Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/02536

 

2022 08 08 184/ШШ2022/02536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн

Хариуцагч:  А ХХК/РД:6411851/-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК нь А ХХК-тай 2021 оны 11 дүгээр сард бохирын систем авах зорилгоор холбогдож, борлуулагчийн 96471177 дугаарт холбогдож нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 7.500.000 төгрөгийн үнэ бүхий бохирын системийг худалдаж авахаар тохиролцсоны дагуу төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А ХХК-ийн 5063592600 тоот данс руу шилжүүлж барааг авчруулсан боловч суурилуулалтын ажил, үйлчилгээний талаар утсаар холбогдсоноос өөр зардал, тохиролцоогүй асуудлууд гарч ирсэн учир нэхэмжлэгч компани зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд тохиролцоонд хүрээгүй тул бохирын системийг нь хүлээж авалгүй буцаасан байдаг. Худалдаж авахаар тохиролцсоны үндсэн дээр төлбөрийн урьдчилгаа шилжүүлсэн байсан тул хариуцагч талд мэдэгдэж тохиролцсоноосоо өөр зардал гарсан тул хүлээн авах боломжгүй байна гэдгээ хэлж мөнгөө буцааж шаардсан. Гэтэл төлбөрийг санхүү, дарга нартай холбогдож байж буцаан олгох боломжтой гэж тухайн үед хариу өгч байсан. Нэхэмжлэгч компани захирал болох н.Баянзул нь А ХХК-ийн 70180313 дугаарт залгаж хэзээ төлбөрийг буцаан олгох вэ талаар асуухад албан бичгээр тоотоор хүсэлтээ ирүүл, түүний дараа буцаан олгох боломжтой талаар хариу өгсөн байдаг. Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан хүсэлтээ е-майл хаягаар явуулсан боловч хариу өгөлгүй 2022 он гарсан. Дахин н.Баянзул нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Д-тай 86100588 дугаарын утсаар нь холбогдож мөнгө яагаад буцааж өгөхгүй байгаа талаар асуухад, тендерийн мөнгө мөдхөн 1 дүгээр сарын 15-20-ны хооронд орно тэгэхээр нь өгье гэж хариу хэлсэн. Хэлсэн хугацаа нь болоод мөнгө өгөхгүй байсан тул 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А ХХК-ийн төв оффист нь очиж ерөнхий инженер н.Энхзаяа гэдэг залуутай уулзахад захирал, нягтлан нар оффист сууж ажилладаггүй, таны энэ асуудлыг би удирдлага санхүүдээ хэлж уламжилъя гэж хэлсэн. Захирал н.А гэх эмэгтэйтэй утсаар холбогдож асуудлаа хэлсэн боловч өөрсдөө сонголтоо зөв хийхгүй яасан юм, та нарын буруу гэж загнасан. Нягтлан н.Д руу нь залгаж асуухаар мөдхөн мөнгө орж ирэхээр өгнө гэж байнга худлаа хэлж, сүүлдээ бүр утсаа авахаа больж манай мөнгийг буцаан өгөхгүй биднийг хохироосоор байна. Иймд хариуцагч А ХХК-иас 7.500.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компани зүгээс хариуцагч компанитай холбогдож тоног төхөөрөмж худалдаж авах талаар ярилцсан, харилцан тохироо хийгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч бичгийн гэрээ хийгдээгүй. Бичгийн гэрээ нь хоёр талын талуудын гарын үсэг, тухайн гэрээний агуулгын хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг, тамга тэмдэг дарагдсанаар баталгааждаг. Хариуцагч талаас хэрэгт гаргаж өгөөд байгаа баримтын хүрээнд харвал хариуцагч талаас гэрээ байгуулсан гарын үсэг тамга байдаг боловч манай талын зүгээс гэрээг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээрээ тоног төхөөрөмжийг худалдан борлуулсны дараа мөнгийг нь буцаана гэж хэлээд байна. Энэ нөхцөлийн талаар анх тохиролцоо хийхдээ тайлбарлаж, танилцуулаагүй. Мөн Х ХХК нь А ХХК-ийн өмнө төхөөрөмжийг нь цааш нь худалдан борлуулж өгөх үүрэг хүлээгээгүй. Бидний зүгээс төлбөрөө төлсөн боловч тоног төхөөрөмж аваагүй учир төлсөн төлбөрөө буцааж авъя гэсэн шаардлага гаргаж байгаа. Хариуцагч талын зүгээс тоног төхөөрөмж худалдагдахгүй байгаа учир төлбөрийг нь өгөхгүй байгаа гэж хэлээд байна. Энэ нөхцөл нь талуудын хооронд ярилцаж гаргаж ирсэн, аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн зүйл биш гэж үзэж байна. Хариуцагч