| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1225/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1387 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1387
2025 05 22 2025/ШЦТ/1387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч А.Ө-н,
шүүгдэгч М.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл ***, эх, дүү нарын хамт, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ** овогт М-н М /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.М- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” Шатахуун Түгээх Станцын баруун талын туслах замд 2025 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 3 цагийн орчимд “Lexus RX-450” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Ө-нг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ын өгсөн “...Манай найз М бид 2 тоглоом тоглож байхад танихгүй хаяг байхаар нь тоогоо тэнцүүлж байгаад уулзъя гээд товоо тогтоогоод 10 дугаар хорооллын “Си Ю”-д хүлээж байсан. Гэтэл танихгүй хаягтай хүн нь А.Ө- байсан. Тэгээд манай найз охин бид хоёр хамт байхад А.Ө- ирээд манай найз охиныг М-тай холбож ойлгоод уурласан. М миний машины хойно сууж байсан. А.Ө- машины зүүн талд М-тай хэрэлдээд зогсоод байсан. Би хэрүүл сонсмооргүй санагдаад хөдлөөд явсан. Би хөлийг дайрснаа мэдээгүй, толиндоо харахад зүгээр зогсож байсан. Хохирогч над руу залгаад чи миний хөл дайрчихлаа гэж хэлэхээр нь би хоорондоо хэрэлдчихээд худлаа яриад байна гэж бодоод тоохгүй орхисон. Гэтэл маргааш над руу цагдаагаас залгаад болсон үйл явдлыг хэлж өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ө-н өгсөн “...Манайх гэр бүлийн маргаантай байсан ба манай нөхөр гэртээ ирж хонохгүй байсан юм. Тэр өдөр би өөрийн Pubg тоглоом тоглодог нэрээ солиод нөхөртэй холбогдож тоглосон. Тоглож байхад цаана нь эмэгтэй хүн цаашаа хэвт гээд дугараад байсан. Тэр үед би нөхрөө гэртээ ирж хонохгүй байхаар нь намайг араар тавьж байна гэж бодоод хоорондоо уулзъя, тоогоо тэнцүүлье гээд уулзахаар болсон. Би найзтайгаа хамт очоод “ирчихсэн байна” гэхэд “10 дугаар хорооллын “Си Ю”-д хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд М.М- болон манай нөхөр М хоёр хамт ирээд би М- тай хэрэлдээд “Си Ю”-аас гарсан. Би машинтай ирснийг нь мэдсэн болохоор машин руу нь очиход урд нь эмэгтэй хүн сууж байсан. Би тэр эмэгтэй хүнтэй хэрэлдсэн. Мөн түүнээс болж бид нар хоорондоо хэрэлдсэн. Би нөхрөө гэрт рүүгээ явъя гэхэд манай нөхөр явахгүй байсан. Мөн М.М- надтай хэрэлдээд хараагаад байсан. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. М.М- хурдтай хаазлаад явахдаа миний хөл дээгүүр дайраад гарсан. Би нөхөр рүүгээ залгаад “миний хөлийг дайрчихлаа” гэхэд “надад хамаагүй, чи өөрөө асуудлаа шийд” гэж хэлсэн. Би найздаа “миний хөл дээгүүр дайраад гарчихлаа, чи намайг Гэмтэл рүү хүргээд өг, эсхүл манай нөхөр дээр хүргээд өг” гэж хэлсэн. Манай нөхөр ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд буцаагаад гэрт хүргэж өгсөн. Харих замдаа мөн хэрэлдээд учраа олохгүй байсан учир “би чамтай ойлголцохгүй юм байна, би цагдаад өгнө” гэж хэлээд би маргааш нь цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 6 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ө-н хохирогчоор өгсөн: “...Тэр өдөр намайг Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэртээ байж байхад М, түүний найз М нар гар утсаараа холбогдоод нэг эмэгтэй хүнтэй тоглож байсан. Тухайн үед манай нөхөр гэртээ хонохгүй байгаад байхаар нь би тоглож байсан нэрээ өөрчилж байгаад нөхөр рүү болон найз руу нь тоогоо тэнцүүлж байгаад уулзъя гэж бичсэн чинь манай нөхөр за гэж хэлсэн, би 10 дугаар хорооллын “Си Ю”-гийн гадаа ирээд нөхрийгөө өөр эмэгтэй хүнтэй цуг байж байхаар нь очоод гэр рүүгээ явъя гээд маргалдсан. Тэр үед манай нөхрийн найз М цагаан өнгийн “Lexus RX” маркийн машинтай байсан, манай нөхөр дотор нь сууж байсан, хэрүүл маргаан болох үед М машинтайгаа зогсож байснаа гэнэт хаазлаад хөдөлсөн. Тэгээд миний зүүн хөл дээгүүр машинаараа дайраад шууд чигээрээ яваад өгсөн. Тэр үед би найз Ж-н хамт М-н гадаа очоод хөл дээгүүр гарчихлаа гэж хэлэхэд тоохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэг рүү явлаа шүү гэхэд яв гэж хэлэхээр нь би эмчид үзүүлж зургаа авахуулсан. Гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдсэн. Би осолд орохын өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй. Тухайн үед миний халаасанд байсан гар утас унаад дэлгэц нь хагарсан. Мөн эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Э-ийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн: “...М.М- 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 17-18 цагийн хооронд манай гэрт ирээд миний машиныг авсан. Машин авахдаа “манай дүү Германаас тэмцээнд ороод медаль аваад ирж байна, багштай нь хамт хүргэж өгөх хэрэгтэй байна, та машинаа өгөөч би Нисэх орж дүүгээ тосох гэсэн юм” гэж хэлэхээр нь өөрийнхөө машиныг өгөөд явуулсан. Осол болсон өглөө 7 цагийн орчимд над руу Тээврийн цагдаагийн албанаас залгахад л мэдсэн. Тэгээд би М руу залгаж асуухад юу ч болоогүй гэж хэлсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ж-н гэрчээр өгсөн: “...