| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/133 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Амармөрөн,
Шүүгдэгч Р.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.У ад холбогдох эрүүгийн 2409000002151 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд О.З тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Р.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд О.З тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч О.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед машин дотроо найз Б, И хоёртой сууж байхад Т буугаад У машинд ороод ирсэн. У согтуу тасраад уначихсан байсан болохоор нь буугаад гутлыг нь тайлж машины арын суудал дээр унтуулсан. Тэгээд машиндаа буцаж сууж байхад У сэрээд миний баруун талын шанаа хэсэгт 3 удаа цохихоор нь яаж байгаа юм бэ гээд машинаасаа буугаад хойд талын суудал руу орж суугаад Б тэй ойр зуурын зүйл яриад сууж байхад У дахиж сэрээд миний хамар хэсэгт цохиж эхэлсэн. Нүүр хэсэгт 10 гаруй удаа цохисон. Зодуулж байхад хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нэг нь намайг машинаас буулгаад У аас холдуулсан. Би цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Т У ыг цаашаа холдуулж байхад У намайг ална гээд орилоод байсан. Тэгээд цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,
Гэрч Л.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 17-18 цагийн үед Гурвалжингийн гүүр орчмоос багын найз З , Б нартай хамт машинтай яваад У ыг замаас авахад У ажлынхантайгаа уулзсан гээд согтуу машинд орж ирж суугаад шууд унтаад өгсөн. Тэгээд бид тэндээсээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд ирсэн чинь У бөөлжих гэж сэрэхэд З машины урд суудал дээр сууж байх үед нь У , З хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан чинь У гараараа З ын нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг машинаас буу хоёр пизда минь, бууж учраа олцгоо гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр машинаас буугаад машины гадаа муудалцаад байх шиг байсан. Би тэр хоёрын найз болохоор хэнийг нь гэхэв дээ гээд машинаас гараагүй. Тэр хоёр орилолдоод байхаар нь би машинаас буугаад ирсэн чинь З цагдаа дуудсан гээд нүүрнээс нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Гэрч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...У З ын нүүр лүү нь 4-5 удаа цохиж зодсон. Т бид 2 салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14254 дугаартай “...О.З ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
Шүүгдэгч Р.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Нэг мэдсэн З намайг зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд муудалцсан. Би З ыг хавирч унагаагаад нүүр лүү нь цохиж байснаа санаж байна. ...Би гараараа нүүр лүү нь цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.У аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Р.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд О.З тай үл ялих зүйлээс болж маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Хохирогч нь бичгийн баримтаар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн гэх баримт авагдсан байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас өөрийн учирсан хохирол төлбөртэй холбоотой хохирол төлбөр гаргуулаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь баримтаар мөнгө нэхэмжлээгүй боловч цаашид учрах хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Р.У нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14254 дугаар дүгнэлтээр хохирогч О.З ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Р.У нь хохирогч О.З ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Р.У ын “...хохирогч О.З тай маргалдаж, биед нь “...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.З ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос “...Р.У аас эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг авсан, гомдолгүй...” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Р.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөн хохирогч О.З нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.У ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Р.У нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Р.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Р.У ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.У ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.У нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.У ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.У ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.У ад оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.З нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.У ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН