| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0937/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1206 |
| Огноо | 2025-05-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1206
2025 05 09 2025/ШЦТ/1206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,
шүүгдэгч Ч.М, С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ургийн овогт С-ын О, ******** ургийн овогт Ч-ны М нарт холбогдох эрүүгийн 2511 00616 0121 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ******** дүүргийн ** дугаар хороо, ******** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ********* дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
********* овогт С-ын О /регистрийн дугаар: **********/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, ********* их сургуулийн ************ курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нагац эгч, нагац эгчийн нөхөр, хоёр үеэл дүүгийн хамт ******** дүүргийн *** дүгээр хороо, ******** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ******** дүүргийн *** дүгээр хороо, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
********* овогт Ч-ны М /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О, Ч.М нарыг завших гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2511006160121 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-13-р хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/01 дугаартай МХ ХХК болон С.О нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 15-21-р хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №VD8875 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 26-р хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №7955 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 28-29-р хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №DB4084 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 24-р хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №DB4106 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 25-р хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №VD8870 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 30-р хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №48527 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 29-р хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №461 дугаартай иргэн Ж.С болон Ч.Мы хооронд байгуулагдсан барьцааны гэрээ /хх-ийн 27-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны ЧД1-25-60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-42-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгасан баримт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2511 00616 0121 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ: “...Шүүгдэгч С.О нь Ч.Мтай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ******* дүүргийн ** дугаар хороо, ********* тоотод байрлах “МХ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллах хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн 23,219,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне загварын 7 ширхэг гар утаснуудыг завшсан,
Шүүгдэгч Ч.М нь С.Отай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ******** дүүргийн ** дугаар хороо, ********* тоотод байрлах “МХ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллах хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн 23,219,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне загварын 7 ширхэг гар утаснуудыг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч С.О, Ч.М нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч С.О, Ч.М нар бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ******* дүүргийн *** дугаар хороо, ********** тоотод байрлах “МХ” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллах хугацаандаа байгууллагын итгэмжлэн хариуцуулж өгсөн 23,219,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне загварын 7 ширхэг гар утаснуудыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.О гэх эмэгтэй нь 2022 оны 09 дүгээр сараас манай компанийн онлайн хэлтэст борлуулалтын менежерээр ажилд орсон... Ч.М нь 2024 оны 10 дугаар сард компаниас халагдсан. Халагдсан шалтгаан нь М нь компанийн зарж байсан гар утсыг авч ирж тавьсан дутагдал гаргасан байсан. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд бараа буюу гар утаснууд дутсан. Ингээд би 01 дүгээр сарын 15-ны өдөр шууд О-иас гар утаснуудын талаар асуухад “2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 7 ширхэг гар утас авсан. Санхүүгээс тоологддог гар утаснуудын тоолллогыг өөрөө хийгээд мэдэгдэлгүй өнгөрсөн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. О нь дотоод программ систем дээр барааны үлдэгдлийн эрхийг устгах эрхтэй байдаг юм. Ингээд хяналтын камер шүүхэд О нь агуулах дотроос цамцныхаа ханцуйнд гар утас хийгээд гарч байгаа нь харагдаж байсан. Гэхдээ яг гар утас авч байгаа үйлдэл нь харагддаггүй. Биеийн хэлэмжээр гар утас авсан гэж сэжиглэхээр байсан. Тэгээд О өөрөө хохирлоо барагдуулна гэдгээ илэрхийлж байсан бөгөөд 01 дүгээр сарын 21-ний өдөр О нь 3 ширхэг гар утсаа авч ирж өгсөн. О энэ асуудал үүссэнээс хойш ажилдаа ирээгүй. 