Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Дашням хөтлөн

иргэдий н төлөөлөгч Р.Лхагваа

улсын яллагч Б.Жаргал

шинжээч эмч Т.Сэлэнгэ

хохирогчийн өмгөөлөгч С.Санжаажамц

шүүгдэгч Ц.Дарханбаатар  

шүүгдэгч Б.Энхтуяа нарын өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Энхтуяаг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  Ц.Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020179 дугаартай  хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад  

 

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Сэврээ суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Цог-Учрал барааны дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 13-332 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:КИ77022309/ Нүдэн овогт Бүдбазарын Энхтуяа.

 

2. Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 8-нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 13-332 оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЦД75120810/ Сартуул овогт Цэрэндоржийн Дарханбаатар.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

 

Ц.Дарханбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  өөрийн эхнэр Б.Энхтуяатай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаус-25” нэртэй караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж нийтийн дууны ном авах гэлээ гэж үл ялих зүйлээр шалтаглан Д.Даваадоржийг эхнэр Б.Энхтуяа нь үсдэж дарахад нь хүч хэрэглэн зодох явцдаа шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгой, гар, нуруун тус газарт нь зүсэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Энхтуяа нь Ц.Дарханбаатартай бүлэглэн, согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаус-25” нэртэй караокед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж нийтийн дууны ном авах гэлээ гэж үл хүндэтгэн маргаж, хүч хэрэглэн үсдэж дарахад нөхөр Ц.Дарханбаатар шилээр зүсэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаасаа тараад нөхөр рүүгээ залгахад ажил хийж байсан хүнтэйгээ хамт байна, цалингаа авна гэж хэлэхээр нь “Хаус 25” гэх нэртэй караоке буудалд очсон. Очоод дээд давхарт байх буудал руу нь орсон. Намайг очиход хэдэн хүн байсныг мэдэхгүй, манай нөхөр цуг ажилладаг хүнтэйгээ пиво уугаад байж байсан. Цуг ажилладаг хүн нь хөдөө явна, хүлээж байгаад намайг Драгон дээрээс суулгаж өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүнийг унтаж байхад нь би нөхөртэйгээ доошоо бууж нийтийн караоке ороод нэг пиво авч дуугаа захиалах гээд дууны номыг аваад сууж байхад бүдүүн, туранхай хоёр залуу орж ирсэн. Хажуу талын ширээнд ганц эмэгтэй хүн сууж байсан. Би нэг дуугаа дуулаад байж байхад хажуу талаас нэг залуу давж орж “ирээд номоо өгчих” гэж хэлсэн. Би “жоохон байж бай нэг дуу дуулж байна” гэж хэлсэн. Текэн дээр байсан эгч наад “хоёр чинь нэг дуу дуулж байна” гэж тэр залууд хэлсэн. Би “хоёр дуугаа биччихээд өгье миний дүү түр хүлээж бай” гэж хэлсэн. Мөн манай нөхөр босч очоод “уучлаарай би эхнэртэйгээ явж байгаа түр хүлээж бай хоёр дуу биччихээд өгье” гэж хэлсэн. Нөхөр уучлалт гуйгаад суудал дээр ирээд сууж байхад нөгөө залуу сандал давж орж ирээд дууны номыг миний толгой дээгүүр давуулж булааж аваад намайг цохиж унагасан. Тэгсэн манай нөхөр “яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд мөргөж унагаагаад дээрээс нь дарсан. Би ноцолдож байхад нь салгах гэж оролдсон. Тэгээд энэ хэд коридорт гарж зодолдсон. Туранхай, тарган хоёр залуу манай нөхрийн хоолойноос нь боогоод боомилсон. Би нийтийн караокенээс гарах гэхэд текэн дээр зогсож байсан эмэгтэй гаргаагүй. Удалгүй нөгөө залуучууд гарахад манай нөхөр буудлын өрөөнөөс бууж ирсэн. Намайг караокенээс гаргахгүй байсан. Цагдаа ирэхэд их цус болсон байсан. Би нөхрөө хаашаа явсныг мэдээгүй. Хохирогч залуу халхын шоронгоос гарч ирсэн гээд эмч нарын үгэнд орохгүй боолтоо боолгуулахгүй байсан. Би хоёр давхарт гараад цуг ажилладаг залуугаас Дарханбаатарыг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд доошоо буухад хоёр цагдаа нөхөр чинь энд байгаа маргааш ирж аваарай гэж хэлсэн. Би тэндээс гэр рүүгээ алхаж харьсан. Би хохирогчийг цохиж гэмтээгээгүй гэв.