талын сүүлд гаргаж өгсөн баримт нь хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн аман тохиролцооны дагуу шилжүүлэгдсэн төлбөр мөнгийг ямар нөхцөлөөр буцааж олгохгүй байгааг нь бичгийн гаргасан нэг талын гарын үсэгтэй гэрээг үндэслэж яриад байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчаас ирүүлсэн бичгийн тайлбар болон шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргийг харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгдөггүй. Зөвхөн манайх төхөөрөмжийг зарж борлуулсны дараа өгнө. Мөнгийг хүлээлгэж өгөх боломжтой талаар хэлдэг. Тайлбар татгалзлыг нь харахад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд байгаа нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тоног төхөөрөмжийг зарж худалдахын тулд Орос улсаас захиалж оруулж ирсэн гэж хэлээд байна. Х ХХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр борлуулалтын ажилтантай утсаар холбогдож бэлэн байсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг нь шилжүүлсэн байдаг. Талууд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төхөөрөмжийг хэзээ захиалсан, яаж захиалсан талаар мэдэхгүй, худлаа тайлбар шүүхэд гаргаад байна. Нэгэнт манай тал гэрээнээс татгалзаад мөнгөө авъя гэж байгаа. Тэрнээс биш төхөөрөмжийг цааш нь худалдан борлуулах нь А ХХК-ийн асуудал болно. Х ХХК-ийн зүгээс төхөөрөмжийг хүлээж аваагүй байхад буцааж төлбөрийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ/Т-344 дугаартай/-ний нөхцөлөөр гэрээ цуцалсан тохиолдолд дараагийн хариуцагч төхөөрөмжийг худалдан авч гэрээ баталгаажсаны дараа буцаан олголт хийхээр тохиролцсон, худалдан авагч гэрээг баталгаажуулсан тохиолдолд тухайн худалдан авагч дээр бүртгэлийн код үүсдэг, нэхэмжлэгч тал бараа материалаа аваад өөр хүмүүст худалдан борлуулж мөнгөө гарган авах боломжтой, Иргэний хуульд заасан ямар нэг доголдолгүй тоног төхөөрөмж өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч талаас гэрээ хийгдээгүй гэж үзээд байгаа. Х ХХК-ийн зүгээс танай төхөөрөмжийг авъя, төхөөрөмжийн мөнгийг шилжүүлчихлээ, төхөөрөмжөө суурилуулахад чинь гэрээн дээр гарын үсэг зуръя гэж тохиролцсон. Үүний дагуу манай компани дансанд 2021 оны 11 дугаар сарын 18-ны өдөр мөнгө орсныг нь баталгаажуулсан байдаг. Хэрвээ манайх төхөөрөмжийг нь өөр аж ахуй нэгжид засан байсан бол мөнгийг нь буцаагаад өгөх боломжтой байсан. Төхөөрөмж зарагдахгүй удаад байсан учир манайх хэрвээ Х ХХК-д 7.500.000 төгрөгийг нь гаргаад өгчихлөө гэхэд энэ төхөөрөмж манай дээр аж ахуйн зориулалтаар ирчхээд зарагдахгүй удаад байгаа учир 7.500.000 төгрөгөөр хохирох нөхцөл байдал үүссэн учир төхөөрөмжийг нь зартал тус мөнгийг буцааж өгөх боломжгүй байгаа. Гэрээг борлуулалтын мэргэжилтэн хэлсэн. Манайх зарагдсан төхөөрөмжийг буцаах боломжгүй байдаг шүү гэдгээ хэлсэн. Х ХХК нь хүлээн зөвшөөрсөн учир манайх гэрээ дээр гарын үсэг зурж, түүнийгээ төхөөрөмжтэй нь хамт явуулсан. Манай талаас хариу тайлбартаа бичсэн байгаа. Тоног төхөөрөмжийг дараагийн хүн авсан эсвэл танайх дараагийн хүнд нь холбож өгөөд тухайн хүн авсан тохиолдолд төлбөрийг шууд гаргаж өгнө гэсэн утгатай хариу тайлбар өгсөн. Захиалсан хугацаа болон бусад зүйлсийг нь таарахгүй байна гэж хэлээд байна. Нийт 15 захиалга орж ирсэн, түүний 5 дахь захиалга нь Х ХХК-ийнх байсан гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Х ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А ХХК-ид явуулсан албан бичиг-/хх4/, Х ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/хх-5/, Х ХХК-ийн Хаан банк ХХК-ийн 5003808702 тоот дансны хуулга/хх6/ зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч талаас А ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ/хх-9-10/, хариуцагч талын итгэмжлэл, хариу тайлбар/хх-15/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-23-24/ зэргийг,