Тэр өдөр гэртээ байж байхад манай найз Ө-н над руу чатаар шөнө 2 цагийн орчимд “манай нөхөр өөр хүүхэнтэй байна, гэртээ ирэхгүй байна” гэж хэлэхээр нь би “итгэхгүй байна, маргааш ирэхээр нь учраа ол” гэж хэлэхэд Ө-н би “ганцаараа явлаа” гэж хэлэхээр нь “хамт явъя” гээд би машинаа аваад Ө-нн гэрт очиж аваад нөхөртэй нь 10 дугаар хороолол руу очсон. Би өөрийнхөө утаснаас Ө-нгийн нөхөр рүү залгасан чинь “Си Ю”-д хүлээж бай” гэж хэлэхээр нь “Си Ю” руу ортол ирээгүй байсан. Тэгээд байж байтал удалгүй Ө-нгийн нөхөр найзынхаа хамт орж ирсэн. Тэгээд Ө-н нөхөртэйгөө хэрэлдээд эхэлсэн. Ө-н “Си Ю”-гээс гараад М-н унаж ирсэн, цагаан өнгийн машины арын хаалгыг онгойлгосон чинь ард нь нэг эмэгтэй хүн сууж байсан. Ө-н тэр охинтой нь хэрэлдээд байсан. Ө-нгийн нөхрийн найз М бид гурав араас нь гарсан. Тухайн үед би өөрийнхөө машиныг авахаар дэлгүүрийн урд талаас машинаа аваад буцаад “Си Ю” дээр иртэл нөгөө цагаан машин зогсож байгаад арын хаалга нь онгорхой шууд хөдлөөд явсан. Ө-нгөөс “зүгээр үү” гэж асуухад “миний хөл дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Ө-нгийн хөл дээгүүр машин гарчихсан байсан. Өмсөж байсан гутал дээр нь тэр машины мөр гарчихсан байсан. Би зургийг нь гар утсаараа авсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь хөлийнх нь яс хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М-н гэрчээр өгсөн: “...2025 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө 10 дугаар хорооллын “Си Ю” дэлгүүрийн гадаа эхнэр Ө-нтэй уулзсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. М-н машинд суусан. Тэр үед Ө-н машины зөв тал буюу баруун талын хойд талд зогсож байсан. М машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Намайг М-н гэрт байж байхад Ө-н над руу танай найз миний хөл дээгүүр гарчихлаа гэж хэлэхээр нь Ө-нтэй гэмтлийн эмнэлэгт орж хөлийг нь үзүүлсэн. Би хохирогчийн эмчилгээ болон оношлогооны зардалд ойролцоогоор 750.000-800.000 төгрөгийн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...ЕГО/725/31****49 дугаартай А.Ө-н биед зүүн тавхайн зөв хэлбэрийн ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, дарах, шахах, механизмын нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн- дэх тал/,
Дүрс оншилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 42 дахь тал/,
“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн Техникийн үзлэгийн төвийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,
Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М-ын яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр манай найз М манай гэрт ирсэн. Бид хоёр гар утсаараа холбогдоод тоглож байгаад шөнө 2 цагийн үед М манай охин Х бид 3 манай гэрийн урд талын “Си Ю” руу хүнтэй ууулзахаар гарсан. Гарахдаа ах Эрдэнэсүхийн эзэмшлийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн, М бид 2 “Си Ю” руу ороод манай найз бас нэг найз охины хамт дэлгүүрт зогсож байсан. Тэгээд М эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. М-н эхнэр гэнэт “Си Ю”-гээс машин руу гүйгээд машин онгойлгоод манай найз охин Хандсүрэнг загнаад байхаар нь би найз охиноо машинд суулгах үед М бас машинд суусан. М-н эхнэр Ө-н машины зүүн хойд талын хаалга онгойлгоод нөхөртэйгөө хэрэлдээд байхаар нь би зогсож байгаад хөдлөөд шууд 10 дугаар хорооллын ** тоот гэртээ хариад унтсан. Өглөө 7 цагийн орчимд над руу Тээврийн цагдаагийн албанаас залгахаар нь би зам тээврийн осолд холбогдсон гэдгээ мэдсэн. Уг нь би хөдлөхдөө арынхаа толинд харахад Ө-н зүгээр чигээрээ алхаад явж байсан. Би өөрөөс нь асуухад тэр үедээ зүгээр алхаж байгаад хэсэг хугацааны дараа хөл нь өвдсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 5 дахь тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 6 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Ө-н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Э-н иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-24 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ж-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд М.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 42 дахь тал/, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн Техникийн үзлэгийн төвийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/, мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 55-56 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.М- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч М.М- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхээс шүүгдэгч М.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөгийг хохирогч А.Ө-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Иймд шүүгдэгч М.М-оос нийт 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөг гаргуулж, хохирогч А.Ө-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ө- “...Би гэмтэл авахаасаа өмнө өдрийн 80.000 төгрөгөөр дээл оёдог байсан. Тухайн ажилгүй байсан хугацааны мөнгө болох 1 сарын хугацаанд олох ёстой байсан мөнгөө нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн тул хохирогч А.Ө-д нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.М- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч О овогт М-н М-г “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ө- энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.М-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч М.М-оос 8.580.000 /найман сая таван зуун наян мянган/ төгрөг гаргуулж, хохирогч А.Ө-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч М.М- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