3 гар утсыг шалгаж үзэхэд ямар ч асуудалгүй байсан. О гар утсаа ломбарданд тавьсан гэж хэлж байсан бөгөөд ломбардны бичгээ авч ирэхэд нь харахад өмнө нь манайд ажиллаж байсан Мы нэр дээр зарим гар утаснууд байсан. Тийм учраас Мыг энэ хэрэгт оролцоотой гэж үзэж байна... Манай компанид учирсан хохирлыг өргөдөл дээр дэлгэрэнгүй тусгасан. Нийт 24,486,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Эдгээр утаснууд нь бүгдээрээ Айфон загварын, Бүгд Найрамдах Солонгос улсаас авч ирсэн, хэрэглэсэн буюу хуучин гар утаснууд байсан. О авч явсан 3 гар утсаа авч ирж өгсөн. Одоо Iphone 15 pro max 256 GB, Iphone 15 pro 256 GB, Iphone 14 pro 256 GB, Iphone 16 pro max 512 GB гар утаснууд үлдсэн байна...Борлуулатын менежер О-ийн хувьд ерөнхийдөө борлуулалт хариуцна, гар утастай харьцах, зээлийн судалгаа хийх, хэрэглэгчид гар утсыг хүлээлгэж өгөх, хүлээн авах зэрэг үүрэгтэй ажилладаг байсан...” гэх мэдүүлэг,
2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/01 дугаартай МХ ХХК болон С.Оюундарийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ,
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №VD8875 дугаартай “Бүдсэд барьцаалан зээлдүүлэх газар” ХХК болон С.О-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №7955 дугаартай “ӨФ” ХХК болон С.Оюундарийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №DB4084 дугаартай “Бүдсэд барьцаалан зээлдүүлэх газар” ХХК болон барьцааны гэрээ,
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №DB4106 дугаартай “Бүдсэд барьцаалан зээлдүүлэх газар” ХХК болон С.О-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
“МХ” ХХК -ийн 1001/01 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал,
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №VD8870 дугаартай “Бүдсэд барьцааны зээлдүүлэх газар” ХХК болон Ч.Мы хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №48527 дугаартай “ӨФ” болон Ч.Мы хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №461 дугаартай иргэн Ж.С болон Ч.Мы хооронд байгуулагдсан барьцааны гэрээ,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны ЧД1-25-60 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч С.О, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэд хохирогч “МХ” ХХК-ийн эзэмшлийн 7 ширхэг гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 23,129,000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад барьцаалж, төлбөрийг авсан үйлдэл нь Завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч С.О, Ч.М нар нь бусдын эзэмшлийн 7 ширхэг гар утсыг барьцаалан зээлдэх газарт барьцаалж, түүний төлбөрийг хувьдаа авч, өөрсдийн хэрэгцээ шаардлагад зарцуулсан нь эд хөрөнгийг шударгаар, тэдний эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал, шүүгдэгч С.Оюударьтай “МХ” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №24/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, С.О нь ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг ажил үүргийнхээ дагуу хүлээн авч, тухайн эд хөрөнгийг ашиглах, эзэмших, бусдад шилжүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг ажил олгогчийн өмнө хүлээсэн атлаа уг гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, 7 ширхэг гар утсыг авч, улмаар Ч.М, С.О нар нь “Бүдсэд барьцаалан зээлдүүлэх газар”, “ӨФ” ХХК, иргэн Ж.С-д тус тус барьцаалан, хөрөнгийг хувьдаа зарцуулжээ.
Иймд шүүгдэгч С.О, Ч.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.О, Ч.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 ширхэг гар утсыг биет байдлаар, гэм буруугийн шүүх хуралдааныг завсарлуулж, 6,780,000 төгрөгийг хохирогч байгууллагад төлсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 6,649,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч “МХ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүний үйлдсэн гэм хэргийн шинж, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.О, Ч.М нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна...” гэх саналыг,
Шүүгдэгч С.О, Ч.М нар эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нар нь ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч нарт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.О, Ч.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2511 00616 0121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт С-ын О, ***** овогт Ч-ны М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Ч.М нарыг зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, Ч.Мыг өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох, тэднийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Ч.М нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Ч.М нараас тус бүр 3,324,500 төгрөгийг гаргуулан хохирогч “МХ” ХХК-нд олгуулсугай.
6. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Ч.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР