Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 159

 

 

“А” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанд холбогдох

 

Гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанаас зарласан Томоохон арилжааны банкнуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байдлаар арилжаалах боломжийн судалгааны сонгон шалгаруулалт (судалгааны ажлын удирдамж: Б-1 /Баримт-1/)-нд материалаа явуулж, 2017 оны 5 дугаар сарын 05-нд тус албатай уг судалгааг хийх гэрээ (Б-2) байгуулан ажиллаж эхэлсэн. Судалгааны ажлыг 2 cap 15 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Захиалагч гүйцэтгэсэн ажлын тайланг үзэж судлахдаа хэт их хугацаа (2 cap, 3 cap гаруй гэх мэт) зарцуулж байсан мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал хойшлогдсон гэсэн шалтгаанаар гэрээг 2 удаа (Б-3, Б-4) сунгасан ба захиалагчийн санал, зөвлөмжийг судалгааны ажлын тайланд тусгаж 3 удаа өгсний эцэст 12 дугаар сарын 04-нд судалгааны тайланг товч танилцуулга (гэрээнд тусгагдаагүй ажил)-ын хамт эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн. Ингэж хүлээж авснаа амаар хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн бичиг үйлдээгүй. Үүний дараа 21 хоног хүлээсний эцэст 12 дугаар сарын 25-нд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралд танилцуулга хийсэн (гэрээнд тусгагдаагүй ажил). Санхүүгийн зохицуулах хороо энэ үйл явдлын талаарх мэдээлэл, зураг бүхий мэдээг өөрийн веб сайт (www.frc.mn) дээрээ бидний хийсэн судалгааны ажлын нэрийг дурдаж тавьсан ба энэ нь уг ажлыг хүлээн авсныг батлах нэг баталгаа (Б-5) юм. Үүний маргааш буюу 12 дугаар сарын 26-нд Монголбанкнаас дуудсаны дагуу би очиж, судалгааны ажлыг хүлээн авах актанд гарын үсэг зурж, үлдэгдэл төлбөр (40%)-өө авах нэхэмжлэлээ өгсөн. Захиалагч судалгааны ажлыг хүлээж авсан энэ актыг өнөөг хүртэл бидэнд өгдөггүй, харин СТБЗ-ийн ажлын албаны шинэ дарга А.Ганбат өөрийн тайлбар бичиг (Б-б)-тээ энэ акт үйлдэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн байна. Захиалагч урьдчилгаа болох 30 хувь, хоёр дахь төлбөр болох 30 хувийг судалгааны тайлангийн эхний хувилбарыг өгсний дараа тус тус гэрээний дагуу төлж байсан (Б-7). Захиалагчийн хүсэлтээр уг гэрээг дахин 3 дахь удаагаа тодорхойгүй шалтгаанаар 2018 оны 3 дугаар сарын 31 хүртэл сунгасан (Б-8). Захиалагчийг төлөөлж Санхүүгийн тогтвортой байдлын ажлын албаны шинэ дарга А.Ганбат уг гэрээний хугацаа дуусахаас 2 долоо хоногийн өмнө дуудаж уулзаад, гэрээний гүйцэтгэл хангалтгүй учир үлдэгдэл төлбөрийг хийхгүй, үлдэгдэл төлбөрийг тохиролцож буулгая, хэрэв эдгээр саналыг хүлээж авахгүй бол гэрээг цуцалж, урьд хийсэн 2 төлбөрөө та нараас нэхэмжилж буцааж авна гэх мэтээр дарамталсан. Үүний хариуд би “та нарын хийсэн дүгнэлт бичгийг харъя, таны яриад байгаа зүйлсийг би хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийг бүрэн төлөөлөх эрх бүхий хуучин дарга Л.Гангэрэлийн удирдамж, шаардлага, санал, зөвлөмжийг бүрэн тусгаж, харилцан зөвлөлдөж олон дахин хянуулж зассаны үр дүнд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөр хийхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж авна. Наад тавиад байгаа санал, яриад байгаа дүгнэлтээ албан ёсны байдлаар бичгээр гаргаж өг. Гэрээгээ дагаж мөрд” гээд орхиж гарсан. Гэрээний 6.1, 6.4 заалтын дагуу нэг тал гэрээг өөрчлөх эсвэл цуцлах талаарх саналаа зөвхөн бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Гэсэн ч тэр дүгнэлт гэж байгаа зүйлээ үзүүлэхгүй, өгөхгүй байсан. Харин 3 дахь удаа сунгасан гэрээний хугацаа дууссанаас 14 хоногийн дараа Монголбанк албан бичиг (Б-9) ирүүлсэн. Уг бичигтээ гэрээг дахин 2 сараар сунгаж, судалгааны тайланд 3 зүйл дээр засвар хийлгэх саналтай байгаагаа илэрхийлсэн байсан. Бид өгсөн шүүмжлэлийг хүлээн