Шүүгдэгч Ц.Дарханбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хөдөө ажил хийлгэж байсан захирал “Хаус 25” гэх нэртэй караоке, буудалд байна, ирж цалингаа ав гэж хэлсэн. Би “Хаус 25” караоке, буудалд очиход 205 номерын өрөөнд байна ороод ир гэж хэлсэн. Тухайн өрөөнд ороход ажил хийлгэсэн хүн пиво уугаад сууж байсан. Би тухайн хүнтэй пиво хувааж уусан. Тэгсэн манай эхнэр залгасан би эхнэртээ “Хаус 25-д цалингаа авах гээд байж байна, түр хүлээж бай” гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр хүрээд ирсэн. Бид гурав юм ярьж сууж байхад ажил хийлгэсэн хүн би орой Эрдэнэт явна та хоёр унаанд суулгаж өгөөч гэж хэлсэн. Тэр хүн унтаад өгсөн.  Би эхнэртэйгээ тэр  хүнийг унтаж амраад сэрэхээр нь унаанд суулгаж өгье гэж ярилцаад 2-лаа зүгээр сууж байхаар доод давхрын нийтийн караокед орж 3 дуу дуулъя гээд нийтийн караоке руу орсон. Бид хоёрыг ороход нэг эмэгтэй сууж байсан. Бид хоёр тэр эмэгтэйгийн хажуу талын ширээнд суугаад нэг шил пиво авсан. Тэгсэн хоёр залуу орж ирсэн. Манай эхнэр эхний дуугаа бичиж дуулж байх хоорондоо дараагийнхаа дуугаа бичих гээд хайгаад сууж байсан. Тэгсэн хохирогч Даваадорж манай эхнэрийн араас номоо өгөөч гээд чичээд байсан. Би босч очоод “ахын дүү нар хүлээж бай, хоёр дуугаа бичиж дуусаад дууны ном өгье” гэж хэлсэн, уучлалт гуйсан. Тэгсэн хохирогч Даваадорж сандал дээгүүр давж орж ирээд дууны ном булаагаад авсан. Манай эхнэр яаж байгаа юм бэ гээд Даваадоржийн мөр лүү нь алгадсан чинь эхнэрийн зүүн талын шанаа руу цохиод унагасан. Би “чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ” гээд Даваадоржтой маргахад Даваадорж намайг мөргөсөн. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Цуг явсан залуу нь хажуу талаас өшиглөөд байсан. Өшиглөх үед Даваадорж намайг боолтод оруулсан байсан. Тэр хугацаанд караокены текэн дээр байсан хүн, үйлчлэгч хоёр салгасан. Би хаалга хүртэл Даваадоржид боолгуулж, цуг явсан залууд нь өшиглүүлсэн. Би караокенээс гараад 2 давхрын будлын 205 тоот өрөөнд ороод куртикээ тайлаад сууж байгаад өрөөнд байсан шилийг авч буугаад хохирогч Даваадоржийн эхлээд толгой руу нь цохисон, гараараа хаахад нь гар руу нь цохисон. Би хохирогч Даваадоржийг шилээр цохиж гэмтээсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шинжээч эмч Т.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь үзэж дүгнэлт гаргасан. Хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид гар ажиллагаагүй болохыг тухайн үед тогтоох боломжгүй байсан. Эдгэрэлтийн байдлаас хамаарна гэв.  1, 2, 3, 4, 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

 

Ц.Дарханбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, ял шалгах хуудас /хх-ийн 53/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 56/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, хүүхдийн  төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83, 84/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 122/,

 

Б.Энхтуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, ял шалгах хуудас /хх-ийн 55/ болон

Гэрч Г.Дэнсмаагийн “Ц.Дарханбаатар бол миний төрсөн хүүхэд. Миний 5 хүүхдийн хамгийн том нь...Дарханбаатар ажилдаа сайн, эхнэр хүүхэддээ халамжтай, архи согтууруулах ундаа барагтай бол хэрэглээд байдаггүй, уур уцааргүй, догшин авиргүй, буруу бүтэхгүй зүйл хийгээд явах хүн биш. Яагаад ийм асуудалд орооцолдсон талаар мэдэхгүй байна. /хх-ийн 24/ гэсэн,

 

Гэрч Э.Мөнх-Эрдэнийн” Б.Энхтуяа бол миний нагац эгч. Манай ээжийн төрсөн дүү. Манай аав, ээж 2 цэргийн байгууллагад ажилдаг учир, томилолтоор хөдөө орон нутаг руу ажиллаар явчихдаг юм. Би 2005 оноос Энхтуяа эгчийн гэрт амьдарч эхэлсэн. Энхтуяаг эгч их найрсаг, өрөвч, хүнд тусархаг, ажилч хичээнгүй зан чанартай. Нөхөр нь Төмөр Замын 2-р хэсэгт ажилдаг байсан. Энхтуяа эгч хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. Би 2015 он хүртэл Энхтуяа эгчийн гэрт амьдарч байсан. Намайг хамт амьдарч байх хугацаанд ямар нэгэн муухай ааш зан гаргаж, бусадтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Асуудлыг эвээр шийдвэрлэх, хүний арга эвийг олж асуудлыг шийдвэрлэдэг. Миний үлгэр дуурайлал болж явдаг эгч маань юм. Амгаланд 4 өрөө байранд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Одоо байраа хүнд хөлслүүлээд өөрсдөө хамаатныхаа гэрт амьдарч байгаа. /хх-ийн 25-26/ гэсэн мэдүүлэг болон бусад баримтуудыг шинжлэн судлав.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Дарханбаатар, Б.Энхтуяа нар согтуугаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ Ц.Дарханбаатар шилийг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Даваадоржийн”...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед намайг гэртээ байж байх үед найз Ууганбаяр манай гэрт ирсэн. 17 цагийн үед Ууганбаярын уулзах ёстой хүнтэй уулзахаар бид 2 хамт манай гэрээс хамт гарсан. Ууганбаяр бид 2 хамт уулзах хүнээ хүлээж байхад ирэхгүй удаад байсан болохоор зогсож байсан газрын хажуу талд байсан хоолны газарт орсон. Тэр хоолны газар ороод хоол захиалах гэхэд хоол хийдэг хүн байхгүй гэж хэлсэн болохоор 1 шил 0.5 гр архи авч Ууганбаяр бид 2 хувааж уусан. Ууганбаяр бид 2 сууж байхад Ууганбаяртай уулзах ёстой эмэгтэй ирээд хамт суусан. Тэгээд бид 3 нийтийн караокед нь дуу дуулаад сууж байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд бид нарын сууж байсан ширээний хажуу талын ширээнд ирж суусан. Тэгээд зөөгч ирээд манай ширээнээс дууны ном, микрафоны хамт тэр 2 хүний ширээнд аваачиж өгсөн. Тэр 2 хүн дуулах ёстой байсан 3 дуугаа дуулаад дуусах үед нийтийн караокены зөөгч эмэгтэй “танай ширээний дуулах ээлж болсон, очоод номоо авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж дууны номыг нь авсан чинь тэр ширээнд сууж байсан эмэгтэй босож ирээд миний нүүр рүү мангасдаж түлхсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэй “эмэгтэй хүн байж эрэгтэй хүний толгойд хүрлээ” гэж хэлээд мөрлүү нь түлэхсэн. Тэгсэн тэр эмэгтэйгийн хажуунаас хамт явж байсан эрэгтэй нь босож ирээд “чи яагаад эхнэр зодож байгаа юм “ гэж хэлээд миний хувцаснаас зуурсан. Тэр үед нийтийн караокены зөөгч эмэгтэй ирээд “та нар болилдоо, та нарын өөрсдийн чинь буруу шүү дээ” гэж хэлээд тэр 2 хүнийг татаж гаргасан. Нийтийн караокены зөөгч эгч тэр 2 хүнийг гаргаад хаалгаа дотор талаас нь татаад байсан. Тэгээд бид 3 дууны номоо аваад дуулах дуугаа дуулж сууж байгаад 30-40 минутын дараа би 00 орохоор гарсан. Тэгсэн нийтийн караокены хаалга онгойлгоод гарсан чинь хажуунаас 1 хүн миний үснээс зулгааж доошоо дарсан. Тэгэхээр нь сэгсэрч мултраад харсан чинь нөгөө эмэгтэй миний үснээс зулгаасан. Тэгсэн хажуунаас тэр эмэгтэйгийн хамт явж байсан эрэгтэй шилээр миний толгой руу цохисон. Би тэр эрэгтэйг бариад зуурсан чинь хажуунаас нөгөө эмэгтэй 6-7 см урттай хутга гаргаж ирээд миний баруун гар руу хутгалсан. Тэгээд би гараа бариад доошоо суусан чинь нөгөө эрэгтэй нь гарч зугтаасан. Эмэгтэй нь шатаар дээшээ гараад явсан. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн. Нөгөө зугатсан залуу цагдаа нарт баригдсан зогсож байсан. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гар, толгой гэмтсэн байсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний гарны 5 шөрмөс тасарсан. Одоо миний гар ямар ч ажиллагаагүй болсон Би өөрөө мужаны ажил эрхэлдэг. Миний хөдөлмөрийн чадварыг 100% алдагдуулсан. Би “Манал Оточ” эмнэлэгт 26 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлж байх үед эмч нар нь миний толгойны компьютерын зурагыг хараад “толгойны гэмтэл чинь хүнд юм байна” гэж хэлж байсан. Намайг цохисон эмэгтэйн гарт хутга байхыг би сайн харсан. Тэр хутганы ишийг нь хараагүй. Би тэр эмэгтэйд үсдүүлээд мултарч гарахад эмэгтэйгийн ард талд зогсож байсан эрэгтэй нь шилээр миний толгой руу 3 удаа цохисон. Тэр эрэгтэй дахиж миний толгой руу шилээрээ цохих гэж байхад нь би зүүн гараараа хувцаснаас нь татаж нийтийн караоке руу чирээд оруулах гэхэд хажуунаас эмэгтэй хутга гаргаж ирээд над руу далайхад нь би баруун гараараа хаасан. Тэгсэн тэр барьж байсан хутгаараа миний баруун гарыг зүссэн. /хх-ийн 14-15/ гэсэн,

Гэрч Д.Цэрэнмядагийн:..” 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой манай нийтийн караокед 2 залуу орж ирээд 1 шил 0.5 гр архи аваад сууж байсан. Тэгээд гаднаас 1 эмэгтэй орж ирээд тэр залуутай хамт суусан. Тэр үед 2 давхарт байрлах зочид буудлын 205 дугаартай өрөөнд байсан эрэгтэй эмэгтэй 2 бууж ирээд нийтийн караокед орсон. Тэр 2 нийтийн караокед орж ирээд нөгөө 2 эрэгтэй, 1 эмэгтэй сууж байсан ширээний хажуу талын ширээнд суусан. Зочид буудлаас орж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 дуулах ёстой 3 дуугаа дуулж дуусахад хажуу талын ширээн дээр сууж байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйгийн ширээний дуулах ээлж нь ирсэн болохоор дууны номоо нөгөө 2-ын ширээн дээрээс авсан. Тэгсэн зочид буудлаас орж ирсэн хоёрын эмэгтэй дууны ном авсан эрэгтэйгийн толгойруу цохиод “чи дууны ном авлаа, муусайн эрчүүд” гэж хэлээд агсарч эхэлсэн. Тэр эмэгтэй толгойруугаа цохиулсан эрэгтэй эргэж хараад нөгөө эмэгтэйг балай авгай” гэж хэлээд биерүү нь түлэхсэн. Тэгсэн тэр эмэгтэйгийн хамт явж байсан эрэгтэй “эмэгтэй хүн түлэхлээ” гэж хэлээд хамт явж байсан эмэгтэйгээ өмөөрч нөгөө залуутай барилцаж, заамдалцсан. Тэгэхээр нь зочид буудалд ажиллаж байсан Сэлэнгэ бид 2 салгаад зочид буудалд байсан эрэгтэй, эмэгтэй 2-ыг нийтийн караокены заалнаас гаргаж хаалгаа дотор талаас нь түгжсэн. Тэгсэн хаалганы гаднаас нөгөө эмэгтэй хаалга өшиглөөд, нөгөө залууг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд удаагүй нам гүм болсон байх үед нөгөө залуу “эгчээ 00 өрөө орох гэсэн юм“ караокены хаалга онгойлгоод гарахад нөгөө эмэгтэй тэр залууг заамдсан. Тэгсэн 2 давхараас эмэгтэйтэй хамт явж байсан залуу шууд ирээд гартаа байсан юмаар тэр залуугийн толгойруу цохиод, нөгөө эмэгтэйтэйгээ нийлээд тэр залууг зодсон. Сэлэнгэ бид 2 зодооныг нь салгах үед 2 давхараас бууж ирсэн залуугийн гарт нь хагархай шил байсан. Цохиулсан залуугийн толгой, гар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудсан чинь нөгөө шилээр цохисон залуу гарч зугтаасан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө зугтаахсан залууг бариж ирсэн. Түргэн тусламж ирээд цохиулсан залууг аваад явсан.  Манай байгууллага хяналтын камертай. Харин яг зодоон болсон хэсэгт хяналтын камер чиглэгдээгүй байдаг юм. Нийтийн караокед хяналтын камер байхгүй. Тухайн үед Сэлэнгэ бид 2-оос өөр зодуулсан залуугийн хамт явж байсан эрэгтэй, эмэгтэй 2 байсан. Зодоон болох үед зодуулсан залуутай хамт байсан эрэгтэй хамт явж байсан эмэгтэй барьж хорьсоор байгаад зодоон оролцуулаагүй. Харин зодсон эрэгтэй, эмэгтэй 2-той 1 эрэгтэй явж байсан.  Тэр эрэгтэй ямар ч ухаан мэдрэлгүй өрөөндөө унтаж байсан. ...тэр эмэгтэй тэр залууг зөвхөн үсдээд дарсан байсан цохиж байгаа харагдаагүй. Харин эрэгтэй нь цохиж зодоод байсан. Тэр эрэгтэй эмэгтэй хоёр хутга байгаагүй. Харин эрэгтэйгийнх нь гарт архины шилний амсар байсан. Тэр эрэгтэй зугтахдаа барьж байсан архины шилний амсараа аваад зугатаасан. /хх-ийн 16-17/ гэсэн,

Гэрч Б.Сэлэнгийн” Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нагац эгч Цэрэнмядагын ажилдаг Хаус-25 нэртэй зочид буудалд ажиллаж туслах болсон. Тэр өдөр цагийг нь санахгүй байна орой болсон байхад Хаус-25 нийтийн караокед 2 эрэгтэй, 1 эмэгтэй хамт суугаад, архи уугаад дуулж байсан. Тэр үед зочид буудлын 205 дугаартай өрөөнд байсан эгч, ах 2 нэлээн согтсон байдалтай нийтийн караокед дуулна гэж орсон. Тэгсэн удалгүй Цэрэнмядаг эгч “энэ хүмүүс чинь хоорондоо зодолдоод эхэллээ” гэж намайг дуудсан. Би нийтийн караокед ороод зочид буудалд байсан эгч, ах 2-ыг нийтийн караокнаас гаргасан. Цэрэнмядаг эгч нийтийн караокены хаалгыг дотор талаас түгжсэн. Би хаалганы гадна талд тэр ах, эгч 2-ыг оруулахгүй гэж хориглоод зогсож байсан. Тэгээд нөгөө 2 давхарлуу буудлын өрөөрүүгээ явсан. Тэгсэн нийтийн караокены хаалга онгойгоод тэр ах, эгч 2-той маргалдсан гээд байсан эрэгтэй 00 өрөө орно гээд гарч ирсэн. Тэгсэн нөгөө эгч тэр ахын үснээс зулгаагаад доош нь дараад толгойруу нь цохиод байсан. Би тэр 2-ын дундуур ороод тэр эгчид “та болиоч, эрэгтэй хүний толгойд хүрээд" гэж хэлсэн чинь намайг цохиж, миний нүдний шилийг унагсан. Тэр үед 2 давхараас нөгөө ах бууж ирээд тэр ахыг цохиод байсан. Тэр цохисон ахын гарт ямар нэгэн юм байсан. Тухайн үед миний нүдний шил унасан байсан болохоор би тэр ахыг юу барьсан байсныг сайн харж чадаагүй. Би нүдний шилгүй бол огт юм хардаггүй юм. Тэгээд нөгөө цохисон ах гараад явсан. Нөгөө эгч 2 давхар руу буудлын өрөө рүү орсон. Тэр цохиулсан эрэгтэйтэй хамт явж байсан хүмүүс нь цагдаа, түргэн тусламж дуудсан байх. Би зодоон болсон газрын цус болсон хэсгүүдийг цэвэрлэсэн. Зочид буудалд байсан ах, эгч 2 тэр эрэгтэйг нийлж зодсон. Эмэгтэй нь үсдэж дараад толгой руу нь цохиод. Эрэгтэй нь 2 давхараас бууж ирэхдээ гартаа ямар нэгэн юм барьсан байсан. Тэр зүйлээрээ тэр эрэгтэйгийн толгойруу цохиод байсан. Тэр эмэгтэйгийн гарт хутга байгаагүй. Би тэрийг баттай хэлж чаднаа. Учир нь тэр эмэгтэй караокенаас гарч ирсэн залуугийн үснээс 2 гараараа зулгаагаад доошоо дарсан байсан. Би тэр эмэгтэйг салгах гэж очиод 2 гарнаас нь татсан юм. Тэр эмэгтэйгийн хоёр гарт хутга байгаагүй. Тэр эмэгтэйтээ хамт явж байсан эрэгтэй 2 давхраас бууж ирэх үедээ гартаа архины шилний амсар хэсгийг барьсан байсан. Тэр архины шилний амсараар тэр залуугийн толгой руу шууд цохисон.  /хх-ийн 18-19/ гэсэн,

Гэрч Э.Ууганбаярын “...Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед  найз Даваадоржийн гэрт нь очсон. Тэгээд орой 19 цагийн үед Даваадорж бид хоёр тэдний гэрээс нь гараад Хаус-25 нэртэй караокед орсон.  Даваадорж бид хоёр тэнд 1 шил 0.5 граммын архи хувааж уусан. Тэр үед миний танил Лхагваа ирсэн. Лхагвааг ирсний дараа 1 шил 0.5 грамм архи нэмж аваад 3-лаа 1 удаа уугаад дуулахаар болсон. Тэр үед манай хажуу талын ширээнд сууж байсан ах, эгч  хоёр дуулах ёстой 3 дуугаа дуулаад дууссан. Даваадорж тэр ширээнд сууж байсан эгчээс дууны номоо өгөөч дуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед караокены ажилтан эгч “танай ширээний дуулах дуу дууссан шүү, номоо шилжүүлээрэй” гэж тэр ах, эгч хоёрт хэлсэн. Даваадоржийг номоо ав ав гэж хэлэхэд Даваадорж нийтийн дууны номыг авахад тэр эгч Даваадоржийн толгой руу түлхсэн. Даваадорж тэр эгчид уурлаад “чи эрэгтэй хүний толгой руу хүрлээ” гэхэд нөгөө ах босож ирээд Даваадоржтой барилцаж авсан. Би босоод очих гэхэд Лхагваа намайг босгохгүй байсан. Тэгээд караокены эгч, зочид буудлын ажилтан эгч нар ирээд тэр ах, эгч 2-ыг караокеноос гаргаад хаалгыг хаасан. Тэр ах эгч хоёр хаалганы гаднаас өшиглөөд орилоод байсан. Тэгээд бид гурав дуулах ёстой 3 дуугаа дуулаад юм яриад сууж байтал Даваадорж 00 орно гээд гарсан. Тэгтэл хаалганы гадаа түжигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь яваад очтол Даваадорж хувцас нь цус болчихсон, баруун гар толгой хэсэг нь зүсэгдсэн, их хэмжээний цус гарсан байсан. Даваадоржийг цохисон эрэгтэй хүн гараад зугатаад явсан. Даваадоржийг түргэн тусламж аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. /хх-ийн 20-21/ гэсэн,

Гэрч Д.Лхагвын”...Тэгээд манай ширээний дуу дуулах ээлж болоод Ууганбаярын найз нь тэр 2 хүний ширээнээс микрафон, дууны номоо авах гэхэд тэр ширээнд сууж байсан эмэгтэй Ууганбаярын найзын толгой руу нь цохисон. Тэгэхээр нь Ууганбаярын найз нь тэр эмэгтэйг цааш нь түлэсэн чинь цаанаас нь хамт явж байсан эрэгтэй ширээнээсээ босож ирээд “Чи манай эхнэрийг зодлоо” гэж хэлээд зууралдаж эхэлсэн. Тэр үед нийтийн караокены зөөгч эмэгтэй салгаад “Та 2 зүгээр суувал суу, сууж чадахгүй бол гар” гэж хэлсэн чинь тэр согтуу эмэгтэй чанга орилоод байсан. Тэгэхээр нь зөөгч эмэгтэй тэр 2 хүнийг татаж, чирээд нийтийн караокеноос гаргаад хаалгаа дотор талаас нь хаасан. Зөөгч эмэгтэй хаалгаа дотор талаас нь дараад тэр 2 хүнийг оруулахгүй байх үедээ “энэ 2 хүн манай 2 давхарт зочид буудлын өрөөнд архи ууж байгаа юм” гэж хэлсэн. Ууганбаярын найзыг маргалдаж байх үед Ууганбаяр босох гээд байхад нь Ууганбаярыг босгохгүй ширээнд нь суулгаад найзыг нь татаж ширээнд суулгасан. Харин хаалганы цаана нөгөө 2 хүний эмэгтэй нь орилоод, хаалга нүдээд байсан. Тэгээд бид 3 дуу дуулаад сууж байх үед нөгөө хүмүүс чимээгүй болсон байсан. Тэгээд 10 орчим минут сууж байхад Ууганбаярын найз ОО өрөө орох хэрэгтэй байна гээд босоод гарах гэхэд нь би дээшээ гарах гээд байгаа юм болов уу гэж бодоод “яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь найз нь “ зүгээрээ ОО өрөө орох хэрэгтэй байна” гэж хэлээд явсан. Тэгсэн яг хаалгаар гараад удаагүй байхад хүмүүс дуугарах чимээ гарахад нь очиход Ууганбаярын найзын гар, толгойноос цус урсаж байсан. Шатан дээр нөгөө согтуу эмэгтэй зогсож байсан. Зочид буудлын ажилтан эмэгтэй “энэ ахыг цохисон эрэгтэй гараад явсан” гэж хэлсэн.  /хх-ийн 22-23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 539 дугаартай: Д.Даваадоржийн биед баруун сарвууны ар гадаргуугын гүн зүсэгдсэн шарх, 1,2,3,4,5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, толгойн хуйх, ар нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна. /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт, 

Шинжээч эмч Т.Сэлэнгийн:..”шөрмөс тасарсан нь эрхтнээс нь хагацаасан гэх ойлголтыг цаашид эмчилгээ эдгэрэлээс хамаарах тул одоогоор тогтоох боломжгүй. Эрхтэнгүй болох буюу тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн алдагдах гэдэг нь ШЭГЗТЖ-ийн 3.5.2-т зааснаар гар хөлгүй болох буюу гар сарвуунаас тасрах хөл тавхайнаас дээш тасрах, эсвэл тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн алдагдахыг хэлнэ гэж заасан байдаг. Энэ тохиолдолд хохирогчийн цаашид эмчилгээ эдгэрэлээс хамаарах учраас одоогоор үйл ажиллагаа бүрэн алдагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Хохирогчийн гар толгойд учирсан шархнууд нь архи, пиво болон шилэн савны хагархай амсар хэсгээр цохих болон зүсэх үед үүсэх боломжтой. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Даваадоржийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 95-105/, хохиролын баримт /хх-ийн 107, 111/,  хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 106/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Дарханбаатар, Б.Энхтуяа нар согтуугаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ Ц.Дарханбаатар шилийг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ц.Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ял,

Б.Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Дарханбаатар, Б.Энхтуяа нарт  ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж тэдгээрийн согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Ц.Дарханбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн түүний хохирол нөхөн төлснийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн тогтоов.

 

Шүүгдэгч Б.Энхтуяаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхэд хохирогч Д.Даваадоржоос “миний бие Дарханбаатар, Энхтуяа нараас 1.240.000 төгрөгийн хохирол хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн бичгийн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч нэр бүхий шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин шүүх хуралдаан дээр хохирогч Д.Даваадоржийн өмгөөлөгч С.Санжаажамцаас “хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс”...Энхтуяад  холбогдох үйлдлийг цагаатгаж, Дарханбаатарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар  2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаус-25” караокед үйлчлүүлж байсан Д.Даваадоржтой мөн тус газраар үйлчлүүлж байсан Б.Энхтуяа “Даваадоржийг нийтийн дууны ном авах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан Даваадоржийг үсдэхэд, Даваадорж  Б.Энхтуяаг түлхэж, эмэгтэй хүнийг түлхлээ гэснээс Б.Энхтуяагийн нөхөр Ц.Дарханбаатар хохирогч Д.Даваадоржийн хувцаснаас зуурч харилцан заамдалцсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Энэ байдлыг тус караокены ажилтнууд зогсоож Б.Энхтуяа, Ц.Дарханбаатар нарыг караокеноос гаргасны дараа хохирогч Д.Даваадорж ариун цэврийн өрөө орохоор караокены хаалгыг онгойлгуулаад гарахад  Б.Энхтуяа, хохирогч Д.Даваадоржийг  заамдаж  Ц.Дарханбаатар түүний толгой руу цохиж улмаар тэд бүлэглэн зодож, догшин авирлаж хохирогч Ц.Дарханбаатарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Энхтуяа, Ц.Дарханбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Түүнчлэн шинжээч анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд хохирогчид учирсан гэмтлийг мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг ямар нэгэн эргэлзээгүйгээр дүгнэсэн байна.

 

Энэ хэрэгт Б.Энхтуяа бүлэглэж оролцоогүй гэх байдал,  тухайн гэмт хэрэг ямар нэгэн хувийн болон тодорхой сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Цэрэндоржийн Дарханбаатар, Нүдэн овогт Бүдбазарын Энхтуяа нар согтуугаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

 Ц.Дарханбаатар шилийг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Дарханбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

шүүгдэгч Б.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Ц.Дарханбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг баримтлан мөн хуулийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Б.Энхтуяад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус ял эдлүүлсүгэй.

 

4. Ц.Дарханбаатар, Б.Энхтуяа нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч Д.Даваадорж цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Б.Энхтуяад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж  1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Ц.Дарханбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Энхтуяагийн батлан даалтын, Ц.Дарханбаатарыг  цагдан хорьсонг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

                                          ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

                                                                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