцэг, Лиюу Шаобинг, Б.Отгонбаяр нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч дээрх гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болох бөгөөд гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгуулснаар хэргийг шийдвэрлэх боломжтой.

 

            Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 827 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