Шүүхийн журмаар нотлох баримтууд бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан 7.500.000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А ХХК талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр гэрээ цуцалсан тохиолдолд дараагийн хариуцагч төхөөрөмжийг худалдан авч гэрээ баталгаажсаны дараа буцаан олголт хийхээр тохиролцсон, худалдан авагч гэрээг баталгаажуулсан тохиолдолд тухайн худалдан авагч дээр бүртгэлийн код үүсдэг, нэхэмжлэгч тал бараа материалаа аваад өөр хүмүүст худалдан борлуулж мөнгөө гарган авах боломжтой, Иргэний хуульд заасан ямар нэг доголдолгүй тоног төхөөрөмж өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй, төхөөрөмжийг зарах хүртэл мөнгийг буцааж өгөх боломжгүй гэж маргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч тал гэрээг бичгээр байгуулагдсан гэх боловч хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ №Т-344 дугаартай гэрээнд худалдан авагч Х ХХК-ийг төлөөлөх этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тус компанийн тамга тэмдэг дарагдаагүй байдаг, гэвч худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар хуульчлан заагаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан гэж үзэхээр байна.

Уг харилцаагаар худалдан авагч Х ХХК нь бохир усыг цэвэршүүлж саарал ус болгон аж ахуйн зориулалтаар ашигладаг Астра-4 ПР загварын бохирын систем бүхий овор ихтэй тоног төхөөрөмжийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдагч А ХХК-иас 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь тогтоогддог.

Мөн өдрөө тус тоног төхөөрөмжийн үнэ 7.500.000 төгрөгийг дансаар бохирын системийн үнэ гүйлгээний утгаар банкны гүйлгээгээр шилжүүлсэн байдаг.

Ингээд хариуцагч тал 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний зүйлийг тээвэрлэн худалдан авагч Хос бэрс ХХК-ийн эзэмшлийн газарт хүргүүлсэн боловч тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, суурилуулалтын зардалд 250.000 төгрөг төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй, нэмэгдэл үнэ төлөхгүй гэж маргасны үндсэн дээр тоног төхөөрөмжийг хүлээн авалгүй буцаан худалдагч А ХХК ачин авч явсан, одоо тэдний эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогддог.

Зохигч талууд гэрээний үнэ 7.500.000 төгрөг төлөгдсөн, гэрээний зүйл хариуцагч талын эзэмшилд байгаа талаар маргаагүй.

Гагцхүү хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч тал төлөхөөр хуульчилсан хэдий ч овор ихтэй тоног төхөөрөмжийг газар ухаж суурилуулж байршуулахад нийтдээ гарах зардлыг анхнаасаа тохиролцоогүйгээс гэрээний зүйлийн үнэ төлөгдсөн ч нэмэлт зардлуудын талаар мэдээлэл өгөөгүйгээс 7.500.000 төгрөгийн төлбөрт ачилт тээвэрлэлт суурилуулалтын хөлс орсон гэж тооцсон талаар тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг.

Хариуцагч тал мэдээлэл өгсөн гэх тайлбар гаргадаг ч нотлогдоогүй.

Нөгөө талаар хариуцагч тал борлуулагчийн утсаар мэдээлэл өгсөн, гэрээний нөхцөлүүдийг утсаар баталгаажуулж, төхөөрөмж хүлээн авах үед гэрээний нөхцөлд гарын үсэг зурснаар гэрээ баталгаажиж, гэрээнд барааг хүлээлгэн өгөх болон суурилуулалтын зардал ороогүй талаар тусгасан гэх тайлбар тавьж маргаж байна.

Уг татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч буюу худалдагч тал анхнаасаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2, 254 дугаар зүйлийн 245.1-т зааснаар гэрээний зүйлийг тээвэрлэх нөхцөлийн болон бусад нөхцөлийн талаар худалдан авагчид бүрэн мэдээлэл өгөх, цаашлаад эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбогдсон тээвэрлэлтийн болон суурилуулалтын зардлыг гэрээнд худалдан авагч тал төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд заахаар зохицуулсан байна.

Шүүх нэгэнт талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул хариуцагч талын дурдаж буй гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэх тохиролцоо хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь нэхэмжлэгч талыг бүрэн мэдээллээр хангаагүйгээс гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Гэрээгээр эдгээр зардлыг тохиролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, бичмэл гэрээнд гарын үсэг зурагдаагүй тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

Гэрээ байгуулагдсан мөн өдрөө гэрээний зүйлийг буцаасан тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх, хугацаа тогтоох шаардлагагүй тул мөн өдрөө гэрээ цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан бол үр дагаврыг заахдаа талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч тал гэрээний зүйлийн үнэ 7.500.000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг хүлээн аваагүй тул үүрэг үүсэхээргүй байна.

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас худалдан авагч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний зүйлийн үнэ 7.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ид олгон шийдвэрлэв.

Хариуцагч А ХХК тээвэрлэлтийн зардалтай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 134.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 7.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 134.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.Б