авч, гэрээг сунгахыг зөвшөөрч, ирсэн саналд тайлбараа хийсэн албан бичиг (Б-Ю)-ийг 4 дүгээр сарын 18-нд Монголбанкинд ирүүлсэн. Үүнээс хойш Монголбанк, СТБЗ-ийн ажлын алба аль аль нь ямар нэгэн хариу өгөлгүй байсаар 4 дүгээр сарын 30-нд намайг дуудаж, би 4 дэх сунгах гэрээнд гарын үсэг зурсан (Б-11). Гэтэл дараа уг гэрээг гар дээрээ аваад харахад нэг сарын өмнө буюу 03 дугаар сарын 31-нд үзэглэсэн гэж хуурамч огноо тавьсан байсан (жич: гэрээ, гэрээний сунгалт, судалгаа хүлээн авсан акт зэрэгт СТБЗ-ийн ажлын албаны дарга, Монголбанкны бусад албан тушаалтан болон миний бие гарын үсэг зурж, Монголбанкны тамга даруулж батлуулахаар үлдээдэг учир би дээрх бичиг баримтыг хожуу авдаг байсан). Үүнийг Б-9, Б-10 баримт бичгүүдийн огноо нотолно. Бид дахин нэмэлт судалгаа хийсний эцэст Монголбанкны санал, шүүмжийг тусгаж мөн А.Ганбаттай амаар тохиролцсоныхоо дагуу өөрчилсөн судалгааны тайланг гэрээг 4 дэх удаа сунгасан гэрээнийхээ хугацаанд буюу 5 дугаар сарын 17-нд СТБЗ-ийн ажлын албанд хүлээлгэн өгсөн. Уг гэрээгээр 5 дугаар сарын 31-нд бүх зүйлийг дуусгана гэж тохиролцсон ч хоёр байгууллагаас ямар нэгэн хариу ирэлгүй 6 дугаар сарын 20-ны өдөр болсон. Ингээд би А.Ганбат даргатай утсаар ярьж юу болж байгааг асуухад Судалгааны тайланг хүлээн авсан, энэ ажлын төсөв өнгөрсөн жилийн төсөвт тусгагдаад бүрэн зарцуулагдаагүй учраас төсвөөс буцаан татагдсан, харин энэ жилийн төсөвт тусгагдаагүй учир би хэлж мэдэхгүй байна. Мөн 6 дугаар сарын 25-нд Монголбанкин дээр намайг дуудаж, тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тамгын газрын захирал Ж.Батхуяг, СТБЗ-ийн ажлын албаны шинэ дарга А.Ганбат, нэг хуульч бас нэг мэргэжилтний хамт уулзсан. Энэ үед А.Ганбат судалгааны тайланг Б.Лхагвасүрэн даргад хүлээлгэн өгч үлдэгдэл төлбөр төлөхөд тулгарч байгаа бэрхшээлээ тайлбарлаж, намайг болон өөр нэг судалгааны багийн ахлагч (мөн ижил шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байгаа)-ийг түүнд танилцуулсан, Б.Лхагвасүрэн дарга дээрх асуудлыг хэдийнээ мэдэж байгаа бололтой төсөвлөгдөөгүй зүйлд мөнгө зарцуулах эрх хүн бүрт байдаггүй, хурлаар орж байж шийдвэрлэгдэнэ. Бид 1, 2 өдрийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэснээр бидний уулзалт өндөрлөсөн 8 дугаар сарын 01-нд мөн л Монголбанкин дээр намайг дуудаж, тус банкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг, СТБЗ-ийн ажлын албаны дарга А.Ганбат, нэг мэргэжилтний хамт уулзсан. Ж.Батхуяг Бид төсвийн өөр өөр зүйлсээс хамж шимээд өгөхөд үлдэгдэл төлбөр хийхэд хүрэлцэхгүй байна. Үлдэгдэл төлбөр дээрээ тохиролцъё гэсэн нөхцөл тавьсан. Би бид танай эрх бүхий албан тушаалтны өгсөн удирдамж, шаардлага, заавар, зөвлөмж бүрийг тусгаад аль өнгөрсөн оны 12 дугаар сард хүлээлгэж өгсөн. Дахин нэмэлт өөрчлөлт оруулах саналыг чинь гэрээний хугацаандаа биелүүлсэн. Төлбөр дээр ямар ч яриа байхгүй гэж хариулсан. А.Ганбат үүний хариуд нөгөө танай хийсэн ажил ямар ч шаардлага хангахгүй байна. Бид үлдэгдэл төлбөрийг чинь хийхгүй гээд дүгнэлт гээд бичиг (Б-6) гаргаад ирсэн. Би тэр дүгнэлтийг нь шаардаж байж өөртөө аваад мөн шаардаж байж гарын үсэг зуруулж, дахин шаардаж байж огноог нь тавиулж аваад гарсан. Энэхүү дүгнэлт нь урьд нь өгч байсан албан тоот (Б-9)-ыг тэр чигт хуулбарласнаас гадна нэмж шүүмж бичиж ирүүлжээ. Үүгээрээ өөртэй нь тохирч хийсэн нэмэлт, өөрчлөлт төдийгүй шинжлэх ухааны тогтсон арга аргачлал, судалгааны ажлын удирдамж дахь заалтуудыг илтэд үгүйсгэсэн дүгнэлт гэгчийг гаргаж биднийг олон сарын хугацаанд асар их цаг хугацаа зарцуулж хийсэн ажлыг илтэд үгүйсгэжээ. Ийд шүүхэд хандан үлдэгдэл төлбөр болох 8 сая төгрөг болон 5 дугаар сарын 31-нээс төлбөр авах хүртэл гэрээний 5.2 заалтын дагуу өдөр тутам гүйцэтгээгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги (өнөөдрийн байдлаар тооцвол алданги 8 сая х 0.5% х 80 хоног=3.2 сая төгрөг)-ийг тооцуулж, нийт 11 200 000 төгрөг авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанаас Томоохон арилжааны банкнуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байдлаар арилжаалах боломжийн судалгаа явуулах зорилгоор Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтыг шаардлагын дагуу Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангасан “А” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээгээр Монгол улсын томоохон арилжааны банкнуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байдлаар арилжаалах боломжийг бүх талаас нь судалж, цаашид авах бодлого, зохицуулалтын арга хэмжээний саналыг боловсруулахаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний хавсралтад судалгааны ажлаар хөндөх шаардлагатай асуудлуудыг тусгаснаас гадна, гол зорилго, зорилтын хүрээнд боломжит бүх мэдээллийн эх сурвалжаас цуглуулсан мэдээлэл тоон болон чанарын шинжилгээг гүйцэтгэн, нэгтгэн дүгнэж, хөндөх шаардлагатай асуултуудад хариулт олох ба боломжит шийдэл, хувилбарыг санал болгосон, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад цаашид авах арга хэмжээний дэлгэрэнгүй санал зөвлөмжийг агуулсан байхыг гэрээнд тусгаж өгсөн. Гэрээгээр судалгааны тайланг 2 cap 15 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 20-нд авахаар тохиролцсон байсан боловч гүйцэтгэгч байгууллагуудын зүгээс тоон мэдээлэл болон материалын олдоцгүй байдлаас шалтгаалан судалгааг гүйцэтгэх ажилд тодорхой хүндрэл үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан. “А” ХХК-ийн  гүйцэтгэсэн судалгааны ажилд Монголбанкнаас санал, шүүмжийг тухай бүр нь хүргүүлж байсан бөгөөд “А” ХХК-ийн  хүсэлтээр судалгааны ажлын гүйцэтгэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Харин “А” ХХК-ийн  хувьд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагаас судалгааны ажлыг хүлээн авах акт буюу гэрээ дүгнэх актад гарын үсэг зуруулсан нь үнэн боловч тус актыг манай байгууллагаас батлаагүй бөгөөд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй. Энэ нь гэрээний гүйцэтгэлийг Монголбанк хүлээж аваагүй буюу цаашлаад гэрээнд зааснаар гэрээний үүргийг дуусгавар болгоогүйг илтгэж байна. Үүнийг ч “А” ХХК мэдэж байгаа, өөрөөр хэлбэл, судалгаанд дахин сайжруулалт хийх шаардлагатай байсан тул “А” ХХК-д бидний судалгаанд өгсөн шүүмж, саналыг тусган авч судалгаандаа сайжруулалт оруулна уу хэмээн гэрээний хугацааг сунгуулах санал гаргаж байхад хүлээн зөвшөөрч тийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Ийнхүү ажил гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэж дуусаагүй байх тул гэрээний харилцаа үргэлжилж байгаагаас гадна, захиалагч тал болох манай байгууллагаас гүйцэтгэсэн ажлын үр дүнд хөлс төлөх хуваарийн нийт хөлсний дагуу 40 хувийг төлөх үүрэг “А” ХХК бидний өгсөн санал, шүүмжийг тусгасан судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх хүртэл буюу биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хүртэл үүсэхгүй юм. Хэдийгээр гэрээг дүгнэх актын төсөл үйлдэж байсан нь үнэн боловч үүний дараагаар гэрээний хугацааг сунгахаар санал болгоход “А” ХХК эсэргүүцээгүй, бидний тавьсан шаардлага, саналыг тусгахаар болсон нь нэхэмжлэгч талаас гарын үсэг зурж баталгаажуулсан гэх актыг гэрээг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсэхгүй болохыг “А” ХХК өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 8 000 000 төгрөг, хугацаа хожимдуулсан гэж үзэж буй 3 200 000 төгрөг алданги, нийтдээ 11 200 000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанаас 11 200 000 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс Монголбанкыг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар гэрээний зүйл болох судалгааны ажлыг хүлээн авсан, "А" ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн хэмээн уг актыг үнэлэн дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт "Монголбанкны өөр эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурах ёстой байсан, зураагүй тул судалгааны ажлыг дүгнэсэн гэж, мөн хүлээн авсан гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч түүнийгээ нотлоогүй" хэмээн үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд ийнхүү гаргаж өгсөн нотлох баримтыг буруу үнэлэн дүгнэсэн хэмээн үзэж байна. Учир нь манай байгууллагаас уг актыг тамга тэмдэг даран баталгаажуулаагүй, ажил гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөөгүй төсөл байдлаар үйлдэж байсан. Үүний дараагаар талууд гэрээг дахин сунгахаар тохиролцсон болохыг шүүх үнэлээгүй байна. Шүүхээс бүрэн баталгаажуулаагүй нотлох баримтыг үндэс болгосон боловч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэрээ сунгасан талуудын тохиролцоог авч үзээгүй нь шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь үнэн, бодитой үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх акт нь хүчингүй байж, талуудын гэрээний харилцаа үргэлжилсэн хэвээр байтал Монголбанкыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй хэмээн үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанд холбогдуулан гэрээний үүрэгт 11 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 0217/333 тоот судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Монгол Улсын томоохон арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хүрээмжтэй, нээлттэй байдлаар арилжаалах боломжийн судалгааны ажил гүйцэтгэх, хариуцагч нь гэрээ байгуулагдсаны дараа урьдчилгаа 30 хувь буюу 6 000 000 төгрөгийг, судалгааны эхний хувилбарыг хүлээн авсаны дараа 30 хувь буюу 6 000 000 төгрөгийг, тайлан, судалгааг актаар хүлээн авсны дараа 40 хувь буюу 8 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, ажлын нийт төлбөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон бөгөөд талууд гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдөр, 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын31-ний өдөр тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.   /хэргийн 14-20, 27, 34 дэх тал/   

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 26 дахь талд авагдсан нэхэмжлэгч “А” ХХК-ийн  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 40 хувь буюу 8 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хүлээлгэж өгсөн болох нь хэргийн 78-79 дэх талд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар тогтоогджээ.   

 

Гэтэл хариуцагч судалгааны ажлыг хүлээж аваагүй, алдаа дутагдал байсан тул удаа дараа засах боломж олгож гэрээний хугацааг сунгасан гэж маргасан боловч хариуцагч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний татгалзал үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2 дахь хэсэгт “Аль буруутай тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцсон ба нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт мөнгөн дүнгээр төлөх анзын хэмжээг үүргийн гүйцэтгэлийн 50 хувь байхаар, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтэрч болохгүй гэж тогтоожээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 8 000 000 төгрөгөөс 1 өдрийн алдангийг 40 000 төгрөгөөр тооцож, 3 200 000 төгрөгийн алданги, гэрээний үлдэгдэл төлбөр 8 000 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөгийг хариуцагч Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, зөв байна.

 

Хариуцагч Монгол банкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын алба нь гэрээ болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан хугацаанд буюу ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