Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 06

 

 

 

 

*******эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19ий өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой *******эд холбогдох эрүүгийн 1937000320080 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 02 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов. 

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 1976 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Донжаахан овогт Түмтийн Батсүх /РД:ПК76101812/ шүүгдэгч ******* нь 2018 онд тус сумын Орон нутгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн газар тариалангийн техник тоног төхөөрөмж худалдан авах тухай ажлын хүрээнд зарлагдсан тендерт оролцож шалгарсан Ховд Үенч Түшиг нөхөрлөлд давуу байдал олгон тус нөхөрлөлтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТШ/А-3 дугаартай гэрээнд заасан хугацаанд Үенч сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хан боогч хадуурыг хүэлээлгэн өгөөгүй байхад хууль тогтоомжид заасны дагуу захирамжаар эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулахгүйгээр, ажлын хэсгийн эрх хэмжээг хүлээн авсан мэтээр доод шатны албан тушаалтнуудад амаар үүрэг, чиглэл өгч, үлдэгдэл 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг олгох 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/212 дугаартай захирамж гарган тус нөхөрлөлд олгож, өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг бий болгож, төрд 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Донжаахан овогт Түмтийн Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм бурууутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтаар шалгарсан гүйцэтгэгч Ховд Үенч Түшиг нөхөрлөлд захиалагч Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гэрээний санхүүжилт олгосон үйл баримт нь тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх уг үйл баримтыг шийтгэх тогтоолынхоо тодорохойлох хэсэгт техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан хан боогч, хадуурыг хүлээлгэн өгөөгүй байхад эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулахгүйгээр, ажлын хэсгийн эрх хэмжээг эдэлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтд нийцэхгүй байна.  Хаман боогч, хадуур зэрэг газар тариалангийн тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсэг байгуулах эрх хэмжээ нь гэрээнд захиалагчаар гарын үсэг зурсан Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Цогоо сумын засаг даргын тамгын газраас тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсэг байгуулагдаж хүлээж авна гэж тус тус бталан мэдүүлсэн. ******* нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны төсөв баталсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлсэн нь хийх ёстой үйлдлийн хийхгүй байх, хийх ёсгүй үйлэл хийсэн гэдэг ойлголтод хамаарахгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тендер шалгаруулалтаар гүйцэтгэгчээр шалгарсан гүйцэтгэгч “Ховд Үенч Түшиг” ЗГБХ нөхөрлөл нь газар тариалангийн тоног төхөөрөмжийг эрж олох, худалдан авах, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Үенч сум руу тээвэрлэх зэрэгт гэрээний талуудаас үл шалтгаалан тодорхой хугацаа шаардагдснаас үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй байсан нь тогтоогджээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд *******ийг 18,740,000 төгрөгийн хохирол учруулсан мэтээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т шүүх нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгаа 2018 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр байгуулсан нэршлийн хувьд өөр өөр нэрээр яваад байгаа 35,000,000 төгрөгийн гэрээг хуулийн дагуу хийгдсэн. Давуу байдал би болгосонгэж байна. Ашиг сонирхлын зөрчил байхгүй тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан. Субъектив санаа зорилгогүй ийм үйлдэлд энэ хүнийг яллагдагчаар татсан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хүлээж авсан хууль зөрчсөн асуудал байдаггүй.  Иймд хэргийг цагаатгаж өгнө үү .

Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн санхүүжилтийн төрийн сан буцаан татдаг юм байна. ******* даргын хувьд энэ нөхөрлөлд давуу бий болгох ямар ч шаардлага байхгүй. Маш олон тушаалууд дотор гарын үсэг зурагдсан. Хэн нэгэнд давуу байдал бий болгох санаа зорилго анхнаасаа байгаагүй. Үүнийг шүүхээс харж үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд яагаад тооцож байна бэ гэвэл анх гэрээ байгуулахдаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр байгуулагдсан. Ховд Үенч Түшиг нөхөрлөл барааг авч ирж нийлүүлээгүй байхад Үенч сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаартай захирамжаар үлдэгдэл санхүүжилтийн тус нөхөрлөлийн дансанд шилжүүлсэн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                         Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д    мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд хяналаа.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр яллах дүгнэлтээр 2018 онд Үенч сумын Орон нутгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн газар тариалангийн техник тоног төхөөрөмж худалдан авах тухай ажлын хүрээнд зарлагдсан тендерт оролцож шалгарсан Ховд Үенч Түшиг нөхөрлөлд давуу байдал олгон тус нөхөрлөлтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТШ/А-3 дугаартай гэрээнд заасан хугацаанд Үенч сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хаман боогч хадуурыг хүлээлгэн өгөөгүй байхад хууль тогтоомжид заасны дагуу захирамжаар эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулахгүйгээр, ажлын хэсгийн эрх хэмжээг хүлээн авсан мэтээр доод шатны албан тушаалтнуудад амаар үүрэг, чиглэл өгч, үлдэгдэл 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг олгох 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/212 дугаартай захирамж гарган тус нөхөрлөлд олгож, өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг бий болгож, төрд 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх  шүүгдэгч Т. Батсүхийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм бурууутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар 2018 онд Үенч сумын орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн газар тариалангийн техник тоног төхөөрөмж худалдан авах тухай ажлын хүрээнд зарлагдсан тендерт  “Ховд Үенч Түшиг” нөхөрлөл шалгарч улмаар Үенч сумын Засаг даргын тамгын газрын дарга /ажлын хэсгийн ахлагч/ Б.Цогоотой газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг 2018 оны 11 дүгээр сарын 02-наас 2018 оны 12 дугаар сарын 25 ны өдрийн дотор  нийлүүлж хүлээлгэн өгөхөөр  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулжээ.  Гэрээний 2 дугаар зүйлд захиалагч нь газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг 35.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийн үнийг хүлээн зөвшөөрч гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болохыг тусгаж, мөн гэрээний 3 дугаар зүйлд гэрээний санхүүжилтийг 90/10 гэсэн харьцаагаар олгох, 4 дүгээр зүйлд гэрээг үндэслэн 90 хувийг олгох, ажлын явцын гүйцэтгэлийн баталгааг үндэслэн 10 хувийг олгохоор талууд харилцан тохиролцжээ. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийн 7.1-д захиалагч нэхэмжлэх хүлээн авснаас хойш /ГТН-д заасан тоо/ хоногийн дотор шуурхай хийнэ гэж тохиролцсон байх ба гэрээний тусгай нөхцөлд гэрээний ерөнхий нөхцөлийг “ гэрээний нийт үнийн дүнг /100%/ барааг хүлээн авсан акт болон гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн төлнө.”гэж дэлгэрэнгүй тайлбарласан байна. Харин гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.1-д “нийлүүлэх бараа техникийн тодорхойлолтод нийцсэн байх ба холбогдох стандартыг заагаагүй бол тухайн барааны гарал үүслийн улсын стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлийн найруулгыг ойлгоно. Нийлүүлэгч ГТН-д  заасан бол түүний дагуу тээврийн болон бусад баримт бичгийг бэлтгэж бүрдүүлнэ.” Гэж тусгажээ. /1 дүгээр хх-ийн 78-81 дугаар тал/

Дээрх гэрээнд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу Үенч сумын Засаг дарга ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжаар газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж худалдан авахад зориулж урьдчилгаа 90 хувийн санхүүжилт 31.500.000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж уг мөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан байна.

Харин дээрх гэрээнд зааснаар гүйцэтгэгчийн нийлүүлэх газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн баримт бичгийг бэлтгэж бүрдүүлсэн ажлын явцын гүйцэтгэлийн баталгааг үндэслэн 10 хувийг барааг хүлээн авсан ажлын хэсгийн акт гарсны дараа гэрээний нийт үнийн дүнг 100 хувь шилжүүлэх байжээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан хаман боогч, хадуурыг “Ховд Үенч Түшиг” нөхөрлөл хүлээлгэж өгөөгүй байхад эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулахгүйгээр, ажлын хэсгийн эрх хэмжээг эдлэн гэрээгээр бэлтгэн нийлүүлэх эд хөрөнгө болох хаман боогч, хадуурыг хүлээн авсан мэтээр доод шатны албан тушаалтнуудад амаар үүрэг чиглэл өгч, хөрөнгө зарцуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А/212 дугаар захирамж гарган  тухайн эд хөрөнгийн үлдэгдэл үнэ болох 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч *******ийн дээрх шийдвэрийн дагуу   “Ховд Үенч Түшиг” нөхөрлөлд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар тариалангийн техник тоног төхөөрөмж хаман боогч, хадуурын худалдан авах  гүйцэтгэлийн 10 хувь 3.500.000 төгрөгийг Үенч сумын Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна./1 дүгээр хх-ийн 208-209 дүгээр тал/

             Шүүгдэгч ******* нь албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  2018 онд Үенч сумын орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн газар тариалангийн техник тоног төхөөрөмж худалдан авах тухай ажлын хүрээнд зарлагдсан тендерт оролцож шалгарсан “Ховд Үенч Түшиг” нөхөрлөлд давуу байдал бий болгон тус нөхөрлөлтэй байгуулсан гэрээнд заасан хугацаанд хаман боогч, хадуурыг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгч тал захиалагчид хүлээлгэн өгөөгүй байхад үлдэгдэл 3.500.000 төгрөгийн санхүүжилтийг олгосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг, иргэний хариуцагч М.Дэнсмаа, гэрч А.Төгөлдөр, Д.Энх-Амгалан, Б.Цогоо, П.Булганбат, Н.Бат-Эрдэнэ, Г.Сүх-Очир, Д.Алтангэрэл нарын мэдүүлэг, хөрөнгө зарцуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А/212 дугаар захирамж, “Ховд Үенч Түшиг” нөхөрлөлөөс хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдсаны үлдэгдэл санхүүжилт 3.500.000 төгрөгийг Үенч сумын засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нэхэмжлэхийн хуулбар, Үенч сумын Засаг даргын Тамгын газраас “Ховд Үенч Түшиг” нөхөрлөлд үлдэгдэл санхүүжилт   3.500.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 37 дугаартай төлбөрийн   хүсэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон дээрх үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч  *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчийг энэ зүйл хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан   нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм  буруугийн зарчимд тус тус нийцсэн байна.

Түүнчлэн  шүүх шүүгдэгч  *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн  1,2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг зөрчөөгүй байна.

Харин шүүгдэгч ******* нь өөрт хуулиар олгогдсон бүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,бусдад давуу байдал бий болгож, орон нутгийн хөгжлийн сангаас “Ховд Үенч Түшиг” нөхөрлөлд шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ээс гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000 төгрөгийг Авилгатай тэмцэх  газарт олгож шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д    мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд хянаж тухайн хэрэгт М.Дэнсмааг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд...” гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэг, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэг, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, хуулийн этгээдийг хамааруулан ойлгоно.”гэж зохицуулсан байна.  Үүнээс үзвэл, гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан дээрх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий эдгээд эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих иргэний хариуцагчаар тогтоогдох бөгөөд энэ хэрэгт М.Дэнсмааг иргэний хариуцагчаар татан оролцуулах хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсныг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй.

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “Тендерийн шалгаруулалтаар шалгарсан гүйцэтгэгч Ховд Үенч Түшиг нөхөрлөлд захиалагч Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гэрээний санхүүжилт олгосон үйл баримт нь тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 3.500.000 /гурван сая таван мянган/ төгрөг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын санхүүд олгосугай гэж нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтаас “хохирол төлбөргүй” гэснийг хасаж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

           

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                          М.НЯМБАЯР